Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/19

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

Нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх,

Улсын яллагч Э.Нямбилэгт,

Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц.Г-д холбогдох эрүүгийн 1817000010007 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 10-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албанд ахлах жолоочоор ажилдаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дүгээр баг, Чойрын ............тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Ц.Г /РД:........../

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ц.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 00 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ТБ центр” баарны үүдний коридорт иргэн Б.Г-зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Ц.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 00 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ТБ центр” баарны үүдний коридорт хохирогч Б.Г-тай маргалдаж улмаар түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.1. Шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас мэдүүлэг өгөхгүй гэв.

1.2. Шүүгдэгч Ц.Г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

...Би 2017 оны 12 сарын 25-ны орой “ТБ центр” ресторанд болсон тээвэрчдийн шинэ жилд оролцсон. Тэгээд 2017 оны 12 сарын 26-ны шөнө 00 цагийн орчим рестораны 00-ын өрөөнд Г-тай таарсан. Тэгэхэд Г намайг ТЗ-д ажилладаг гэдгээр нь гадуурхсан. Би 00-ын өрөөнд юм хэлээгүй ээ. Тэгээд 00-ын өрөөнөөс гараад би Г-ы нүүр лүү гараараа 2-3 удаа нүүр лүү нь цохьсон... гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/

1.3. Хохирогч Б.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Говьсүмбэр аймгийн хувиараа тээвэр эрхэлдэг хүмүүсийн шинэ жил 2017 оны 12 дугаар сарын 25-ны орой “ТБ центрт” болсон. Би уг шинэ жилд ганцаараа очсон бөгөөд тэнд байсан хүмүүс бүгд нэг нэгийгээ танидаг мэддэг хүмүүс цугласан. Би шинэ жилийн баярын сугалаанд азтан болоод BIEBEN TRUCK-ын ачааны автомашины засварын газарт 500000 төгрөгөөр автомашиндаа засвар үйлчилгээ хийлгэх эрхийн бичиг хожсон юм. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 00 цагийн үед би 00-н өрөөнд бие засаад зогсож байхад гаднаас Г орж ирсэн. Тэгээд Г намайг чи шагналын азтан боллоо гэсэн. Гантулга бид 2 хоёулаа архи уучихсан халамцуу байсан. Тэгээд би Г-д би яахаараа азтан болж болдоггүй юм, чи яасан азтан болох байсан юмуу гээд бид 2 хоорондоо маргалдсан. Тэгээд 00-ын өрөөнөөс гарч ирээд маргалдаж байхад хүмүүс бид хоёрыг болиулах гэхэд Г гэнэт над руу ирээд гараараа миний нүүр лүү 2-оос 3 удаа цохьсон. Тэгэхэд би үүдний заалны буйдан руу унасан. Нэг хүн миний хүзүүгээр тэврээд холдуулсан. Тэгээд Г над дээр дахин ирээд гараараа миний доороос 2 удаа цохисон. Тэгээд болиод Г ресторан руу орсон. Дараа нь би С-тэй үүдний коридорт таарсан. Би нилээн согтуу байсан болохоор С-тэй ямар асуудлаас болж маргасан талаараа мэдэхгүй байгаа юм. Ямар ч байсан Сминий толгойг доош нь дарж байгаад нэг удаа хальт өшиглөсөн. Тэгсэн Т гарч ирээд бид 2-ыг салгасан. Тэрнээс хойш муудаагүй. Тэгээд би эхнэр Х луу утсаар залгаад хүнд зодуулчихлаа хүрээд ир гэж хэлсэн. Манай гэр “ТБ центр”-тэй ойрхон учраас хурдан хүрээд ирсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Ц.Г хөх өнгийн сорочкон цамцтай, малгайгүй халзан толгойтой байсан. Харин Снь цагаан өнгийн ноосон цамц, хар өнгийн саравчтай малгайтай байсан. Би хүрэн өнгийн цамц саарал өнгийн өмдтэй байсан. С-г би сайн танина. Манай эхнэртэй нэг нутгийнх байгаа юм. Нөгөө Г-ыг нь зүс мэддэг...

Г эхлээд намайг цохиод “ТБ центр”-ийн үүдний буйдан дээр унагаахад миний баруун зүүн нүдэнд гэмтэл учирсан. Дараа нь текний тэнд байхад миний нүүрэн доороос хальт цохиход миний баруун чихний зулгаралт гэмтэл учирсан. Би Өмнөговь аймагт ачааны машин жолооддог учир шүүх хуралдаанд ирэх боломжгүй. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 15-16 дугаар хуудас/

1.4. Гэрч Б.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Манай нөхөр Г хувиараа том ачааны автомашины жолооч хийдэг бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 25-ны орой хувиараа тээвэр эрхэлдэг хүмүүсийн шинэ жил тэмдэглэх гээд “ТБ центр” явсан. 2017 оны 12 дугаар сарын 25-ны орой 22 цаг 27 минутанд манай нөхөр Г сугалаагаар азтан боллоо гэж ярьж байсан. Тэрнээс хойш 23 цаг 50 миунтанд би нөхөр Г-ы утасны дугаар луу залгахад утсаа аваагүй. Тэгээд удалгүй 2017 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 00 цагт манай нөхөр Г миний утас руу залгаад хүнд зордуулчихлаа “ТБ центр”-т хүрээд ир гэж хэлсэн. Манай гэр ойрхон учир би 5-10 минутын дараа “ТБ центр” дээр яваад очиход манай нөхөр Г-ы баруун нүд хавдсан, зүүн хөмсөг уруул язарчихсан, баруун чих нь урагдсан байсан бөгөөд тэнд хамт шинэ жил тэмдэглэсэн хүмүүсээс Г гэх хүнээр зодуулсан бололтой хэрүүл хийгээд байж байсан. Тэгээд цагдаа нар ирсэн… гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/

1.5. Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би тэтгэвэрт байдаг бөгөөд тээвэрчдийн шинэ жил 2017 оны 12 дугаар сарын 25-ны орой “ТБ центр”-т болсон юм. Намайг шинэ жилд урьсан болохоор би очиж оролцсон. Хувиараа тээвэр эрхлэгч хүмүүс баярлацгаасан. Г согтчихоод хүн хүн дээр очоод агсраад муудах гээд байсан. Би Г-тай 2 удаа таарсан. Нэг удаа баарны гадаа тамхи татаад зогсож байхад Чойрын муу пиздаануудыг алнаа, намайг 500000 төгрөгний азтан болсон болохоор надад атаархаж байхгүй юу, энэ муу сайн юмнууд гэх юм яриад байсан. Би цохиод авчихмаар уур хүрч л байсан. Би Г-ыг баарнаас гаргах гээд хүзүүг нь баруун сугандаа хавчаад үүд рүү чирээд явсан чинь Г гараараа миний гарыг түлхээд толгойгоо мулталсан. Тэгсэн цаанаас нь Г ирээд Г-ы нүүр орчим нь 2-оос 3 удаа цохиход Г бид 2 үүдний буйдан дээр унасан. Тэгээд би босож ирэхдээ мөн л Г-ы хүзүүг баруун сугандаа хийгээд босоод ирсэн. Тэгээд холдуулах гээд текний тэнд очсон чинь Г араас ирээд Г-ы нүүр лүү доороос нь 2 удаа цохисон. Би тухайн үед юу ч мэдээгүй байсан бөгөөд нэг мэдэхэд л араас Г ирээд цохисон. Тэгээд Тө бид 2 Г Г нарыг салгасан. Бүүр сүүлд Г Г-р цохиулсны дараа Г Сдээр очоод хэрүүл хийгээд байсан. Тэгэхэд Г байгаагүй. Тэгээд С Г-ыг барьж аваад нэг удаа өвдөглөж байгаа харагдсан. С Г-ыг тонгойлгож байгаад цээжин бие рүү нь нэг удаа өвдөглөсөн. Тэгэхэд бараг онож өвдөглөөгүй байх. Г-ы биед Сгэмтэл учруулаагүй. Сдээр очиж маргалдахаас өмнө нь Г-тай маргалдаад цохиулсан байсан учраас нүд нь хавдчихсан байсан. Га-ы биед учруулсан гэмтлийг Г учруулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/

1.6. Гэрч А.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

…Намайг рестароны үүдний коридорт гараад ирэхэд хүмүүс бужигналдаад байсан. Би эхэндээ учрыг нь олоогүй. Тэгсэн Г-тай С муудаад зууралдчихсан байсан. Тэгээд тэр 2 салахаар нь Г-ны дундуур ороод хорьсон. Г-ны нүд нь хавдчихсан байсан. Аль нүд гэдгийг нь санахгүй байна. Г-ы нүдийг хэн цохисон талаар би хараагүй болохоор мэдэхгүй байна. Би гарч ирээд Г-ыг авсан. Тэрнээс хойш хүмүүс хоорондоо муудаагүй ээ. Өмнө нь Г-ны нүдийг Г цохисон гэж байсан бөгөөд би тэр үед байгаагүй…  гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

1.7. Гэрч Г.Смөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

…2017 оны 12 дугаар сарын 26-ны шөнө рестароноос үүдний заал руу гарч ирэхэд Г нь Б гээд ахтай юм яриад зогсож байхаар нь би очсон. Тэгсэн Г намайг хэл амаар доромжлоод байхаар нь би Г+ныг доош нь тонгойлгож байгаад 1 удаа өвдөглөсөн. Тэгсэн манай найз Т гарч ирээд Г бид хоёрыг салгасан. Тэрнээс өөрөөр хоорндоо зодолдоогүй. Тэр үед Г нүд нь хавдчихсан байсан. Дараа нь сонсоход Г надтай муудалцахаас өмнө Г-тай муудаад нүд рүүгээ цохиулсан байсан юм билээ. Би Г Г нарыг хоорондоо зодолдож байхыг нь хараагүй учраас юу болсон талаар мэдэхгүй байна…  гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/

1.8. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаартай дүгнэлтэд: 

- Б.Г-ы биед баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 34 дүгээр хуудас/

 1.9. Шинжээч Б.Сэргэлэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

            Би шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу Б.Г-ны биед учирсан гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор түүний биед үзлэг хийсэн. Б.Г-ны биед баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Баруун нүдний дээд доод зовхины цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний доод зовхинд цус хуралт нь гэмдлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун чихэнд үүссэн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчиллээр үүсгэгдэх бөгөөд хэрэг гарсан цаг хугацаанд үүсэх боломжтой... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

1.10. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаартай дүгнэлтэд: 

Г.С-ийн биед гэмтлийн зэрэг тогтоогдсонгүй.

Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 41 дүгээр хуудас/

1.11. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дүгээр сарын 26-ны өдрийн 19 дугаартай дүгнэлтэд: 

Ц.Г биед гэмтлийн зэрэг тогтоогсонгүй.

Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 45 дүгээр хуудас/

1.12. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 дугаар хуудас/

1.13. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/

Иймд шүүгдэгч Ц.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч Ц.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдасан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Гэрч У.Ү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Ц.Г бид 2 Ерөнхий боловсролын сургуулийн бэлтгэл ангиасаа 8 дугаар анги төгсөтлөө нэг ангид сурсан. Тухайн үед 9 дүгээр ангиасаа хуваагдаад Г-тай тусдаа өөр ангид хувиарлагдсан. Би Г-тай түүнээс хойш одоог хүртэл найзалж холбоотой байдаг. Г зан байдлын хувьд ер нь төлөв хүн байгаа юм. Хүнтэй ам зөрөөд байхгүй, ямар хэрэгт холбогдсон талаараа надад хэлсэн. Яаран хүнтэй муудах хүн биш, тэр хүн нь яасан юм байгаа юм, тэрнээс өөрөө түрүүлж хүнтэй ам зөрнө гэсэн ойлголт байхгүй. Г барилддаг байж байгаад бэртэл аваад барилдахаа байсан. Үндэсний бөхөөр аймгийн начин цолтой. Хүнд их тусархуу ааш зантай…  гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

2.2. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Ц.Г нь манай Төмөр замын цэрэгжүүлсэн онцгой байдлын албаны Чойр цэрэгжлүүлсэн хамгаалалтын ахлах жолооч хийдэг бөгөөд би хамтран ажиллаад 6 жил болж байна. Ер нь Г бид 2 Ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийн хүүхдүүд байгаа юм. Найз нөхдийн харилцаатай олон жил найзалж нөхөрлөж байна. Ц.Г эхнэр 4 хүүхэдтэй, өөрийнхөө хашаа байшинд амьдардаг. Бага хүүхэд нь 4 настай, дутуу төрсөн гээд бие муутай охин байдаг. Эхнэр нь бага хүүхдээ гарснаас хойш ажил хийгээгүй гэртээ хүүхдээ харж хандаад байж байдаг болсон. Зан байдлын хувьд даруу төлөв, хүнтэй муудаад байдаггүй, өөрийн гэсэн портер авто маркын машинтай. Хааяадаа хүний гуйлгаар автомашинаараа хөлсөөр ачаа бараанд явдаг… гэх мэдүүлэг /хх-ийн 25-26  дугаар хуудас/

2.3. Гэрч Э.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Ц.Г бид хоёр 2004 онд гэр бүл болж байсан бөгөөд манай том хүү Э.Э 16 настай, дараагийн хүү Г.Д 11 настай, дараагийн охин 10 настай Г.З, бага охин Г.М 4 настай гэрээр асаргаанд байдаг. Бага охин маань дутуу төрж байсан учраас цэцэрлэгт явдаггүй. Манай нөхөр Ц.Г нь ТЗ-ын Цэрэгжүүлсэн онцгой байдлын албанд ахлах жолооч хийдэг бөгөөд бид 2 өөрсдийн байшинд 4 хүүхдийнхээ хамт амьдарч байна. Зан байдлын хувьд манай нөхөр архи нээх уугаад байдаггүй, хааяа найз нөхдийн хүрээнд ганц нэг пиво уудаг. Яагаад хүн зодох болсон талаар нь би мэдэхгүй байна. Урд нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Даруу дөлгөөн дуу цөөтэй, таньж мэдэхгүй хүнтэй юм яриад байдаггүй хүн байгаа юм. Манай нөхрийн сарын цалин 950.000 орчим төгрөг гар дээр авдаг. Үүнээс цалингийн зээлээ төлөөд 280.000 төгрөгөөр амьдрал ахуйгаа залгуулж байна…  гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/

2.4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-61 дугаар хуудас/

Шүүгдэгч Ц.Г нь тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариулагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

            Иймд шүүгдэгч Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Ц.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв. 

            Шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Ц.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Шүүгдэгч Ц.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  4. Шүүгдэгч Ц.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

    5. Шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

  6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

   7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.