Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 204/МА2020/00029

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Г.Уламбаяр, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ний өдрийн 146/ШШ2020/00406 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны нэхэмжлэлтэй, хариуцагч “ШЗ” ХХК-д холбогдох “12327800 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд прокурор Н.Өнөрбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн төлөөлөгч “ШЗ” ХХК-ийн захирал Х.М, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн, нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус захиргаа нь ШЗ ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Тоног төхөөрөмж-ийн түрээсийн гэрээ байгуулж Булган аймгийн *** сум дахь ***-ийн отрын бэлчээрт 100 га тариалангийн талбайг малын тэжээлийн ургамал тариалах зориулалтаар хагалах, ***-ийн отрын бэлчээр нутагт хадлан бэлдэхэд ашиглуулахаар нийт 72,893,000 төгрөгийн тоног төхөөрөмжийг түрээсэлсэн байдаг. ШЗ ХХК-н захирал Х.М нь тариа хураалт дуусаад дээрх үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөлгүйгээр, эвдэж, хаяж явсан байдаг. Улмаар тус захиргаанаас ШЗ ХХК-ийн захирал Х.Мд техник тоног төхөөрөмжийг хэвийн байдалд оруулж хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардсан боловч шаардлагыг биелүүлээгүй байна. Улмаар тус захиргаанаас ШЗ ХХК-д холбогдуулан Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж, улмаар хэрэг бүртгэлтийн *** дугаартай хэрэг үүссэн. Хэрэг бүртгэлийн хэрэг шалгагдах явцад Булган аймгийн прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 4/24 дугаартай тогтоол гарсан бөгөөд уг тогтоолд 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулан улсад болон тус байгууллагад учирсан хохирлоо шүүхэд иргэний журмаар хандаж шийдвэрлүүлэх талаар дурдсаны дагуу нэхэмжлэл гаргаж байна. ШЗ ХХК-ийн захирал Х.М нь дээрх тоот гэрээний дагуу түрээсэлсэн техник, тоног төхөөрөмжүүдийг өнөөдрийг хүртэл албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. Аймаг дундын отрын бүс нутагт малын тэжээлийн нөөц бүрдүүлэх зорилгоор Мал хамгаалах сантай 2014 онд байгуулсан №2014/ТТ04 тоот тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний дагуу Rostselmash Tukan-1600 маркын, 24,875,000 төгрөгийн үнэ бүхий өвс хаман боогчийг хүлээн авсан. Энэхүү өвс хаман боогчийг ШЗ ХХК-д 2015 онд хүлээлгэн өгсөн байх бөгөөд Мал хамгаалах сантай 2014 онд байгуулсан №2014/ТТ04 тоот гэрээний дагуу 2015 оны түрээсийн төлбөр өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй болно. ШЗ ХХК-нь тоног төхөөрөмж түрээслэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс дагуу улсын төсөвт болон манай байгууллагад нийтдээ 11,744,000 төгрөгийн хохирол учраад байна.

Үүнд: ШЗ ХХК-н захирал Х.М-тай 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөр 6,800,000 төгрөг, Хэрэг бүртгэлтийн *** дугаартай хэрэгт шалгагдах явцад тус захиргааны эзэмшлийн Беларус 82.1 маркын тракторын эд анги эвдэрч 1,390,000 төгрөг, Х.Мд хүлээлгэн өгсөн Rostselmash Tukan-1600 маркын, 24,875,000 төгрөгийн үнэ бүхий өвс хаман боогчийг тус захиргаа нь Мал хамгаалах сантай 2014 онд №2014/ТТ04 тоот тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулан авсан байдаг. Мал хамгаалах сантай байгуулсан №2014/ТТ04 тоот гэрээний дагуу 2015 оны түрээсийн төлбөр болох 3,550,000 төгрөг тус тус болно. Иймд ШЗ ХХК-н захирал Х.М-аас 11,744,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн шаардлагадаа: ШЗ ХХК-н захирал Х.М-аас хохирол барагдуулахтай холбоотойгоор шүүхийн шатан дахь томилолтын зардалд 587800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Х.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга О.Бы хүсэлтээр 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Намхай гэх залуутай отрын бүсэд ажилтанаар орж 200 га газар тариа тариалсан. Тухайн үед О.Б дарга надад хэлэхдээ хажуу талын хүмүүс хэл ам хийгээд байна. Чи энэ газрыг түрээслэж ногоо тариалж байгаа гэж хэлээрэй гэж хүртэл хэлж байсан. Тэр жил О.Б дарга 7, 8, 9 саруудад бид нар дээр ирээд явахдаа энэ жил тариа ногоо ургахгүй нь чи малаа оруулж болно гэж хэлээд тариагаа орхиод явсан. Тэр жил тариа их хамхуултай гараад байсан. Би тариалсан тариагаа хамхуултай нь хамж боогоод 700-800 боодол болсон. Би намар 10 сард ажлаас буухдаа хамхуултай нь хамж боосон өвс, трактор бүх зүйлийг нь отрын бүсийн манаачид нь хүлээлгэж өгөөд явсан. Тухайн зүйлсийг манаачид нь хүлээлгэж өгөхөд надтай хамт ажиллаж байсан тракторын жолооч нар хамт байсан. Өвөл 12 сард О.Б дарга над руу ярихдаа манайх энэ жил өр зээлтэй гарах гээд байна чамд компанийн тамга тэмдэг байна уу гэж хэлсэн. Би 2016 он гараад О.Б даргад тамга тэмдэгтэй хоёр цаас өгсөн. Одоо болохоор миний өгсөн тамга тэмдэгтэй цаасан дээр гэрээ хийсэн гэж хэлээд надаас мөнгө төгрөг нэхэмжлээд байна. ШЗ ХХК нь Өвөрхангай аймгийн *** суманд байдаг. Уг компани нь 2015 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Миний нэр дээр байдаг компани байгаа. 2015 онд тухайн тракторыг барьж байсан жолоочийг би шүүхэд гэрчээр асуулгасан. Тийм учраас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Өнөрбаяр би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны нэхэмжлэлтэй иргэний хуралд оролцож байна. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас гаргасан ШЗ ХХК-н захирал Х.М-аас 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний гүйцэтгэлийн 6,800,000 төгрөг захиргааны эзэмшлийн Беларус 82.1 маркын тракторын эд анги эвдэрсэн зардал болох 1,390,000 төгрөг, Мал хамгаалах сантай байгуулсан 2014 оны №2014/ТТ04 дугаартай тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний гүйцэтгэлийн 3 550 000 төгрөг нийт 11 744 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Мөн иргэний хэргийн маргаанд улсын төсвөөс томилолтын зардалд нийт 587,800 төгрөг мөн нэмж нэхэмжилсэн байна. ШЗ ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.М нь эрх зүйн бүрэн чадамжтай этгээд учраас 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаатай байгуулсан тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна. Прокурорын зүгээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд түрээсэлсэн тоног төхөөрөмжид учирсан хохиролд 1,390,000 төгрөгийг хариуцагчийн төлөөлөгч Х.М-аас гаргуулах саналтай байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн дэмжиж оролцож байна гэв.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 291 дүгээр зүйлийн 291.1-д зааснаар ШЗ ХХК-аас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл, хохиролд 6,880,000 төгрөгийг гаргуулж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Аймаг дундын отрын бэлчээрийн захиргаанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,447,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 125030 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн хариуцагч “ШЗ” ХХК-д холбогдох 406 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Энэ хэрэг маргаан 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн гэх түрээсийн гэрээ нь зүйд нийцэхгүй гэрээ байна. Газар тариалангийн ажил нь улирлын чанартай ажил юм. Түрээслэсэн гэх трактор хашаанд байсан нь үйлдвэрийн явцад 2-3 сар л ашиглагдах техник юм. Гэтэл гэрээний хугацааг 365 хоног гэж бичсэн нь уг гэрээг хийхдээ 2 талын эрх ашгийг хамт тусгах учиртай. Гэтэл “ШЗ” ХХК-ийн захиралд 1 хувийг өгөөгүй. Захирал М уг гэрээний хугацааны заалтыг хавтаст хэргээс л мэдсэн байдаг. М мэдүүлэхдээ уг гэрээг яг албан ёсоор хийгээгүй. Сүүлд зээл хөөцөлдөж өгнө гээд тамга, гарын үсэгтэй цаас авсан. Тэр цаасыг ашиглан гэрээний баримт үйлдэж шүүхэд өгсөн байна. Иймээс энэ гэрээг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн дууссан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу түрээсийн төлбөр гэх 6880000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шударга үнэнд нийцэхгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас хариуцагч “ШЗ” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг болон гэм хорын хохиролд 12327800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн  166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна. Үүнд:

1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцох журмыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд тодорхойлсон байдаг. Хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэхдээ төрийн байгууллагаас прокурорт иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцуулах хүсэлт гаргасан, энэ хүсэлт нь төрийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд үндэслэсэн байдаг.

Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас 2020 оны 3 дугаар сарын 30-нд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-аас 2020 оны 7 дугаар сарын 17-нд тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүх энэ хүсэлтийг хүлээн авч хангасан тухай шүүгчийн захирамж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “...Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр... иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно” гэснийг зөрчжээ. Хэдийгээр нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь нэхэмжлэгчийн эрх, үүргийг бүрэн эдлэх хэдий ч хуульд заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцуулах хүсэлтийг зөвхөн төрийн байгууллагаас, шүүхэд биш прокурорт гаргахаар байна.  

2. Нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн анхан шатны шүүхийн шүүгч  нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан  шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгнө. Энэ нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг болохыг хэргийн оролцогчдод танилцуулж байгаа ажиллагаа юм. Шүүгч эрх, үүргийг тайлбарлахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах зарчим, эдлэх эрх, хүлээх үүргийн утга учрыг бүрэн ойлгуулж, энэ эрх, үүргээ хэрэгжүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг тайлбарлаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас 2020 оны 07 дугаар сарын 06-нд /хүсэлтийг шүүх хүлээн авсан өдрөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ. /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/ 2020 оны 07 сарын 22-нд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас прокурор Н.Өнөрбаярыг  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар томилсон байна. /хавтаст хэргийн 86 дугаар хуудас/ Гэтэл үүнээс өмнө буюу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцох эрхгүй буюу хэргийн оролцогч болоогүй байхад 2020 оны 06 сарын 18-нд прокурорт эрх үүрэг танилцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгнө гэснийг зөрчсөн байна.   

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим зөрчигдсөн тухайлбал эрх үүргийг тайлбарлаагүйгээс шүүхэд нотлох баримт гаргаж өгөх,  талуудын мэтгэлцэх эрх зөрчигдсөн, хязгаарлагдсан байдаг учраас шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

   Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ прокурорыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах журмыг зөрчсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар зохигчдын хуулиар олгогдсон эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны нэхэмжлэлтэй хариуцагч “ШЗ” ХХК-д холбогдох маргааныг эцэслэн шийдвэрлээгүй тул хариуцагчийн төлөөлөгч Х.Маас давж заалдах гомдол гарахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 125030 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэв.

   Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин дахь Сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 146/ШШ2020/00406 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны мөн шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч Х.М-аас давж заалдах гомдол гарахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 125030 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.       

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.