| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2025/00011/И |
| Дугаар | 301/ШШ2025/00047 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 301/ШШ2025/00047
| 2025 оны 01 сарын 21 өдөр | Дугаар 301/ШШ2025/00047 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б овогт О.У-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч О.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч О.У нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч О.У шүүхэд гаргасан хүсэлтдээ: О.У миний бие 1969 онд төрсөн, өдгөө 56 настай. Би 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр А аймаг дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн дунд сургуульд барилгын мэргэжлийн ангид элсэж төгсөн улмаар 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл А аймгийн Б трестэд шавар будагчнаар, А аймгийн барилгын Г ХХК-д 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд шавар будагчнаар тус тус тасралтгүй ажилласан. Миний ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэрт ажилд авсан тушаалын бичилтийг хийсэн боловч тамга тэмдэггүй, мөн ажлаас чөлөөлсөн тушаалын бичилт огт хийгдээгүй тул ажилласан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон юм. Мөн өөрийн ажиллаж байсан хугацааны тушаал, шийдвэрүүдийг архиваас шүүн үзэхэд ажилд авсан тушаал зэрэг баримтууд гараагүй юм. Иймд намайг 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд А аймгийн Б трестэд шавар будагчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд А аймгийн барилгын Г ХХК-д шавар будагчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
1.2. Хүсэлт гаргагч О.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1988 оноос 1991 он хүртэл Б у-ын т-д ажиллаж байсан. 1991 оноос 1995 он хүртэл Г пүүст ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр дээр тамга дараагүй гэх зөрчилтэй тул шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Би энэ хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлттэй байна. Би Б у-тын т-д ажиллаж байхдаа Т сум болон Х-д барилга барих ажилд оролцож байсан. Г ХК-д ажиллаж байхдаа ихэнхдээ аймгийн төвдөө ажилладаг байсан. Төв аптекийн хажуу талын байранд засвар хийж, шавар будагчнаар ажиллаж байсан. Олон газар ажиллаж байсан боловч одоо сайн санахгүй байна гэв.
2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
- О.Ут 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 250472 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт:
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 924 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Б у-тын к-ын 1988, 1990-1991 онуудын баримтыг шүүн үзэхэд О.У-т холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,
- Улсын барилгын хорооны харьяа МХЗЭ-ийн Төв хорооны Алтан медальт А аймгийн Б трестийн даргын 1989 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 225 тоот тушаалд 1. Ажилчдын 09 дүгээр сарын амралтын хавсралт хуваарийн дагуу 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгосугай, тушаалын хавсралтад У-ын бригад нэрсийн жагсаалтын 3-т О.У, ш/б, 22, 22 гэсэн,
- Улсын барилгын хорооны харьяа МХЗЭ-ийн Төв хорооны Алтан медальт А аймгийн Б трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Түрээсийн гэрээтэй үйлдвэрийн нэгжүүд байгуулах тухай” 15 тоот тушаалд ... 2. Түрээсийн гэрээтэй үйлдвэрийн нэгжүүдийн дүрмийг 1 дүгээр хавсралтаар, дарга санхүүч нарыг 02 дугаар хавсралтаар, нэгжүүдийн дарга санхүүч нарын цалинг 3 дугаар хавсралтаар, ажилчдыг 04 дүгээр хавсралтаар тус тус баталсугай, тушаалын хавсралтад БУ-ын 7 дугаар анги нэрсийн жагсаалтын 22-т У, эмэгтэй, ш/б гэсэн,
- А аймгийн барилгын Г пүүсийн захирлын 1992 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Орон тоо цалинг өөрчлөх батлах тухай” 82 тоот тушаалд 1. Барилгын Г хувьцаат компанийн захиргааны аппаратын орон тоо, сарын цалингийн жишигийг 1 дүгээр хавсралтаар, бригадуудын ИТА, ажилчдыг 2 хавсралтаар, 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдөж байгаа ИТА, ажилчдыг 3 дугаар хавсралтаар, захиргааны болон ИТА-ыг ажлын үр дүнгээр нь цалинжуулах журмыг IV хавсралтаар тус тус баталсугай, тушаалын хавсралтад Ү.Э-гийн бригад нэрсийн жагсаалтын 13-т О.У, эмэгтэй, з/чимэглэл гэсэн,
- Барилгын Г компанийн захирлын 1996 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 06 тоот тушаалд 1. О овогтой У-гийг 1996 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсүгэй гэсэн,
2.2. Хүсэлт гаргагч О.У-ийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Гэрч Ж.Н-гийн шүүхэд өгсөн “Би 1983 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1997 оныг хүртэл А аймгийн Б трестийн газрын даамал, ерөнхий инженер, үйлдвэрийн хэлтсийн даргаар, Г пүүсийн ерөнхий инженер, Г ХК-ийн захирлаар тус тус ажиллаж байсан. О.У-ийн яг хэдэн онд ажилд орсныг сайн санахгүй байна. О.У нь н.У-ын бригадад ажилд орж байсан. О.У нь 1991 оныг хүртэл А аймгийн Б трестэд барилгын туслах ажилчнаар ажиллаж байсан. А аймгийн Б трест нь 1991 онд Г пүүс болсон. Г пүүс нь 1992 онд Г ХК болсон. О.У нь Г пүүс, Г ХК-д хоёуланд нь туслах ажилчнаар ажиллаж байсан. А аймгийн Б трестийн ажилчид 1991 онд барилга угсралтын хэсэг, мужааны хэсэг, бүрэн блокны хэсэг, төмөр бетоны үйлдвэр гэж салж, тус тусдаа хэсэг хэсэг рүү хуваарилагдсан. О.У нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Б трест, Г пүүс, Г ХК-иас өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Би О.У-тэй хамт ажиллаж байсан болохоор би түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна. О.У нь А аймгийн Б трест, Г пүүс, Г ХК-д ажиллаж байсан. Г ХК-ийг тартал нь ажилласан. А аймгийн Б трестийн архив гэж байсан, трестийг хувьчлагдах үед хувьчилж авсан хүмүүс нь бичиг баримтыг нь үрэгдүүлсэн юм шиг байна лээ. Үүнээс болж их олон хүмүүс хохирсон” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Б.О-ийн шүүхэд өгсөн “Би 1983 оноос 1991 оныг хүртэл А аймгийн Б у-тын контор /трест/-т тоног төхөөрөмжийн слесариар, 1991 оноос 1994 оныг хүртэл А аймгийн Г пүүс, Г ХК-д тоног төхөөрөмжийн слесариар тус тус ажиллаж байсан. О.У нь 1988 онд А аймгийн Б трестэд шавар будагчнаар ажилд орж байсан. О.У нь н.У-ын бригадад ажиллаж байсан. О.У нь 1988 оноос 1991 оныг хүртэл А аймгийн Б трестэд, 1991 оноос 1995 оныг хүртэл А аймгийн Г пүүс, Г ХК-д тус тус шавар будагчнаар ажиллаж байсан. Би зуурмагийн машин ажиллуулдаг байсан, тухайн үед О.У нь шавар будагчнаар ажилладаг байсан болохоор би ажиллаж байсан талаар нь сайн мэднэ. О.У бид хоёр А аймгийн Б трест, Г пүүс, Г ХК-д н.У-ын бригадад хамт ажиллаж байсан. А аймгийн Б трест нь 1991 онд А аймгийн Г пүүс болсон. А аймгийн Г ХК нь 1995 онд тарсан. О.У нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Б трест, Г пүүс, Г ХК-иас өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Би О.Утэй хамт ажиллаж байсан болохоор би түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг,
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/10 тоот тодорхойлолтод: ... Тус газрын архивт О.У нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил тооцуулсан талаарх мэдээлэл байхгүй болно гэсэн,
- О.У-ийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягтад “ажилладаг байгууллага-Барилга угсралтын трестэд, эрхэлдэг ажил-барилгачин, ажилд орсон-1988 он, эрхэлж эхэлсэн он-1988, оршдог сум, район-Ц хот, 1988.11.14” гэсэн,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 01 сарын 07-ны өдрийн 03-01/103 тоот лавлагаанд: А аймгийн Ц хотын оршин суугч, О.У, охин, 21 настай, эмэгтэй ... гэсэн,
- Үндэсний төв архивын 1989 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаанд “А аймгийн Ц хотын оршин суугч, О.У, охин, 21 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-нормчин... ” гэсэн,
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч О.У-ийн А аймгийн Б трестэд 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл, А аймгийн Барилгын Г пүүс, Г ХК-д 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус шавар будагчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- О.Ут 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 250472 дугаартай хөдөлмөрийн дэвтэр,
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 924 тоот тодорхойлолт,
- Улсын барилгын хорооны харьяа МХЗЭ-ийн Төв хорооны Алтан медальт А аймгийн Б трестийн даргын 1989 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 225 тоот тушаал, тушаалын хавсралт,
- Улсын барилгын хорооны харьяа МХЗЭ-ийн Төв хорооны Алтан медальт А аймгийн Б трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Түрээсийн гэрээтэй үйлдвэрийн нэгжүүд байгуулах тухай” 15 тоот тушаал, тушаалын хавсралт,
- А аймгийн барилгын Г пүүсийн захирлын 1992 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Орон тоо цалинг өөрчлөх батлах тухай” 82 тоот тушаал, тушаалын хавсралт,
- Барилгын Г компанийн захирлын 1996 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 06 тоот тушаал,
- Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/10 тоот тодорхойлолт,
- О.Уийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягт,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 01 сарын 07-ны өдрийн 03-01/103 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/
- худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Ж.Н, Б.О нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч О.У нь А аймгийн Б трестэд 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл, А аймгийн Барилгын Г пүүс, Г ХК-д 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус шавар будагчнаар ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч О.У-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт О.У-ийн А аймгийн Б трестэд 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл, А аймгийн Барилгын Г пүүс, Г ХК-д 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус шавар будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч О.У-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН