Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 125/ШШ2024/0042

 

 

 

 

 

 

2024       09          24                                           125/ШШ2024/0042

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мянганбаяр би даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ХХК,

Хариуцагч: Ховд аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/189 дүгээр захирамжаар “...Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад оролцож ялагч болсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад тус тус газар эзэмшүүлэх...”-ээр шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч “*******” ХХК нь ******* баг, шинэ суурьшлын бүсэд байрлах нийт 0,6 га газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, газар эзэмших гэрээ байгуулан газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

1.2 Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаар захирамжаар “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй нэр дурдсан 13 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон...”-ны дотор “*******” ХХК-нийн эзэмшлийн гэх нийт 0,6 га газрын газар эзэмших эрх  багтсан байна.

1.3. Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 378 дугаар албан бичгээр “*******” ХХК-нийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг нэхэмжлэгчид мэдэгдсэнээр 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 9 сарын 25-ны өдрийн 185 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

1.4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 879 дугаар тогтоолоор тус шүүхийн шүүгчийн 2023 оны 9 сарын 25-ны өдрийн 185 дугаар захирамжийг хүчингүй болгосноос 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 297 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

 

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч “*******” ХХК-нийн захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/189 дугаартай захирамжаар ******* дугаар гэрчилгээтэй, ******* нэгж талбартай ******* дугаартай улсын бүртгэлтэй, Ховд аймгийн Жаргалант сум 11 дүгээр баг шинэ суурьшлын бүсэд 0.6м² нийтийн орон сууцны зориулалттай газрыг "*******" ХХК-ны нэр дээр 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. Би энэ газарт 2020 онд 13,000,000 төгрөгний банз худалдаж аваад хашаа барьсан. Гэтэл 2020 оны 11 дүгээр сараас эхлээд Монгол улс болон дэлхий нийтийг хамарсан "Ковид-19" цар тахал өвчин гарч хөл хорио тавигдсан ба Монгол улсад Ковидын хууль үйлчилж аж ахуйн нэгжийн бүх үйл ажиллагаа зогссон. Бүх гааль хаагдсан, орлогогүй болсон, барилга барих боломжгүй болсон, барилгын материалын үнэ өссөн, эдийн засгийн хямралд орсон.

2022 оны 12 дугаар сараас эхэлж хөл хорио тавьсан. Хөл хорио тавигдсан барилга барих геодезийн зургаа 5,000,000 төгрөгөөр хийлгэсэн. Барилгын зураг төслийг 20,000,000 төгрөгөөр эрх бүхий байгууллагаар хийлгэж дуустал гэнэт газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар хүнээс сонсоод очиход газрыг чинь Засаг дарга хүчингүй болгосон гэж 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр захирамж өгсөн.

Мөн "*******" ХХК өнөөдрийг хүртэл ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй Татвар бүрэн төлсөн, хашаа хаалт барьсан, геодези болон эскиз зураг бүрэн хийлгэсэн, Ховд аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газраас шалгасан шалгалтанд тэнцсэн 2 компани нэг нь манай "*******" ХХК юм.

Ковидын хуулиар энэ үед Монгол улсад аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжсэн байтал бидэнтэй нэг ч удаа уулзаж урьдчилан мэдэгдэлгүйгээр сонсох ажиллагаа хийлгүйгээр хүнд хэцүү үед амьдралын аргагүй байдлыг харж үзэхгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосонд гомдолтой байна.

Ховд аймгийн засаг даргын 2023 оны 7 дугаар сарын сарын 21-ний өдрийн А/410 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамжийн "*******" ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа. Тухайн үед төлөвлөөгүй цаг үеийн байдал бий болсон. Энэ нь ковид цар тахалтай холбоотойгоор дэлхий нийт болон бүх аж ахуйн нэгжүүд үүд хаалга барьсан нөхцөл байдал үүссэн бөгөөд үүнээс болж манай компанийн үйл ажиллагаа нэлээн доголдож ямар ч бизнес эрхлэх боломжгүй болж маргаан бүхий газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Гэтэл аймгийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаар захирамж гарчихсан байсан.

Уг маргаан бүхий захирамж нь учир дутагдалтай гарсан гэж үзэж байгаа. Яагаад гэвэл маргаан бүхий газарт үйл ажиллагаа эрхлэх гэж Газрын харилцаа болон Татварын алба руу манай компаниас шалтгаалах зүйлээ явуулж байсан. Гэвч тухайн үеийн нөхцөл байдал хумигдмал байсан бөгөөд хил гааль хаагдчихсан бараа материалаа татаж оруулж ирэх нөхцөл байдал бүрдээгүй юм.

2021, 2022 оны газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлж байсан. Маргаан бүхий газрыг аваад хашаа татаж байх үед ковид гарч манай компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Түүнээс биш уг газрыг аваад огт ашиглаагүй зүйл байхгүй.

Манай компани уг газрыг зориулалтын дагуу ашиглаагүй биш ашиглаж байгаа. Тухайн газарт хэмжилт хийлгэж зургийн компанитай ярилцаад зураг гаргаад явж байгаа. Манай компанийн үйл ажиллагаа жоохон удаашралтай явж байгаа ч гэсэн хийх ёстой ажлуудыг хийгээд явж байгаа.

Тухайн маргаан бүхий газартай холбоотойгоор ямар нэгэн зөрчил гарсан талаар өнөөдрийг хүртэл манай компанид ямар нэгэн бичиг ирээгүй. Мөн сонсох ажиллагааг утсаар ярьж мэдэгдсэн гэсэн боловч биечлэн ямар нэгэн байдлаар мэдэгдсэн зүйл байхгүй гэв.

 

2.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ХХК нь Ховд аймгийн Жаргалант сумын шинэ суурьшлын бүсэд байрлалтай, нэгж талбарын ******* бүхий 6000 м.кв талбайтай бүхий газрыг Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 189 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай, нийтийн орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй болж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.

1.Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй талаар: Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д "Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор урьдчилан төлж болно" гэж зааснаас үзэхэд газрын төлбөрийг уг хуулийн заалт болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байдаг.

Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөхөөр заасан бөгөөд Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлөх үүрэгтэй, энэ үүргээс зөвхөн Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр л чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх эрхтэй бөгөөд маргаан бүхий газрыг ашиглах хүсэл сонирхол байгаа тохиолдолд хуульд заасны дагуу газрын төлбөрийг төлөх нь нэхэмжлэгчийн үүрэг, энэхүү үүргийг өөр нөхцөл байдалтай холбогдуулан биелүүлэхгүй байх боломжгүй юм.

Гэтэл нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу 2020 оноос 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар ноогдсон 1701569 төгрөг тус бүр төлөхөөс 153569 төгрөг төлж 1.548.000 төгрөг төлөөгүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон.

Тиймээс Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д "газрын төлбөрийг xyульд заасан хугацаанд төлөх" гэж заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тул аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 тоот захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

2. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй талаар: ******* ХХК нь эзэмшлийн газраа зориулалтын дагуу буюу 5-8 давхар нийтийн орон сууцны зориулалтаар ашиглаагүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх заалт, түүнтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний 3.1, 4.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн болно.

3. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох, мэдэгдэх ажиллагааг хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн талаар: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох", 26 дугаар зүйлийн 26.1. "Захиргааны акт гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд ... тайлбар, санал гаргах боломж олгоно" гэсэн заалтыг хариуцагч бүрэн хэрэгжүүлсэн болно. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй", 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" зөрчсөн үндэслэлүүдээр нэхэмжлэгч ******* ХХК нь Ховд аймгийн Шинэ суурьшлын бүсэд байрлалтай, нэгж талбарын ******* дугаартай 6000 кв метр талбай бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.4.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Маргаан бүхий захирамжийн гол агуулга нь тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй мөн газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэдэг үндэслэлээр уг газрыг хүчингүй болгосон. Тухайн газар эзэмшигч нь гэрээнийхээ дагуу тодорхой биелүүлэх үүрэг байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс газар ашиглаагүй нөхцөл байдлаа Ковид-19 гэх цар тахал гарсан учир үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан гэдэг зүйл хэлж байна.

Гэтэл уг тахал нь хэзээ гараад, хэдэн оны хэдэн сар гэхэд хөл хорих дууссан нь тодорхой байгаа. Маргаан бүхий захирамж нь 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гарсан. Уг хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасны дагуу  үүргээ биелүүлэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байгаа. Мөн тухайн газрыг дуудлага худалдаагаар олгох ёстой байсан боловч тухайн үед иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн дагуу төслөөр сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжүүдээс авсан байгаа. Уг төслөөр нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг үнэ төлбөргүй авсан. Уг үнэгүй авсан газраа зориулалтын дагуу ашиглаагүй. Тухай орон сууцжуулах ажил хийгдээгүй учраас маш олон иргэд хохирсон. Уг ажил хийгдсэн бол өнөөдрийн нөхцөл байдал үүсэхгүй байх байсан.

Хоёрдугаарт: Газрын төлбөрийн тухайд газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүй байсан. Энэ талаар баримт хэрэгт байгаа. Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэж маргаан бүхий газрыг хүчингүй болгосон гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/189 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад оролцож, ялагч болсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагад Ховд аймгийн Шинэ суурьшлын бүсэд газар эзэмшүүлэх эрх олгосны дотор “*******” ХХК багтаж байгаа ба нэхэмжлэгч “*******” ХХК-нд тус байршилд 0.6 га газрыг 15 жилийн хугацаатай, орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

3. Улмаар 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, тус өдрийн ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэжээ.

4. Маргаан бүхий Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаар захирамжаар “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “*******” ХХК-нийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

5. Маргаан бүхий захиргааны актад дурдсан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэх үндэслэлийн тухайд:

6. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “...тухайн үед ковид цар тахалтай холбоотойгоор дэлхий нийт болон бүх аж ахуйн нэгжүүд үүд хаалга барьсан нөхцөл байдал үүссэн бөгөөд үүнээс болж хил гааль хаагдчихсан бараа материалаа татаж оруулж ирэх нөхцөл байдал бүрдээгүй тул манай компанийн үйл ажиллагаа нэлээн доголдож ямар ч бизнес эрхлэх боломжгүй болж, маргаан бүхий газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон...” гэж тайлбарласан.

7. Монгол улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай “Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолд “...Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан "… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно…” гэж тайлбарласан ба маргаан бүхий энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бүрдсэн эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.

8. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан.

9. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д,

1/ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр,

2/ гэрээнд заасан зориулалтын дагуу,

3/ тухайн газраа 2 жил дарааллн ашиглаагүй байх гэсэн 3 нөхцөл бүгд бий болсон, үүнийг захиргааны байгууллага нотлох чиг үүргийн хүрээнд баримтаар тогтоосон тохиолдолд газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох ба эдгээр нөхцөлийн аль нэг нь бүрдээгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нь хууль бус юм.

10. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй байх” гэдгийг энэхүү шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д дурдсан “газар эзэмшигчээс үл хамаарах шалтгаанаар, хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай бариагүй байх...” гэж ойлгох ба нэхэмжлэгч нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон, үүнтэй зэрэгцээд 2020-2022 онуудад дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас Монгол улс хил хааж, хөл хорио тогтоосон байсан нь хүндэтгэх үзэх шалтгаанд хамаарах бөгөөд үүнтэй холбогдох нөхцөл байдал нь шүүхээс заавал шалган тодруулах асуудал биш, нийтэд илэрхий нөхцөл тул нэхэмжлэгчийн “...тухайн үед ковид цар тахалтай холбоотойгоор дэлхий нийт болон бүх аж ахуйн нэгжүүд үүд хаалга барьсан нөхцөл байдал үүссэн бөгөөд үүнээс болж хил гааль хаагдчихсан бараа материалаа татаж оруулж ирэх нөхцөл байдал бүрдээгүй...” гэх тайлбар үндэслэлтэй байна.

11. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаан болох цар тахалын улмаас Монгол улс хилээ хааж, хөл хорио тогтоосонтой холбоотой барилгын материал хомсдож, тухайн газраа зориулалтын дагуу буюу 5-8 давхар нийтийн орон сууц барих боломжгүй болсон зэрэг нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчжээ.

12. Маргаан бүхий захиргааны актад дурдсан “...газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй...” гэх үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч “*******” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан. Тус гэрээнд газрын төлбөрт улирал бүр 54000 төгрөг, жилд 216000 төгрөгийн газрын төлбөр төлөхөөр заасан.

13. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ, 5-д Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ гэж тус тус заасан.

 14. Хуулийн дээрх зохицуулалтаар үзвэл тухайн жилд ногдох газрын төлбөрийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар ногдуулж татварын албанд хүргүүлэх, харин татварын албанаас тухайн ногдуулалтын талаарх мэдээллийг нэхэмжлэгчид цахимаар, эсхүл бусад арга хэрэгслээр мэдэгдэх үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл холбогдох байгууллагуудаас төлбөрийн нэхэмжлэхийг мэдээллийн системд оруулсны дараа газрын төлбөр төлөх боломж газар эзэмшигч, ашиглагчид нээгдэнэ гэж үзэхээр байна.

15. Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2020-2022 онуудын газрын төлбөрөө төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, харин Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын кадастрын мэдээллийн санд хийсэн үзлэгээр нэгж талбарын ******* дугаартай газарт /маргаан бүхий газар/ 2023 онд 900.000 төгрөгийн ногдуулалт үүсгэсэн, татварын удирдлагын нэгдсэн системд хийсэн үзлэгээр нэгж талбарын ******* дугаартай газарт газрын төлбөрийн ногдуулалт үүсээгүй нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

16. Энэ нь нэхэмжлэгчид дээрх хуульд заасан 2023 оны газрын төлбөр төлөх нөхцөл байдал үүсээгүй буюу газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрын төлбөрийн дүн, газрын төлбөрийн нэхэмжлэл үүссэн дүн зөрүүтэй, татварын удирдлагын нэгдсэн системд газрын төлбөрийн ногдуулалт үүсээгүй зэрэг нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгчийг газрын төлбөрөө төлөөгүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

17. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан ба энэ нь захиргааны байгууллага бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахын өмнө тухайн этгээдээс урьдчилан тайлбар авч, үзэл бодлоо илэрхийлэх, нотлох баримт гаргаж өгөх боломж олгох зорилготой.

18. Энэ тохиолдолд хариуцагчаас сонсох ажиллагаа явуулснаар газрын төлбөр төлөөгүй нөхцөл байдлыг тодруулах, газрын төлбөрөө төлөх боломж олгох боломжтой байсан. Хариуцагчаас сонсох ажиллагаа явуулсан талаар тэмдэглэл үйлдсэн хэдий ч уг баримтаас харахад Отгонжаргал гэх хүнийг байлцуулан сонсох ажиллагаа явуулсан, “*******” ХХК-нийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар тус компанийн захирлаар ******* бүртгэгдсэн тул сонсох ажиллагаанд эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх этгээдийг оролцуулаагүй, газрын төлбөр төлөх боломжоор хангаагүй байна.

20. Хариуцагч газрын төлбөрөө төлөөгүй хэмээн маргаан бүхий акт гаргахаас өмнө нэхэмжлэгчид энэ тухай мэдэгдэх, төлбөр, алданги төлөх зэргийг тодруулаагүй хэрнээ газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус байна.

20. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаартай захирамжийн “*******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалт, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаартай захирамжийн “*******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.МЯНГАНБАЯР