Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 301/ШШ2025/00057

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 301/ШШ2025/00057

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б овогт Д.Б-гийн хүсэлттэй,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

           

           Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн өмгөөлөгч С.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.     

Хүсэлт гаргагч Д.Бөөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Д.Бнь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.

           

1.1 Хүсэлт гаргагч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б би 1986 онд Ө сумын ЕБС-д 8 дугаар анги төгсөж, 1986 оноос эхлэн Ж сумын Ж амьдрал нэгдэл Х бригадад туслах малчнаар ажиллаж байгаад, 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдсан. 2 жил цэргийн алба хааж, цэргийн албанаас 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр халагдсан. Ингээд цэргээс ирсний дараа нэгдэлдээ үргэлжлүүлэн малчнаар орж, нэгдэл тартал ажилласан. Би өөрийн аав Д-гийн төлгөн суурьд 1986 оны 08 дугаар сард төлөг ялгах үед нь туслах малчнаар орж байсан юм. Миний дээрх хугацааны хөдөлмөрийн дэвтрийг нэгдэл тарах үед аваагүй үрэгдсэн ба ажиллаж байсан цаг хугацааны тушаал цалин хөлс бусад баримт архивт хадгалагдаж үлдээгүй байна. Харин миний аавынхаа суурьт туслах малчин байсныг мэдэх хүн олон бий. Иймд А аймгийн Ө сумын Ж нэгдэлд ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох хүсэлттэй. Энэ нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох, нийгмийн хамгааллын эрхээ хэрэгжүүлэх зорилготой болно. Б овогт Д.Б миний А аймгийн Ө сумын Б нэгдэлд малчнаар 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

            2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:

            2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд

            - А аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 907 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Ө сумын Б нэгдлийн 1986-1988 онуудын баримтыг шүүн үзэхэд Д.Б-д холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,

            - Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаанд: Д.Б БХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар А аймгаас 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 072 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 645203 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн,

            - Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх Баталгаажилтын хуудас,

            - А аймгийн Ө сумын өмч хувьчлалын материалд: А аймгийн Ө сумын Б нэгдлийн Х бригадад бага хувьчлалаар олгосон хөрөнгийн тооцоо, нэрсийн жагсаалтын 212-т Д.Б гэсэн,

 

            2.2.  Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч С.П-гийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

- Гэрч Х.Х-ын шүүхэд өгсөн “Би 1983 оноос 1990 оныг хүртэл А аймгийн Ө сумын Б нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Д.Б нь 1986, 1987 оны үеэс нэгдэлд ажилласан санагдаж байна. Д.Б нь 1988 оныг хүртэл А аймгийн Ө сумын Б нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Д.Б бид хоёр А аймгийн Ө сумын Б нэгдэлд 2 жил хамт ажиллаж байсан. Д.Б-гийн цэргийн алба хаасан болон сургуульд сурч байсан талаар нь мэдэхгүй байна. Д.Б нь А аймгийн Ө сумын Б нэгдлийн н.Д эрхлэгчтэй үнээний фермд сувай үхэр хардаг байсан. А аймгийн Ө сумын Б нэгдлийн н.Д эрхлэгчтэй үнээний фермд үхэрчнээр Д.Б, бид хоёр ажилладаг байсан. А аймгийн Ө сумын Б нэгдэл 1990 онд хувьчлагдсан. А аймгийн Ө сумын Б нэгдлийн даргаар н.Д, тоо бүртгэгчээр н.Б нар ажиллаж байсан. Д.Б нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Ө сумын Б нэгдлээс өөр тийшээ шилжиж байгаагүй. Би Д.Б-тэй хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Д.Н-гийн шүүхэд өгсөн Би 1982 оноос 1991 оныг хүртэл А аймгийн Ө сумын Б нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Д.Б нь 1986 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр А аймгийн Ө сумын Б нэгдэлд малчнаар ажилласан. Д.Б нь 1986 оноос 1988 оныг хүртэл А аймгийн Ө сумын Б нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Д.Б нь Г.Х-тай хамт А аймгийн Ө сумын Б нэгдлийн Х бригадад бяруу хардаг байсан. Д.Б нь 1988 онд цэргийн албанд татагдсан. 2 жилийн цэргийн алба хаасан. А аймгийн Ө сумын Б нэгдэл 1991 онд хувьчлагдсан. Д.Б нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Ө сумын Б нэгдлээс өөр тийшээ шилжиж байгаагүй. Би Д.Б-тэй хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна гэсэн мэдүүлэг,

                       

            2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

            - Д.Б-гийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягтад ажилладаг байгууллага-Б нэгдэл, ажилд орсон он-1988, эрхэлдэг ажил-малчин, эрхэлж эхэлсэн он-1991, оршдог сум, район-Ө-1991.09.24 гэсэн,

- Д.Б-гийн 1990 оны 10 дугаар сараас 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/877 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,

- Д.Б-гийн цэргийн албанд тэнцэгчдийн анкетад “Д.Б, 1970 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, малчин байсан, Ө сумын Х бригад, ам бүл 5” гэсэн,  

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1. Хүсэлт гаргагч Д.Б-гийн А аймгийн Ө сумын Б нэгдэлд 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл малчнаар  ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

         

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан

            - А аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 907 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Ө сумын Б нэгдлийн 1986-1988 онуудын баримтыг шүүн үзэхэд Д.Б-д холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,

            - Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаанд: Д.Б БХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар А аймгаас 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 072 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 645203 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн,

            - Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх Баталгаажилтын хуудас,

            - Архангай аймгийн Ө сумын өмч хувьчлалын материал,

- Д.Б-ийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягт,

- Д.Б-гийн 1990 оны 10 дугаар сараас 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/877 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,

- Д.Б-гийн цэргийн албанд тэнцэгчдийн анкет

          - худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Х.Х, Д.Н нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Д.Б нь А аймгийн Ө сумын Б нэгдэлд 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл малчнаар  ажиллаж байсан байдал тогтоогдож байна. 

 

            2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Д.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.        

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт  Д.Б-гийн А аймгийн Ө сумын Б нэгдэлд 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл малчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.ЖАРГАЛАН