Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 33

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,

Улсын яллагч Ч.Батбаяр,

Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.Эт холбогдох 1706004100428 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баруун жанжины 22 дугаар гудамжны 442 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Я овогт Ц Э /РД:……………… /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ц.Э нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч БНВАУ-ын иргэн Ким-Тринхийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э ын өгсөн:  “... Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч Ким-Тринхийн өгсөн: “... Би анх 2006 онд Монгол улсад ирсэн. Тэрнээс хойш 11 жил Монгол улсад амьдарч байна. Одоо эхнэр Азжаргал болон 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Азжаргалыг орчуулагчаар оролцуулан мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй. 2017 оны 07 сарын 01-ний өдөр Энхбаяр манай ажил дээр 21-22 цагийн үед үл таних 2 эрэгтэй хүнтэй цуг ирсэн. Ирэхдээ архи уусан халамцуу байсан. Манай ажил дээр 1 шил архи уусан ба би тэр архинаас нь уугаагүй. Тэгээд гарч яваад Энхбаяр буцаж орж ирээд “надад машинаа өгчих” гэхэд би “чи согтуу машин барьж болохгүй” гээд өгөөгүй. Тэгээд Энхбаяр гараад явах шиг болсон. Удалгүй гадаа миний машин асах шиг болохоор нь би гараад харахад Энхбаяр миний машины түлхүүрийг надад хэлэлгүй хайрцагнаас аваад машин асаагаад унаж явах гэж байсан. Тэгэхээр нь би машинаа унтраагаад түлхүүрээ булааж аваад “чи согтуу машин барьж болохгүй, би чамайг хүргээд өгье” гээд Энхбаярыг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд гэртээ хүргүүлээд буухдаа намайг “ална шүү, чи Монголд байгаа шүү” гээд миний хамрын зүүн хажуу, хацар зэргийг хавсарч гараараа нэг удаа цохисон. Тэгээд дахиад “чи юу гэж томроод байгаа юм” гээд зүүн нүдний доод талд гараараа цохисон. Мөн хэвлий хэсэгт 3 удаа цохисон. Тэгээд шууд хойшоо гудамжаар гүйж зугатаасан. Яагаад зодох болсныг нь мэдэхгүй байна. Ажил дээр архи ууж болохгүй гэсэн, мөн согтуу машин барьж болохгүй гэж хэлсэн. Хамараа тэгшлүүлэх эмчилгээний зардал нэхэмжилж байна. Мөн зураг авахуулах эм тарианы зардалд 200.000-300.000 төгрөг зарцуулсан. Энэ хохирлыг барагдуулмаар байна. Өөр санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх.10-11/,

Мөрдөн байцаалтад гэрч Т.Азжаргалын өгсөн: “2017 оны 07 дугаар сарын 01-ний үүрээр 05 цагт нөхөр зодуулсан байдалтай орж ирсэн юм. Ингээд танил Энхбаяр гэгчид зодууллаа гэж хэлсэн. Нөхөр ярихдаа Чулуун овоонд байх ажлын байран дээр Энхбаяр нь өөр 1 залуугийн хамт архи ууж байгаад гарч яваад эргэж ганцаараа ирээд гэртээ хүргэж өг гэж хэлснээр гэрт нь нөхөр маань хүргэж өгсөн гэсэн. Гэтэл хашааны үүдэн дээр хэрүүл өдөж улмаар зодсон байсан...” гэх мэдүүлэг /хх.14/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 07 сарын 01-ний өдрийн 8542 дугаартай:

“Ким-Тринхийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад язрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.22/,

Мөрдөн байцаалтад Ц.Эын яллагдагчаар өгсөн: “Ким-Тринх гэх нэртэй БНВАУ-ын иргэн байдаг. Тэр Ветнам автомашины будаг замаск хийдэг юм. Би нэг хэсэг хамт ажиллаж байсан. 2017 оны 06 дугаар сарын 31-ний өдөр би Ким-Тринхийн ажилладаг граж дээр машин үзүүлж, засуулах гэж очсон. Ким-Тринхтэй уулзсан чинь үнэрхээд байхаар нь би янзлуулах гэж аваачсан машинаа өөр хүнд аваачиж янзлуулсан. Миний хувьд Ким-Тринхэд их л тусалж байсан болохоор жоохон дургүй хүрсэн. Ким-Тринхийг хүнд зодуулах гэж байхад нь хүртэл өмөөрч, надтай муудаагүй, надад хамааралгүй монгол хүнтэйгээ барьцалдаж авч байсан удаатай. 4, 5-н сар ямар ч цалингүй хамтарч ажиллаж байсан. Тэгэхэд надад нэг машиныг хямдралтай үнээр янзлаад өгөөгүйд нь би уур хүрсэн. Би зүгээр янзлуулъя гээгүй. Мөн олон дахин очиж зовоогоогүй, ганцхан удаа нэг машиныг хямдхан янзлаад өгөөч гэхэд новширч, үнэрхээд байхаар нь дотороо уурлаад юу ч хэлээгүй. Миний ч машин биш миний танил ахын машин байсан юм. Миний хувьд хүнд гай болчихгүй, тусалж чадах юм байвал туслаад явъя гэж боддог болохоор өөрт ямар ч ашиггүй зүйл дээр Ким-Тринхийг гуйсан юм. Тэгээд тэндээс гарч явсан. Тэр өдөртөө би өөрийн танил Мягаа гэх ахын хамт “Төмөр машин” гэдэг засварын газар дээр ажиллаж байгаад орой харихынхаа өмнө нь 1 шил архи авч Мягаа ахын барьж байсан граж дотор орж уусан. Архиа уучихаад би Ким-Тринхтэй утсаар ярьж очъё гэсэн. Тэгтэл хүрээд ир гэсэн. Тэгээд Мягаа, Заагий гэх хоёр ахын хамт Ким-Тринхийн ажил дээр буюу граж дээр нь очсон. Граж руу нь орохоосоо өмнө дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн архи авч орсон. Тэгээд Ким-Тринхийн ажилладаг граж дотор нөгөө архиа Мягаа, Заагий гэх хоёр ахын хамт хувааж уусан. Мягаа, Заагий гэх хоёр ах надтай хамт 1 шил архиа уучихаад гараад явчихсан. Тэр хоёрыг явсаны дараа би Ким-Тринхэд хандаж чамайг гайгүй залуу гэж бодож байсан чинь чи өдөр их үнэрхэж, новшийн зан гаргалаа, би чамд их л тус болж байсан даа, чамайг өмөөрч Монгол хүнтэй хүртэл барьцалдаж авч байсан, чи надад үнэрхэх ёсгүй гэж хэлсэн. Тэгээд би согтож, тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байгаа. Нэг мэдхэд Ким-Тринх бид хоёр манай хашааны үүдэнд байж байсан. Ким-Тринх намайг машинаар хүргэж өгсөн юм билээ. Манай гэр Ким-Тринхийн ажилаас холгүй ойрхон, 1 км зайтай. Би Ким-Тринхийн хацар, шанаа хэсэг рүү нь 2 удаа алгадаад, 1 удаа элэг рүү нь гараараа цохисон. Яагаад цохиж зодсоноо санахгүй байна, өдрийнхөө гомдолыг согтчихоод гаргасан байх. Өөр зүйлийг сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хх.38-39/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Ц.Э нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч БНВАУ-ын иргэн Ким-Тринхийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Ким-Тринхийн өгсөн: “... Тэгээд гэртээ хүргүүлээд буухдаа намайг “ална шүү, чи Монголд байгаа шүү” гээд миний хамрын зүүн хажуу, хацар зэргийг хавсарч гараараа нэг удаа цохисон. Тэгээд дахиад “чи юу гэж томроод байгаа юм” гээд зүүн нүдний доод талд гараараа цохисон. Мөн хэвлий хэсэгт 3 удаа цохисон. Тэгээд шууд хойшоо гудамжаар гүйж зугатаасан. Яагаад зодох болсныг нь мэдэхгүй байна. Ажил дээр архи ууж болохгүй гэсэн, мөн согтуу машин барьж болохгүй гэж хэлсэн. Хамараа тэгшлүүлэх эмчилгээний зардал нэхэмжилж байна. Мөн зураг авахуулах эм тарианы зардалд 200.000-300.000 төгрөг зарцуулсан. Энэ хохирлыг барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх.10-11/,

Мөрдөн байцаалтад гэрч Т.Азжаргалын өгсөн: “2017 оны 07 дугаар сарын 01-ний үүрээр 05 цагт нөхөр зодуулсан байдалтай орж ирсэн юм. Ингээд танил Энхбаяр гэгчид зодууллаа гэж хэлсэн. Нөхөр ярихдаа Чулуун овоонд байх ажлын байран дээр Энхбаяр нь өөр 1 залуугийн хамт архи ууж байгаад гарч яваад эргэж ганцаараа ирээд гэртээ хүргэж өг гэж хэлснээр гэрт нь нөхөр маань хүргэж өгсөн гэсэн. Гэтэл хашааны үүдэн дээр хэрүүл өдөж улмаар зодсон байсан...” гэх мэдүүлэг /хх.14/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 07 сарын 01-ний өдрийн 8542 дугаартай дүгнэлт /хх.22/,

Мөрдөн байцаалтад Ц.Эын яллагдагчаар өгсөн: “... Би Ким-Тринхийн хацар, шанаа хэсэг рүү нь 2 удаа алгадаад, 1 удаа элэг рүү нь гараараа цохисон. Яагаад цохиж зодсоноо санахгүй байна, өдрийнхөө гомдолыг согтчихоод гаргасан байх. Өөр зүйлийг сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хх.38-39/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Иймд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь Ц.Эыг гэм буруутайд тооцсон болно.

Улмаар Ц.Эын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Ц.Эын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан үзэв.

Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Хохирогч Ким-Тринх нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “... Хамараа тэгшлүүлэх эмчилгээний зардал нэхэмжилж байна. Мөн зураг авахуулах эм тарианы зардалд 200.000-300.000 төгрөг зарцуулсан. Энэ хохирлыг барагдуулмаар байна” гэсэн боловч энэ талаар нотлох баримт гаргаагүй байх тул өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:      

 

1. Ямаатыхан овогт Ц Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Эт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Эт мэдэгдсүгэй.

 

5. Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Ким-Тринх нь өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР