| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнх-Өлзий |
| Хэргийн индекс | 128/2024/0845/З/Т |
| Дугаар | 128/ШШ2024/0815 |
| Огноо | 2024-10-14 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2024/0815
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх, хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тогтохбаяр, Б.Пүрэвсүрэн, Б.Дөлгөөн, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарангоо гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Золзаяа, А.Өлзийбаатар, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Батжаргал нарыг оролцуулан “Эко буянт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар “Эрдэнэтолгой, УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шинэ шугамын газар ажлыг гүйцэтгүүлэх НХААГ/20240101133 дугаартай тендерийг дахин үнэлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болох”-оор, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...”-ээр зохицуулсан.
Нэхэмжлэгч “Эко буянт” ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүх хуралдааны явцад илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасны дагуу “Эко буянт” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг тус тус баримтлан “Эко буянт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Эрдэнэтолгой, УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шинэ шугамын ажлыг гүйцэтгүүлэх НХААГ/20240101133 дугаартай тендерийг дахин үнэлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