| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2025/00025/И |
| Дугаар | 301/ШШ2025/00048 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 301/ШШ2025/00048
| 2025 оны 01 сарын 21 өдөр | Дугаар 301/ШШ2025/00048 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б овогт Б.Б-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч Б.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Б миний бие 1970 онд төрсөн. Өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгох нас маань болоод байна. Би 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд А аймгийн И сумын Х ангид 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүнсний барааны нярваар, 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл худалдагчаар тус тус ажиллаж байсан. Миний энэ ажиллаж байсан хугацааны ажилласан жилийн нотолгоо байхгүй би хохироход хүрээд байгаа тул Нийгмийн даатгалаас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Иймд намайг И сумын Х ангид 1988 оны 07 дугаар сараас 1990 оны 05 дугаар сар хүртэл нярав, 1990 оны 05 дугаар сараас 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
1.2. Хүсэлт гаргагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өндөр насны тэтгэвэрт гарах гээд нийгмийн даатгалын газарт өргөдлөө өгтөл ажиллаж байсан байдалтай холбоотой баримт байхгүй байсан. Учир нь манай сумын архив шатаж байсан болохоор баримт гарахгүй байгаа гэсэн. Өөрийн зүгээс баримтуудаа хайгаад сургууль төгссөний дараа томилсон томилгооны баримтаа олоод уг баримтыг үндэслэн шүүхэд хүсэлт гаргасан. Мөн миний ажиллаж байсан байдлыг сайн мэдэх тухайн үед грүшик хийдэг байсан Ц, тооцооны нягтлан Н нарыг гэрчээр асуулгасан. Би анх А ангид нярваар ажилд орж байсан. Дараа нь худалдагчаар ажилласан. Би А аймгийн И сумын Х ангид 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Энэ ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү. А аймгийн И сумын Х анги 1989 оны сүүлчээр хувьчлагдсан. Тэгээд Ө гэдэг нэртэй хоршоо болж байсан гэв.
2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 958 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт И сумын Х ангийн баримт шилжиж ирээгүй тул Б.Б-дхолбогдох лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,
- А аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Сургууль төгсөгчдийг ажилд томилох тухай” 68 тоот тушаалд а. Сургууль төгсөж ирсэн боловсон хүчнүүдийг 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мэргэжлийн дагуу дараах байдлаар ажилд томилсугай. Үүнд: ... б. Нярав, ... 3. Б.Б-г И сумын Х ангид нярваар гэсэн,
- А аймгийн Худалдаа бэлтгэл нийтийн хоолны газарт 1988 онд хуваарилагдаж ирсэн техникум, техникийн сургууль төгсөгчид нэрсийн жагсаалтад Б.Б, 239352, Завхан, нярав, И сум гэсэн,
2.2. Хүсэлт гаргагч Б.Б-гийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Гэрч З.Ц-ийн шүүхэд өгсөн “Би 1984 оноос 1993 оныг хүртэл А аймгийн И сумын Х ангид туслах ажилчнаар ажиллаж байсан. Б.Б нь 1988 оноос 1991 оныг хүртэл А аймгийн И сумын Х ангид нярав, худалдагчаар ажиллаж байсан. А аймгийн И сумын Х ангид нярваар н.Б, н.Х, Б.Б нар ажиллаж байсан. А аймгийн И сумын Х ангид 70 гаран хүн ажилладаг байсан. А аймгийн И сумын Х анги 1993 онд татан буугдаад Т хоршоо болж байсан. Б.Б нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн И сумын Х ангиас өөр тийшээ шилжиж байгаагүй. Би Б.Б-тай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг,
Гэрч Л.Н-ын шүүхэд өгсөн “Би 1988 оны 03 дугаар сараас 1993 оныг хүртэл А аймгийн И сумын Х бэлтгэлийн соёлын барааны тасгийн худалдагч, тооцооны нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан. Б.Б нь 1988 оноос 1992 оныг хүртэл А аймгийн И сумын Х ангид нярав, худалдагчаар ажиллаж байсан. Б.Б нь 1988 онд намайг ажилд орсны дараа барааны нярав н.Т гэдэг хүний ажлыг хүлээж авч барааны нярваар Х бэлтгэлийн ангид ажилд орж байсан. А аймгийн И сумын Х ангид нярваар н.Б, н.Г, Б.Б нар ажиллаж байсан. А аймгийн И сумын Х ангид 30 гаран хүн ажилладаг байсан. А аймгийн И сумын Х анги 1993 онд татан буугдаад Т хоршоо болж байсан. Б.Б нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн И сумын Х ангиас өөр тийшээ шилжиж байгаагүй. Би Б.Б-тай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг,
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Б.Б-ын төрсний ХААТР-11 маягтад “1989 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эхийн нэр Б.Б, ажилладаг байгууллага-И сумын Х анги, эрхэлдэг ажил-үйлчлэгч” гэсэн,
- Б.Б-гийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягтад “ажилладаг байгууллага-И сумын Х анги, эрхэлдэг ажил-нярав, ажилд орсон-1988 он, эрхэлж эхэлсэн он-1988, оршдог сум, район-И, 1988.11.16” гэсэн,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 01 сарын 10-ны өдрийн 03-01/202 тоот лавлагаанд: А аймгийн И сумын оршин суугч, Б.Б, охин, 18 настай, эмэгтэй ... гэсэн,
- Үндэсний төв архивын 1989 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаанд “А аймгийн И сумын оршин суугч, Б.Б, охин, 18 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-Х бэлтгэлийн ангид нярав... ” гэсэн,
- Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/21 тоот тодорхойлолтод: Тус газрын архивт Б.Б нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил тооцуулсан талаарх мэдээлэл байхгүй болно гэсэн,
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Бгийн А аймгийн И сумын Х ангид 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нярав, 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны хүртэл худалдагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 958 тоот тодорхойлолт,
- А аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Сургууль төгсөгчдийг ажилд томилох тухай” 68 тоот тушаал,
- А аймгийн Худалдаа бэлтгэл нийтийн хоолны газарт 1988 онд хуваарилагдаж ирсэн техникум, техникийн сургууль төгсөгчид,
- Б.Б-ын төрсний ХААТР-11 маягт,
- Б.Б-гийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягт,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 01 сарын 10-ны өдрийн 03-01/202 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/21 тоот тодорхойлолт,
- худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч З.Ц, Л.Н нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Б.Б нь А аймгийн И сумын Х ангид 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нярав, 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны хүртэл худалдагчаар ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Б.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт Б.Б-гийн А аймгийн И сумын Х ангид 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нярав, 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны хүртэл худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН