| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0028/Э |
| Дугаар | 47 |
| Огноо | 2017-01-04 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
Иргэдийн төлөөлөгч С.Чогсом,
Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,
Хохирогч Э.Сугар,
Шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар /ҮД:1514/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г холбогдох 1706007930295 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1985 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин, слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 14 дүгээр гудамжны 267 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Т Г,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:
Т.Гнь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 1 дүгээр гудамжны 8 тоотод иргэн Э.Сугарын толгойн тус газар нь тоосго шидэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Гантүлхүүрийн өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн үед намайг гэрээсээ гараад явж байхад Бат-Эрдэнэ гудамжинд хашааныхаа үүдэндээ намайг дуудсан, Сугар гэрт нь хэвтэж байсан эхнэр нь архи уугаад байж байсан, тэгээд ороод нэг шил архи хувааж уусан Бат-Эрдэнэ, Уянга хоёр намайг дэлгүүрээсээ нэг шил архи аваад өгөөч гэсэн, тэгэхээр нь өнөөдөр зардаггүй өдөр шүү дээ гэсэн, Бат-Эрдэнэ 2 буудлын дэлгүүрээс архи авья гээд цуг такси бариад явсан, гэрт нь очоод уугаад Сугарыг босгож ирээд цуг уусан, Сугар агсам тавиад гадаа гараад барьцалдаж аваад би Сугарыг 2-3 цохиод тэгсэн Бат-Эрдэнэ гарч ирээд намайг барьж аваад би Бат-Эрдэнэтэй муудалцаад тэгээд Сугарын баруун шанаа руу нь тоосго авч шидсэн” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Сугарын өгсөн: “... Гантүлхүүрийн ярьсан үнэн, 2017 оны 08 дугаар сарын 01-ны өдөр Бат-Эрдэнийг дуудахаар нь очсон. Өмнөх өдөр нь цуг архи уусан байсан юм. Маргааш нь Бат-Эрдэнэ миний найз мөнгөтэй юм чинь хүрээд ир гэхээр нь найз охинтойгоо хамт нэг шил архи аваад очсон. Би унтаад өгсөн, унтаж байхад гаднаас Гантүлхүүр орж ирсэн байсан. Энэ гурав архи авч ирээд уугаад дуусаж байхад нь би сэрээд архинаас нь нэг татсан, зодуулж байснаа санаж байна, муудалцсанаа бол санахгүй байгаа, нэг мэдэхэд л цус гоожоод цамцаараа цусаа дарж байсан. Гантүлхүүр дээрээс ус асгаж байсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Би өөр хүнд зодуулаагүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Э.Сугарын өгсөн: “... Тэгээд нэг сэрсэн чинь Т.Гирсэн, тэр 3 шил 0.75 граммын Хараа архи ууж байсан. Би босоод нэг мэдсэн чинь би Гантүлхүүртэй хэрэлдэж байсан, тэгээд шээх гээд гадаа гарахад Гантүлхүүр дагаад гарсан юм шиг байгаа юм, согтуу байсан болохоор сайн санахгүй байгаа юм. Минии санахаар толгой руу Гантүлхүүр өшиглөөд дэвсээд нэг мэдсэн чинь толгойноос цус гарчихсан толгой хагараад цагдаа нар ирсэн байсан. Миний толгой руу тоосгоор цохиод дээрээс савтай ус асгачихаад зугтаасан байсан” гэх мэдүүлэг /хх.8-9/,
Мөрдөн байцаалтад гэрч Д.Өлзий-Уянгын өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нөхөр Сугарын хамт найз Бат- Эрдэнийнд очоод гэрээсээ авч очсон 1 шил архийг уугаад сууж байтал гаднаас Гантүлхүүр гэдэг залуу орж ирээд хамт архи уусан. Ингээд дахиад 1 шил архи нэмж авч уугаад гадаа хашаанд сүүдэрт сууж байхад нь би Бат-Эрдэнийн гэр лүү ороод эргээд гараад иртэл Гантүлхүүр Сугарыг газар унагаачихсан бие рүү нь өшиглөөд байж байсан ба хажууд нь байсан тал тоосгыг аваад толгой руу нь цохиод байсан. Тэгээд Бат-Эрдэнэ бид 2 болиоч гэсэн чинь та нарт ямар хамаатай юм гээд зодоод байсан” гэх мэдүүлэг /хх.13/,
