| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2025/00009/И |
| Дугаар | 301/ШШ2025/00053 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 301/ШШ2025/00053
| 2025 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 301/ШШ2025/00053 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Г овогт Ц.Д-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц.Д нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч Ц.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц.Д миний бие 1970 онд төрсөн, одоо өндөр насныхаа тэтгэврийн малчин нөхцөлөөр тогтоолгон авах нас болоод байна. Би Ө суманд 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр гарч эцэг эхийн хамт хөдөө 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ө сумын Б нэгдэлд хонь, үхэр маллаж байгаад 1988 онд цэрэгт татагдан цэргийн албаа 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
1.2. Хүсэлт гаргагч Ц.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1970 онд төрсөн. 1985 онд 8 дугаар анги төгссөн. Төгсөөд мал малласан. 3 жил мал маллаж байгаад 1988 онд цэргийн албанд татагдаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч А аймгийн Ө сумын А багт 1985 оноос 1988 онд ажиллаж байсан үеийн баримт нь байхгүй байгаа тул малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан. Хөдөө 3 жил мал маллахдаа 2 жил 1 настай мал, 1 жил үхэр маллаж байсан. Надад хөдөлмөрийн дэвтэр уг нь байсан. Гэхдээ одоо олохгүй, гээгдүүлсэн. Би 1988 оны 10 дугаар сарын 13-ны өдөр цэрэгт явсан гэв.
2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд: Ц.Д БХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар А аймгаас 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 072 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 645208 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн,
- А аймгийн Ө сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 07 дугаар сарын 15-ны “Тэтгэмж олгох тухай” 58 тоот тогтоолд 1. Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар анги төгсөөд ХАА-д хуваарилагдан ирж тодорхой ажил эрхлэхээр хөдөлмөрийн гэрээ хийсэн 19 залууд хавсралтад зааснаар тус бүр 300 төгрөгийн тэтгэмж олгохоор тогтоож, хавсралтыг баталсугай, тогтоолын хавсралтад нэрсийн жагсаалтын 3-т Ц.Д, хоньчин, олгох мөнгө-300 гэсэн,
- А аймгийн Ө сумын Б нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Хөрөнгө зарлага болгох тухай” 22 тоот тогтоолд 1. Малчид төлчдийн семинарын үеэр төлөө сайн бойжуулахыг ерөөсөн төлийн дурантай хувин, будаа өгч байсан нэгдлийнхээ түрүүчийн уламжлалыг үндэслэн хавсралтад заасан 260 хүнд төмөр хувин, талх, шимт бираник бүгд 3340 төгрөг 80 мөнгөний зүйлийг бэлэг болгон олгохоор тогтоож хавсралтыг баталсугай, тогтоолын хавсралтад нэрсийн жагсаалтын 12-т Д, шимт бираник-500г, бүгд үнэ-13 гэсэн,
- А аймгийн Ө сумын Б нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Хорогдсон малд бичигдсэн тодорхойлолтуудыг шийдвэрлэх тухай” 93 тоот тогтоолд 1. Хорогдсон малаас 5, 6, 7, 8 дугаар саруудад адуу 27, үхэр 31, хонь 128, ямаа 22, бүгд том мал 208, унага 2, тугал 60, хурга 361, ишиг 91, бүгд 514 төл нийт 722 малд тодорхойлолт бичигдсэний адуу 23, үхэр 31, хонь 128, ямаа 21, бүгд 203 том мал, унага 2, тугал 47, хурга 316, ишиг 70, бүгд 435 төлийг зарлага болгож адуу 4, ямаа 1, бүгд 5 том мал тугал 13, хурга 45, ишиг 21, бүгд 79 төлийг холбогдох хүмүүсээр нь төлүүлэхээр тогтоож, хавсралтыг баталсугай, тушаалын хавсралтад 034-р Ц.Д-ын борлон 1 нь тураалаар 54 төг ... гэсэн,
- А аймгийн Ө сумын Б нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Болзолыг батлах тухай” 48 тоот тогтоолд 1. 1. ... а. Бод малын төл бойжуулах ажилд бүх нийтийн идэвхийг өрнүүлэх зорилгоор сумын АХШХороотой хамтран зарлаж байгаа, бод малын төлөөр дээд амжилт тогтооё сэдэвт уралдааны болзол, тогтоолын хавсралтад Ө сумын 1988 оны эхний нийгмийн бод малын хээлийн шалгалтын тооцоо А бригад нэрсийн жагсаалтын 3-т Д, үнээ 104, тугал 84 гэсэн,
