| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00718/И |
| Дугаар | 301/ШШ2025/00042 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 301/ШШ2025/00042
| 2025 оны 01 сарын 20 өдөр | Дугаар 301/ШШ2025/00042 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Т овогт Ж.А-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ж.А нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч Ж.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ж.А миний бие 1968 онд төрсөн. Одоо өндөр насны тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1988 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд А аймгийн С-ын хэлтсийн харьяа Б-ийн музейд үйлчлэгчээр ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлснээс болж ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. 1988 оноос 1991 он хүртэлх хугацааны ажилласан жил дутуу байгаа тул нийгмийн даатгал тус жилүүдийг шүүхээр тогтоолго гэсний улмаас тэтгэврээ тогтоолгох зорилгоор шүүхэд хандаж, ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. 1988 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл А аймгийн Б музейд үйлчлэгч, манаачаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
1.2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.А нь манай аавын төрсөн дүүгийн хүүхэд юм. Өөрөө хөдөө хөгшин хэвтрийн ээжийгээ асарч амьдардаг бөгөөд юм ярихдаа тааруу тул би итгэмжлэлээр шүүх хуралдаанд оролцож байгаа. Би 1988 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. Тэгэхэд Б-ийн музейд ажиллаж байсан. А бид 2 эмээ, өвөө дээрээ өссөн. Эмээ А бид гурав 1988 оны 08 дугаар сард дээшээ буюу Булган уулын зүүн талын аманд байдаг Б-ийн музей рүү очиж бууж байсан. Ж.А нь хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн. Анх С буюу манай өвөөгөөр овоглож байсан. Сүүлд ээж нь Ө сумын Ж гэх хүнтэй гэр бүл болсон. Ж.А паспортоо жижиг болгохдоо хойд ааваараа овоглочихсон байсан. Б-ийн музей дотор нь амьтан байдаг байсан. А амьтны хашаа, хороо болон бусад цэвэрлэгээг нь хийдэг байсан. Ж.А-ын 1988 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.
2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
- С.А-ын ............. дугаартай Бүрэн дунд боловсролын үнэмлэх,
- Ж.А-ын ............... дугаартай төрсний гэрчилгээ,
- Ж.А-ын ............ дугаартай овог, эцгийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийн гэрчилгээ,
- А аймгийн Соёлын хэлтсийн даргын 1988 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай” 59 тоот тушаалд 1. Б-ийн музейн үйлчлэгч С овогтой Б-г 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс тасалбар болгон ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс эхлэн С овогтой А-ыг Б-ийн музейн үйлчлэгчээр авч ажиллуулсугай ... гэсэн,
- А аймгийн Соёлын хэлтсийн даргын 1990 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Шагнах тухай” 39 тоот тушаалд 1. 1989 оны ажлаар бүх ард түмний социалист уралдаанд улсад шалгарахад уран бүтээл, ажил хөдөлмөртөө амжилт гаргасан нэр бүхий 133 хүнийг хавсралт 1, 2, 3-ын дагуу баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнасугай, тушаалын хавсралтад нэрсийн жагсаалтын 40-д Ж.А, ОНС музей, манаач, шагнах мөнгө-75 гэсэн,
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн С-гийн А-ын түүхийн музейн үйлчлэгчээр ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолтод:
2.2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-гийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Гэрч Д.П-гийн шүүхэд өгсөн “Би 1985 оноос 1991 оныг хүртэл А аймгийн У-ны музейд манаачаар ажиллаж байсан. Ж.А нь 1988 оноос 1991 оныг хүртэл Б-н музей, У-ны музейд үйлчлэгч, манаачаар ажиллаж байсан. А аймгийн Б музей, У-ны музей нь С-ын хэлтэсд харьяалагддаг байсан. Ж.А нь А аймгийн Б музейд үйлчлэгчээр жил ажиллаад У-ны музейн үйлчлэгчээр ажилласан. А аймгийн Б музей үйлчлэгчээр Ж.А ганцаараа ажилладаг байсан. А аймгийн У-ны музейд үйлчлэгчээр Ж.А, н.Я, н.У, н.Ч нар ажилладаг байсан. А аймгийн С-ын хэлтсийн даргаар н.Д гэдэг хүн ажиллаж байсан. А аймгийн Б музей, У-ны музей Ж.А-тай адилхан нэртэй хүн ажиллаж байгаагүй. А аймгийн Б музей, У-ны музейд 12 хүн ажилладаг байсан. Ж.А нь ажиллаж байх хугацаандаа шагнал урамшуулал авч байсан. Ж.А нь А аймгийн Б музей, У-ны музейгээс өөр тийшээ шилжиж байгаагүй. Би Ж.А-тай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг,
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Ж.А-ын анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягтад “ажилладаг байгууллага-О судлах музей, эрхэлдэг ажил-үйлчлэгч, ажилд орсон-1988 он, эрхэлж эхэлсэн он-1988, оршдог сум, район-Ц хот” гэсэн,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 01 сарын 10-ны өдрийн 03-01/203 тоот лавлагаанд: А аймгийн Ц хотын оршин суугч, Ж.А, тэргүүлэгч өөрөө, 20 настай, эмэгтэй ... гэсэн,
- Үндэсний төв архивын 1989 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаанд “А аймгийн Ц хотын оршин суугч, Ж.А, тэргүүлэгч өөрөө, 20 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-үйлчлэгч... ” гэсэн,
- Ж.А-ын 1993 оны 04 дүгээр сараас 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/20 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ж.А-ын А аймгийн Соёлын хэлтсийн харьяа Б-ийн музейд 1988 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үйлчлэгч, манаачаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- С.А-ын 565058 дугаартай Бүрэн дунд боловсролын үнэмлэх,
- Ж.А-ын ..... дугаартай төрсний гэрчилгээ,
- Ж.А-ын ........... дугаартай овог, эцгийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийн гэрчилгээ,
- А аймгийн Соёлын хэлтсийн даргын 1988 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай” 59 тоот тушаал,
- А аймгийн Соёлын хэлтсийн даргын 1990 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Шагнах тухай” 39 тоот тушаал, тушаалын хавсралт,
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн С.А-ын түүхийн музейн үйлчлэгчээр ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт,
- Ж.А-ын анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягт,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 01 сарын 10-ны өдрийн 03-01/203 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- Ж.А-ын 1993 оны 04 дүгээр сараас 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/20 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Д.П-гийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Ж.А нь А аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Соёлын хэлтсийн харьяа Б-ийн музейд 1988 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үйлчлэгч, манаачаар ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Ж.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т овогт Ж.А-ын А аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Соёлын хэлтсийн харьяа Б-ийн музейд 1988 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үйлчлэгч, манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Ж.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН