Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 204/МА2020/00034

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 146/ШШ2020/000532 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Н-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б-д холбогдох 12350000 төгрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г /цахимаар/, нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Н анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Д.Б-д 10 хувийн хүүтэй 6500000 төгрөг зээлийн гэрээ байгуулж зээлдүүлсэн. Д.Б нь анх 7 хоногийн хугацаатай гэж зээл авсан боловч хугацаандаа өгч чадахгүй болоод байна сар сардаа хүүгээ төлөөд явна гэсэн. Ингээд 2017 онд хүүгээ асуудалгүй төлж явсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сараас эхлэн хүүгээ цаг хугацаандаа өгөхгүй болсон. Ингэж явсаар 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүү болох үндсэн мөнгөө төлж барагдуулна гэж бичиг хийж өгөөд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 2018 он болон 2019 оны хүүнд 7000000 төгрөг өгч мөн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 1500000 төгрөг өгч нийт 8500000 төгрөгийг 2018, 2019 оны хүүндээ суутгаж авсан. Үүнээс хойш үндсэн төлбөр болох 2020 оны хүү 5850000 төгрөг нийт 12350000 төгрөгийг Д.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Ц.Х анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н, Д.Б нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр бичгээр гэрээ хийсэн байдаг. Уг гэрээнд 6500000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн байдаг. Жил бүрийн хүүг 10 хувиар бодохоор нийт 7800000 төгрөг болж байна. 2017 онд хүү 7800000 төгрөгөөс 5650000 төгрөгийн хүү төлсөн. 2018 онд хүү 7800000 төгрөгөөс 1320000 төгрөгийн хүү төлсөн. 2019 онд хүү 7800000 төгрөгөөс 7600000 төгрөгийн хүү төлсөн. 2020 оны 1-9 дүгээр сарын хооронд 5850000 төгрөгийн хүү төлөхөөс 1500000 төгрөгийн хүү төлсөн байдаг. Нийт 4 жилийн хугацаанд 29250000 төгрөг төлөхөөс хүүнд 16070000 төгрөгийг төлсөн. Үндсэн 6500000 төгрөгийг төлж барагдуулаагүй байгаа. Нэхэмжлэгч Д.Н-ын зүгээс 2017 оны хүүг бүгдийг өгсөнд тооцсон. Мөн 2018-2019 онд төлсөн 1320000 төгрөг, 7600000 төгрөг, 2020 оны 05 дугаар сард төлсөн 1500000 төгрөг зэргийг 2018-2019 оны хүүнд тооцсон. Энэ нь нийт 10420000 төгрөгийг 15600000 төгрөгийн хүүнд тооцож авсан байдаг. 2020 оны 1-9 дүгээр сар хүртэлх хүү болох 5850000 төгрөгийг үндсэн төлбөр болох 6500000 төгрөг дээр нэмээд нийт 12350000 төгрөгийг хариуцагч Д.Б-аас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б-ийн хувьд 2017 онд 6500000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Н-аас зээлж авсан байдаг. Тухайн үед ямар нэгэн байдлаар зээлийн гэрээ байгуулагдаагүй. Хуульд зааснаар гэрээний хэлбэрийн шаардлага хангахааргүй буюу иргэн Д.Н-т өргөдөл гаргах нь гэж байгаад бичгээр хүсэлт гаргасан баримтыг хэрэгт хавсаргасан байдаг. Нэхэмжлэгч Д.Н-ын зүгээс зээлийн гэрээ байгуулсан гэж байгаа боловч тухайн зээлийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч талын дурдсан төлсөн гэх мөнгөн дүнгүүд дээр санал нийлж байна. Хариуцагч Д.Б нь өнөөдрийг хүртэл нийт 16070000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Н-т төлсөн байдаг. Зээлийн гэрээ байгуулаагүй учраас хуульд зааснаар хүү авах эрхээ алдана гэсэн үг. Хариуцагч Д.Б нь үндсэн 6500000 төгрөгийг төлснөөс гадна 9570000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Н-т илүү төлсөн байна. Ийм учраас дахин нэхэмжлэгч Д.Н-т мөнгө төлөх шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Н-ын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б-д холбогдох 12350000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Н давж заалдах гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Өмгөөлөгч Ц.Х миний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож шүүхэд нэхэмжлэл гаргаж надад зөвлөгөө өгөхдөө буруу зөвлөгөө өгч, зөвхөн 2020 оноос хойших хүүг нэхэмжилж өмнөх онуудын хүүг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэж 2018, 2019 оны хүүний үлдэгдлийг нэхэмжлээгүй, дутуу нэхэмжлэл гаргаж анхан шатны шүүх хуралд оролцсон учраас миний бие хохироод байна. Би Д.