Мөрдөн байцаалтад гэрч Бат-Эрдэнийн өгсөн: “... Тэгээд Э.Сугар урьд өдөр нь архи уусан байсан учраас согтоод унтаад өгсөн ба Өлзий-Уянга, Гантүлхүүр бид 3 Шархадны хоёрын буудлын дэлгүүр лүү явж дахин 1 шил 0.75 Хараа архи аваад буцаж манай гэрт очоод Сугарыг сэрээн босгож ирээд бид 4 манай хашаанд байшингийн сүүдэрт архиа уусан. Тэгээд Сугар нилээн согтоод муудсан. Тэгтэл Сугар, Гантүлхүүр 2 муудалцаад байсан. Юунаас болж муудалцсаныг нь би сайн санахгүй байгаа юм. Тэгээд Сугар, Г 2 бие биетэйгээ барилцаж аваад зууралдахаар нь би салгах гээд дундуур нь ортол Гантүлхүүр намайг цохиод унагасан. Би унахдаа ухаан алдаад унасан байсан, түүнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна. Тэгтэл нэг мэдсэн чинь Гантүлхүүр миний дээрээс ус асгаж байгаад явсан ба явсаных нь дараа цагдаа ирсэн. Намайг сэрээд харахад Сугар нүүр ам нь нилэнхүйдээ цус нөжтөйгөө холилдчихсон толгой нь хагарсан байсан” гэх мэдүүлэг /хх.21/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 9989 дугаартай:
“1. Э.Сугарын биед баруун чамархай ясны цөмөрсөн хугарал, баруун чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхи, хамрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн шарх гэмтэл, баруун чамархайн хатуу хальсан дээрх цус хуралтыг авах мэс заслын дараах байдал тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх нь
эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх.26/,
Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх.31/,
Хохирлоос нөхөн төлсөн баримт /хх.62/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгч Т.Гнь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 1 дүгээр гудамжны 8 тоотод иргэн Э.Сугарыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Э.Сугарын өгсөн: “... Би босоод нэг мэдсэн чинь би Гантүлхүүртэй хэрэлдэж байсан тэгээд шээх гээд гадаа гарахад Гантүлхүүр дагаад гарсан юм шиг байгаа юм, согтуу байсан болохоор сайн санахгүй байгаа юм. Минии санахаар толгой руу Гантүлхүүр өшиглөөд дэвсээд нэг мэдсэн чинь толгойноос цус гарчихсан толгой хагараад цагдаа нар ирсэн байсан. Миний толгой руу тоосгоор цохиод дээрээс савтай ус асгачихаад зугтаасан байсан” гэх мэдүүлэг /хх.8-9/,
Мөн гэрч Д.Өлзий-Уянгын өгсөн: “... Ингээд дахиад 1 шил архи нэмж авч уугаад гадаа хашаанд сүүдэрт сууж байхад нь би Бат-Эрдэнийн гэр лүү ороод эргээд гараад иртэл Гантүлхүүр Сугарыг газар унагаачихсан бие рүү нь өшиглөөд байж байсан ба хажууд нь байсан тал тоосгыг аваад толгой руу нь цохиод байсан. Тэгээд Бат-Эрдэнэ бид 2 болиоч гэсэн чинь та нарт ямар хамаатай юм гээд зодоод байсан” гэх мэдүүлэг /хх.13/,
Мөн гэрч Бат-Эрдэнийн өгсөн: “... Тэгтэл Сугар, Гантүлхүүр 2 муудалцаад байсан. Юунаас болж муудалцсаныг нь би сайн санахгүй байгаа юм. Тэгээд Сугар, Гантүлхүүр 2 бие биетэйгээ барилцаж аваад зууралдахаар нь би салгах гээд дундуур нь ортол Гантүлхүүр намайг цохиод унагасан. Би унахдаа ухаан алдаад унасан байсан, түүнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна. Тэгтэл нэг мэдсэн чинь Гантүлхүүр миний дээрээс ус асгаж байгаад явсан ба явсаных нь дараа цагдаа ирсэн. Намайг сэрээд харахад Сугар нүүр ам нь нилэнхүйдээ цус нөжтөйгөө холилдчихсон толгой нь хагарсан байсан” гэх мэдүүлэг /хх.21/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 9989 дугаартай дүгнэлт /хх.26/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн үед намайг гэрээсээ гараад явж байхад Бат-Эрдэнэ гудамжинд хашааныхаа үүдэндээ байсан тэгээд намайг дуудсан, Сугар гэрт нь хэвтэж байсан эхнэр нь архи уугаад байж байсан, тэгээд ороод нэг шил архи хувааж уусан Бат-Эрдэнэ, Уянга хоёр намайг дэлгүүрээсээ нэг шил архи аваад өгөөч гэсэн тэгэхээр нь өнөөдөр зардаггүй өдөр шүү дээ гэсэн, Бат-Эрдэнэ 2 буудлын дэлгүүрээс архи авья гээд цуг такси бариад явсан, гэрт нь очоод уугаад Сугарыг босгож ирээд цуг уусан Сугар агсам тавиад гадаа гараад барицалдаж аваад би Сугарыг 2-3 цохиод тэгсэн Бат-Эрдэнэ гарч ирээд намайг барьж аваад би Бат-Эрдэнэтэй муудалцаад тэгээд Сугарын баруун шанаа руу нь тоосго авч шидсэн” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Сугарын өгсөн: “... Гантүлхүүрийн ярьсан үнэн, 2017 оны 08 дугаар сарын 01-ны өдөр Бат-Эрдэнийг дуудахаар нь очсон. Өмнөх өдөр нь цуг архи уусан байсан юм. Маргааш нь Бат-Эрдэнэ миний найз мөнгөтэй юм чинь хүрээд ир гэхээр нь найз охинтойгоо хамт нэг шил архи аваад очсон. Би унтаад өгсөн, унтаж байхад гаднаас Гантүлхүүр орж ирсэн байсан. Энэ гурав архи авч ирээд уугаад дуусаж байхад нь би сэрээд архинаас нь нэг татсан, зодуулж байснаа санаж байна, муудалцсанаа бол санахгүй байгаа, нэг мэдэхэд л цус гоожоод цамцаараа цусаа дарж байсан. Гантүлхүүр дээрээс ус асгаж байсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Би өөр хүнд зодуулаагүй” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүгдэгч Т.Г хохирогч Э.Сугарын толгойн тус газар нь тоосго шидэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж тайлбарласан байна.
Т.Гнь хохирогч Э.Сугарын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулахдаа тоосгоор цохисныг зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзэхгүй тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчлөхөөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иймд “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь Т.Гантүлхүүрийг гэм буруутайд тооцсон болно.
Улмаар Т.Гантүлхүүрийн “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан нөхцөл, журмын дагуу тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал,нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Т.Гантүлхүүрийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Т.Гурьд нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 2.500.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Хохирогч Э.Сугар нь Т.Г эмчилгээний зардал 3.400.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны орлого 14.600.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөг нэхэмжилж байх боловч хавтаст хэрэгт 1.251.593 төгрөгийн хохирлын баримт /хх.44-46/ авагдсан ба Т.Гнь хохиролд 2.500.000 төгрөг нөхөн төлсөн учир нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өөрчилсүгэй.
2. Х овогт Т Г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Г оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Т.Гурьд нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 2.500.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Э.Сугар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Т.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Гантүлхүүрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