| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Модоогийн Мянганбаяр |
| Хэргийн индекс | 125/2024/0013/З |
| Дугаар | 125/ШШ2024/0041 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 125/ШШ2024/0041
2024 09 16 125/ШШ2024/0041
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мянганбаяр би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч *******, улсын байцаагч ******* нарын хооронд үүссэн санхүүгийн хяналт шалгалттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
Хоёр: Хэргийн үйл баримт:
2.1. Ховд аймгийн Засаг даргаас Ховд аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны 2024 онд хийх хяналт шалгалтын төлөвлөгөөг баталсан ба Асрамжийн газрын 2022, 2023 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр уг төлөвлөгөөнд тусгажээ.
2.2. Улмаар Асрамжийн газрын санхүүгийн үйл ажиллагаанд хийх дотоод аудитын удирдамж баталж, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хяналт шалгалтын хэрэгжүүлэхээр тусгажээ.
2.3. Ховд аймгийн Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч *******, улсын байцаагч ******* нар хяналт шалгалтын хүрээнд “Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн захирлын албан тушаалын тодорхойлолт дээр зохион байгуулагч гэдэг нэршилтэй, ТҮ-9 –ээр цалинжихаар байхад ТҮЭМ- ээр цалинжуулж байгаа нь ажил үүргийн хуваарь давхардсан, уг албан тушаалд нийгмийн ажилтан мэргэжилтэй хүн ажиллах байтал ******* нь банкны менежер мэргэжилтэй” гэх зөрчил илрүүлж 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай актаар илүү тооцож олгосон цалингийн ангилал, зэрэглэлийн зөрүү 1.494.000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр акт тогтоосон.
2.4. Нэхэмжлэгчээс уг актыг эс зөвшөөрч Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан ба Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч /Сангийн сайд/ -ийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01/5247 дугаар албан бичгээр Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар тус газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар уг албан тушаалд жинхлэн томилсон, 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/44 дүгээр тушаалаар Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харъяа Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн зохион байгуулагчаар, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/81 дүгээр тушаалаар Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн захирлаар тус томилогдон ажиллаж байна.
Ховд аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албанаас 2024 оны 02 дугаар сард манай байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ба уг шалгалтын хүрээнд 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 35-02/56 дугаартай актаар 1494000 төгрөгийн төлбөрийн акт тогтоосон ба дараах үндэслэлээр эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан.
Манай байгууллага Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төв гэх нэртэй хэдий ч Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамжийн үйлчилгээ” үзүүлэх гэж зааснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газрын үйл ажиллагаа явуулдаг. 2006 онд байгууллагын нэрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төв гэж өөрчилсөн болохоос бус асрамжийн газар юм. Мөн асрамжийн газрыг магадлан итгэмжлэгддэг ба манай асрамжийн газрын магадлан итгэмжлэх хугацааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны А/174 дүгээр тушаалаар 3 жилийн хугацаатай сунгасан.
Манайд нийт 18 хөгжлийн бэрхшээлтэй иргэд Увс, Ховд, Завхан, Хөвсгөл зэрэг баруун аймгуудаас хүлээн авч асрах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн дээд тал нь 52 жил манай байгууллагад асруулсан ахмад настан байдаг.
Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтыг баталсан ба асрамжийн газрын захирлыг ТҮЭМ-8 дахь зэрэглэлийн албан тушаалтантай дүйцэх албан тушаалтнаар баталсан. Манай байгууллага нь асрамжийн газар тул захирал нь тус тогтоолд заасан ТҮЭМ-8 дахь зэрэглэлээр цалин авах эрхтэй.Үүнтэй холбогдуулан Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д заасан эрхийнхээ хүрээнд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2023 оны А/54 дүгээр тушаалаар Засгийн газрын тогтоолтой нийцүүлж цалингийн сан баталсан байгаа.
Гэтэл дотоод аудитын хяналтын улсын байцаагч нар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн захирал гэх албан тушаалын тодорхойлолтод ажлын байрны нэрийг зохион байгуулагч гэж заасан, мөн ТҮ-9-ээр цалинжих ёстой, албан тушаалын тодорхойлолт дээрх мэргэжил нь Нийгмийн ажилтан гэх шаардлага хангахгүй, банкны менежер мэргэжилтэй хүн ажиллаж байгаа гэх үндэслэлээр акт тогтоосон байна.
Төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтыг тухайн байгууллагын дарга баталдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга баталсан ба уг албан тушаалын тодорхойлолтод ТҮЭМ-8 дахь зэрэглэлээр цалинжихаар заасан байгаа. Миний бие банкны менежер, нягтлан бодогч, эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Засгийн газрын 2023 оны 240 дүгээр тогтоолоор баталсан Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтын ТҮЭМ-8 дахь зэрэглэлд хамаарах албан тушаалтанд мэргэжлийн ангилал, индекс заагаагүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэв.
3.2. Хариуцагчийн ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний нөхөн сэргээх төв нь Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр төсвөө батлуулж үйл ажиллагаа явуулдаг. Бие даасан байгууллага гэдэг байдлаар төсвөө батлуулж, зарцуулж байгаа тохиолдолд Төсвийн тухайн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д зааснаар тус байгууллагын дарга нь төсвийн шууд захирагч байх ёстой. Гэтэл тус байгууллагын төсвийн шууд захирагч нь Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга ******* юм.
*******ын зүгээс төрийн үйлчилгээний мэргэжлийн албан хаагч буюу ТҮЭМ-8 дахь зэрэглэлээр цалинжих ёстой гэж байна. Уг зэрэглэлээр төрийн үйлчилгээний мэргэжлийн албан хаагч буюу тогтоолд зааснаар эмнэлгийн мэргэжлийн хүн хамаарах ёстой. Харин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн захирал уг зэрэглэлээр цалин авах ёсгүй.
Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний нөхөн сэргээх төв нь улсын бүртгэлийн гэрчилгээгүй, тусгай зөвшөөрөлгүй, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 1670001004 улсын бүртгэлийн дугаартай, 9068139 дугаартай регистр бүхий гэрчилгээгээр үйл ажиллагаа явуулдаг, санхүүгийн баримтын нэгдүгээр гарын үсгийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга гарын үсэг зурдаг тул ******* нь төсвийн шууд захирагч биш.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн захирлын ажлын байрны тодорхойлолтод ажлын байрны нэрийг захирал биш зохион байгуулагч гэж бичсэн байгаа нь бичиг баримтын зөрчилтэй болох нь харагдаж байна. Харин уг ажлын байрны тодорхойлолтод ТҮ-9 дэх зэрэглэлээр цалинжихаар заасан хэрнээ ТҮЭМ-8 дахь шатлалаар цалин олгосон нь буруу тул цалингийн зөрүүг тооцож акт тогтоосон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төв нь орон нутгийн төсвөөс санхүүждэг тусдаа байгууллага гэж байгаа бол орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүждэг байгууллагын удирдлага нь ТҮ-9 дэх шатлалаар цалин авах ёстой.
Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/30 дугаар тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн бүтэц орон тоо баталсан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төв нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын доторхи бүтэц бөгөөд тус газрын бүтэц орон тоог дээд шатны байгууллага батлах ёстой байтал өөрөө баталсан нь хүчингүй тушаал юм.
Нэхэмжлэгч *******аас хяналт шалгалт хийх талаар танилцаагүй гэх тайлбар гаргаж байна. Манай зүгээс хяналт шалгалт хийх талаар удаа дараа биечлэн болон утсаар мэдэгдсэн бөгөөд хяналт шалгалт хийх цаг хугацааны хувьд хэдийд боломжтой байгаа талаар ******* даргаас тодруулсан. ******* нь тус байгууллагын дарга биш тул бид ******* даргад танилцуулж хяналт шалгалт хийсэн. *******т актын талаар танилцуулахад аудитор *******тай маргаж байгаад явсан. Дараа нь би *******ыг дуудаж актын талаар танилцуулахад уурлаад гараад явсан. Иймд *******т холбогдуулан тогтоосон акт үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.3. Хариуцагчийн ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хяналт шалгалтын явцад Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн нягтлан бодогч нь тус төвийн захирлын ажлын байрны тодорхойлолт авч ирж өгсөн. Уг албан тушаалын тодорхойлолтод ажлын байрны нэр хэсэгт Зохион байгуулагч, ажлын байрны зэрэглэлийг ТҮ-9 гэж бичсэн байсан. Өөр ажлын байрны тодорхойлолт авч ирж өгөөгүй. Ийм учраас ТҮЭМ-8 дахь зэрэглэлээр цалин олгосон нь буруу гэж үзэж акт тогтоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.
ҮНДЭСЛЭХ нь
1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Монгол улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 11.1-д “Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана” гэж зааснаар улсын ахлах байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар актыг хүчингүй болгуулахаар Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргаж хариу авснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тул урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэсэн, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзлээ.
3. Нэхэмжлэгч *******ыг Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар тус газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар уг албан тушаалд жинхлэн томилсон, 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/44 дүгээр тушаалаар Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харъяа Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн зохион байгуулагчаар, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/81 дүгээр тушаалаар Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн захирлаар томилсон байна.
4. Монгол улсын Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоосонтой холбоотой Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/54 дүгээр тушаалаар тус байгууллагын ажилчдын цалинг шинэчлэн баталсан ба Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн захирлын албан тушаалын зэрэглэлийг ТҮЭМ-8 дахь шатлалаар, цалингийн хэмжээг 1.474.000 төгрөг болгон тогтоосон.
5. Хариуцагчаас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар актаар нэхэмжлэгчийн 2023 оны 07 дугаар сараас 2023 оны 12 дугаар сар дуустал хугацааны цалингийн ангилал, зэрэглэлийн зөрүү 1.494.000 төгрөгийн төлбөрийн акт тогтоосон ба үндэслэлээ “...Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний нөхөн сэргээх төв нь Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харъяа байгууллага тул Төсвийн тухай хуульд заасан төсвийн шууд захирагч нь Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга ******* болохоос биш Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний нөхөн сэргээх төвийн захирал ******* биш. Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний нөхөн сэргээх төв нь улсын бүртгэлийн гэрчилгээгүй, тусгай зөвшөөрөлгүй, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 1670001004 улсын бүртгэлийн дугаартай, 9068139 дугаартай регистр бүхий гэрчилгээгээр үйл ажиллагаа явуулдаг, санхүүгийн баримтын нэгдүгээр гарын үсгийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга гарын үсэг зурдаг, дээд шатны байгууллагаас бүтэц орон тоог батлах ёстой байтал Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/130 дугаар тушаалаар өөрийн харъяа байгууллага болох Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн зохион байгуулалт бүтэц орон тоог баталсан нь хууль бус шийдвэр, Засгийн газрын 2023 оны 240 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”-ын 2-т заасан ТҮЭМ-8 дахь шатлалаар бус уг тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”-ын 4-д заасан ТҮ-9 дэх шатлалаар цалинжих ёстой. Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний нөхөн сэргээх төвийн захирлын албан тушаалын тодорхойлолтод албан тушаалын нэр гэсэн хэсэгт захирал биш зохион байгуулагч гэж заасан, ТҮЭМ-8-р биш ТҮ-9-ээр цалинжихаар заасан, уг албан тушаалд нийгмийн ажилтан мэргэжилтэй хүн ажиллахаар байтал банкны менежер мэргэжилтэй хүн ажиллаж байгаа...” гэх агуулгаар тайлбарласан.
6. Нэхэмжлэгчээс “... манай байгууллага нь Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний нөхөн сэргээх төв гэсэн нэртэй хэдий ч төрөлжсөн асрамжийн газрын буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газрын үйл ажиллагаа явуулдаг, орон нутгийн төсвөөс санхүүждэг, Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн шууд захирагч нь цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтоох эрхтэй тул Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны А/30 дугаар тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн бүтэц орон тоог баталсан нь хууль зөрчөөгүй...” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
7. Нийгмийн халамжийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Нийгмийн халамжийн үйлчилгээ дараах төрөлтэй байна”, 17.1.2-т “төрөлжсөн асрамжийн үйлчилгээ” гэж, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ нь дараах төрөлтэй байна”, 19.1.2-т “хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамжийн үйлчилгээ” гэж тус тус заасан.
8. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төв нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасан хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамжийн үйлчилгээ эрхэлдэг байгууллага болох нь хэрэгт авагдсан Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/174 дүгээр тушаалаар батлагдсан төрөлжсөн асрамжийн газрыг магадлан итгэмжлэх шалгуур хангасан байгууллагын жагсаалт, тус төвийн захирлын албан тушаалын тодорхойлолт, шүүхээс тус байгууллагад хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа ба талууд Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй гэх агуулгаар тайлбарлан маргаагүй болно.
9. Тодруулбал Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд дараах иргэнийг хамруулна”, 19.2.2-т “мэргэжлийн үйлчилгээ, тусгай нөхцөл шаардагдсан болон тэжээн тэтгэх хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие хөгжлийн бэрхшээлтэй иргэн” гэж зааснаар Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвд Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл зэрэг аймгуудаас ирсэн хөгжлийн бэрхшээлтэй, тэжээн тэтгэх хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй, ганц бие нийт 18 асруулагч сүүлийн 4 сараас 52 жилийн хугацаанд асруулж байгаа нь тогтоогдсон, уг үйл баримттай талууд маргаагүй.
10. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/174 дүгээр тушаалаар Төрөлжсөн асрамжийн газрын магадлан итгэмжлэх шалгуур хангасан байгууллагын жагсаалтыг баталсан ба уг жагсаалтад Ховд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төв багтсан, тус төвийн асрамжийн үйлчилгээ явуулах эрхийг 2023 оны 10 сарын 31-ний өдрөөс 2026 оны 10 дугаар сарын 31-ний өдөр сунгасан зэргээс үзвэл Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамжийн үйлчилгээ эрхэлдэг байгууллага болох нь тогтоогдож байна.
11. Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 240 дүгээр “Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”-ыг баталсан.
12. Уг жагсаалтын 2-т ТҮЭМ-8 дахь зэрэглэлд төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн орлогч дарга, дэд захирал, бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн орлогч дарга, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга нар хамаарахаар, уг албан тушаалтай дүйцэх албан тушаалтанд “төрөлжсөн халамж, асрамж, сэргээн засахын эмнэлгийн дарга”-ыг хамруулахаар заасан.
13. Энэхүү тогтоолын ТҮЭМ-8 дахь зэрэглэлд хамаарах албан тушаалын дүйцүүлэх албан тушаалд Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн захирал хамаарах эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
14. Засгийн газрын 2023 оны 240 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”-аас үзвэл удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал, түүнд хамаарах албан тушаалын зэрэглэлийг тогтоосон ба ТҮЭМ-8 дахь зэрэглэлд хамаарах албан тушаалтныг “Удирдах” албан тушаалд хамруулсан тул дүйцүүлэх албан тушаал болох “төрөлжсөн халамж, асрамж, сэргээн засахын эмнэлгийн дарга”-ын албан тушаал нь мөн адил удирдах албан тушаалд хамаарах юм.
15. Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын 1.2-д “Албан тушаалын тодорхойлолт” гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын тусгай шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг ойлгоно” гэж заасан.
16. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэхэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн захирлын албан тушаалын тодорхойлолтод “...тус төвийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулахад хяналт тавих, ажилтнуудын үйл ажиллагааг үнэлж, дүгнэлт өгөхөд хяналт тавих, асруулагчийн хувцас, хоол хүнсний хэрэгцээнд анхаарч илчлэг, нормын дагуу хоол хүнсээр үйлчлэхэд анхаарч ажиллахад хяналт тавих, ...” гэх зэрэг ажлын байрны 4 үндсэн зорилтын хүрээнд 15 гол үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан тул захирлын албан тушаал нь тус төвийн удирдах албан тушаалтан байх тул Засгийн газрын 2023 оны 240 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт” –ын 2-т заасан ТҮЭМ-8 дахь зэрэглэлд хамаарах албан тушаалтан байна гэж үзлээ.
17. Хариуцагч нараас “...хяналт шалгалтыг хэрэгжүүлэх явцад тус төвийн нягтлан бодогч нь Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг авч ирж өгсөн. Уг тодорхойлолтод ажлын байрны нэр гэсэн хэсэгт Зохион байгуулагч гэсэн нэршилтэй, албан тушаалын ТҮ-9 гэсэн зэрэглэл зааж өгсөн хэрнээ ТҮЭМ-8 дахь шатлалаар цалин олгосон тул уг акт тогтоосон, өөр ажлын байрны тодорхойлолт авч ирж өгөөгүй...” гэх агуулгаар тайлбарласан.
18. Хэрэгт Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн захирлын ажлын байрны тодорхойлолт” гэсэн нэртэй хэрнээ ажлын байрны нэр хэсэгт “Зохион байгуулагч”, “албан тушаалын зэрэглэл ТҮ-9” гэх, ажлын байрны нэр хэсэгт “Захирал”, “албан тушаалын зэрэглэл ТҮ-9” гэх, ажлын байрны нэр хэсэгт “Захирал”, “албан тушаалын зэрэглэл ТҮЭМ-8” гэх 3 өөр албан тушаалын тодорхойлолт байгаа ба энэ талаар гэрч П.Батнасангийн “...2023 оны 7 дугаар сард Засгийн газраас төрийн албан хаагчдын цалингийн сүлжээг шинэчлэн баталсантай холбоотой “Захирал” гэх нэршилтэй, ТҮЭМ-8 дахь шатлалаар цалинжих Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг 2023 оны 12 дугаар сарын эхээр баталсан” гэх мэдүүлэг, гэрч *******ийн “...сүүлд 2023 онд Засгийн газраас цалингийн хэмжээг өөрчилсөнтэй холбоотой тус төвийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг шинэчилж баталсан...” гэх мэдүүлгээс үзвэл Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын 5.1-д “Албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд шийдвэр гаргаж, албан тушаал тус бүрээр батална” гэж зааснаар хамгийн сүүлд “Ажлын байрны нэр” хэсэгт “Захирал”, “Албан тушаалын зэрэглэл” гэсэн хэсэгт “ТҮЭМ-8” гэх Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн захирлын албан тушаалын тодорхойлолт батлагдсан байна.
19. Хариуцагчийн “...тус төвийн нягтлан бодогч нь ажлын байрны нэр гэсэн хэсэгт Зохион байгуулагч гэсэн нэршилтэй, албан тушаалын зэрэглэлийн ТҮ-9 гэсэн албан тушаалын тодорхойлолт авч ирж өгсөн...” гэж тайлбарлаж байгаа, энэ талаар талууд маргаагүй ба нэхэмжлэгчид төлбөрийн акт тогтоохдоо уг албан тушаалын тодорхойлолтыг үндэслэснийг зөвтгөх боломжгүй байна.
20. Хариуцагчаас “...дээд шатны байгууллагаас бүтэц орон тоог батлах ёстой байтал Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/130 дугаар тушаалаар өөрийн харъяа байгууллага болох Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн зохион байгуулалт, бүтэц орон тоог баталсан нь хууль бус шийдвэр...” гэж тайлбарлан маргасан.
21. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 16.5.3-д “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” эрхтэй гэж заасан.
22. Мөн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага” MNS 5798:2016 стандартын 6.5.3-д “Асрамжийн газрын хүний нөөцийг дараах байдлаар бүрдүүлнэ”, “Захирал, санхүүч, нярав, техникийн ажилтан, сэргээн засах эмч, сувилагч тус бүр 1 байх гэж заасан.
23. Дээрх стандартад Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн үйлчилгээ эрхлэх байгууллагын бүтэц орон тооны стандартыг тогтоосон, түүнчлэн уг стандарттай нийцүүлэн Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Төсвийн тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлж 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/130 дугаар тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн зохион байгуулалт, бүтэц орон тоог баталсныг буруутгах үндэслэлгүй байна.
24. Хариуцагчаас “ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн захирлын албан тушаалын тодорхойлолтод нийгмийн ажилтан мэргэжилтэй хүн ажиллах байтал банкны менежер мэргэжилтэй хүн ажиллаж байгаа...” гэж актын үндэслэлээ тайлбарласан.
25. Энэхүү шийдвэрийн үндэслэх хэсгийн 18-д дурдсанаар “Ажлын байрны нэр” хэсэгт “Захирал”, “Албан тушаалын зэрэглэл” гэсэн хэсэгт “ТҮЭМ-8” гэх Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн захирлын албан тушаалын тодорхойлолт хамгийн сүүлд батлагдсан ба уг албан тушаалын тодорхойлолтын “Тавигдах шаардлага” хэсэгт “нийгмийн ажилтан, менежер, эрх зүйч, эдийн засагч” мэргэжилтэй байх шаардлагыг тусгасан, нэхэмжлэгч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн байх тул “******* нь албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй” гэх энэ шийдвэрийн 24-д заасан хариуцагчийн тайлбарыг зөвтгөх боломжгүй байна.
26. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ховд аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь хэсэг, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрмийн 7.5 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай актыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч /Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д зааснаар энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасан хугацаанд гардаж аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МЯНГАНБАЯР