Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/503

 

                                                      Г.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Анхбаяр,

хохирогч Ц.Ц,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2023/ШЦТ/192 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Ц-н гаргасан давж заалдах гомдлоор Г.Г-д холбогдох 2205 01962 2240 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж овгийн Г-н Г, ............., ял шийтгэлгүй, /РД: ........./;

Шүүгдэгч Г.Г нь 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагдаа 2” хотхоны урд замын орчимд хохирогч Ц.Ц-г зам хааж зогсон түгжрэл үүсгэлээ гэх шалтгааны улмаас цээж хэсэгт нь нэг удаа цохиж улмаар хохирогч Ц.Ц унах үед түүний эрүүл мэндэд баруун 6, 7 дугаар хавирганы хугарал, баруун тохой, шуунд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

     Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

   Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж овгийн Г-н Г-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Г.Г нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч Г.Г хохирогч Ц.Ц-т 800.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Ц.Ц-н “...2.500.000 төгрөг нэхэмжилнэ. ...” гэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Г цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж шийдвэрлэжээ.

    Хохирогч Ц.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Г.Г-д зодуулан хоёр хавиргаа хугалуулсан ба энэ хугацаанд ганц ч удаа биеийн байдлыг минь асууж байгаагүй. Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад “уушгины маань усыг авч болохгүй, чихрийн шижинтэй учраас шарх нь анихгүй” гээд аппарат тавиагүй бөгөөд одоог хүртэл хавиргаар минь өвдөж, уушги хатгасан хэвээр байна. Би Г.Г-д “эмний болон таксины мөнгө 1.500.000 төгрөг өгчих” гэхэд “800.000 төгрөг өгнө, би шүүхээр ороод торгуулаад л өнгөрнө” гэж хэлдэг. Түүний хэлсний дагуу хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би группэд байдаг хүн бөгөөд Ар жанчивланд өөрийн зардлаар сувилуулсан бөгөөд төлбөрөө гаргуулж авах хүсэлтэй байна. Миний бие хувиараа гэр ахуйн цахилгаан хэрэгсэл засдаг. Би 7 сар гаруй ажилгүй байсан. Хэргийн улмаас ажил хийж чадаагүй. Түрээсийн төлбөр болон “Ар жанчивлан” сувилалд хэвтэн эмчлүүлсэн төлбөр нийт 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэв.

     Прокурор М.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын шат болон анхан шатны шүүхийн шатанд хохирлын талаарх баримтыг хэрэгт хавсаргуулахаар хохирогч Ц.Ц-т удаа дараа тайлбарлаж мэдэгдсэн. Мөрдөгч, прокурор, шүүгчийн туслах арга хэмжээ авсан боловч нэг ч баримт гаргаж өгөөгүй. Баримт байхгүй гэх шалтгаанаар яллагдагч хохирол, төлбөр гаргаж өгөхгүй байсан. Гэхдээ хохирогч Ц.Ц-н эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор цагдаагийн газар уулзаж, 800.000 төгрөг өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах  гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Г.Г-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.Г нь 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагдаа 2” хотхоны урд замын орчимд хохирогч Ц.Ц-г зам хааж зогсон түгжрэл үүсгэлээ гэх шалтгааны улмаас цээж хэсэгт нь нэг удаа цохисны улмаас хохирогч Ц.Ц унах үедээ баруун 6, 7 дугаар хавирганы хугарал, баруун тохой, шуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Ц-н “... Би зам гарах үедээ такси барих гээд замын хэсгийг хаагаад зогсож байсан бөгөөд энэ үед том оврын машин урсгал сөрж орж ирсэн. Тэгэхэд тухайн машинаас жолооч нь гэх үл таних 40 орчим насны залуу бууж ирээд “чи муу хөгшин төгцөг, лай болоод байна, замаас холд” гэж хэлээд миний мөр хэсэг рүү түлхэж замын хашлага руу унагаасан. ...” /хх 13-14/, “... Миний цээж хэсэг рүү гараараа цохих үед би замын хажуугийн боржур дээр биеийн баруун тал хэсгээр буюу хавиргаараа унаж гэмтсэн. ...” /хх 17-18/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Ц.Ц-н биед баруун 6, 7 дугаар хавирганы хугарал, баруун тохой, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд, мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Уг гэмтлүүдээс баруун 6, 7 дугаар хавирганы хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /хх 27-28/ гэсэн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 7745 дугаартай дүгнэлт,

хохирогч Ц.Ц-н өвчний түүхийн хуулбар /хх 58-65/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Г-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

   Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Г-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохиролдоо баримтгүйгээр 800.000 төгрөгийг нөхөн төлснийг, мөн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

     Хохирогч Ц.Ц-с “... ажлын байрны түрээсийн төлбөр болон Аржанчивлан сувилалд хэвтэн эмчлүүлсэн төлбөрт нийт 1.000.000 төгрөгийг Г.Г-с гаргуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасан байна.

     Шүүгдэгч Г.Г нь хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Ц-т гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролд 800.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

     Хохирогч Ц.Ц нь “сувилалд хэвтэн эмчлүүлсэн, гэмт хэргийн улмаас урьд ажиллуулж байсан засварыг газрын түрээсийн төлбөрийг төлж чадаагүй” гэх тайлбарыг хэлж буй боловч тэрээр хэдий хугацаанд ямар сувилалд хэвтэн эмчлүүлсэн талаарх, мөн түрээсийн төлбөрийн талаарх баримтуудаа нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд ирүүлээгүй тул хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

    Харин хохирогч Ц.Ц нь уг гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн гэмтэл учирч, хөдөлмөрийн чадвараа удаан хугацаанд алдсан байхад анхан шатны шүүх нь хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг хэрхэх талаар шийдвэрлэлгүй орхигдуулсан нь буруу байна. 

       Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2023/ШЦТ/192 дугаар шийтгэх тогтоолд хохирогч Ц.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэгхянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нэмэлт заалт        оруулж, хохирогч Ц.Ц-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2023/ШЦТ/192 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Хохирогч Ц.Ц нь эмчилгээтэй холбоотой гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Ц.Ц-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН  

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР