Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 301/ШШ2025/00058

 

 

                                                   

 

                                                    

                             

 

 

 

 

 

 

                                     301/ШШ2025/00058

  

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: А аймгийн Б сумын . багт оршин суух Б овгийн Ж.О

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Ж.О

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Э

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч Ж.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

 Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

 

- Би 1993 оны 9 сард цагдаагийн курс төгсөж ирээд Архангай аймгийн Цагдаагийн хэлтэст хэв журмын цагдаагаар томилогдсон. Би Архангай аймгийн Цагдаагийн хэлтэст эрүүлжүүлэхийн цагдаагаар 1994 онд, 1995 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих жижүүрийн цагдаагаар, 1996-1999 онд Архангай аймгийн Батцэнгэл сум, 1999-2001 онд Архангай аймгийн Ихтамир сум, 2001-2004 онд Архангай аймгийн Цэнхэр суманд цагдаагаар, хэсгийн төлөөлөгчөөр 2004-2005 оныг дуусталх хугацаанд ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажлаас гарсан тушаал байхгүй. Архангай аймгийн Нийгмийн даатгалын газар ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй учраас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолго гэсэн хариу өгсөн. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Иймд миний Архангай аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаагаар 1993 оны 11 сарын 16-ны өдрөөс 2005 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Ж.О өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Архангай аймгийн Нийгмийн даатгалын газар ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй учраас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолго гэсэн зөвлөмж өгсөн байдаг. Хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн Ж.Оч-н Архангай аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаагаар 1993 оны 11 сарын 16-ны өдрөөс 2005 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цэргийн болон цагдаагийн алба хаагч нарын тэтгэвэрт гарах нөхцөл шаардлага нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулагддаг. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.6-д “орон тоо бүтэц зохион байгуулалт, биеийн эрүүл мэнд, цэргийн алба хаах нас хэтэрсэн” гэж заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн, ажилласан нийт жил нь 10-аас дээш байгаа тохиолдолд 52 нас хүрээд хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсдэг. Ж.О-н ажиллаж байсантай холбоотой баримт гарсан учраас түүний тэтгэврийг Архангай аймгийн Нийгмийн даатгалын газар тогтоох боломжтой. Гэвч Ж.О-н ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй гэв.

 

4. Хүсэлт гаргагчаас:

- Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын 2020 оны 5 сарын 27-ны өдрийн 8510/1032 тоот лавлагаа,

- гэрэл зураг

- Ж.О-д холбогдох 2000-2005 он хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа

- 396901 дүгээр хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

           

            5. Хүсэлт гаргагч Ж.О-н хүсэлтээр П.М, Б.О нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

6. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 сарын 25-ны өдрийн 01/862 тоот албан бичиг

- Ж.О, Д.Б нарын гэрлэсний ХААТР-15 маягт, иргэний үнэмлэх, паспорт авах өргөдөл ХААТР-21Б, 1988 оны 11 сарын 21-ний өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл ИУБ-31Б маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/

- Татварын ерөнхий газрын 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 07/8 тоот албан бичиг

- Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын 2024 оны 12 сарын 31-ний өдрийн 28-10/2263 тоот лавлагаа зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Ж.О-н нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах зорилгоор Архангай аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаагаар 1993 оны 11 сарын 16-ны өдрөөс 2005 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын 2020 оны 5 сарын 27-ны өдрийн 8510/1032 тоот лавлагаа, гэрэл зураг, Ж.Оч-д холбогдох 2000-2005 он хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, 396901 дүгээр хөдөлмөрийн дэвтэр, ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 сарын 25-ны өдрийн 01/862 тоот албан бичиг, Ж.Очирваань, Д.Болор-Эрдэнэ нарын гэрлэсний ХААТР-15 маягт, иргэний үнэмлэх, паспорт авах өргөдөл ХААТР-21Б, 1988 оны 11 сарын 21-ний өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл ИУБ-31Б маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, Татварын ерөнхий газрын 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 07/8 тоот албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын 2024 оны 12 сарын 31-ний өдрийн 28-10/2263 тоот лавлагаа, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч П.М, Б.О нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3. Хүсэлт гаргагч Ж.О-н Архангай аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаагаар 1993 оны 11 сарын 16-ны өдрөөс 2005 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь: Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын лавлагаа болох “О нь Архангай аймгийн Цагдаагийн хэлтсийн даргын 1993 оны 11 сарын 16-ны өдрийн 91 дүгээр тушаалаар 1993 оны 11 сарын 20-ны өдрөөс мөн хэлтсийн хэв журмын тасагт цагдаагаар томилогдож цагдаагийн дэд ахлагч цол олгож Архангай аймгийн Цагдаагийн хэлтсийн даргын 2001 оны 5 сарын 23-ны өдрийн 43 дугаар тушаалаар 2001 оны 6 сарын 10-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж мөн өдрөөс Ихтамир суманд цагдаагаар шилжүүлэн томилж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2004 оны 7 сарын 30-ны өдрийн 362 дугаар тушаалаар 2004 оны 7 сарын 29-ний өдрөөс Архангай аймгийн Цагдаагийн хэлтэст хэсгийн төлөөлөгчөөр томилж, офицеруудын бүрэлдэхүүнд оруулж, цагдаагийн дэслэгч цол олгож, Архангай аймгийн Цагдаагийн хэлтсийн даргын 2005 оны 12 сарын 17-ны өдрийн 121 дүгээр тушаалаар Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-д заасны дагуу цолны мөнгийг 3 сар хасаж сахилгын шийтгэл оногдуулж, Хашаат сумын хэсгийн төлөөлөгчөөр шилжүүлэн томилж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2006 оны 01 сарын 24-ний өдрийн 26 дугаар тушаалаар Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10.2-т заасныг үндэслэн 2006 оны 01 сарын 24-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас дутагдлаар халж цагдаагийн дэслэгч цолыг хураасан байна. Дорноговь аймгийн цагдаагийн газрын Замын-Үүд сум дахь цагдаагийн хэлтсийн даргын 2008 оны 10 сарын 03-ны өдрийн 18 дугаар тушаалаар 2008 оны 10 сарын 01-ний өдрөөс мөн хэлтсийн хэв журмын албанд цагдаагаар томилж цагдаагийн ахлах ахлагч цолыг сэргээн эдлүүлж Дорноговь аймгийн цагдаагийн газрын даргын 2009 оны 3 сарын 01-ний өдрийн 24 дүгээр тушаалаар 2009 оны 3 сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж цагдаагийн ахлах ахлагч цолыг хураасан байна” гэсэн Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын 2024 оны 12 сарын 31-ний өдрийн 28-10/2263 тоот лавлагаа, “Ж.О 1993 оны 11 сарын 16-нд Архангай аймгийн хэв журмын цагдаагийн хэлтэс тасагт цагдаагаар Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 1993 оны 11 сарын 16-ны өдрийн 91-р тушаал” гэсэн бичилттэй хүсэлт гаргагчийн 396901 дүгээр хөдөлмөрийн дэвтэр, “нөхөр Ж.О, ажилладаг байгууллага-Цагдаагийн хэлтэст, эрхэлдэг ажил-цагдаа, бүртгэсэн 1994-12-19” гэж бүртгэгдсэн гэрлэсний ХААТР-15 маягт, гэрэл зураг, гэрч П.М-н “Ж.О бид хоёр 1993 онд Архангай аймгийн Цагдаагийн хэлтэст ажилд орсон учраас түүний талаар би сайн мэднэ. Ж.О 1993-1998 он хүртэлх хугацаанд Архангай аймгийн Цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан. Ж.О дээрх хугацаанд эргүүлийн цагдаагаар ажиллаж байхдаа оройн цагаар эргүүлд гарах, өглөө дуудлагаар ажиллах, хамгаалалтад гарах зэргээр ажиллаж байсан. Намайг 1998 оноос Сүхбаатар дүүргийн 1 хорооны хэсэг рүү шилжсэнээс хойш Ж.О эчнээгээр цагдаагийн академи төгсөж Архангай аймгийн Цагдаагийн хэлтэст хэсгийн төлөөлөгчөөр 1998-2000 он хүртэл ажилласан. Ж.О Архангай аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаагаар ажиллаж байхдаа ахлах ахлагч цолтой байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.О-н “Ж.О Архангай аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаагаар ажиллаж байхдаа дэд ахлагч, ахлах ахлагч, дэслэгч цолтой байсан"Ж.О нь надтай хамт 1993 оноос 2005 он хүртэлх хугацаанд Архангай аймгийн Цагдаагийн хэлтэст ажилласан учраас түүний талаар мэднэ. Ж.О Архангай аймгийн Цагдаагийн хэлтэст хэв журмын цагдаагаар 1993-2005 он хүртэлх хугацаанд тасралтгүй ажилласан. 2004-2005 онд Ж.О нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын хэсгийн төлөөлөгчөөр, би тус сумын цагдаагаар ажиллаж байсан. Ж.О 2005 оноос хойш хаана ямар ажил хийснийг нь би мэдэхгүй. Ж.О Архангай аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаагаар ажиллаж байхдаа дэд ахлагч, ахлах ахлагч, дэслэгч цолтой байсан” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд Ж.О-н Архангай аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаагаар 1993 оны 11 сарын 16-ны өдрөөс 2005 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                          ТОГТООХ нь:                                 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б  овгийн Ж.О-н Архангай аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаагаар 1993 оны 11 сарын 16-ны өдрөөс 2005 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА