Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/421

 

 

      2023            4             18                                          2023/ДШМ/421

 

Б.Э, Ш.Б нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Бат-Амгалан,

хохирогч, шүүгдэгч Б.Э,

шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Х.Чинбат,  

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/159 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Бгийн өмгөөлөгч Х.Чинбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Э, Ш.Б нарт холбогдох эрүүгийн 2210004640256 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Б.Э
  2. Ш.Б

                 Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Миний гэр хотхоны 60-г байрны 65 тоотод хохирогч М.Нзодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

                 шүүгдэгч Ш.Б нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Миний гэр хотхоны 60-г байрны 65 тоотод Б.Эын буруутай үйл ажиллагааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, цээж, нуруу, шилбэнд цус хуралт, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

               Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Э, Ш.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

               Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон баатар овогт Баярсайханы Б.Э, Сартуул овогт Шоовдорын Ш.Б нарыг тус бүр “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ш.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Ш.Б нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Ш.Б нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Э, Ш.Б нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Э, Ш.Б нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ш.Бгийн өмгөөлөгч Х.Чинбат гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/159 дугаар шийтгэх тогтоолын Ш.Бд холбогдох хэсгийг бүхэлд нь эс зөвшөөрч анхан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

            Нэг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

            1. Шүүгдэгч Ш.Б тус гэмтлийг учруулаагүй, гэрч Б.Сайханжаргал хамар ясны гэмтлийг учруулсан, хохирогч М.Н нүдний болон бусад гэмтлийг хохирогч Б.Эод учруулсан талаар:

            Тус хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгүүдээр шүүгдэгч Ш.Б нь хохирогч Б.Эын хамран тус газар болон нүүрэн тус газарт цохисон талаарх үйл баримт хөдлөшгүй нотлох баримтаар тогтоогдоогүй, гэрчийн мэдүүлгүүдээр Ш.Бг Б.Эын хамар ясны хугарал, таславчны мурийлт, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, цээж нуруу, шилбэнд цус хуралт үүсгэх үйлдэл хийсэн гэж аль ч гэрч шууд тодорхой мэдүүлээгүй, Ш.Б нь Б.Эын хамар болон нүд рүү цохиж байгааг хэн ч хараагүй байдаг. Харин хохирогч Б.Э нь шүүгдэгч Ш.Б надад тус гэмтлийг учруулаагүй, өөр этгээд тус гэмтлийг учруулсан гэж тодорхой мэдүүлээд байхад уг асуудлыг шүүх анхаарч үзээгүй бөгөөд Ш.Бг тус гэмт хэргийг үйлдсэн гэх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байхад түүнд ял оноосон нь үндэслэлгүй. Харин шүүхээс хохирогч М.Нын “Бямбаа найз нь намайг Б.Эоос салгаад найзыгаа загнаад 1-2 удаа цохиж авч байгаа харагдсан”, гэрч Б.Сайханжаргалын “Бямбаа Б.Этой барьцалдаж аваад байсан”, гэрч Б.Мөнхтамирын “Бямбаа найз нь дарж хэсэг суусан, тэгж байхдаа түлхсэн, цохисон зүйл байх шиг байсан” гэсэн мэдүүлгүүдээр түүнийг тус гэмт хэргийг үйлдсэн, эдгээр гэрчийн мэдүүлгийг няцаах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй юм. Гэтэл дээрх дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогдоогүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна. Тодруулбал,

            Гэрчүүдийн аль ч мэдүүлэг дээр Ш.Бг Б.Эын хамар болон нүд рүү цохиж байгаа талаар тодорхой заадаггүй, зөвхөн таамгийн шинжтэй цохьсон байж магадгүй, цохиж байгаа харагдсан гэдэг. Өөрөөр хэлбэл гэрчүүдийн хэн аль нь Ш.Б Б.Эыг цохьсны улмаас тус гэмтэл учирсан, хамар хугарсан, нүд нь хөхөрсөн гэж шууд заагаагүй байдаг.

            Хохирогч Б.Э, шүүгдэгч Ш.Б нар нь Б.Эын биед Ш.Б биш гэрч Б.Сайханжаргал сөжүний шилээр цохиж хамрыг нь хугалсан, М.Н нь нүд рүү нь гараа хийж нүдийг нь хөхрүүлсэн буюу тус гэмтлийг хэн, яаж учруулсан талаар тодорхой гэрчилдэг. Мөн М.Н Б.Сайханжаргал нь Б.Этой хардалтын улмаас маргалдаж цохьсон гэж мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэг гарах үед хэргийн газар байсан гурван этгээдийн мэдүүлгээр хамар ясны хугарал гэмтлийг Б.Сайханжаргал учруулсан гэдгийг нотлоод, тодорхой мэдүүлээд байхад анхан шатны шүүх Ш.Бгээс өөр этгээд энэ талаар мэдүүлээгүй гэж бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн байна.

            Анхан шатны шүүх хуралдаан дээр гэрч, хохирогч, шүүгдэгч нар тайлбар мэдүүлэг өгөхдөө өмнө мөрдөн шалгах ажиллагааны үед тодорхойгүй зөрүүтэй байсан үйл баримтын талаар мэдүүлэг өгч зөрүүг арилгасан. Тодруулбал, Б.Э, Ш.Б нар нь Б.Сайханжаргал сөжүний шилээр хохирогчийн нүүр рүү цохиж нүдний шилийг хагалсан мөн ийнхүү хоёр шил хавиралдах үед сөжүний шил хагарсан улмаар түүний хамрыг хугалсан, мөн тэрээр өөрөө хагарсан сөжүний шилэн дээр гишгэсэн талаар нөхцөл байдал тодорхой болсон. Мөн Ш.Б нь Б.Этой зодолдоогүй, түүнийг зодож гэмтэл учруулаагүй, харин Б.Э Б.Сайханжаргал, М.Н нарын хоорондын маргаан, зодооныг болиулсан, гэмт хэрэг гарахаас таслан зогсоосон талаар гэрчүүд маш тодорхой мэдүүлсэн. Гэтэл үүнийг шүүхээс маргааныг таслан зогсоох нэрийдлээр Б.Эын биед гэмтэл учруулсан гэж үзсэн.

            2. Ш.Б нь Б.Этой зодолдох бус М.Н, Б.Сайханжаргал, Б.Э нарын харилцан зодооныг зогсоох, салгаж болиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйлдэл хийсэн талаар:

            Хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдээр шүүгдэгч Ш.Бг ямар үйлдэл хийсэн талаар гэрчүүд тодорхой мэдүүлдэг бөгөөд маргаан зодооныг таслан зогсоох үйлдэл хийсэн талаар гэрчилдэг. Үүнд:

            2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хохирогч М.Нын “...Бямбаа Б.Эын хувцасыг өмсүүлэх гээд чадахгүй байсан ... Бямбаа найз нь намайг Б.Эоос салгаад орон дээр суулгасан” гэх /хх11/, 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хохирогч М.Н гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Б.Э ямар ч хувцасгүй нүцгэн шалдан гүйгээд байхаар нь Бямбаа хувцасыг нь өмсүүлэх гээд нэлээн ноцолдсон, ... Би цохиулсаныхаа дараа Мөнхтамирт цагдаа дууд гэж хэлчихээд эргээд хартал намайг Б.Э цохьсон. Тэгээд Бямбаа Б.Эыг болиулаад ...” гэх / хх-н 14/, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэрч Б.Сайханжаргалын “... Б.Э уурлаад бид маргалдсанаа санаж байна, Бямбаа Б.Эыг авч явах гээд татаж чангаагаад Б.Э босохгүй байсан... ” гэх /хх-н 17/, 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б.Сайханжаргал гэрчээр “...Б.Э бид хоёр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдсан бөгөөд Бямбаа дундуур орж салгасан....” гэх /хх-н 19/, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Б.Эын "...Хардалтаас болж хэрүүл үүссэн. Тэгээд Б.Сайханжаргалтэй хэрэлдэж байх үед М.Н дундуур орж ирээд миний нүд рүү гараа хийсэн. Тэр үед манай эрэгтэй найз Ш.Б биднийг салгасан.” гэх / хх-н 22/, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэрчээр Ш.Бгийн “...Б.Э Сайханжаргал хоёр хардалтын улмаас маргалдаад эхэлсэн. Тэндээс М.Н дундуур нь орж ирээд хэрэлдсэн. Тэр 3 барьцалдаад авчихсан байсан. Би очиж М.Н Б.Э хоёрыг салгасан. ...Би найзыгаа юу гэж цохихов дээ, М.Н руу дайраад байхаар нь буйдан руу суулгаж дараад босгохгүй байсан. Тэр бол найзыгаа хамгаалж байгаа хэрэг шүү дээ, намайг гар хөлөөс нь татах үед биед нь хөхрөлт үүссэн байж болзошгүй. Харин би нүүр аманд нь хүрээгүй.” гэх /хх-н 24/, 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гэрчээр Б.Мөнхтамирын “...Б.Э ах найз Бямбаа руугаа агсраад байсан, найз нь тайвшруулж унтуулах гээд хичээгээд дараад байсан, Б.Э ах нүцгэн байхад Бямбаа хувцсыг нь өмсгөх гээд ноцолдоод байсан. Б.Эыг зодсон хүн байгаа юу гэхэд зодсон хүн байхгүй. Харин Б.Э ах Сайханаа эгч болон М.Н эгч хоёрыг зодох гээд агсраад байхаар нь найз Бямбаа нь унтуулах гэж нэлээд аргалсан боловч дийлэхгүй байхаар нь хэсэг дарж суусан. Б.Э ахыг агсраад унтуулах гэж цааш нааш татаж чангаагаад байхад бие нь хөхөрсөн байж магадгүй. Ерөнхийдөө тэр өдөр Б.Э ахыг дийлэх хүн байгаагүй, ганцхан Бямбаа ах л аргалж дарж байсан.” Гэх /хх-н 28/, 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Б.Э яллагдагчаар “...Ш.Б намайг битгий хэрүүл хий, хамт гаръя гэсэн. Намайг зодохоор хүн тэнд байгаагүй. Бямбаа ч гэсэн намайг боль гээд түлхэж чангаасан.” гэх /хх-н 51/, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагчаар Б.Эын “...Энэ маргаан эхлээд Сайханжаргал бид хоёр маргалдаж байхад М.Н дундуур орж ирсэн. Ингээд М.Н бид 3 зууралдаад байж байхад М.Н намайг цохихоор нь би цаашаа түлхсэн. Түүний дараа Ш.Б орж ирээд больцгоо гэж хэлсэн.” гэх /хх-н 84/, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гэрчээр Ш.Бгийн “...Сайханжаргал Б.Э, М.Н 3 бол хоорондоо зууралдчихсан тас тас гээд бие биенийгээ цохиод алгадаад байсан. Би уг маргааныг таслах зорилгоор Б.Эыг салгаж авсан” гэх /хх 86/, 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хохирогчоор Б.Эын “...Тэгээд Ш.Б хүрч ирээд миний хувцсыг өмсүүлээд тэр хоёроос намайг салгаад тайвшраад сууцгааж байсан чинь цагдаа нар гаднаас ирээд намайг авч явсан.” гэх /хх-н 138/, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагчаар Ш.Бгийн “...Б.Эын гар утас дугараад Сайханжаргал алгадаад түлхэж барьсан. Тэгээд М.Н нь найзыгаа өмөөрөөд Б.Этой зууралдсан. Тэгээд тэр гурвыг би очиж тайвшруулаад юу яачихав гээд гүйгээд очсон түүгээр дүүрэн архины шил хагарчихсан байсан. Сайханжаргал нэлээд согтуу М.Нтай нийлээд Б.Э руу дайрч байхад нь би салгасан юм.” гэх /хх-н 148/ мэдүүлгүүд хэрэгт авагдсан.

            Өөрөөр хэлбэл, дээрх мэдүүлгүүдээр Ш.Б нь Б.Этой зодолдох бус М.Н, Б.Сайханжаргал, Б.Э нарын харилцан зодооныг зогсоох, салгаж болиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйлдэл хийсэн, Б.Эыг зодсон, хамар хугалсан, нүд хөхрүүлсэн үйлдэл хийгээгүй байдаг. Энэ үйлдэл гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

            Хоёр. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

            Анхан шатны шүүх Ш.Б нь Б.Эын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлшгүй нотлох баримтаар тогтоогдоогүй байхад буюу Ш.Бг тухайн гэмтлийг бий болгоогүй өөр этгээд бий болгосон талаар гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг байхад шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн ял оноож шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй юм. Тодруулбал,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл, эс үйлдэхүй байх; Нийгэмд аюултай байх; Гэм буруутай байх шинжийг хангасан байх зэрэг урьдчилсан нөхцөлүүд хангагдсан байх ёстой.

            Гэтэл Ш.Бгийн хийсэн үйлдэл нь дээрх гурван шинжийг хангаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй бөгөөд харин ч эсрэгээрээ нийгмийн гишүүн Монгол Улсын иргэн болохынхоо хувьд “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-д заасан иргэний үүргээ биелүүлсэн. Тус хуулийн 31 дүгээр зүйлд “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар иргэний эрх, үүрэг, 31.1.Иргэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар дараах үүрэг хүлээнэ: 31.1.4. “гэмт халдлагаас өөрийн буюу бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хуулийн хүрээнд хамгаалах үүрэгтэй” гэж заасны дагуу Б.Э, М.Н, Б.Сайханжаргал нарыг гэмт хэрэг үйлдэх вий, нэгнийхээ эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах вий гэж болгоомжилж салгах үйлдэл хийсэн нь гэмт хэрэг биш юм.

            Шүүх болон прокурорын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөвхөн яллах биш, цагаатгах талын нотлох баримтыг мөн цуглуулах, үнэлж дүгнэх ёстой бөгөөд хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүх талаас нь бүрэн дүүрэн, бодитой, хамааралтай байдлаар нь авч үзэх ёстой байсан. Тус хэрэгт Ш.Бгийн хохирогч болоод байгаа Б.Эын бүх мэдүүлэг дээр Ш.Б намайг цохиогүй, зодоогүй, өөр этгээд цохьсон тус гэмтлийг учруулсан гэдэг. Гэмт хэргийн улмаас хохирсон хүн бол нотлох баримтын эх сурвалжуудын тэргүүн эрэмбэд багтах бөгөөд түүний мэдүүлгийг үнэлэхэд бусад баримтаар батлагдсан эсэхийг бус, бусад баримтаар няцаагдаж буй эсэхийг анхаарч үздэг. Б.Эын мэдүүлгийг үндэслэл бүхий няцаасан баримт байдаггүй. Харин ч шүүгдэгч Ш.Бгийн мэдүүлгээр давхар нотлогддог. Иймд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ш.Б тус гэмтлийг учруулсан нь тогтоогдохгүй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлд заасан гэм буруугийн зарчмын дагуу Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу түүнийг гэм буруугуй гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Ш.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ш.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Б.Эод гэмтэл учруулаагүй. Үүссэн маргааныг салгасан болохоос надад Б.Эыг цохих шалтгаан байгаагүй. Б.Эыг сөжүний шилээр цохиулсны дараа би дээлээ тайлж гүйж очоод тэднийг салгаж, тайвшруулсан. Иймд шийтгэх тогтоолыг үндэслэлгүй гарсан гэж үзэж байна.” гэв.

            Хохирогч, шүүгдэгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл маш ихээр хэрэглэсэн байсан бөгөөд Б.Сайханжаргал гэх эмэгтэй намайг унтаж байхад сөжүний шилээр цохиж, хамраас цус гаргасан. Улмаар би босоод хэрүүл үүсгэсэн. Ш.Б миний хамрын хугарлыг үүсгээгүй. Тухайн үед үүссэн асуудлыг зогсоохоор биднийг салгасан ч ямар нэгэн байдлаар надад хохирол учруулаагүй. Үүнд цагдаагийн байгууллага буруу ажиллаж, буруу шийдвэрүүд гаргасан.” гэв.

            Прокурор З.Бат-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй гэж байна. Гэвч гэрч Б.Сайханжаргал нь мөрдөн байцаалт болон анхан шатны шүүх хуралдааны явцад Б.Эын биед учирсан гэмтлийг Ш.Б учруулсан талаар удаа дараа мэдүүлсэн. Мөн хохирогч үүнийг баталж, шүүх хуралдаанд Ш.Б өөрийг нь цохисон талаар мэдүүлсэн. Мөн өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл буруу гэж маргаж байгаа боловч түүний үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж тогтоосон. Иймд Ш.Бд холбогдох хэргийг цагаатгах үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ш.Бгийн өмгөөлөгч Х.Чинбатын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.  

            Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Миний гэр хотхоны 60-г байрны 65 тоотод хохирогч М.Нзодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

            хохирогч М.Нын “...Б.Эын найз Ш.Б бид хоёр гаднаас орж ирэхэд Б.Э, Сайханжаргал 2 маргалдаад зогсож байхаар нь би дундуур нь орсон чинь Б.Э миний үснээс татаад толгой руу 4-5 удаа цохиод авсан. Цагдаа дуудсаны дараа багалзуурдсан. ...” /1хх 10-12, 83/,

            гэрч Б.С “...Би Б.Этой танилцаад 2 жил гаруй болж байна. Энэ хугацаанд бид 2 найзалж нөхөрлөж ирсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Ямар ч байсан Б.Эод уурлаад бөөн хэрүүл маргаан болоод л Б.Э М.Ныг түлхээд намайг цохиод түүний дараа Ш.Бтэй барьцалдаж аваад байсан. Тухайн үйл явдлыг нэг бүрчлэн санахгүй байна. Б.Эод дээрх гэмтлүүдийг хэн учруулсныг мэдэхгүй. ...” /1хх 16-17, 85/,  

            гэрч Ш.Бгийн “...М.Н Б.Этой барилцаад авчихсан маргалдаж байсан. Би очиж М.Н, Б.Э хоёрыг салгасан. Намайг салгахад М.Н Б.Эыг заамдчихсан, Б.Э зөрүүлээд бас цээжин хэсгээс нь бариад авчихсан байсан. Би цохиж зодож байгааг хараагүй. ...” /1хх 23-25/,

            гэрч Б.Мын “...М.Н эгчийг цагдаа дуудлаа гэж хэлсэний дараа Б.Э ах М.Н эгчийг 2-3 удаа мангасдсан. М.Н эгч болохоор Б.Э ахыг Сайхнаа эгчийг зодлоо гэж уурлаад үг хэлэхээр Б.Э ах уурлаад мангасдсан. М.Н эгчийн хүзүү болон хацар нь улайсан, үс нь арзайсан байдалтай байсан.” /1хх 27-30/ гэх мэдүүлгүүд,

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2584 дугаартай “...М.Нын биед тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 33-34/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдаанд талуудыг тэгш эрхтэй оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн зохих дүгнэлт хийн хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.  

Шүүгдэгч Б.Эыг хохирогч М.Нын биед “тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

              Харин анхан шатны шүүхээс Ш.Бг 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Миний гэр хотхоны 60-г байрны 65 тоотод Б.Эын буруутай үйл ажиллагааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, цээж, нуруу, шилбэнд цус хуралт, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй болжээ. 

             Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан хохирогч Б.Эын “...тухайн үед би найз Ш.Бг дуудсан, Ш.Б ирээд дахиж 4 сөжү, 8 пиво, 1 вино авсан. Тэгээд бөөндөө хувааж уугаад би унтаад өгсөн юм. Тэгээд унтаж байсан чинь миний хамар руу сөжүний шилээр нэг нь цохисон, хэн цохисныг нь хараагүй, тэгээд би Сайханжаргалтай муудалцсан. Тэгээд хажуугаас М.Н Сайханжаргалыг өмөөрч орж ирээд миний нүд рүү гараа хийгээд 2-3 удаа миний нүүр рүү алгадсан. Тэгээд Ш.Б хүрч ирээд миний хувцсыг өмсүүлээд тэр хоёроос намайг салгаад тайвшраад сууцгааж байсан. ...” /1хх 137-138/, гэрч Б.Мын “...Б.Э ах Сайхнаа эгч болон М.Н эгч хоёрыг зодох гэж дайраад агсараад байхаар нь найз Бямбаа нь унтуулах гэж нилээн аргалсан боловч дийлэхгүй байхаар нь дарж хэсэг суусан. Цагдаа дуудчихаад Б.Э ах цагдаа ирэх хооронд гарч явах гээд байхаар нь М.Н эгч явуулахгүй гэж зууралдаад байсан.” /1хх 27-30/, яллагдагчаар Ш.Бгийн “...тухайн үед Б.Эын гар утас дугараад Сайханжаргал хардаад алгадаад түлхэж барьсан. Тэгээд М.Н найзыгаа өмөөрөөд Б.Этой очиж зууралдсан. Сайханжаргал нилээн согтуу, М.Нтай нийлээд Б.Э руу дайрч байх үед би салгасан. ...” /1хх 147-148/ гэх мэдүүлгүүдээр Ш.Б нь Б.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдохгүй байгаагаас гадна Ш.Бгийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хөдөлбөргүй нотолж чадаагүй байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Иймд ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ... эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан прокуророос Ш.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж, шүүгдэгч Ш.Бгийн өмгөөлөгч Х.Чинбатын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/159 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Г.Ш.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай. 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Шоовдорын Ш.Бг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” гэсэн хэсгийг, 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... торгох ялаар” гэсэн хэсгийг, мөн тогтоох хэсгийн 3, 4, 5 дахь заалтуудын Ш.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                       ШҮҮГЧ                                 Т.ШИНЭБАЯР

 

                        ШҮҮГЧ                                Б.АРИУНХИШИГ