| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2025/00012/И |
| Дугаар | 301/ШШ2025/00046 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 301/ШШ2025/00046
| 2025 оны 01 сарын 21 өдөр | Дугаар 301/ШШ2025/00046 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Х овогт Д.Э-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.Э нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч Д.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Э миний бие 1970 онд А аймгийн Ц хотод төрсөн. Одоо өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1990 онд Д хотын Анагаах ухааны дунд сургуулийг сувилагч мэргэжлээр төгсөж ирээд И сумын Хүн эмнэлэгт хуваарилагдан 1990-1995 оны хооронд сувилагчаар, Ж сумын Хүн эмнэлэгт 1996 оноос одоог хүртэл сувилагч, багийн бага эмчээр ажиллаж байна. Тэтгэврээ тогтоолгохоор Нийгмийн даатгалын газарт хандахад 1990-1995 онд И суманд ажилласан 5 жилийн материал шаардлага хангахгүй болоод аймгийн архиваас шүүлгэтэл И сумын архив шатсан гээд ажилласан жил гарсангүй. Иймд би И сумын Хүн эмнэлэгт ажиллаж байсан 5 жилийн хугацааг өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Миний хөдөлмөрийн дэвтэр, архивын тодорхойлолт бусад баримтыг үндэслэн А аймгийн И сумын Хүн эмнэлэгт 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан 5 жилийн хугацаанд сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
1.2. Хүсэлт гаргагч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1990 онд Д хотын Анагаах ухааны дунд сургуулийг сувилагч мэргэжлээр төгсөж ирээд Д даргын тушаалаар А аймгийн И сумын Хүн эмнэлэгт ээлжийн сувилагчаар томилогдон ажиллаж байсан. 1995 онд өөрийн хүсэлтээр ажлаасаа гараад А аймгийн Ж сум руу шилжсэн. Нийгмийн даатгалын газар 1990-1995 оны хөдөлмөрийн дэвтрийг завсартай байна гэсэн тул би ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлттэй байна. Би одоо 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарна. Иймд өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлттэй байгаа. Архиваас лавлагаа авахад 1995 оны 01 дүгээр сараас 07 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх баримт гарсан гэв.
2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 948 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт И сумын Нэгдсэн эмнэлгийн 1990-1995 онуудын баримт шилжиж ирээгүй тул Д.Э-д холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,
- Д.Э-д 1990 оны 06 дугаар сарын 22-ны өдөр олгосон ..... дугаартай хөдөлмөрийн дэвтэрт:
- Д.Э-гийн .... дугаартай Диплом,
2.2. Хүсэлт гаргагч Д.Э-гийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Гэрч Р.А-гийн шүүхэд өгсөн “Би 1992 оноос 2010 оныг хүртэл А аймгийн И сумын Хүн эмнэлэгт тогоочоор ажиллаж байсан. Д.Э нь намайг 1992 онд ажилд ороход А аймгийн И сумын Хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан. Д.Э нь А аймгийн И сумын Хүн эмнэлэгт 6 жил гаран сувилагчаар ажиллаж байгаад А аймгийн Ж сум руу шилжсэн. Д.Э-гийн хэдэн он хүртэл ажилласан оныг нь санахгүй байна. А аймгийн И сумын Хүн эмнэлэгт 20 гаран хүн ажилладаг байсан. А аймгийн И сумын Хүн эмнэлэгт сувилагчаар н.Д, н.Э, н.Д, н.О, н.О, Д.Э нар ажилладаг байсан. А аймгийн И сумын Хүн эмнэлгийн даргаар н.Ж, н.О нар ажиллаж байсан. Д.Э нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн И сумын Хүн эмнэлгээс өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Д.Э нь ажиллаж байх хугацаандаа баярын бичгээр шагнуулж байсан мөн байгууллагын аварга болж байсан. Би Д.Э-тай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна. Д.Э нь хамт олонтойгоо нийтэч, дөлгөөхөн хүүхэд байдаг байсан” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.О-ийн шүүхэд өгсөн “Би 1978 оноос 1984 оныг хүртэл А аймгийн И сумын Хүн эмнэлгийн харъяа Х бригадын багийн эмчээр, 1984 оноос 2010 оныг хүртэл А аймгийн И сумын Хүн эмнэлэгт ээлжийн сувилагчаар тус тус ажиллаж байсан. Д.Э нь 1990 оноос 1995 оныг хүртэл А аймгийн И сумын Хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан. Д.Э нь намайг И сумын Хүн эмнэлэгт ажиллаж байх үед сургууль төгсөж ирээд ажилд орж байсан болохоор би түүний ажилд орсон оныг сайн санаж байна. Д.Э нь 1995 онд А аймгийн Ж сум руу шилжсэн. А аймгийн И сумын Хүн эмнэлэгт 20 гаран хүн ажилладаг байсан. А аймгийн И сумын Хүн эмнэлэгт сувилагчаар Л.О, н.Ц, Д.Э, тэгээд би ажилладаг байсан. А аймгийн И сумын Хүн эмнэлгийн даргаар н.Ж, н.О нар ажиллаж байсан. Д.Э нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн И сумын Хүн эмнэлгээс өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Д.Э нь ажиллаж байх хугацаандаа баярын бичгээр шагнуулдаг байсан. Би Д.Э-тай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна. Д.Э ажилдаа сайн, ааш зан сайтай, нөхөрсөг хүүхэд байдаг байсан” гэсэн мэдүүлэг,
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Д.Э-гийн 1995 оны 01, 02 дугаар сар, 1995 оны 04-07 дугаар сар, 1999-2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/11 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- Д.Э-гийн гэрлэсний ХААТР-15 маягтад: “эхнэр Д.Э, ажилладаг байгууллага-А баг, эрхэлдэг ажил-хүний бага эмч, бүртгэсэн-2003.10.08” гэсэн,
- А аймгийн И сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 тоот тодорхойлолтод: Тус эрүүл мэндийн төвийн архив шатсантай холбоотой 1990-1995 оны баримт бичиг гарах боломжгүй болно гэсэн,
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Эгийн А аймгийн И сумын Хүн эмнэлэгт 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сувилагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 948 тоот тодорхойлолт,
- Д.Эд 1990 оны 06 дугаар сарын 22-ны өдөр олгосон ......... дугаартай хөдөлмөрийн дэвтэр,
- Д.Э-гийн ................. дугаартай Диплом,
- Д.Э-гийн 1995 оны 01, 02 дугаар сар, 1995 оны 04-07 дугаар сар, 1999-2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/11 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- Д.Э-гийн гэрлэсний ХААТР-15 маягт,
- А аймгийн И сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 тоот тодорхойлолт,
- худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Р.А, Д.О нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Д.Э нь А аймгийн И сумын Хүн эмнэлэгт 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сувилагчаар ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Д.Э-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х овогт Д.Э-гийн А аймгийн И сумын Хүн эмнэлэгт 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН