Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 301/ШШ2025/00044

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 301/ШШ2025/00044

 

 

                 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

  Нэхэмжлэгч: Х овогт Ц.Э-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б овогт Б.М-д холбогдох

1,473,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Эшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай орон сууцыг 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хөлслүүлж, А аймгийн тойргийн нотариатч Д.О орон сууц хөлслөгч гэрээ хийж, А аймгийн Э сумын ... дугаар баг, ..... дугаар байрны ... тоот хаягт байршилтай, 40 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 жилийн хугацаатай түрээслүүлсэн. Орон сууцны түрээсийн төлбөрт сард 600,000 төгрөг, гэрэл цахилгаан, дулаан, усны төлбөрийг сар бүрт нь төлөх гэрээ хийж түрээслүүлсэн. Б.М нь орон сууцны түрээсийн төлбөрт сар бүр 600,000 төгрөг төлдөг бөгөөд сүүлийн 2 сарын түрээсийг өгөөгүй учир нийт түрээс 1,200,000 төгрөг, мөн Б.М орон сууц түрээслэх хугацаандаа А аймгийн Э сумын Дулаан үйлдвэрлэлийн газарт дулаан ашигласны 273,000 төгрөгийг төлөөгүй учир дулаан үйлдвэрлэлийн газраас Б.М гэдэг хүн утас руу олон залгаад авдаггүй гээд миний утас руу байнга залган надаас шаардаж байна. Хөлслүүлэгчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж утсаар холбогдон ярьж байсан боловч сүүл рүүгээ нь утас нь дуудаж байгаа боловч утсаа авахаа байсан. Хариуцагч Б.М А аймгийн Э сумын М-ийн сургуульд ...... багш хийдэг. Иймд Ц.Э миний зүгээс түрээсийн 2 сарын төлбөр 1,200,000 төгрөг, дулаан үйлдвэрлэлийн газарт дулааны төлбөр 273,000 төгрөг, нийт 1,473,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.М миний бие Э-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 1,473,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдүүлнэ гэжээ.

 

          Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Б.М-д холбогдуулан 1,473,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 1,473,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 38,512 төгрөгөөс 19,256 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 19,256 төгрөг, хариуцагч Б.Мэс улсын тэмдэгтийн хураамж 19,256 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Э-д тус тус олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Э-гийн нэхэмжилсэн 1,473,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Б.М-ийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 38,512 төгрөгөөс 19,256 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 19,256 төгрөг, хариуцагч Б.Мэс улсын тэмдэгтийн хураамж 19,256 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Э-д тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.М нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                  Ч.ЖАРГАЛАН