| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2202001760147 |
| Дугаар | 2023/ДШМ/545 |
| Огноо | 2023-05-25 |
| Зүйл хэсэг | 20.7.1., 20.7.2., |
| Улсын яллагч | Б.Соёлмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2023/ДШМ/545
2023 5 25 2023/ДШМ/545
Б.И-, М.Ц-ь, Б.П-,
Б.Т-, Ц.Н- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Соёлмаа,
шүүгдэгч Б.И-ийн өмгөөлөгч Н.Нарантуяа,
шүүгдэгч М.Ц-ь, түүний өмгөөлөгч Л.Баттогтох,
шүүгдэгч Б.П-, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,
шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Б.Баярмаа,
шүүгдэгч Ц.Н-, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,
нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/307 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.П-, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, шүүгдэгч Ц.Н-, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүгдэгч М.Ц-ийн өмгөөлөгч Л.Баттогтох нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.И-, М.Ц-ь, Б.П-, Б.Т-, Ц.Н- нарт холбогдох эрүүгийн 2202001760147 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. И-,
2. Т-,
3. Н-,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ,,,,,,,, дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 4 сар 26 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;
4. П-,
5. Ц-ь,
Шүүгдэгч Б.И- нь 2021 оны 09 дүгээр сард Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын (delta-9-tetrahydrocannabinol) агууламжтай "өвс" гэх нэршилтэй, нийт 18.118 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар түүж бэлтгэсэн,
улмаар 2021 оны 9 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн *****тоотод 11.80 грамм жинтэй "өвс" гэх нэршилтэй, мөнгөлөг цаасны хамт 0.4254 грамм жинтэй "шавар" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,
2022 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдвартын эцэст "өвс" гэх нэршилтэй, нийт 6.3180 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Б.П-, Б.Т-, Ц.Н-, М.Ц-ь нарт 20.000 төгрөгөөр худалдсан,
шүүгдэгч Б.Т-, Б.П-, Ц.Н-, М.Ц-ь нар нь 2022 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдвартын эцэст Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан "делта-9 тетрагидроканнабинол"-ын агууламжтай "өвс" гэх нэршилтэй, 6.3180 грамм цэвэр жинтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Б.И-ээс 20.000 төгрөгөөр худалдаж олж авсан,
улмаар 2022 оны 1 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “****” зочид буудлын **** тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.И-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Б.Т-, Б.П-, Ц.Н-, М.Ц-ь нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б.Т-, Б.П-, Ц.Н-, М.Ц-ь нарыг “Хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдаж олж авсан, хадгалсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хамтран үйлдсэн” гэм буруутайд, шүүгдэгч Б.И-ийг “Хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан, худалдсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэмт буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т-, Б.П-, М.Ц-ь нарыг 1 /нэг/ жилийн хорих ялаар, Ц.Н-ийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.И-ийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.И-, Б.Т-, Ц.Н-, Б.П-, М.Ц-ь нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр П-, Ц-ь нартай анх танилцсан. П- шүүхийн хэлэлцүүлэгт “бие, биеэ өмнө нь таньдаг байсан. Бид нар өмнө нь мансууруулах бодис хамт хэрэглэдэг байсан. Одоо ч зарим нь хэрэглэж байгаа байх” гэсэн мэдүүлэг өгч шүүгчид буруу ойлголт төрүүлж миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Би үйлдсэн хэргийнхээ хор уршгийг ойлгож гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд анхнаасаа хүндрэл учруулаагүй. Аав Б-ийн хамт хоёулаа амьдардаг. Аав маань Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн хяналтад сэтгэл түгших, гутрах холимог эмгэгтэй тул би байнгын харж хандаж хажуугаар нь хүргэлт хийж, Ub cab-д таксинд явж амьжиргаагаа залгуулдаг. Би бүрэн дунд боловсролоо хятад хэлний гүнзгийрүүлсэн Хишиг, Үй-цай зэрэг сургуулиудад суралцаж төгссөн. Төгөлдөр хуур тоглодог. Олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын Парис хотод болсон тэмцээнээс гран при шагнал авч байсан ба хятад, англи хэлийг мэргэжлийн түвшинд гүнзгийрүүлж судалсан. Цагдан хоригдохоос өмнө хятад хэлний орчуулагчаар ажиллах гэж байсан боловч цагдан хоригдоод ял шийтгүүлж ажиллах боломжгүй болсон.
Би цагдан хоригдох хугацаандаа маш их зүйлийг ухаарч, ойлгож, буруу зүйл хийсэндээ туйлын ихээр гэмшиж байна. Ард үлдсэн аавдаа маш ихээр санаа зовж байна. Хэрэв хорихоос өөр төрлийн ялаар шийтгэвэл хятад хэлний орчуулагч хийж аав болон нийгэмдээ тустай хүн болж төлөвшиж хүмүүжнэ гэдгээ амлаж байна. Иймд миний нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.П- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би хийсэн гэм буруугаа туйлын ихээр гэмшин ухаарч, алдаагаа ухамсарлахын сацуу хууль зөрчсөн энэхүү болчимгүй үйлдэлдээ уучлалт хүсэж байна. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээсэн бөгөөд хэрэгт холбогдох үедээ үнэн зөв мэдүүлгүүдийг өгч байсан. Миний мэдүүлэг өөрчлөгдөөгүй. Би эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн үеэс буюу 2022 оны 01 дүгээр сарын 10-аас эхлэн 2022 оны 9 дүгээр сар хүртэл Улсын төв мөрдөн байцаах газрын Хар тамхитай тэмцэх газрын хяналтад байж шээсний шинжилгээнд тогтмол хамрагдаж байсан нь хэрэгт холбогдсон цагаасаа хойш мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх төрлийн бодисыг огт хэрэглээгүйг минь нотолно. Шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлтэд тухайн бодисыг надад хадгалагдаж байсан мэтээр ойлгогддог боловч тухайн мансууруулах бодисыг Б.Т- 20.000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд бид хэрэглэж, тэрээр авч харьсан нь Б.Т-ийн өөрийн болон М.Ц-ь нарын мэдүүлгүүдээр нотлогддог юм. Надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн үзэх хувийн байдлууд байгаа. Би эрхэлсэн тодорхой ажил, мэргэжилтэй, урьд өмнө ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэл хүлээж байгаагүй. 2022 оны 3 дугаар сард нөхөртэйгөө танилцан тус оны 7 дугаар сард бие давхар болсон хэдий ч сэтгэл санааны хямралаас үүдэн зулбасан. Улмаар 2022 оны 10 дугаар сард дахин жирэмслэн эрт үеийн зулбалт оноштойгоор Амгалан амаржих газрын байнгын хяналтан дор үзлэг, шинжилгээндээ тогтмол хамрагдсаар ирсэн. Эмнэлгийн тууштай эмчилгээ, гэр бүлийн асаргаа, сувилгааны үр дүнд дахин зулбах эрсдэлтэй байсан үр минь дөнгөж тогтоод байсан юм. Мөн 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр дараагийн чухал шинжилгээнүүд болон үзлэг, хяналтандаа хамрагдах байсан боловч 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс хойш цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдоод байгаа. Одоогийн байдлаар миний бие тус хорих ангийн эмчийн хяналтад байгаа боловч техник, хэрэгслийн дутмаг байдал, мэргэжлийн эмч байхгүй гэх шалтгаануудын улмаас хүүхдийнхээ өсөлт бойжилтыг хэвийн явагдаж байгаа эсэхийг мэдэх боломжгүй байна. Одоогоор доошоо базлан өвдөх, нурууны мэдрэл даган өвдөх, хэвтрийн дэглэм сахиж чадахгүйн улмаас тонус ихтэй байгаа байдлууд минь миний сэтгэлийг маш ихээр зовоож байгаа юм. Аав, ээж минь өдгөө 70 нас хүрч яваа өндөр настай хүмүүс байдаг. Харин хадам аав, ээж минь Ирланд улсад амьдардаг ба энэ оны 6 дугаар сард хадам дүү нарын хамт эх орондоо ирж аав, ээжтэй минь танилцан бэр гуйхаар ирж байгаа төдийгүй бидний хуримыг 2023 оны 9 дүгээр сард хийхээр төлөвлөсөн байсан. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг минь харгалзан үзэж надад оногдуулсан жилийн хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. Цаашид би хуулиа дээдлэн сахиж сайн ээж, сайн иргэн байхаа хичээнгүйлэн амлаж байна. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Б.И- гэх залуугаас өвс худалдаж авах санааг огт мэдээгүй. Би сэтгэцэд нөлөөлөх “D.X.M” гэх нэршилтэй эм бэлдмэл хэрэглэсэн байсан. Тухайн өдөр би биеэ авч явах чадваргүй машинд унтаж явсан. Эмийн үйлчилгээ гарч ухаан ороход гэрийнхээ гадаа ирсэн байсан. Надад өвс худалдаж авах санаа зорилго байгаагүй. Б.Т-ийн өгсөн мэдүүлэгт “Т- 20.000 төгрөг шилжүүлээд өвс худалдаж авсан. Тэгээд Н-, П-, Ц-ь бид дөрөв явж байгаад Н-ийг гэрт нь буулгаад буцаж буудалдаа очоод Б.И-ээс авсан өвсөө хэрэглэж үзээд гэртээ харьсан” гэсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт Ц-ийн өгсөн мэдүүлэгт “тухайн өдөр өвс худалдаж авъя гэдэг санааг ярилцаагүй. Н- бид хоёр машины арын суудал дээр унтаад явж байсан” гэсэн. Б.Т-ийн мэдүүлэг /2хх 185, 189-191/, М.Ц-ийн мэдүүлэг /2хх 201-202, 208-210/, Б.И-ийн мэдүүлэг /2хх 234-235/ болон гэрч А-, Х- нар өгсөн мэдүүлэг намайг өвс худалдаж авах тухай огт мэдээгүй, хадгалаагүй, ярилцаж тохиролцоогүй гэдгийг гэрчилж байхад дан ганц П-гийн “бид хэд бүгд ярилцаад И-ээс өвс авсан” гэх мэдүүлэг болон мэдүүлэгт намайг гэртээ буусныг мэдсээр байж “бид 4 шууд буудалдаа очоод худалдаж авсан өвсөө бүгд хэрэглэсэн” гэх худал мэдүүлэгт үндэслэн ялласныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үйлдэлдээ маргаагүй боловч хадгалсан, олж авсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд надад холбогдох хэргийн зүйлчлэлийг зөвтгөн, Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.П-гийн өмгөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.П- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч, зүйлчлэл дээр маргаагүй. Тэрээр эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн үеэсээ мансууруулах, сэтгэлтэд нөлөөлөх бодисыг огт хэрэглээгүй бөгөөд тээж буй хүүхдээ эрүүл саруул бүрэн гүйцэд төрүүлэхийн тулд эмчийн байнгын хяналтад тээж байгаагаа дурдаж байсан. Гэтэл шүүх шийтгэх тогтоолд ураг тээж буй эх нь дахин мансууруулах төрлийн бодис хэрэглэж, хэвлийд бойжиж буй ургийн сэтгэц, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй гэж дүгнэн хорих ял оноосонд гомдолтой байна. Б.П- нь Амгалан амаржих газрын төрөлжсөн мэргэжлийн эмчийн хяналтад орсон үеэс сар бүр бүх төрлийн шинжилгээ өгч ирсэн бөгөөд эрсдэл бүлгээр жирэмсний хяналтад орсон байсан нь хяналтын эмч Б.Эрдэнэтуяагийн 2023 оны 3 сарын 27-ны өдөр гаргасан тодорхойлолт, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шинжилгээнүүдээр тогтоогддог. Хяналтын эмчийн тодорхойлолтоор Б.П- нь 2022 оны 7 дугаар сард 7-8 хоногтой жирэмсэн байж байгаад зулбаж цэвэрлүүлсэн, 2 дахь жирэмслэлтээр 2022 оны 12 дугаар сард бүх шинжилгээ үзлэгт хамрагдсан, эхний үзлэгээр 7-8 долоо хоногтой ихэс ховхорч байгаа нь эрт үеийн зулбалт оноштойгоор эмчилгээ хийлгэж 2023 оны 3 дугаар сарын 8-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр эмчид үзүүлэх ёстой байсан боловч цагдан хоригдсон. Цагдан хоригдсон үеэсээ сэтгэл санааны хямралд орж тэр болгон агаар салхинд гарч чадахгүй, хоол хүнс дутагдалтай байгаа зэргээс биеийн байдал нь хүндэрч 461 дүгээр ангид эмчийн хяналтад ороод байгаа боловч олигтой сайжрал авахгүй, урагт нь аюул учрах магадлал өндөр байгаа юм. П- нь хүний ганц охин атал хэргийн 38 талд авагдсан Б.Нандин-эрдэнэ гэх эмэгтэй мэдүүлэгтээ "Б.П- нь миний төрсөн эгч юм. Согтууруулах ундаа уух дуртай, тамхи татдаг зуршилтай" гэж хувийн байдлыг нь илтэд дордуулсан худал мэдүүлэг өгснийг шалгуулах хүсэлт тавьсан боловч хүлээж авалгүй хэргийг шийдвэрлэсэн. Б.П- нь 23 настай дээд боловсролтой, Олон улсын харилцаа, цэргийн дипломатч мэргэжилтэй, “Зиди” дэлгүүрт менежер ажилтай, урьд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, 6 сартай жирэмсэн, эмэгтэй юм. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг хянан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.П-д оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч Б.Баярмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.Т- нь үйлдсэн хэргийнхээ хор холбогдлыг ойлгож, гэм буруутай гэдгээ хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатнаас өөрөөр хэлбэл анхнаасаа хүлээн зөвшөөрч, энэ талаар огт маргаагүйг гомдлынхоо эхэнд дурдах нь зүйтэй. Тэрээр гэмт хэрэг үйлдэх үедээ 20 нас, 9 сартай байсан. Эрүүгийн хуульд зааснаар өсвөр нас гэж тодорхойлж болох ба Хүний хөгжлийн сэтгэл зүйн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл 15-21 насны залуу эрэгтэйчүүд нийгэмших, хувийн үйл ажиллагаа, сэтгэцийн үйл явцын динамик шинж чанараараа онцлог юм. Сэтгэл хөдлөл нэмэгдэж, бие даасан эрэл хайгуул хийх хүсэл эрмэлзэл, хүрээлэн буй хүмүүсийн нүдэн дээр өөрийгөө батлах хүсэл илэрдэг. Үүний зэрэгцээ, энэ насны хүмүүсийн шинж чанаруудын дунд өөрийгөө үнэлэх үнэлэмж, бардамнал, хайхрамжгүй байдал, заримдаа эрүүл мэнд, амьдралын талаарх бодолгүй хандлага байдаг. Энэ эрин үе нь рационализм, И- үнэмшлээр юу ч хүлээж авах хүсэлгүй байдаг. Ухамсаргүй нигилизм нь залуучуудын өөрийгөө батлах нэг хэлбэр болох нь ахмад настнуудаас тэдний зан байдал, бусад хүмүүст хандах хандлагыг үнэлэх уян хатан хандлагыг шаарддаг. Залуу нас бол нийгмийн төлөвшил, ухамсарт амьдрал руу шилжих үе юм. Чухам энэ насанд бодит байдалд хандах хандлага, И- үнэмшил, ертөнцийг үзэх үзлийг практикт туршиж, дахин эргэцүүлэн бодож, нийгмийн чиг баримжаа, хандлага төлөвшдөг. Энэ тодорхойлолтоос үзвэл миний үйлчлүүлэгч, шүүгдэгч Б.Т- нь залуу хүний сониуч зангаар өвс гэдэг зүйлийг татахаар тайвширдаг, биед өвдөх өвчингүй болдог гэдэг яриаг туршин, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан хөнгөрүүлэх байдлыг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэглэж болно гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч нар нь гэмт үйлдлүүдэд үргэлжилсэн үйлдлээр хандсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Б.Т-т холбогдох гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтана. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу энэ хуулийг хэрэглэж, тэнсэж үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно.” гэж заасан. Шүүгдэгч Б.Т- нь эцгийн хамт ам бүл хоёулаа амьдардаг. Түүний эцэг Пүрэвийн Буяннэмэх нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад Сэтгэл түгших сэтгэл гутрал холимог эмгэг оноштойгоор шүүгдэгч Б.Т-ийн асаргаанд байдаг.
Иймд Б.Т- нь амьдралын нөхцөл байдал үүргээ ухамсарласан, тохиолдлын шинжтэй, нөхцөл байдлыг буруугаар төсөөлснөөс анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг нь харгалзан тэнсэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Н-ийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ тал бүрээс нь судалж үнэлэлт, дүгнэлт өгөх, шударга ёсны зарчимд тулгуурлан гэм буруугийн хэлбэрт тохирсон хариуцлагыг хүлээлгэдэг зарчимтай. Ц.Н-ийг “Хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдаж олж авсан” гэм буруутайд тооцсон нь хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдоогүй. М.Ц-ийн мэдүүлэгт “...Би ард нь Н-ийн хамт унтаад явж байсан. Машин хальт зогсоод хаалга онгойход сэрсэн чинь хажууд хүн орж ирж суусан. Тэр орж ирсэн залуу Б.П-д гялгар ууттай зүйл өгөөд буусан. Тэгээд Ц.Н-ийг гэрийн гадна очиж буулгаад буудлын өрөөнд буцаж очоод өрөөндөө Б.П- ундааны сав цоолоод нөгөө өвсөө уутнаасаа гаргаж шатаагаад сорж байснаа над руу хараад чи нэг сороод үзчихээ ямар ч асуудалгүй гэсэн”, М.Ц-ь яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “...Би буудлын өрөөнд ороход А- гээд нэг залуу байсан тэр залуу Б.П-гийн танил дүү нь гээд танилцсан ...цагдаа нар орж ирээд үзлэг хийхэд Т-ийн өмсөж байсан куртикнээс өмнө шөнө хэрэглэж байсан өвсний үлдэгдэл гараад ирсэн” гэх мэдүүлгээр тэр шөнө авсан гэх өвсийг Н- хэрэглээгүй болон тэр шөнө буудалд эргэж очоогүй болохыг гэрчилдэг. Гэтэл шүүх түүнийг ...худалдан борлуулах зорилгогүйгээр худалдаж авсан гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт бөгөөд хаана, хэнээс, ямар эд зүйл худалдаж авсныг Н- хараагүй, мэдээгүй, түүнийг худалдан авах үйлдэлд оролцоогүй бөгөөд худалдаж авсан зүйлийг ч тэр хэрэглээгүй талаар / 2хх 6-7/ гэрч Г.А- мэдүүлсэн байдаг. “...хадгалсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хамтран үйлдсэн” гэм буруутай гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд болон маргааш нь “... Н-ийг буудалд ирэхэд араас нь ... шууд цагдаа нар ороод ирсэн” гэсэн гэрч нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч Ц. Н- нь өвс гэх зүйлийг авснаас хойш тэдэнтэй хамт байгаагүй, тэр буудалд тэдэнтэй хоноогүй тул өвс гэх зүйлийг хаана, хэн нуусан, хадгалсныг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Ц.Н-ийг “Хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдаж олж авсан хадгалсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хамтран үйлдсэн” гэм буруутай гэж дүгнэсэн нь дээрх нотлох баримтуудаар няцаагдаж байна. Гэтэл түүнийг тэдэнтэй хамт явсан гэдгээр нь шүүхээс ял халдааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлд шударга ёсны зарчим, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй гэсэн зарчмыг зөрчиж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтын Ц.Н-ид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.Ц-ийн өмгөөлөгч Л.Баттогтох давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч М.Ц-ь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч үргэлжилсэн үйлдлээр санаатай нэгдсэн гэх нь эргэлзээтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй, мөн энэ хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" 1.2 дугаар зүйлд хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх зарчим нь, хууль ёсны байх, шударга ёсны зарчимд нийцэх болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь бодит байдалтай нийцээгүй, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т хэсэгт заасан шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал зэрэг нөхцөл байдлыг орхигдуулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг анхаарч шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч М.Ц-ь нь Анагаахын их сургуулийн 4 дүгээр дамжаанд суралцдаг...” гэв.
Шүүгдэгч Б.И-ийн өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир давж заалдах гомдол гаргаагүй. Бусад шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Миний зүгээс өөр хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Шүүгдэгч М.Ц-ь тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...би өвс гэх зүйлийг хэрэглэснээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Харин өвсийг олж авах санаачлага гаргаагүй, хүнийг нь танихгүй, мөнгийг нь төлөөгүй, хэдэн төгрөгөөр ямар хэмжээтэйг худалдан авсныг мэдээгүй, машинд унтаад явж байсан болохоор худалдаж авахад хамтран оролцсон гэж бодохгүй байсан. Мөн маргааш орой нь П-д өмд өгөх зорилгоор зочид буудалд очсоноос биш өмнөх өдрийн П-, Т- нарын худалдаж авсан өвс хэр хэмжээтэй байсан, үлдсэн эсэх, хаана хадгалсан зэргийг огт мэдээгүй. Гэхдээ анхан шатны шүүх намайг Б.Т-, Б.П-, Ц.Н- нартай санаа зорилгоороо нэгдэж, хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдаж олж авсан, хадгалсан гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн хорих ял оноогоод байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан зүйлчлэл, гэм буруугийн хувьд хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Харин шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Би энэ жил төгсөх курсийн оюутан, дунд нь 1 жилийн чөлөө авсан. Энэ жилийн 9 сар миний хувьд сургуулиа төгсөх онцгой жил болж байгаа юм. Анхан шатны шүүх ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэнд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасныг үндэслэн сургууль төгсөх улсын шалгалтын өгөх шаардлагатай байгааг минь харгалзан үзнэ үү. Би 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 43 дахь өдөртөө цагдан хоригдож байна. Энэ хугацаанд маш их зүйлсийг ухаарч ойлгож, гэмшиж байна. Дахин хэзээ ч бодлогогүй алхам хийж, бусдыг даган дуурайж, алдаа гаргахгүй мансууруулах бодис хэрэглэхгүй, өөрийгөө хохироож, бусдад муу үлгэр дуурайл үзүүлэхгүй гэж өөртөө болон бүх хайртай хүмүүстээ амлаж байна. Надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. Манай гэр Баянзүрх дүүрэгт байдаг. Ажил, сургууль Сүхбаатар дүүрэгт байдаг тул Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр явдаг. ...” гэв.
Прокурор Б.Соёлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож тэдгээрийн хувийн байдлыг харгалзаж ялгамжтай байдлаар ял оногдуулсан. Иймд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Харин шүүгдэгч Б.П- нь анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэгдэх үед 5 сартай жирэмсэн гэдгээ хэлж байсан боловч анхан шатны шүүх “дахин мансууруулах бодис хэрэглэж урагт нь сөргөөр нөлөөлж болзошгүй” гэдэг үндэслэлийг дурдаж хорих ял оногдуулсан. Дээрх дүгнэлтийг таамаг байдлаар дүгнэсэн тул шүүгдэгч Б.П-гийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэж өгөөч гэх гомдлыг хүлээн авахад татгалзах зүйлгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Б.И-, М.Ц-ь, Б.П-, Б.Т-, Ц.Н- нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.И- нь 2021 оны 09 дүгээр сард Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын (delta-9-tetrahydrocannabinol) агууламжтай "өвс" гэх нэршилтэй, нийт 18.118 грамм жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар түүж бэлтгэсэн,
улмаар 2021 оны 9 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн *****тоотод 11.80 грамм жинтэй "өвс" гэх нэршилтэй, мөнгөлөг цаасны хамт 0.4254 грамм жинтэй "шавар" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,
2022 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Халдвартын эцэст 6.3180 грамм жинтэй, "өвс" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Б.П-, Б.Т-, Ц.Н-, М.Ц-ь нарт 20.000 төгрөгөөр худалдсан гэмт хэргийг,
шүүгдэгч Б.Т-, Б.П-, Ц.Н-, М.Ц-ь нар нь 2022 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдвартын эцэст Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан "делта-9 тетрагидроканнабинол"-ын агууламжтай "өвс" гэх нэршилтэй, 6.3180 грамм жинтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Б.И-ээс 20.000 төгрөгөөр худалдан авч, хууль бусаар олж авсан, 2022 оны 1 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо “****” зочид буудлын **** тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
гэрч Б.Х-ын “...Б.И- эхлээд өөрөө хэрэглээд үзье гээд бага багаар хэрэглэж эхэлсэн тэгээд цагдаа нарт баригдсан, би бол яг яаж хэрэглэдэг гэдгийг бол сайн мэдэхгүй. Хэрэглэж байгааг нь ч харж байгаагүй надад зүгээр хэлж л байсан. Б.И- нь цагдаад баригдаад сайн дураараа гэрийнхээ хувцасны шкафнаас гаргаж өгч байсан. ...П- нь янз бүрийн мансуурч байгаа бичлэг, дүрс цахим хаягтаа тавьдаг. Энэ бүгдийг манай нөхөр Б.И- хараад миний цахим хаягаар П-тэй харьцаж байсан. ...” /1хх 40-41/,
Б.И-ийн яллагдагчаар өгсөн “...уг өвсийг түүгээд гялгар уутанд хийгээд халаасандаа хийж авч яваад, хатаагаад дараа нь нунтаг болгоод тамхи шиг татсан. ...буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /2хх 223-225, 3хх 76, 78/ гэсэн мэдүүлгүүд,
эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлсээс тетрагидроканнабинол илэрсэн болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 826 дугаар дүгнэлт /3хх 52-54/,
“...“И- СЩ95062816 2022.01.18” гэж хаягласан шээсний дээжинд тетрагидроканнабинол илэрсэн болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 824 дүгээр дүгнэлт /3хх 60-61/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 19-26/, Б.И-ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах ажиллагаагаар түүний шээснээс THC илэрсэн болохыг тогтоосон тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 245-246/, хэргийн газрын үзлэг хийх явцад илэрч хураагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /3хх 48-49/,
гэрч С.Хишигжаргалын “...2022 оны 01 дүгээр сарын 06-ы өдөр Б.П- /ЙЮ00252524/ гэсэн үйлчлүүлэгч манай зочид буудлын 303 тоот өрөөнд орсон. ...2022 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө гаднаас цагдаа нар орж ирээд уг өрөөнд байсан залуучуудыг бариад аваад явсан. Тухайн үед цагдаа нар ороход уг өрөөнд 3 залуу, 2 эмэгтэй байсан. Сүүлд сонсож байхад өвс гэх мансууруулах төрлийн зүйл хэрэглэдэг залуучууд байсан. ...” /1хх 57-58/,
