Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 204/МА2020/00030

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Г.Уламбаяр, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 146/ШШ2020/00447 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ш.Л-ын нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Д-д  холбогдох 6.688.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, нарийн бичгийн дарга Б.Болортуяаг оролцуулан шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Л анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “... би 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ж.Д-д түүний хүсэлтээр нийт 17.932.000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд энэ хугацаандаа бага багаар төлж, нийт 11.244.000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо үлдэгдэл 6.688.000 төгрөгийг Ж.Д-оос авах авлагатай бөгөөд төлнө гэж явсаар өдийг хүрлээ. Ж.Д нь дээрх мөнгийг өөрийнхөө болон Б, Б, Д, Ц, Ш нарын дансаар дамжуулан зээлж байсан бөгөөд энэ хугацааны дансны хуулгыг нэхэмжлэлд хавсаргасан. Иймд зээлсэн мөнгөний үлдэгдэл 6.688.000 төгрөгийг Ж.Доос гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Л нь Өвөрхангай аймгийн *** суманд оршин суудаг. Ш.Л нь Ж.Д-ийн хүсэлтээр түүний дансаар дамжуулан 17.000.000 орчим төгрөгийг зээлсэн байдаг. Мөнгийг зээлэхдээ түүний өөрийн данс руу нь болон Б, Б, Д, Ц, Ш нарын данс руу шилжүүлэн өгч байсан. Ж.Д зээлсэн мөнгөө тухай бүр нь төлж явсаар 6.688.000 төгрөг үлдсэн. Ж.Д нь мөнгөнөөсөө хасна гэдэг боловч ямар үндэслэлээр хасах гэж байгаагаа тодорхойлдоггүй. Хавтаст хэрэгт тооцооны хуудас авагдсан байгаа. Энэ хуудастай Ж.Д танилцсан. Иймд хариуцагч Ж.Д-оос 6.688.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Л-д олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Д нь анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Л-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага 6.688.000 төгрөгөөс баримт бичигтэй хасуулах мөнгө байгаа учир 2.800.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Д-оос зээл 3.888.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Л-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121.958 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Д-оос улсын тэмдэгтийн хураамжид 77.158 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ш.Л давж заалдах гомдолдоо: Миний бие Ж.Д-оос 6.688.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 447 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас 3.888.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, 2.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шийдвэрийн үндэслэх хэсэгт “.... дансны хуулганы хуудас бүр дээр нотариатаар баталгаажуулаагүй.....” гэж байгаа бөгөөд миний бие ХААН банкнаас дансны хуулгаа эх хувиар нь гаргаж өгсөн, хариуцагчтай эвлэрч шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй байхад итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмнө нь эвлэрэх талаар баримт өгч байсныг нотлох баримтаар тооцсон байна. Миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчид эвлэрч шийдүүлэх, нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж эвлэрэх эрхийг олгоогүй юм. Тиймээс хуульд зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 6.688.000 төгрөгийг Ж.Д-оос гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжинэ. Зохигч мэтгэлцэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийн хүрээнд мэтгэлцэх ба хэргийн баримттай танилцах, шаардлагатай зүйлийг бичиж тэмдэглэж авах, нотлох баримтыг шинжлүүлэх, зохигч бусад оролцогчдод асуулт тавих, хүсэлт гаргах, гэрч асуулгах, шүүхэд тайлбараа амаар болон бичгээр гаргах, шүүх хуралдааныг хойшлуулах, шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, тухайн шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох зэрэг олон төрлийн эрхийг эдлэхэд мэтгэлцэх зарчим хэрэгжинэ.

Хариуцагч Ж.Д шүүх хуралдаанд ирээгүй талаар хуралдааны тэмдэглэлд тусгасан байхад /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/ 2020 оны 09 дүгээр сарын 07-нд буюу шүүх хуралдаан болох өдөр хариуцагч Ж.Д-д хэргийн материалыг танилцуулсан баримт үйлдсэн нь эргэлзээтэй байна. Шүүх хуралдаанаас өмнө талуудад хэргийн материалыг  танилцуулах нь шүүгчийн хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд шүүх хуралдааныг товлосны дараа хуралдаан болохоос өмнө боломжит хугацаанд хэргийн материал танилцуулна. Харин шүүх хуралдаан болох өдөр, эсхүл өмнөх өдөр танилцуулж байгаа нь зохигчдын мэтгэлцэх эрхээр бүрэн хангагдсан гэж үзэх боломжгүй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим зөрчигдсөн тухайлбал хэргийн материал танилцуулаагүйгээс шүүхэд нотлох баримт гаргаж өгөх,  талуудын мэтгэлцэх эрх зөрчигдсөн, хязгаарлагдсан байдаг учраас шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

   Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар зохигчдын хуулиар олгогдсон эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгох хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  Ш.Лын нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Д-д  холбогдох маргааныг эцэслэн шийдвэрлээгүй тул нэхэмжлэгч Ш.Л-аас давж заалдах гомдол гарахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 59750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

   Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин дахь Сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 146/ШШ2020/00447 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны мөн шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч Ш.Л-аас давж заалдах гомдол гарахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 59750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.       

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.