Б-д мөнгө зээлүүлж гэрээ байгуулахдаа сарын 10 хувийн хүүтэй тохирч, Д.Б нь тухайн үед яаралтай мөнгөний хэрэгтэй байна гэж надаас гуйж авсан юм. Уг мөнгийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зээлүүлсэн. Зээлийн гэрээн дээр 7 хоногийн хугацаатай гэж бичигдсэн байдаг боловч Д.Б нь өөрийн хүсэлтээр хүүгээ сар сардаа өгөөд явж байя, мөнгөний бололцоо болохгүй байна, банкнаас зээл хөөцөлдөөд бүтэхгүй байна, түр хүлээж байгаарай гэж хэлсээр өдийг хүрсэн юм. Д.Б нь 2017 ондоо хүүгээ төлөөд явж байсан. 2018 оноос хүүгээ цаг тухайд нь өгөхөө больж эхэлсэн. Д.Б нь өөрийн хүсэлтээр мөнгөний бололцоо болохгүй байна, ямар ч боломжгүй болчихоод байна, банкнаас зээл хөөцөлдөөд бүтэхгүй байна гэж дахин дахин хэлсээр л байсан. Миний бие Д.Б-д итгэж найдаад, хүлээгээд л байсан. 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Д.Б-тай уулзаж ярилцаад 2018, 2019 оны хүүг бөөндөнө, мөн үндсэн зээл болох 6.500.000 төгрөгийн хамт өгнө гэж ярьж тохироод, бичгээр баталгаажуулж 2019 оны 09 дүгээр сарын 30-нд төлж барагдуулна гэж бичиг хийж өгсөн. 2017 оны хүүнд 2017.03.16-нд 650.000 төгрөг, 2017.04.12-нд 650.000 төгрөг, 2017.06.19-нд 500.000 төгрөг, 2017.10.17-нд 500.000 төгрөг, 2017.12.27-нд 200.000 төгрөг нийт 2.500.000 төгрөг болсон. Ингээд тухайн үед энэ оны хүүг дууссанаар тооцсон. 2018 оны хүү 7.800.000 төгрөг авах ёстойгоос 2018.02.27-нд 300.000 төгрөг, 2018 03.26-нд 400.000 төгрөг, 2018.05.30-нд 120.000 төгрөг, 2018.12.03-нд 500.000 төгрөг нийт 1.320.000 төгрөг авсан. Үлдэгдэл 6.480.000 төгрөгийг өгөөгүй. 2019 оны хүү мөн адил 7.800.000 төгрөг авах ёстойгоос 2019.01.18-нд 500.000 төгрөг, 2019.05.17-нд 100.000 төгрөг, 2019.10.01-нд 7.000.000 төгрөг авч үлдэгдэл 200.000 төгрөгийг өгөөгүй. 2020 оны хүү 5.850.000 төгрөг авахаас 2020.05.04-нд 1.500.000 төгрөг авч үлдэгдэл 4.350.000 төгрөгийг өгөөгүй. Ингээд нийт авсан, өгсөн мөнгөний тооцоо Д.Б бид хоёрын дансны хуулгаар тохирч, нийлж байгаа юм. Нийт дүн 12.920.000 төгрөгийг авсан байдаг. Иймд миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х нь 2018, 2019 оны үлдэгдлийг оруулж нэхэмжлээгүй дутуу нэхэмжлэл гаргасан байна. Ингээд 2018 оны хүүний үлдэгдэл 6.480.000 төгрөг 2019 оны үлдэгдэл хүү 200.000 төгрөг, 2020 оны үлдэгдэл хүү 4.350.000 төгрөг. Нийт хүү 11.030.000 төгрөг, үндсэн төлбөр 6.500.000 төгрөг нийт 17.530.000 төгрөгийг нэхэмжлэх ёстой байсан. Иймд өмгөөлөгч Ц.Х нь зөвлөгөө өгөхдөө буруу зөвлөгөө өгч 2018, 2019 оны үлдэгдэл хүүг дутуу нэхэмжилж зөвхөн 2020 оны хүүг нэхэмжилсэн байсан бөгөөд намайг 5.180.000 төгрөгөөр хохироож, миний нэхэмжлэлийн бүрэн эрхийг гаргаж нэхэмжлэл буюу шүүх хуралд оролцож чадаагүй. Иймд би өмгөөлөгч Ц.Хаас татгалзсан. Шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.4-т зааснаар зээлийн гэрээгээр талууд тохиролцон хүү тогтоож болно, мөнгө зээлдүүлэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно. Д.Н-аас Д.Б-д 6.500.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлж 7 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй тохиролцож тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзээд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь ямар хуулийн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй байгаа тул гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгөх эсвэл анхан шатны шүүх дээр нэхэмжилсэн 12.350.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х 16.070.000 төгрөг авсан гэж бичсэн байсан энэ худлаа 12.920.000 төгрөгийг авсан нь баримтаар нотлогдоно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Д.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 12350000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Д.Н нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 6500000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай сарын 10 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн, зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, талууд зээлийн гэрээг сунгаж, хүү тохиролцсон гэрээг бичгээр байгуулаагүй тул Д.Н нь зээлийн хүү, үндсэн зээл 6500000 төгрөгийг шаардах эрхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

