Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 129/ШШ2024/00526

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 129/ШШ2024/00526

Архангай аймаг

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б овогт Д.М-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 18,723,872.24 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Иргэн Д.М нь тус компанид анх 2012 онд ажилд орж албан тушаал ахин А аймагт байрлах М дэлгүүрийн ... дугаар салбарын дарга буюу менежерийн албан тушаалд томилогдон ажилласан. Д.М нь дэлгүүрийг мэргэжлийн удирдлагаар хангаж, дэлгүүрийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан, дэлгүүрийн алдагдлыг хэвийн хэмжээнд байлгахыг хариуцан ажиллах ёстой байсан ч салбар дэлгүүрийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж чадаагүйгээс үүдэж 2024 оны 4-8 дугаар саруудад хариуцсан дэлгүүр нь их хэмжээний өр дутагдал гаргасан. Энэхүү нөхцөлийг цааш удаан даамжруулахгүйн тулд удирдлагын хорооны МД-307 салбарын дэлгүүрийн дарга Д.М нь дэлгүүрийн менежерийн албан тушаалын чиг үүргийг бүрэн хэрэгжүүлж чадахгүй, үүрэгт ажилдаа алдаа дутагдал аргасан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал шийдвэр гарсантай холбогдуулан бараа материал үлдэгдэл баталгаажуулах болон хөрөнгийн хяналтын тооллого орж санхүү албаны хяналтын баг болон М дэлгүүрийн нягтлан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн тооллогоор тус салбар дэлгүүрт маш их хэмжээний төгрөгийн бараа материал дутагдалтай гарч ажил хүлээлцүүлсэн. М ХХК-ийн Алдагдал нөхөн барагдуулах журам, Хяналтын ба хуваарьт тооллогын журмын дагуу дэлгүүрийн менежер буюу дарга нь сар бүрийн дэлгүүрийн бараа материалын шахаа тооцоог хянаж, гарсан дутагдлыг нягтлан бодогчоор хуваалгаж, түүнийг үнэн зөв эсэхийг хянаж гарын үсэг зурдаг ба тус албан тушаалд ажиллахдаа тус үүргээ гүйцэтгэж байсан. Мөн өөрийн хариуцлага алдсаны улмаас үүссэн өр төлбөр дээр өөрийн гарын үсгээ зурж баталгаажуулж явж ирсэн. Иймд манай байгууллагад үүссэн авлага болох 18,723,872.24 төгрөгийг Д.Мээс гаргуулж өгнө үү ” гэжээ.

Хариуцагч Д.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Д овогтой М миний бие А аймгийн М ХХК-ийн М дэлгүүр 306 салбарыг хариуцан ажиллаж байсан болно. 2024.08.21-ний өдөр дэлгүүх хүлээлцэж тооллого явагдаж тус тооллогоор 18,723,872 төгрөгийн өр дутагдал гарсан. Иймд М ХХК-ийн 18,723,872 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Д.Мт холбогдуулан “18,723,872.24 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Д.М нь нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй, нэхэмжлэлийн шаардлага болох  18,723,872.24 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл ийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,000 төгрөгөөс 126,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Мээс улсын тэмдэгтийн хураамж 126,000 төгрөг, улсын орлогоос 126,000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 129/ШЗ2024/02815 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХХК-ийн “18,723,872.24 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Д.Мийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл ийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,000 төгрөгөөс 126,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Мээс улсын тэмдэгтийн хураамж 126,000 төгрөг, улсын орлогоос 126,000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

3.Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 129/ШЗ2024/02815 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэ захирамжийг хариуцагч Д.М сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан зохигч  давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН