Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 129/ШШ2024/00091

 

 

 

 

 

 

 

 

 

                              129/ШШ2023/00091

 

 

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                       

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар

Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын . тоотод оршин суух Х овгийн Г.М

Хариуцагч: А аймгийн Э сумын . тоотод оршин суух С овгийн Н.Г

Нэхэмжлэлийн шаардлага: 70,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч Н.Г

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл

Нэхэмжлэгч Г.М өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлтээ бичгээр гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Н.Г-д холбогдуулан 70,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

- Би Н.Г-той 2022 оны 5 сарын 16-ны өдөр үндсэн зээл 60,000,000 төгрөг, сарын 5,000,000 төгрөгийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Н.Га-той 2022 оны 5 сарын 16-ны өдөр гэрээ байгуулах үед бэлэн болон бэлэн бусаар нийт 60,000,000 төгрөгийг Н.Г-д өгсөн байсан. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 6 сарын 16-нд дууссаны дараа Н.Г нь 2022 оны 12 сарын 23-ны өдөр Г.М надад 15,000,000 төгрөг шилжүүлсэн. Уг 15,000,000 төгрөгийг үндсэн зээлээс 10,000,000 төгрөг, хүү 5,000,000 төгрөг буцааж өгсөн гэж үзэж байна. Үлдэгдэл мөнгөө өгөхийг Н.Г-с шаардахад өгөөгүй учраас үндсэн зээл 50,000,000 төгрөг, гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцож 20,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөг гаргуулахаар 2023 оны 12 сарын 19-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд хандсаны дараа Н.Г 2024 оны 12 сарын 28-нд 20,000,000 төгрөг өгсөн. Н.Г нийт 35,000,000 төгрөг төлсөнтэй маргахгүй. Иймд Н.Г-н төлсөн 20,000,000 төгрөгийг нэхэмжилсэн 70,000,000 төгрөгөөс хасаж тооцох үндэслэлтэй тул Н.Г-с 50,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Н.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Би 60,000,000  төгрөг авахаар Г.М-тэй 2022 оны 5 сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдах үед 60,000,000 төгрөг орж ирээгүй. Гэрээ байгуулагдсаны дараа 15,000,000 төгрөгөөр 2 удаа цувуулж өгч, нийт 30,000,000 төгрөг шилжүүлсэн байсан. Үлдэгдэл 30,000,000 төгрөгийг нь удахгүй өгнө гэсэн боловч Г.М шилжүүлээгүй, надад өгөөгүй. Би Г.М-с бэлнээр огт мөнгө аваагүй. Гэрээний 6.1-д гэрээний зүйл болох мөнгийг дансанд бүрэн шилжүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болно гэж заасан. Гэтэл би Г.М-с 60,000,000 төгрөг аваагүй. 30,000,000 төгрөг л авсан учраас би дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Г.М-с авсан 30,000,000 төгрөгөө хүүтэй нь 35,000,000 төгрөг болгож буцааж өгсөн. Г.М-ний 70,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс:

- Г.М, Н.Г нарын 2022 оны 5 сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ

- Г.М-ний ХААН банкны 5135014549 тоот дансны 2022 оны 5 сарын 10-ны өдрөөс 2022 оны 5 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хуулга зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас:

- Н.Га-н Голомт банкны 6255110980 тоот дансны 2022 оны 12 сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 сарын 31, 2023 оны 12 сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хуулга,

- ХААН банкны дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.М-ий хариуцагч Н.Г-д холбогдуулан гаргасан 70,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

            2. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

- Би Н.Г-той 2022 оны 5 сарын 16-ны өдөр үндсэн зээл 60,000,000 төгрөг, сарын 5,000,000 төгрөгийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Н.Г-той 2022 оны 5 сарын 16-ны өдөр гэрээ байгуулах үед бэлэн болон бэлэн бусаар нийт 60,000,000 төгрөгийг өгсөн байсан. Н.Г нь 2022 оны 12 сарын 23-ны өдөр 15,000,000 төгрөг буцааж өгсөн. Уг 15,000,000 төгрөгийг үндсэн зээлд 10,000,000 төгрөг, хүү 5,000,000 төгрөг өгсөн гэж үзэж байна. Үлдэгдэл мөнгөө өгөхийг Н.Г-с шаардахад өгөөгүй учраас үндсэн зээлийн үлдэгдэл 50,000,000 төгрөг, гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцож 20,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөг гаргуулахаар 2023 оны 12 сарын 19-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд хандсаны дараа Н.Г 2024 оны 12 сарын 28-нд 20,000,000 төгрөг өгсөн. Н.Г нийт 35,000,000 төгрөг төлсөн. Иймд Н.Г-н төлсөн 20,000,000 төрөгийг нэхэмжилсэн 70,000,000 төгрөгөөс хасаж тооцох үндэслэлтэй тул Н.Г-с 50,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:

Би Г.М-тэй 2022 оны 5 сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдах үед 60,000,000 төгрөг орж ирээгүй. Гэрээ байгуулагдсаны дараа Г.М 15,000,000 төгрөгөөр 2 удаа цувуулж өгч, нийт 30,000,000 төгрөг шилжүүлсэн байсан. Үлдэгдэл 30,000,000 төгрөгийг нь удахгүй өгнө гэсэн боловч Г.М шилжүүлээгүй, надад өгөөгүй. Би Г.М-с бэлнээр огт мөнгө аваагүй. Гэрээний 6.1-д гэрээний зүйл болох мөнгийг дансанд бүрэн шилжүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болно гэж заасан. Гэтэл би Г.М-с 60,000,000 төгрөг аваагүй, 30,000,000 төгрөг л авсан учраас дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Г.М-с авсан 30,000,000 төгрөгөө 35,000,000 төгрөг болгож буцааж өгсөн. Г.М-ий 70,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Г.М, Н.Г нарын 2022 оны 5 сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, Г.М-ий ХААН банкны 5135014549 тоот дансны 2022 оны 5 сарын 10-ны өдрөөс 2022 оны 5 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хуулга, Н.Г-ын Голомт банкны 6255110980 тоот дансны 2022 оны 12 сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 сарын 31, 2023 оны 12 сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хуулга, ХААН банкны дансны хуулга, зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч Г.М 2022 оны 5 сарын 16-ны өдөр 60,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай сарын 5,000,000 төгрөгийн хүүтэй хариуцагч Н.Га-д зээлэхээр тохиролцож бичгээр гэрээ байгуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Г.М надад хэлэхдээ бэлэн болон бэлэн бусаар 60,000,000 төгрөг шилжүүлсэн үүнийг Н.Ганболд хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан” гэж, хариуцагч Н.Г “гэрээ байгуулсны дараа Г.М 15,000,000 төгрөгийг 2 удаа хийж, нийт 30,000,000 төгрөг авсан. Бэлнээр нэг ч төгрөг аваагүй. 60,000,000 төгрөг аваагүй” гэж тайлбарладаг.  

 

Зээлийн гэрээний 3.4-т бэлэн бусаар 5156143740 тоот дансанд 2022-05-16-ны өдөр зээлдүүлэгч мөнгийг шилжүүлэхээр заажээ.

 

Нэхэмжлэгч Г.М ХААН банкны 5135014549 тоот данснаас 2021 оны 08 сарын 29-нд 5,000,000, 2021 оны 08 сарын 26-нд 10,000,000 төгрөгийг дээрх 5156143740 тоот данс руу шилжүүлсэн байх боловч зээлийн гэрээний 3.4-д зээл олгох хэлбэр хугацааг: бэлэн бусаар ХААН банкны 5156143740 тоот дансанд 2022-05-16-ны өдөр зээлдүүлэгч мөнгийг шилжүүлнэ гэж заасан тул 2021 онд шилжүүлсэн нийт 15,000,000 төгрөгийг 2022 оны 05 сарын 16-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдэгч Н.Га-д шилжүүлсэн мөнгө гэж үзэх боломжгүй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Н.Г-д 30,000,000 төгрөг шилжүүлсэн гэдгээ нотлох баримтаар нотолж чадахгүй байх тул хариуцагчийн “30,000,000 төгрөгийг Г.М надад шилжүүлсэн” гэсэн тайлбарыг үндэслэн Г.М-йг хариуцагч Н.Г-д 30,000,000 төгрөг зээлсэн гэж үзлээ.

 

Хариуцагч Н.Г “Би Г.М-с бэлнээр огт мөнгө аваагүй. Гэрээний 6.1-д гэрээний зүйл болох мөнгийг дансанд бүрэн шилжүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болно гэж заасан. Би Г.М-с 60,000,000 төгрөг аваагүй. 30,000,000 төгрөг л авсан учраас дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна” гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Н.Га-д зээлийн гэрээний дагуу 60,000,000 төгрөг шилжүүлээгүй 30,000,000 шилжүүлснийг Г.М гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй гэж үзэх ба энэ нь гэрээний зүйлийг шилжүүлээгүй, гэрээ байгуулагдаагүй гэх нөхцөл байдал биш юм.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Зээлийн гэрээгээр хариуцагч Н.Г нь нэхэмжлэгч Г.М-д үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүү 5,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байжээ.

 

            Хариуцагч Н.Г нь нэхэмжлэл гаргахаас өмнө үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг төлсөн нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 20,000,000 төгрөг төлсөн нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б-йн “шүүхэд хандсаны дараа Н.Г 2024 оны 12 сарын 28-нд 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн” гэсэн тайлбар болон Голомт банкны дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Г.М байнга ашиг олох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй, зохигч хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийсэн тул хариуцагч гэрээнд заасан хүү 5,000,000 төгрөг төлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Н.Г үндсэн зээлд 30,000,000 төгрөг, гэрээгээр тохирсон хүү 5,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөг нэхэмжлэгч Г.М-д төлсөн байна.

 

Мөн гэрээний 3.7-д хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр заасан тул нэхэмжлэгч Г.М хариуцагч Н.Г-с Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг.  Нэхэмжлэгч Г.М шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Н.Г-н төлсөн 15,000,000 төгрөгийг хасаж алданги нэхэмжилснээс үзэхэд шүүхэд нэхэмжлэл гаргах үед хариуцагч Н.Г-н гүйцэтгээгүй үүрэг 20,000,000 төгрөг байсныг тэрээр 2024 оны 12 сарын 28-нд /шүүхэд нэхэмжлэл өгсний дараа/ төлжээ.

 

Иймд хариуцагчийн гэрээнд заасан хугацаанд төлөөгүй 20,000,000 төгрөгийн хугацаа хэтрүүлсэн алдангийг тооцоход хэтэрсэн 530 хоногт 10,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т зааснаар нэхэмжлэгч Г.М-д төлөх үүрэгтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч Г.М-г хариуцагч Н.Г-с үндсэн зээл 30,000,00 төгрөг, хүү 5,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг нэхэмжлэх эрхтэй байснаас гэрээний үүрэг 35,000,000 төгрөгийг хариуцагч төлсөн учир Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Н.Г-с алданги 10,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.М-д олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 40,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

6. Шүүх дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 /таван зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Га-с 307,950 /гурван зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.М-д олгов.

 

            7. Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн 1 хуудас ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй учир үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Н.Г-с 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40,000,000 /дөчин сая/ төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 /таван зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Г-с 307,950 /гурван зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.М-д олгосугай.

             3. Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.БАЙГАЛМАА