 Нэхэмжлэгч Д.Н-ын “...үндсэн төлбөр болох 2020 оны хүү 5850000 төгрөг нийт 12350000 төгрөгийг Д.Б-аас гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...зээлийн хүүгээ жил тутамд төлнө гэсэн боловч төлөөгүй...” гэх тайлбарыг /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/ хүлээн авах хангах үндэслэлгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2-т хэлэлцэн тохирсон хэлбэрээр үүргийн харилцаа үүсэхэд гэрээг тохирсон хэлбэрээр байгуулна. Гэрээний талууд тохиролцож гэрээний хугацааг сунгах эрхтэй ба хугацааг сунгахдаа үндсэн гэрээний хугацаа дуусахаас өмнө сунгасан байхыг шаарддаг. Д.Н зээлийн гэрээний үндсэн үүрэг 6500000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй боловч Д.Б 12.920.000 төгрөгийг төлсөн тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Талууд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 6500000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй гэрээ байгуулсан хэдий ч уг гэрээг бичгийн хэлбэрээр сунгасан үйл баримт тогтоогдоогүй тул хариуцагч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар гэрээнд заасан хугацаанаас хойш хүүг төлөх үүрэг хүлээхгүй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалтаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч хүү шаардах эрхгүйг зохицуулснаас бус  харин зээлдэгч  хүүг зөвшөөрөх, зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн хүүг буцаан шаардах эрхийн үндэслэлд дээрх хуулийн зохицуулалт хамааралгүй болно.

 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж, үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, нэхэмжлэгч Д.Н-ын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Нэхэмжлэгч Д.Н-ын гомдлыг хангахгүй орхисон тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.         

 Монгол улсын  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 146/ШШ2020/00532 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Нын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Н-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

  4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.