Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/18

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

Улсын яллагч Э.Нямбилэгт,

Шүүгдэгч С.Ч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С овогт С.Ч-д холбогдох эрүүгийн 1817000130009 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1958 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг Хувийн байрны ..........тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх С овгийн С.Ч /РД:.........../

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч С.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 4-46 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн хүү Ч.О-ын толгойн тус газар сандлаар цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч С.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 4 дүгээр байрны 46 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн хүү буюу хохирогч Ч.О-той “...өдөр шөнөгүй архи уулаа гэж уурлаад шууд намайг яв, зайл...” гэж маргалдан улмаар түүний толгойн тус газар сандлаар цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.1. Шүүгдэгч С.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

1.2. Шүүгдэгч С.Ч мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

...Миний өөрийн төрсөн хүү Ч.О-той хэрүүл маргаан үүсгэсэн асуудал нь 2018 оны 01 сарын 14-ний өдөр 17 цагийн үед Сүмбэр сумын 3 дугаар баг 4-46 тоотод болсон. 4-р байрны 46 тоотод 2018 оны 01 сарын 14-ний өдөр гэртээ ганцаараа 6 настай ач хүүгээ хараад байж байхад О 17 цагийн үед гаднаас ганцаараа согтуу орж ирсэн. Тэгэхээр нь би түүнд чи битгий архи уугаад бай сүүлийн хэд хоног өдөр шөнөгүй архи уулаа ш дээ гэхэд тэр миний өөдөөс би өөрийнхөө мөнгөөр архи ууж байна гэж хэлчихээд том өрөө рүү орох гэхээр нь би түүнд хүүхэд унтаж байна цаашаа бай гэж хэлээд бид 2-ын дунд маргаан болсон. Маргалдаж байгаад би түүнийг том өрөөний хаалганы дэргэд зогсож байхад цэнхэр өнгийн 3 хөлтэй, түшлэгтэй, хүүхдийн пивор сандлыг баруун гартаа барьж аваад түүний цээжин хэсэг рүү 2 удаа цохисон. Цохисны дараа түүний толгойн хэсэг духны орчимоос цус гарсан. Намайг цээж рүү нь цохиж байхад сандал түүний толгойд оносон юм шиг байсан. Духнаас нь цус гараад эхэлсэн. Сандлын яг аль хэсэгээр духанд нь оносныг мэдээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

1.3. Хохирогч Ч.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах “Мак Цемент”-ийн үйлдвэрт ажилладаг. Манай ажил амраад 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр би Говьсүмбэр аймагт гэртээ ирсэн. Ирээд би 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн өөрийн ажлынхантайгаа нийлж 3 хоног дараалан архи уусан. Архи уучихаад 2018 оны 01 сарын 14-ний орой 17 цагийн үед Сүмбэр сумын 3-р баг одоогийн амьдарч байгаа хаяг болох 4-р байрны 46 тоотод ороход манай аав Ч ганцаараа байж байсан. Намайг гэртээ ороход аав надад хандаж өдөр шөнөгүй архи уулаа гэж уурлаад шууд намайг яв, зайл, явж ялаа хий гэж хэлсэн. Би ч өөдөөс нь юм дуугараагүй. Тэгээд намайг том өрөөнд ороод ор засаад хэвтэж байхад том өрөөнд орж ирээд намайг зайл гэхээр нь би өөдөөс нь та нарын бүх өрийг чинь төлдөг, намайг ингэж хөөж болохгүй ш дээ гэхэд аав намайг зайл гэж хэлэхээр нь би надад архи уух эрх байгаа гэж түүнд хэлэхэд цэнхэр өнгийн нэг хөл нь хугархай, 3 хөлтэй хүүхдийн пивор сандлаар миний толгойн дух хэсэгт 2 удаа цохисон. Цохихдоо аав сандлыг аль гартаа барьсан байсан, аль хэсгээр нь цохисныг санахгүй байна. Ямар ч байсан цэнхэр өнгийн сандлаар 2 удаа цохисон. Өөр бол зодож цохисон зүйл байхгүй. Тухайн үед манай гэрт бид 2-оос өөр хүн байгаагүй. Би өөрөө хэрх гэдэг үе мөчний өвчтэй. Бусдаар аавдаа зодуулснаас болж миний биед учирсан гэмтлийн улмаас өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Толгой зүгээр. Би эмнэлэгт үзүүлэхэд миний толгой дух хэсэгт 2 оёдол тавьсан. Манай аав Ч нь намайг өмнө нь зодож цохиж байгаагүй. Хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/

1.4. Гэрч Ч.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

С.Ч миний аав бөгөөд Ч.О миний төрсөн ах байгаа юм. Энэ хоёрын хооронд юу болсон талаар би байгаагүй учраас мэдэхгүй байна. Ч.О ах Дорноговь аймгийн Даланжаргалан суманд “МАК” ХХК-д ажилладаг. Ажил нь амраад Чойрт түр ирчихээд байгаа юм. Одоо удахгүй ажил руугаа явах ёстой. 2018 оны 01 сарны 14-ний өдөр би “Балдан засаг” зах дээр лангуун дээр сууж байсан. Тэгсэн орой нь 18-19 цагийн үед манай ах Ч.О над дээр согтуу ирсэн. Тэгэхэд О ахын дух нь язарсан шархтай цус гарч байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад О ах би аавтай маргалдсан гэж нэг яриад нэг болохоор өөрөө уначихсан гэж яриад байсан. Аль нь үнэн болох талаар би мэдэхгүй байна. Манай ах О олон хоногоор архийг хэтрүүлэн хэрэглэсэн. Тэгээд би эмийн сан ороод хөвөн бинт аваад цусыг нь тогтоосон. Тэгээд би хүний гоо сайхан учраас эмнэлэг дээр очоод О ахын духыг нь оёулчихая гээд эмнэлэг орсон. Эмнэлэг дээр очоод толгойд нь 2 оёдол тавиулсан. Эмнэлэг дээрээс цагдаад дуудлага өгсөн байх... гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар хуудас/

1.5. Гэрч Д.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 01 сарын 14-ний өдөр намайг 103 дээр ээлжинд жижүүр эмчээр гарч байхад орой 19 цаг 30 минутанд Ч.О гэх 28 настай эрэгтэй духны дээд хэсэгт язарсан шархтай хүн өөрөө ирж үзүүлсэн. Тэр хүнээс архи үнэртээд согтуу байх шиг байсан. Тэр хүнээс юу болсон талаар асуухад 17 цагийн үед гэртээ аавдаа зодуулсан гэж хэлсэн. Шархыг угааж цэвэрлээд өвчин намдаагч хийгээд шарханд 2 оёдол тавиад маргааш өглөө ирж гэмтлийн эмчид үзүүлэхийг зөвөлсөн. Шарх нь 3 см орчим урттай, 0.5 см орчим өргөнтэй байсан… гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

1.6. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 50 дугаартай дүгнэлтэд: 

- Ч.О-ын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь 2018-01-14-ний өдөр үүсгэгдэх боломжтой.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 18 дугаар хуудас/

 1.7. Шинжээч Б.Сэргэлэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

            Миний 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан 50 дугаартай шинжээчийн  дүгнэлтэнд хохирогч Ч.О-ын духанд шарх гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгднэ гэж дүгнэлт гарсан. Яагаад мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгднэ гэж дүгнэлт гарсан бэ гэхээр тухайн шарх нь ир үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн бол шархны зах ирмэг тэгш байх ёстой. Харин О-ын духанд учирсан шархны зах ирмэг нь тэгш бус шархны анхны цэгцлэлт хийгдсэн байсан учраас мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдсэн байх боломжтой гэж дүгнэлт гаргасан... гэх мэдүүлэг. /хх-ийн 21 дүгээр хуудас/

1.8. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 009/003 дугаартай дүгнэлтэд: 

- Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлээс /түшлэгтэй хүүхдийн сандал/-аас хурууны хээ илэрсэнгүй.

- Гарын мөр илрээгүй тул 2 болон 3 дугаар асуултанд хариулах боломжгүй.

Дүгнэлт гаргасан Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч С.Дарханбаатар гэжээ. /хх-ийн 23 дугаар хуудас/

1.9. Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/

Шинжилгээнд ирүүлсэн сандалын зураг.

1.10. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5 дугаар хуудас/

1.11. Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 27 дугаар хуудас/

Үзлэг хийж хүлээлгэн өгсөн талаар: Цэнхэр өнгийн түшлэгтэй, суудал хэсэгтээ өнгөт хүүхдийн дүрсний зураглалтай, 43 см өндөртэй, 38 см өргөнтэй, нэг хөл нь хугарч алга болсон, 3 хөлтэй сандал байв. Уг сандлыг эзэн С.Чангаад хүлээлгэн өгөв.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү.” гэж заасан бөгөөд энэ ойлголтонд хохирогч Ч.О нь хамаарч байгаа юм.

Мөн шүүгдэгч С.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 4 дүгээр байрны 46 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн хүү буюу хохирогч Ч.О-ыг сандлаар цохиж хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгтэй тохирч байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хүндрүүлэх шинжид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг иш татаж заасан бөгөөд уг зүйлийн 2.8 дахь хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэргийг үйлдсэн талаар зохицуулж хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч С.Ч-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч С.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Гэрч Ч.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 ...Манай аав Ч нь 3 охин 1 хүүтэй. Бага наснаас нь манай ах О-ыг эрхлүүлж түүнд юм хэлдэггүй, хүнээр үг хэлүүлдэггүй, 3 охиноосоо илүүд үзэж өсгөсөн. О нь айлын ганц хүү юм. Манай аав Ч социализмын үеийн хүмүүжлээр хүмүүсэн хүн учраас одоо хүртэл тэр ёс суртахуунаа хадгалсаар байдаг. Үнэнч шудрага, зарчимч шаардлага тавьдаг. Хатуу ширүүн үгтэй хүн байгаа юм. Зан төлөвийн хувьд өөрийнхөө биеийг барих чадвар сайн гэж боддог. Жишээ нь: Тамхи татаж байгаад тамхинаас гарлаа гээд л гарчихдаг, архи ууж байгаад архи уухгүй л гэвэл уудаггүй хүн байгаа юм. Манай аав ээжийг зодож нүдээд байгаагүй, гэр бүлийнхэндээ агсан согтуу тавьж хүчирхийлэл үйлдээд байдаггүй. Хүнтэй маргалдаж муудаж байхыг би мэдэхгүй. Жоохон үглээ зантай. Төрөлхийн чанга дуутай хүн, гаднаас нь харахад ууртай хүн юм шиг харагддаг ч яг амьдрал дээрээ тийм чанга ууртай ширүүн хүн бишээ. Харин төрсөн ах О-ын хувьд архинд их дуртай, архинд гүн орсон. Архи харах л юм бол бүгдийг мартдаг. Архинаас татгалзаж чаддаггүй. Архи уухгүй эрүүл саруул үедээ бол өөрийгөө илэрхийлэх чадвар сайтай. Нэг л архи уух юм бол архи уухаа больж чаддаггүй. Уугаад л байдаг. Өөрийгөө хянаж чаддаггүй. Архи уухаараа хаа хамаагүй тасраад уначихдаг. Бид нар түүнийг архи уучихаар нь ардаас нь маш их санаа зовдог. Хатуу хяналтанд л байлгахгүй бол энд тэнд тасарч унаад хөлдөөд үхчихвий гэхээс маш их айдаг. Өчигдөр л гэхэд шөнө 01 цаг 30 минут болж байхад хажуу талын орцонд согтуу байхад нь олж авсан. Өмнө нь С.Ч Ч.О-ыг зодож байгаагүй. Манай аав Ч харин ч эсрэгээрээ О-ыг хайрлаж эрхлүүлж өсгөсөн. Ямар нэгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй.  Өөр нэмж ярих зүйлгүй… гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар хуудас/

2.2. Гэрч С.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

С.Ч бид 2 багаасаа хамт нэг дор өсөцгөөсөн хүмүүс. Ч ах нь шулуун шудрага зантай, нэг их уурлаж уцаарлаад байдаггүй. Увс аймгаас Говьсүмбэр аймагт бид нар 1975 онд хамтдаа шилжиж ирсэн хүмүүс байгаа юм. Хүн чанар сайтай эр хүн дээ. Хэрэг төвөг хийгээд байхаар хүн биш, өөрийнхөө хүүхдийг архи уулаа гэж уурлаад зодсон хэргээр шалгагдаж байгаа гэж дуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

2.3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-37 дугаар хуудас/

Шүүгдэгч С.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогчийн зүй бус үйлдлээс гэмт хэрэг үйлдэгдсэнийг харгалзан түүнд оногдуулах эрүүгийн хариулагыг хөнгөрүүлэх нь зүйтэй байна.

            Иймд шүүгдэгч С.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-ийн бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.

            Шүүгдэгч С.Ч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв. 

            Шүүгдэгч С.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч С.Ч-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Шүүгдэгч С.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 4. Шүүгдэгч С.Ч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 5. Шүүгдэгч С.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.