| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2025/00018/И |
| Дугаар | 301/ШШ2025/00045 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 301/ШШ2025/00045
| 2025 оны 01 сарын 21 өдөр | Дугаар 301/ШШ2025/00045 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би
Нэхэмжлэгч: С овогт Ч.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г овогт С.Д-д холбогдох
1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Б миний бие хариуцагч С.Д 2024 оны 01 дүгээр сарын 10-дын үеэр 200,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сард цагаан сарын өмнөхөн 800,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Би 200,000 төгрөг, 800,000 төгрөгийг С.Д бэлнээр өгсөн. С.Д нь 2024 оны 02 дугаар сард 800,000 төгрөг нэмж зээлэхдээ “ах нь чамаас нийт 1,000,000 төгрөг зээллээ. Буцааж өгөхдөө ах нь сард 100,000 төгрөг нэмж өгөөд байя болох уу” гэхэд нь би тэг тэг гэж хэлж байсан. Би зээлсэн мөнгөө авахаар С.Д-нд 3-4 удаа очсон боловч удахгүй өгнө гэж хэлээд өнөөдрийг хүрсэн. Одоо би С.Д-аас зээлийн хүү нэхэмжлэхгүй, үндсэн төлбөрөө л нэхэмжилнэ. Иймд С.Д-аас зээлийн гэрээний үүрэг болох 1,000,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Д миний бие Ч.Б-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийг төлж барагдуулна. Маргах зүйл байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдүүлнэ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч С.Д холбогдуулан 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 1,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч С.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгөөс 14,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 14,275 төгрөг, хариуцагч С.Д-аас улсын тэмдэгтийн хураамж 14,275 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б-д тус тус олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Б-ийн нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч С.Д-ын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгөөс 14,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 14,275 төгрөг, хариуцагч С.Д-аас улсын тэмдэгтийн хураамж 14,275 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б-д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч С.Д нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН