Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 204/МА2020/00031

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08  дугаар сарын 27-ны өдрийн 145/ШШ2020/00711 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “НТ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “ИӨ” ХХК-д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 19.731.827.4 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Хандмаагийн  гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч,  нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “НТ ББСБ” ХХК-ийн захирал Г.Ч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “НТ ББСБ” ХХК-иас “ИӨ” ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр №17/597 тоот Зээлийн гэрээ байгуулан 9.800.000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, *** сумын *** дугаар багийн шинэ төвд байрлах 3.000 м.кв *** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалан зээлж авсан.

Гэтэл “ИӨ” ХХК зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлээгүй бөгөөд гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчиж, гэрээний хугацаа дууссан хэдий ч №17/597 тоот зээлийн гэрээгээр авсан нийт 9.800.000 төгрөгийг үндсэн зээлээс огт төлөлт хийгээгүй одоог хүрч байна.

Иймд “ИӨ” ХХК зээлийн үндсэн төлбөр 9.800.000 төгрөг, төлөөгүй сарын хүү 9.907.950.68 төгрөг, алданги буюу торгуулийн хүү 2.876.71 төгрөг, нотариатын зардал 21.000 төгрөг, нийт 19.731.827.4 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ИӨ” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “НТ ББСБ” ХХК-иас 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 9.800.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй зээлж авсан. Бизнесийн үйл ажиллагаа алдагдалтай ажиллаж авсан зээлээ хугацаандаа төлж чадахгүй хугацаа алдсан.

Манай компани “НТ ББСБ” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу зээлж авсан 9.800.000 төгрөгийг гэрээгээр тогтоосон 6 сарын хугацаанд ногдох хүү 2.646.000 төгрөгийн хамт нийт 12.446.000 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна.

Илүү нэхэмжилсэн 7.285.000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Хандмаа анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь зээлсэн 9.800.000 төгрөгөөс 2.500.000 төгрөгийг төлсөн учраас нийт 7.300.000 төгрөгийг төлөх хүсэлттэй байна. Зээлийн үндсэн хугацаа болох 6 сарын хугацааны 2.646.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэтэрсэн хугацааны зээлийн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нотариатын зардал төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Анхан шатны шүүх, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ИӨ” ХХК-иас зээлийн төлбөр 19.295.676.71 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 21.000 төгрөг, нийт 19.316.676.71 төгрөг гаргуулан “НТ ББСБ” ХХК-д олгож, 415.150.69 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар “НТ ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256.609 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, “ИӨ” ХХК-иас 254.533 төгрөг гаргуулж, “НТ ББСБ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Хандмаа давж заалдах гомдолдоо: Миний бие Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 711 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Зээлдүүлэгч буюу “НТ” ББСБ нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 17/597 дугаартай зээлийн гэрээгээр иргэн “ИӨ” ХХК-д 9.800.000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлдүүлээд зээлийн гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дууссан байна. “ИӨ” ХХК нь “НТ” ББСБ-д гэрээний үүрэгт 2.500.000 төгрөг өгсөн байдаг. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дуусаж зээлдэгч гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаанд нь биелүүлээгүй байхад зээлдүүлэгч тал зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4 дэх хэсэгт заасан барьцаа хөрөнгийг гэрээнд заасны дагуу гэрээний хугацаа дуусмагц худалдан борлуулж гэрээний биелэлтийг хангах ажиллагаа хийх үүрэгтэй байсан боловч энэхүү арга хэмжээг авахгүй хугацаа хэтрүүлсэн. Зээлийн гэрээний үндсэн хугацаа дуусаад 18 сар өнгөрчихөөд байхад шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах, барьцааны эд зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэх мэт ямар ч арга хэмжээ авахгүйгээр зээлдүүлэгч тал хугацаа хэтрүүлсэн.

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж заасан. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хүү авах эрхээ алдана гэж хуульд заасан байхад дээрх хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж зээлдэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэн хэтэрсэн хугацааны хүүг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хоёр. Зээлдэгч “ИӨ” ХХК  нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 2.000.000 төгрөг, хүүнд 500.000 төгрөг нийт 2.500.000 төгрөгийг төлсөн байдаг бөгөөд одоо нэмж үндсэн зээл 7.800.000 төгрөг, зээлийн гэрээний хугацааны үндсэн хүү 2.146.000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү болох 9.370.676 төгрөгөөс 2.500.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин хэтэрсэн хугацааны хүү болох 9.370.676 төгрөгөөс 6.870.676 төгрөгийг хасуулах хүсэлтэй байгаа билээ.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 711 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “19.316.676.71 төгрөг гэснийг” гэрээний хугацаа дууссанаас хойш бодогдсон хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа 6.870.676 төгрөгийг хасч “12.446.000” болгон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “НТ ББСБ” ХХК нь хариуцагч “ИӨ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 19.731.827.4 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

“НТ ББСБ” ХХК нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д тус тус зааснаар банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан бөгөөд “НТ ББСБ” ХХК нь “ИӨ” ХХК-д 9.800.000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлдүүлсэн болох нь зохигчийн тайлбар, нэхэмжлэгч “НТ ББСБ” ХХК, хариуцагч “ИӨ” ХХК-ны байгуулсан  2018 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн 17/597 тоот дугаартай зээлийн гэрээ /хх-ийн12-13-р хуу/, нэхэмжлэгч “НТ ББСБ” ХХК-иас хариуцагч “ИӨ” ХХК-д зээл олгосон тухай баримт /хх-ийн 39-р хуу/ зэргээр нотлогдож байна.

Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн,

нэхэмжлэгч “НТ ББСБ” ХХК нь  зээлийн гэрээний дагуу 9 800 000 төгрөгийг хариуцагч “ИӨ” ХХК-д шилжүүлж, хариуцагч нь гэрээнд зааснаар мөнгө болон хүүг буцаан төлөхөөр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тул нэхэмжлэгч “НТ ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэг болох 19.731.827.4 төгрөгийг хариуцагч “ИӨ” ХХК-иас шаардах эрхтэй, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нотариатын зардал хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж тус тус дүгнэн хариуцагч “ИӨ” ХХК-иас19.295.676.71 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 21.000 төгрөг, нийт 19.316.676.71 төгрөг гаргуулан “НТ ББСБ” ХХК-д олгож, 415.150.69 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

           Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж, үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, хариуцагч “ИӨ” ХХК-ний  өмгөөлөгч Б.Хандмаагийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124890 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.     

 Монгол улсын  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 145/ШШ2020/00711 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, өмгөөлөгч Б.Хандмаагийн  давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124890 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

  4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.