| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0433/Э |
| Дугаар | 52 |
| Огноо | 2017-01-04 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч Э.Оюунтунгалаг,
Иргэдийн төлөөлөгч Л.Галт,
Хохирогч Д.Ганцогт,
Шинжээч Ч.Эрдэмболор,
Шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг /ҮД:0169/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Лид холбогдох 2017 2501 0936 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1977 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 5 дугаар гудамжны 111 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Б Л
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:
Б.Л нь согтуурсан үедээ 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны В1 давхарын өрөөнд иргэн Д.Ганцогттой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний зүүн гарын шуу хэсэгт хутгаар зүсэж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Лийн өгсөн: “...Мөрдөн байцаах шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Мөрдөн байцаагч хутган дээр чинь чиний хурууны хээ гарсан байна гэж тулгаж мэдүүлэг авсан. Намайг мөн чи хэргээ хүлээх юм бол хэрэг чинь зүгээр өнгөрнө гэж дарамталж мэдүүлэг авсан” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ганцогтын өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр цуг ажилладаг хүмүүстэйгээ нийлж 2 шил архи хувааж уусан. Тэгээд гэртээ ирж эхнэртэйгээ нэг шил архи хувааж уугаад эхнэртэйгээ маргалдсан. Гэрт Б.Л байхаар нь би Б.Лийн хамар руу цохиход шүүгдэгч гараад явсан. Би гэрт байсан улаан хүрэн иштэй хутгаар өөрийн гарыг зүсэж гэмтэл учруулсан байх, би сандрахдаа цагдаад Лхагвадорж миний гарыг зүссэн гэж мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ч.Эрдэмболорын өгсөн: “...Хохирогчид учирсан гэмтэл ямар ч байдлаар зүсхэд үүсэх боломжтой. Хохирогчид учирсан гэмтэл нь хурц иртэй зүйлээр зүсхэд үүснэ. Хохирогч өөрөө өөрийгөө ясанд хүртэл тийм гэмтэл учруулж чадахгүй” гэх мэдүүлэг,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн: “... өрөөний эд хогшил нь эвдэрч гэмтсэн зүйлгүй ба бохир, эхүүн үнэртэй, хулдаасан шал нь 2.3м х1.4м хэмжээтэй улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон, ширээний зүүн талд ягаан өнгийн хувинд улаан өнгийн цус мэт шингэн байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авч шинжээч цагаан өнгийн самбайгаар шалан дээрх цус мэт толбоноос шинжилгээнд хүргүүлэх зорилгоор дээж болгон авснаар үзлэгийг дуусгав...” гэх тэмдэглэл, мөн хэргийн газрын үзлэгийн фото зургийн үзүүлэлт /хх.5-7/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.13-14/,
Бор өнгийн иштэй хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.15/,
Хутгыг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол /хх.16/,
Камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол /хх.17/,
Мөрдөн байцаалтад хохирогч Д.Г өгсөн: “2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр манай СӨХ- ийн дарга ажилчидаа цайлсан юм... би нэг мэдсэн цэргийн төв эмнэлэгт зүүн гартаа хутгалуулсан гээд хэвтэж байсан... камер шүүж үзэхэд тэр өдөр эхнэр бид 2-ыг амарч байхад эхнэрийн дүү Л 2 удаа манайд ороод гарсан бичлэг байсан гэсэн... камерын бичлэгээр бол эхнэрийн дүү Лхагвадоржоос өөр хүн эхнэр бид 2-ыг амарч байхад ирээгүй байсан бөгөөд Лхагвадорж намайг гэмтээсэн юм шиг байгаа юм. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй, нэхэмжпэх зүйл байхгүй. Л нь миний эмчилгээний зардалд одоогоор 1 сая орчим төгрөг гаргасан байгаа юм...” гэх мэдүүлэг /хх.20-21/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Бат-Очирын өгсөн: “... би орон дээрээ унтаж байхад манай нөхөр Ганцогт намайг татаж сэрээсэн бөгөөд хартал Ганцогт гаран дээрээ нэг даавуу тавьчихсан гарнаас нь цус гарсан байсан... Ганцогт намайг түргэн дууд гэхээр нь би гарч хүнээс утас гуйж түргэн дуудсан. Шалан дээр цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх.22-23/,
Мөрдөн байцаалтад гэрч О.Оргилсанаагийн өгсөн: “... хутгалуулсан хүн байна гэх дуудлагыг хүлээн авч очиж шалгахад тус гараашид ажиллаж амьдардаг гэх ... Дамдиндорж овогтой Ганцогтын зүүн гарнаас нь цус гарсан байдалтай боолт хийсэн байсныг 103 дуудаж эмч Хишигжаргал гэх хүнд хүлээлгэн өгч явуулсан... мөн хамт байсан эхнэр нь гэх Баатарсүрэнгийн Бат-Очироос болсон хэргийн талаар асуухад “Миний төрсөн дүү болох Баатарсүрэнгийн Лхагвадорж нь маргааны улмаас манай нөхөр Ганцогтын гаран тус газарт нь хутгалаад гараад явчихсан” гэсний дагуу Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр лүү Б.Лийн гэрийн хаягийг эгч Бат-Очироор нь заалгуулан очиж Б.Л гэгчийг олж Улиастай 120-д саатуулсан. Хэргийн газраас цус мэт зүйлээр бохирлогдсон хутгыг хураан авч мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Х.Батзулд өгсөн... Ганцогт нь асуусан асуултанд хариулах чадвартай, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай, зүүн гар нь нилэнхүйдээ цус болсон, зүүн гарын булчин хэсгээр боолт хийсэн, гарын шуу хэсэгтээ боолт хийсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх.29/,
Мөрдөн байцаалтад гэрч Л.Булганы өгсөн: “... би тус өдөр цэргийн төв эмнэлгийн гэмтлийн яаралтай тусламжийн тасагт үүрэг гүйцэтгэж байсан... Ганцогт гэдэг хүн зүүн гарын шуу хэсэгтээ хутгалуулсан байдалтай 2017 оны 03 дугаар сарын 06-ны 21 цагийн үед 103-аар хүргэгдэж ирсэн. Ганцогтыг үзэхэд өвчтөн цус алдалтын дараах шокийн байдалтай, ухаан самуурсан, амнаас нь архи үнэртсэн, зүүн гар нь цус нэвтэрсэн боолттой, орж ирсэн. Боолтыг задлахад зүүн гарын шууны дунд гуравны нэг хэсэгт хурц зүйлээр үүсгэгдсэн арьс, булчин, шөрмөс, артер, вен, мэдрэл бүгд тасарсан гүн зүсэгдсэн шархтай байсан. Шархнаас их хэмжээний цус урсан гарч байсан. Яаралтай тусламжийн өрөөнд тусламж үзүүлэх боломжгүй байсан тул яаралтай журмаар амь насны заалтаар хагалгаанд оруулсан. Хагалгаагаар артер, венийн судсуудыг боож, мэдрэл болон булчин, шөрмөсүүдийг боломжоор нь залган сэргээх хагалгаа хийсэн... Ганцогт нь ирэх үедээ биеийн байдал нь маш хүнд шоктой ирсэн. Дээрх арга хэмжээг яаралтай аваагүй байсан бол өвчтөн амь нас эрсдэх аюултай байсан...” гэх мэдүүлэг /хх.30-31/,
Мөрдөн байцаалтад гэрч Д.Базарпүрэвийн өгсөн: “... хамт байсан эхнэр нь гэх Баатарсүрэнгийн Бат-Очироос болсон хэргийн талаар асуухад “Миний төрсөн дүү болох Баатарсүрэнгийн Лхагвадорж нь маргааны улмаас манай нөхөр Ганцогтын гаран тус газарт нь хутгалаад гараад явчихсан” гэсэн...” гэх мэдүүлэг /32-33/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 3633 дугаартай:
“1.2. Д.Ганцогтын биед зүүн шуунд богтос болон шууны артерийн судас, мэдрэл, булчин гэмтээсэн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь хурц ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
5. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8 болон 3.3.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна” гэх дүгнэлт /хх.39/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2563, 1439, 2562, 4691, 4690, 4703 дугаартай дүгнэлтүүд /хх.41, 44, 47, 49, 50, 52/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 427 дугаартай:
“Болсон хэргийн талаар /өөрийн үгээр/ Хүргэнийдээ очиж маргаад зодолдоод гал тогоонд ширээн дээр байсан хутгыг аваад бугуйг нь зүссэн гэж баруун гарын бугуйг зааж ярина. Буруу юм хийснээ мэдэж байна уу гэхэд тийм гэж толгой дохино, гэмшиж байна уу гэхэд гэмшиж байна гэнэ. Хэдэн цагийн үед болсон хэрэг вэ гэхэд үдээс хойш 4, 5 цагийн үед байх гэнэ...
“1/ Б. Л нь хэрэг үйлдэгдэх үед Р:70 буюу хөнгөн оюуны хомсдол өвчтэй байсан байна. Б.Л нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадвартай байсан байна. Б.Л нь үйлдсэн хэргийн талаар өөрийн оюуны түвшинд зөв тайлбар, мэдүүлэг өгөх чадвартай байна.
2/ Б.Л нь Р:70 хөнгөн оюуны хомсдол оношоор БЗД-ийн ӨЭМТ-ийн эмчийн хяналтанд байдаг болно. Б.Л нь цаашид эмчилгээний байнгын хяналтанд байх шаардлагатай.
3/ Б.Л нь одоо Р:70 буюу хөнгөн оюуны хомсдол өвчтэй байна.
4/ Б.Л нь хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /хх.55-56/,
Мөрдөн байцаалтад Б.Лийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “... нэг мэдэхэд би юунаас болж маргалдсанаа санахгүй байна, Ганцогттой маргалдаад ширээн дээр байсан бор өнгийн эвхдэг жижигхэн тонгоргыг аваад Ганцогтын зүүн гарын шууг 1 удаа зүссэн. Тэгээд цус их гарахаар нь би утсаар нь түргэн дуудчихаад яваад өгсөн... би сонсгож байгаа ялыг зөвшөөрч байна... намайг очиход Ганцогт согтуу байсан. Намайг чи муу пизда зайл, чамаар яадаг юм, наахуу минь гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан... тэгээд бид 2 заамдалцаж авахад Ганцогт миний хамар луу гараараа 1 удаа цохьсон бөгөөд миний хамарнаас цус гарсан. Тэгэхээр нь би хамраа гараараа арчаад ширээн дээр ил байсан хутга аваад Ганцогтын зүүн гарынх нь шуу хэсэгт нэг удаа хутгаар зүссэн...” гэх мэдүүлэг /хх.62-66/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.68/,
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтосон акт /хх.73/,
Хохирогч Д.Ганцогтын хүсэлт /хх.75/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Б.Л нь согтуурсан үедээ 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны В1 давхарын өрөөнд иргэн Д.Ганцогттой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний зүүн гарын шуу хэсэгт хутгаар зүсэж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мөн хэргийн газрын үзлэгийн фото зургийн үзүүлэлт /хх.5-7/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.13-14/,
Бор өнгийн иштэй хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.15/,
Хутгыг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол /хх.16/,
Камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол /хх.17/,
Мөрдөн байцаалтад хохирогч Д.Ганцогтын өгсөн: “... камер шүүж үзэхэд тэр өдөр эхнэр бид 2-ыг амарч байхад эхнэрийн дүү Лхагвадорж 2 удаа манайд ороод гарсан бичлэг байсан гэсэн... камерын бичлэгээр бол эхнэрийн дүү Лхагвадоржоос өөр хүн эхнэр бид 2-ыг амарч байхад ирээгүй байсан бөгөөд Лхагвадорж намайг гэмтээсэн юм шиг байгаа юм. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй, нэхэмжпэх зүйл байхгүй. Лхагвадорж нь миний эмчилгээний зардалд одоогоор 1 сая орчим төгрөг гаргасан байгаа юм...” гэх мэдүүлэг /хх.20-21/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Бат-Очирын өгсөн: “... би орон дээрээ унтаж байхад манай нөхөр Ганцогт намайг татаж сэрээсэн бөгөөд хартал Ганцогт гаран дээрээ нэг даавуу тавьчихсан гарнаас нь цус гарсан байсан... Ганцогт намайг түргэн дууд гэхээр нь би гарч хүнээс утас гуйж түргэн дуудсан. Шалан дээр цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх.22-23/,
Мөрдөн байцаалтад гэрч О.Оргилсанаагийн өгсөн: “... хамт байсан эхнэр нь гэх Баатарсүрэнгийн Бат-Очироос болсон хэргийн талаар асуухад миний төрсөн дүү болох Баатарсүрэнгийн Лхагвадорж нь маргааны улмаас манай нөхөр Ганцогтын гаран тус газарт нь хутгалаад гараад явчихсан гэсэн... Хэргийн газраас цус мэт зүйлээр бохирлогдсон хутгыг хураан авсан... Ганцогт нь асуусан асуултанд хариулах чадвартай, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай, зүүн гар нь нилэнхүйдээ цус болсон, зүүн гарын булчин хэсгээр боолт хийсэн, гарын шуу хэсэгтээ боолт хийсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх.29/,
Мөрдөн байцаалтад гэрч Л.Булганы өгсөн : “... Ганцогтыг үзэхэд өвчтөн цус алдалтын дараах шокийн байдалтай, ухаан самуурсан, амнаас нь архи үнэртсэн, зүүн гар нь цус нэвтэрсэн боолттой, орж ирсэн. Боолтыг задлахад зүүн гарын шууны дунд гуравны нэг хэсэгт хурц зүйлээр үүсгэгдсэн арьс, булчин, шөрмөс, артер, вен, мэдрэл бүгд тасарсан гүн зүсэгдсэн шархтай байсан. Шархнаас их хэмжээний цус урсан гарч байсан. Яаралтай тусламжийн өрөөнд тусламж үзүүлэх боломжгүй байсан тул яаралтай журмаар амь насны заалтаар хагалгаанд оруулсан. Хагалгаагаар артер, венийн судсуудыг боож, мэдрэл болон булчин, шөрмөсүүдийг боломжоор нь залган сэргээх хагалгаа хийсэн... Ганцогт нь ирэх үедээ биеийн байдал нь маш хүнд шоктой ирсэн. Дээрх арга хэмжээг яаралтай аваагүй байсан бол өвчтөн амь нас эрсдэх аюултай байсан...” гэх мэдүүлэг /хх.30-31/,
Мөрдөн байцаалтад гэрч Д.Базарпүрэвийн өгсөн: “... хамт байсан эхнэр нь гэх Баатарсүрэнгийн Бат-Очироос болсон хэргийн талаар асуухад миний төрсөн дүү болох Баатарсүрэнгийн Лхагвадорж нь маргааны улмаас манай нөхөр Ганцогтын гаран тус газарт нь хутгалаад гараад явчихсан гэсэн...” гэх мэдүүлэг /32-33/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3633, 2563, 1439, 2562, 4691, 4690, 4703 дугаартай дүгнэлтүүд /хх.39, 41, 44, 47, 49, 50, 52/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 427 дугаартай дүгнэлт /хх.55-56/,
Мөрдөн байцаалтад Б.Лийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “... нэг мэдэхэд би юунаас болж маргалдсанаа санахгүй байна, Ганцогттой маргалдаад ширээн дээр байсан бор өнгийн эвхдэг жижигхэн тонгоргыг аваад Ганцогтын зүүн гарын шууг 1 удаа зүссэн. Тэгээд цус их гарахаар нь би утсаар нь түргэн дуудчихаад яваад өгсөн... би сонсгож байгаа ялыг зөвшөөрч байна... намайг очиход Ганцогт согтуу байсан. Намайг чи муу пизда зайл, чамаар яадаг юм, наахуу минь гэх мэтээр хэл амаар доромжпоод байсан... тэгээд бид 2 заамдалцаж авахад Ганцогт миний хамар луу гараараа 1 удаа цохьсон бөгөөд миний хамарнаас цус гарсан. Тэгэхээр нь би хамраа гараараа арчаад ширээн дээр ил байсан хутга аваад Ганцогтын зүүн гарынх нь шуу хэсэгт нэг удаа хутгаар зүссэн...” гэх мэдүүлэг /хх.62-66/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ч.Эрдэмболорын өгсөн: “...Хохирогчид учирсан гэмтэл ямар ч байдлаар зүсхэд үүсэх боломжтой. Хохирогчид учирсан гэмтэл нь хурц иртэй зүйлээр зүсхэд үүснэ. Хохирогч өөрөө өөрийгөө ясанд хүртэл тийм гэмтэл учруулж чадахгүй” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Лийн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 427 дугаартай дүгнэлт /хх.55-56/, Б.Лийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт /хх.73/ зэргээс үзэхэд Б.Лийг сэжигтэн, яллагдагчаар байцаахдаа /хх.64-66/ өмгөөлөгч оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.1, 1.3-т тус тус зааснаар хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй, монгол хэл, бичиг мэдэхгүй сэжигтэн, яллагдагчид холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлээр тэдгээр мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй, эх сурвалжаа зааж чадаагүй хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй, хэрэгт шууд нотлох баримт байхгүй, гэрч Б.Бат-Очир, О.Оргилсанаа, Л.Булган, Д.Базарпүрэв нарын мэдүүлэг нь дамжмал нотлох баримт учир хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан.
Б.Л нь бүрэн бус дунд боловсролтой болох нь гэрч Ш.Сосорханд /хх.34-35/, Б.Одгэрэл /хх.36-37/ нарын болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдсон, мөн түүний сэтгэцийн хөнгөн оюуны хомсдол өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй байдал тогтоогдоогүй, тэгээд ч Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 427 дугаартай дүгнэлт /хх.55-56/ гарахаас өмнө буюу 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээс мэдүүлэг авсан, түүнчлэн мөрдөн байцаалтад хохирогч, холбогдогчийн өгсөн мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт тэдгээрийн өгсөн мэдүүлэгээс илүү ач холбогдолтой, үнэн зөв гэж үзэхээр байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй байна.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт Б.Лийг холбогдуулж прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.
Б.Лийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч болох ба 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан ял нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан ялаас харьцангуй хүндэрсэн байх тул шинэ хуулийг буцаан хэрэглэвэл шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах юм.
Иймд хүндрүүлэх нөхцөлгүйгээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь Б.Лийг гэм буруутайд тооцсон болно.
Улмаар Б.Лийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон эрүүгийн хариуцлага түүнд оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Б.Лийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогч Д.Ганцогт нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял шийтгэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Б.Лсогтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн СД 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь хадгалж, хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Б.Л урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 1.000.000 төгрөг сайн дураар нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С овогт Б Л хүндрүүлэх нөхцөлгүйгээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д тус тус заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Б.Лид 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Б.Лид оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Б.Лид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн СД 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь хадгалж, 13 см урт бариултай, 16.8 см урт ажлын хэсэгтэй хар өнгийн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Б.Л урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 1.000.000 төгрөг сайн дураар нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Лид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