Б.Т-ийн яллагдагчаар өгсөн “...“****” зочид буудлын гадаа очоод хэнтэй уулзах гэж байгаа юм гэхэд Ц.Н- энэ буудалд хоёр охин байгаа, хамт орох уу гэхээр нь би зөвшөөрч цуг орсон. Тэр хоёр танилцахад махлагийг нь Б.П-, туранхай шар эмэгтэйг нь М.Ц-ь гэж байсан. Тэгээд бид дөрөв юм ярьж, тамхи татаж байхад Б.П- /хочийг нь Луси/ мансууруулах төрлийн бодис яриад D гэдэг юм өгсөн. Би түүнийг нь ундаагаар даруулаад хэрэглэсэн. Бүгд D гэдэг юм уугаад мансуурцгаасан тэгж байх үед Б.П- үүнийг хэрэглэсний дараа өвс олж хэрэглэвэл гоё болдог юм. Гаръя, явъя машинтай гадуур явахад гоё байдаг гээд бүгдийг нь дагуулаад гарсан. ... Нэг мэдэхэд Халдвартын автобусны буудлын эцэс дээр ирээд зогссон байсан. Тэр үед Б.П- нэг хүүхэдтэй уулзаж өвс авахаар тохирсон байсан. Төд удалгүй Б.П- машинаас буугаад тэр залуутай уулзаад гялгар ууттай өвс авч байсан. Тэгээд машинд орж ирээд мөнгө байна уу гэхээр нь 20.000 дансанд байна гээд нөгөө өвс өгсөн залуугийн данс руу 20.000 төгрөг шилжүүлсэн. ...” /2хх 189-191/,
М.Ц-ийн яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Б.П-гийн байрлаж байсан “****” нэртэй зочид буудал руу явсан. Буудалд Б.Т-, Ц.Н- нар орж ирсэн. ...Тэр орж ирсэн залуу Б.П-д гялгар ууттай зүйл өгөөд буусан. ...Маргааш нь би буудлын өрөөнд ороход Г.А- гээд нэг залуу байсан тэр залуу Б.П-гийн танил дүү нь гээд би танилцсан... Цагдаа нар орж ирээд үзлэг хийхэд Б.Т-ийн өмсөж байсан куртикнээс өмнө шөнө хэрэглэж байсан өвсний үлдэгдэл гараад ирсэн. ...” /2хх 201, 208-209/,
Б.И-ийн яллагдагчаар өгсөн “...Би Lucy гэсэн хаягтай эмэгтэйн стори хаягийг үзэж байхад ямар нэгэн зүйл амандаа хийж сорж байгаа бичлэг, зураг тавьсан байхаар нь хэрэглэдэг хүн байна гэж ойлгоод холбоо тогтоох гээд эхнэрийн Eccedentesiast гэсэн хаягааc Lucynda гэсэн хаяг руу чат бичиж өвсний талаар ярьж байсан. ...” /2хх 223-225/,
Ц.Н-ийн яллагдагчаар өгсөн “...Б.П- 3 дугаар эмнэлгийн эсрэг талын “****” зочид буудалд байна хүрээд ирэх үү гэхээр нь Б.Т- бид хоёр яваад очсон. ...М.Ц-ьтай хамт зурагт үзээд хэвтэж байсан. Бид дөрөв уулзаад хийсэн юм байхгүй байж байгаад гадуур гарч машинтай зугаалах уу гэцгээгээд Б.Т-ийн машинтай гадуур явахаар болоод буудлын өрөөнөөс гараад Б.Т-ийн машинд сууцгаасан. Жолооч нь Б.Т-, түүний хажууд Б.П- арын суудал дээр М.Ц-ь бид хоёр суугаад хотыг төвөөр зөндөө явсан. ...Б.Т-тэй хамт явж байгаад замаараа хүн аваад 3 дугаар эмнэлгийн тэнд буулгаад зогсгож байхад Б.П- над руу “хаана байгаа юм ундаа, усны юм дөхүүлээд өгөөч боломж юу байна” гэхээр нь ойрхон явж байсан болохоор ТҮЦ-ээс ундаа, ус аваад буудал руу ороход Б.П-, М.Ц-ь, Г.А- гурав юм яриад сууж байсан. Бид хоёр дөнгөж ирээд удаагүй байхад цагдаа нар орж ирсэн. ...” /3хх 7-9/,
Б.П-гийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Ц-ь бид хоёр хамт байж байхад Н-, Т- хоёр ирээд бид бөөндөө Т-ийн машинд суугаад Халдвартын тэнд очсон. ...Нөгөө залуу өврөөсөө ууттай өвс гаргаж ирээд жолоо барьж байгаа Т-т өвсөө өгсөн. Өвс нь хоёр атга хэмжээтэй байх шиг байсан. Т- өвсөө аваад данснаасаа 20.000 төгрөгийг тэр залуугийн данс руу шилжүүлсэн. ...Тэгээд бид хэд өвсөө аваад буудал руугаа яваад хэрэглэсэн. ...Уг усан бонго гэх зүйлийг Т-, Н- нар хийгээд бүгдээрээ хэрэглэсэн. ...Үүний дараа Т- үлдэгдэл өвсөө аваад 06 цагийн үед гэр лүүгээ харьсан, Н-, Ц-ь хоёр надтай хамт хоносон. Бид хэд өдөржингөө унтаад өдөр нь Ц-ь, Н- нар гэр лүүгээ харьсан. ...Маргааш нь өмнөх орой нь хэрэглэсэн усан бонгоор Ц-ь, Н-, Т-, А- бид тав тебатинаа хэрэглэх гээд Т- бэлтгэж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн. ...” /4хх 64-65/ гэсэн мэдүүлгүүд,
“...“Буяннэмэх Т-” гэж хаягласан шээсний дээжинд тетрагидроканнабинол илэрсэн болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1636 дугаар дүгнэлт /1хх 86-87/,
“...70-69 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслээс CBD гэсэн бичигтэй шингэн зүйлээс каннабидиол илэрсэн болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1640 дүгээр дүгнэлт /1хх 91-93/
“...“М.Ц-ь УТ01312223” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол илэрсэн болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 786 дугаар дүгнэлт /2хх 30-31/,
“...“Ц.Н- УХ02251237” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол илэрсэн болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 701 дүгээр дүгнэлт /2хх 35-36/,
“...“П- ЙЮ00252524 2022.01.13” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол илэрсэн болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 710 дугаар дүгнэлт /2хх 57-58/,
“...“Буяннэмэхийн Т- УЛ01210113 2021.01.13” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрсэн болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 703 дугаар дүгнэлт /2хх 62-63/,
эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлсээс тетрагидроканнабинол илэрсэн болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 697 дугаар дүгнэлт /2хх 45-49/,
Б.Т-, Ц.Н-, Б.П-, М.Ц-ь нарын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах ажиллагаагаар тэдгээрийн шээснээс THC илэрсэн болохыг тогтоосон тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 230-246/, зочид буудлын бүртгэлийн дэвтрийн хуулбар /1хх 60-63/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 212-224/,
Б.Т-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 225-229/, **** зочид буудлаас хураан авсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /2хх 26/, хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 27/, Б.Т-ийн 5022778728 тоот данс болон Б.И-ийн **** тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 96-97/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.И-, М.Ц-ь, Б.П-, Б.Т-, Ц.Н- нар нь ямар гэм буруутай, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Б.И-ийн 18.118 грамм “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар түүж бэлтгэж, хадгалсан, мөн 6.3180 грамм “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Б.П-, Б.Т-, Ц.Н-, М.Ц-ь нарт 20.000 төгрөгөөр худалдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
шүүгдэгч Б.Т-, Б.П-, Ц.Н-, М.Ц-ь нарын 6.3180 грамм “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Б.И-ээс 20.000 төгрөгөөр худалдаж авч хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Ц.Н-, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүгдэгч М.Ц-ийн өмгөөлөгч Л.Баттогтох нар “...шүүгдэгч нар нь “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан гэх үйлдэлд оролцоогүй, оролцсон эсэх нь эргэлзээтэй байх тул шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, шүүгдэгч Б.П- нар “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч Б.П-гийн өмгөөлөгч С.Оюунцэцэг “...Б.П- нь 26 долоо хоногтой жирэмсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Б.Т-ийн яллагдагчаар өгсөн “...бид дөрөв юм ярьж, тамхи татаж байхад Б.П- мансууруулах төрлийн бодис яриад D гэдэг юм өгсөн. Түүнийг нь ундаагаар даруулаад бүгд хэрэглээд мансуурцгаасан байх үед Б.П- үүнийг хэрэглэсний дараа өвс олж хэрэглэвэл гоё болдог юм гээд бүгдийг нь дагуулаад гарсан. ...”, М.Ц-ийн яллагдагчаар өгсөн “...орж ирсэн залуу Б.П-д гялгар ууттай зүйл өгөөд буусан. ...буудлын өрөөнд буцаж очоод Б.П- ундааны сав цоолоод нөгөө өвсөө уутнаасаа гаргаж шатаагаад сорсон, над руу хараад “чи үүнийг сороод үзчихээ, ямар нэгэн асуудал байхгүй, зүгээр гоё болчихно” гэхээр нь би нэг, хоёр удаа сороод чадахгүй болохоор буцаад орон дээр хэвтсэн. ...Би 20 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад **** нэртэй зочид буудалд хүргүүлсэн. Буудлын өрөөнд ороход А- гээд нэг залуу байсан. ...Буудлын өрөөнд орж ирээд сууж байхад араас Н-, Т- нар ундаа, тамхи, сникерс, капсултай эм, хоёр ширхэг тариур авч орж ирээд нөгөө капсултай эмээ задлаж байсан чинь гаднаас энгийн хувцастай цагдаа нар орж ирсэн. ...”, Б.П-гийн яллагдагчаар өгсөн “...бид бөөндөө Т-ийн машинд суугаад Халдвартын тэнд очиход...нөгөө залуу өврөөсөө ууттай өвс гаргаж ирээд жолоо барьж байгаа Т-т өгсөн. ...Бид хэд өвсөө аваад буудал руугаа яваад хэрэглэсэн. ...Үүний дараа Т- үлдэгдэл өвсөө аваад 06 цагийн үед гэр лүүгээ харьсан, Н-, Ц-ь хоёр надтай хамт хоносон. Бид хэд өдөржингөө унтаад өдөр нь Ц-ь, Н- нар гэр лүүгээ харьсан. Би буудалдаа хоол унд хийж, идэж амарч байгаад А-ыг дуудсан. ...Өмнөх орой нь хэрэглэсэн усан бонгоор Ц-ь, Н-, Т-, А- бид тав тебатинаа хэрэглэх гээд Т- бэлтгэж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн. ...” гэсэн мэдүүлгүүд болон Б.Т-, М.Ц-ь, Ц.Н-, Б.П- нарын шээснээс болон тэдгээрийн байрлаж байсан “****” зочид буудлаас хураан авсан өвс мэт зүйлээс тетрагидроканнабинол илэрсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон бөгөөд дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэрэгт Ц.Н-, М.Ц-ь нар оролцоогүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэр болон 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар тус тус тодорхой заасан байна.
Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад ач холбогдолтой.
Энэ хүрээнд гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хүч нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотлох ёстой..
Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт зорилгоороо нэгдсэн байвал гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх учиртай.
Энэ тохиолдолд гэмт хэрэг үйлдэхэд хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хангалттай үндэслэл болно.
Анхан шатны шүүхийн тогтоосон үйл баримтаар шүүгдэгч М.Ц-ь, Б.П-, Б.Т-, Ц.Н- нар нь Б.И-ээс өвс гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаж авах, хадгалах гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдэх, хэн ямар үүрэгтэй оролцох, учирч болох бэрхшээлийг хэрхэн туулах, ул мөрийг нуух, баллах, гэмт хэргийн замаар олох эд хөрөнгийг хэрхэн зарцуулах зэрэг асуудлаар урьдчилан хэлэлцэж тохиролцоогүй боловч Б.Т-ийн машинтай бүгд хамт явж Б.И-ээс өвс худалдан авч, худалдаж авсан өвсөө буудалд очин хамт хэрэглэн, маргааш нь дахин хэрэглэхээр очсон байх үед нь цагдаа нар орж ирсэн эдгээр нөхцөл байдлаас үзэхэд тэднийг гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дугаар зүйлийн 3 дэх хэсгийг журамлан хэргийн зүйлчилсэн нь үндэслэлтэй болжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөх талаар гаргасан шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлын тухайд,
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг хэрхэн сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх”-аар тус тус хуульчилсан байна.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.
Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, олж авсан, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан хоёр төрлийн ялаас хорих ялыг сонгож, Б.Т-, Б.П-, М.Ц-ь нарт тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 1 жилийн, Ц.Н-ид 1 жил 6 сарын хорих ял, Б.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал юм.
Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.
Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.П-гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 26 долоо хоногтой жирэмсэн болох нь “Амгалан” амаржих газрын амбулаторийн хүний эх эмчийн дүгнэлт, цагдан хорих 461 дүгээр ангийн хаалттай ангийн нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа зэргийг харгалзан түүнд 1 жилийн хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.
Үүнтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П- нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг Б.П-д мэдэгдсэн нэмэлт заалтыг тус тус оруулав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.
Прокурорын яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Т-, Б.П-, Ц.Н-, М.Ц-ь нарыг “Хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдаж олж авсан гэж тухайн зүйл, хэсэгт заасан шинжийг өөр байдлаар дүгнэж, гэм буруутайд тооцсоныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэл бий болсон, эсхүл түргэн муудах, гэмтэх, устах, эсхүл хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзвэл шүүх устгуулахаар зохих байгууллагад шилжүүлнэ” гэж заажээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Б.П-гийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, шүүгдэгч Б.П-, шүүгдэгч Ц.Н-, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүгдэгч М.Ц-ийн өмгөөлөгч Л.Баттогтох нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.П- нь 80 хоног цагдан хоригдсоныг дурдаж, түүнийг нэн даруй суллахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.И-, Б.Т-, Ц.Н-, М.Ц-ь нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 80 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/307 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дахь заалтыг “...Б.Т-, Б.П-, Ц.Н-, М.Ц-ь нарыг “Хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хамтран үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,...” гэж,
6 дахь заалтыг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан №1 гэж дугаарласан зиплок уутанд хийсэн өвс мэт зүйл 6.0308 грамм, №2 гэж дугаарласан зиплок уутанд 100 төгрөгийн дэвсгэрт, тугалган цаас, ургамал мэт зүйл 0.1959 грамм, №3 гэж дугаарласан ногоон өнгийн хуванцар сав, бохирлогдсон хуйлсан AQ8864616 серийн дугаартай 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, №4 гэж дугаарласан зиллок ууттай бор шаргал өнгийн эмийн капсул 2 ширхэг, №5 гэж дугаарласан цагаан өнгийн дотор талдаа агууламжтай 77.2360 грамм тариур, №6 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг цагаан өнгийн агууламжтай 17.1881 грамм тариур, №7 гэж дугаарласан 1 мл тариур 2 ширхэг, №8 гэж дугаарласан зиплок ууттай хуванцар савтай "matafres" гэсэн бичиглэлтэй дотроо шингэн зүйлийн агууламжтай зүйл, №9 гэж дугаарласан хэлбэр оруулсан мөнгөлөг цаас түүн дотор талдаа дутуу шатсан ургамал мэт зүйлтэй, №10 гэж дугаарласан хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон тариур, №11 гэж дугаарласан "Натри хлорид 500 мл" гэсэн бичиглэлтэй шингэн зүйл, №1 гэж дугаарласан гялгар ууттай, ногоон өнгийн хатсан ургамал мэт 11.8077 грамм Каннабис, №2 гэж дугаарласан цагаан өнгийн асаагуур 1 ширхэг, РЅ2732785 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, №3 гэж дугаарласан тугалган цаас зэрэг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц РЅ2732785 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт нэг ширхгийг, бохирлогдсон хуйлсан AQ8864616 серийн дугаартай 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт нэг ширхгийг Монгол банканд шилжүүлж, бусад эд мөрийн баримтыг мэргэжлийн байгууллагатай хамтран устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-д 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, ял хойшлуулсан хугацаанд түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...”,
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П- нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг түүнд сануулсугай. ...”,
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд Б.П- санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.
3. Шүүгдэгч Б.П- нь 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 80 /ная/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-, Б.Т-, Ц.Н-, М.Ц-ь нар 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 80 /ная/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН