Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 67

 

 МОНГОЛ УЛСЫН  НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Э.Одончимэг,

шүүгдэгч Ж.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тэрэгч овогт Ж.Зт холбогдох 201726020828 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Тэрэгч овогт Ж.З, 1985 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот .......дүүрэг ... дугаар хороо Нарны үйлдвэрийн төвийн Энгельсийн гудамжны ... дугаар байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч Ж.З нь 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хороо Нарны хорооллын ... дугаар байрны ... тоотод согтуугаар хамтран амьдрагч Б.Бтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.З мэдүүлэхдээ: “Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Өнгөрсөн 10 сарын хугацаанд ажил хийж чадаагүй. Дахин ийм алдаа дутагдал гаргахгүй гэдгээ амлаж байна. Миний буруу гэдгийг ойлгож байна” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Шүүгдэгч Ж.З согтуугаар хамтран амьдрагч Б.Бтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Б.Бийн “2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хорооллын 3-69 тоотод гэртээ байж байсан ба манай нөхөр З гэртээ согтуу орж ирсэн. Орж ирээд айхтар хэрэлдсэн зүйл байхгүй байсан. Тэгтэл З надаас архины мөнгө нэхсэн. Тэгэхээр нь би мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгтэл З өмдөө тайлаад сууж байснаа жинсэн өмдөөрөө миний нүүрийг 2, 3 удаа шавхуурдсан. Миний толгой руу гараараа 2, 3 удаа цохисон. Миний гар луу бас цохисон. Намайг мөн хоёр удаа  багалзуурдсан. З миний дээр мордож суучихаад багалзуурдаад байсан. Зтэй би 4 жилийн өмнөөс хамт амьдарч эхэлсэн. Бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй. ...Би өмнө нь Зт зодуулсан асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Харин хоёр удаа эрүүжүүлэхэд өгч хонуулж байсан ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19 дүгээр хуудас/

“... З шууд том өрөө лүү ороод хувцас тайлаад тэлээтэй өмдөөрөө миний нүүр болон толгой хэсэг рүү цохихоор нь би тайвшруулах гэж оролдсон боловч ерөөсөө тайвшрахгүй байхаар нь нэг сартай охиныгоо өлгийдөөд, би чамд архи авч өгье гэх хэлээд гарах гэхэд намайг тавихгүй байхаар нь би охиноо барьж байя чи өөрөө архи ав гэж хэлж байж хамт гараад Зийг дэлгүүр лүү орох үед нь би зугтаагаад граш руу ирээд өөрийн машиндаа хэсэг сууж байгаад 19 цаг өнгөрөөгөөд буцаад гэртээ ороод сууж байтал З буцаж ирээд хаалга нүдээд бараг эвдлэхээр нүдээд байхаар нь айсандаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 70-71 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 4117 дугаартай:

“1. Б.Бийн биед тархи доргилт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 16 дугаар  хуудас/

 

Шүүгдэгч Ж.Зийн яллагдагчаар өгсөн “...Би уураа дийлэлгүй эхнэрээ цохиод авсан. Батцэцэг намайг архи уусан байна гэж уурласан. Тэгээд бид хоёр тэрнээс болж маргалдсан, маргалдаж байхдаа би Батцэцэгийн толгой руу гараараа хоёр удаа цохисон. Би эхнэр Батцэцэгээ зодсондоо маш их гэмшиж байна. Би Батцэцэгээс уучлалт гуйсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоодсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Баянгол дүүргийн Прокуророос Тэрэгч овогт Ж.Зийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Ж.З нь архи ууж согтуурсан үедээ өөрийн хамтран амьдрагч болох Б.Бийг архи авах мөнгө өг гэсэн шалтгаанаар зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар түүний үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт  хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй бөгөөд тэрээр гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн бөгөөд түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ж.Зийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч Б.Бээс цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлтэндээ “Батцэцэг миний бие Зт ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хэргийн 35 дугаар хуудас/ гэсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

           

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй,  түүний энэ хэрэгт цагдан хоригдсон  1 /нэг/ хоногийн хугацааг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр дүйцүүлэн тооцож эдлэх ялыг 485.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

                                                                                   

                        Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                         ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч  Тэрэгч овогт Ж.Зийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Зийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ж.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр дүйцүүлэн тооцож эдлэх ялыг 485.000 төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.З нь торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.З торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, Ж.З гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Ж.Зт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