2.2. Хүсэлт гаргагч Ц.Д-ын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Гэрч П.П-ийн шүүхэд өгсөн “Би 1981 оноос 1991 оныг хүртэл А аймгийн Ө сумын Б нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ц.Д нь 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд А аймгийн Ө сумын Б нэгдэлд илгээлтээр гарсан. Ц.Д нь 1985 оноос 1988 оныг хүртэл А аймгийн Ө сумын Б нэгдэлд малчнаар ажилласан. Ц.Д нь ах Б-ын хамт А аймгийн Ө сумын Б нэгдлийн хурга хардаг байсан. Ц.Д нь 1988 онд цэргийн албанд татагдсан. 2 жилийн цэргийн алба хаасан. А аймгийн Ө сумын Б нэгдэл 1992 онд тарсан. А аймгийн Ө сумын Б нэгдлийн даргаар н.Б гэдэг хүн ажиллаж байсан. Ц.Д нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Ө сумын Б нэгдлээс өөр тийшээ шилжиж байгаагүй. Би Ц.Д-тай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг,
- Гэрч З.Г-ын шүүхэд өгсөн “Би 1982 оноос 1984 оныг хүртэл, 1987 оноос 1991 оныг хүртэл А аймгийн Ө сумын Б нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ц.Д нь 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд А аймгийн Ө сумын Б нэгдэлд илгээлтээр малчнаар гарсан. Ц.Д нь 1985 оноос 1988 оныг хүртэл А аймгийн Ө сумын Б нэгдэлд малчнаар ажилласан. Ц.Д нь ах Б-ын хамт А аймгийн Ө сумын Б нэгдлийн төлөг хардаг байсан. Ц.Д нь 1988 онд цэргийн албанд татагдсан. 2 жилийн цэргийн алба хаасан. Ц.Д нь 1990 онд цэргийн албанаас халагдаж ирээд А аймгийн Ө сумын Б нэгдэлд малчнаар ажилласан. А аймгийн Ө сумын Б нэгдэл 1992 онд тарсан. А аймгийн Ө сумын Б нэгдлийн даргаар н.Д, н.Б гэдэг хүн ажиллаж байсан. Ц.Д нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Ө сумын Б нэгдлээс өөр тийшээ шилжиж байгаагүй. Би Ц.Д-тай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг,
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Ц.Дын 1990 оны 11 дүгээр сараас 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/13 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- Ц.Дын анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягтад “ажилладаг байгууллага-Б нэгдэл, эрхэлдэг ажил-малчин, оршдог сум, район-Ө” гэсэн,
- Ц.Дын хаягийн хуудсанд “Ц.Д, одоо хаана ямар ажилтай-А бригадад хоньчин-1987.02.28” гэсэн,
- Ц.Дын гэрлэсний ХААТР-15 маягтад “Ц.Д, А аймгийн Ө сум, ажилладаг байгууллага-Ө сумын А багт, эрхэлдэг ажил-малчин, бүртгэсэн-1994.12.07, гэрлэсэн-1992.06.15” гэсэн,
- Ц.Дын цэргийн албанд тэнцэгчдийн анкетад “Ц.Д, 1970 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, МХЗЭ, Ө сумын А бригад, ам бүл 4” гэсэн,
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц.Дын А аймгийн Ө сумын Б нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,
- А аймгийн Ө сумын Б нэгдлийнзөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 07 дугаар сарын 15-ны “Тэтгэмж олгох тухай” 58 тоот тогтоол, тогтоолын хавсралт,
- А аймгийн Ө сумын Б нэгдлийнзөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Хөрөнгө зарлага болгох тухай” 22 тоот тогтоол, тогтоолын хавсралт,
- А аймгийн Ө сумын Б нэгдлийнзөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Хорогдсон малд бичигдсэн тодорхойлолтуудыг шийдвэрлэх тухай” 93 тоот тогтоол, тогтоолын хавсралт,
- А аймгийн Ө сумын Б нэгдлийнзөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Болзолыг батлах тухай” 48 тоот тогтоол, тогтоолын хавсралт,
- Ц.Дын 1990 оны 11 дүгээр сараас 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/13 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- Ц.Дын анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягт,
- Ц.Дын хаягийн хуудас,
- Ц.Дын гэрлэсний ХААТР-15 маягт,
- Ц.Дын цэргийн албанд тэнцэгчдийн анкет,
- худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч П.П З.Г нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Ц.Д нь А аймгийн Ө сумын Б нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Ц.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Г овогт Ц.Д-ын А аймгийн Ө сумын Б нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Ц.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН