| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00739/И |
| Дугаар | 301/ШШ2025/00060 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 301/ШШ2025/00060
|
|
301/ШШ2025/00060
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Ө сумын Д багт оршин суух Б овгийн Б.Р
Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.Р
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.Р нь мал маллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Би 1992 онд 10 дугаар анги төгсөөд аав, ээжийнхээ хамт мал малласан. Манай нөхөр Лх-н нэр дээр малын А данс бүртгэлтэй байдаг боловч нэрийн зөрүүтэй. Архангай аймгийн Архивын тасагт миний 1995-2000 оны малын А данс хадгалагдаж үлдээгүй. Би малчин нөхцөлөөр өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор орон тооны бус зөвлөлд хандсан боловч дээрх хугацааны баримт байхгүй үндэслэлээр 1995-2000 онд мал маллаж байсан байдлыг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багаас өөр тийшээ шилжиж байгаагүй, 2000 онд би жирэмсэн байсан, Улаанбаатар хотод байгаагүй. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Иймд миний Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оноос өмнө сумын орон тооны бус зөвлөл мал маллаж байсан байдлыг урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэдэг байсан. 2024 оноос Нийгмийн даатгалын газар мал маллаж байсан байдлыг урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэдэг болсон. Хүсэлт гаргагч Б.Р-н 1995-2000 оны малын А данс архивд хадгалагдаж үлдээгүй учраас дээрх хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна гэв.
3. Хүсэлт гаргагчаас:
- Б.Ри-д холбогдох 050301983 дугаар малчин мэргэжлийн үнэмлэх
- Л.Э, Л.Э нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Л.Ж-н төрсний бүртгэлийн гэрчилгээ
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн Засаг даргын 2024 оны 9 сарын 30-ны өдрийн 251, 252, 253 тоот тодорхойлолт
- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 08-ны өдрийн 624 дүгээр тодорхойлолт
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн 2023 оны 10 сарын 20-ны өдрийн 054 дүгээр тогтоол, тэмдэглэл
- хүн ам, орон сууцны 2000 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 10 сарын 03-ны өдрийн 03-08/5343 дугаар лавлагаа/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хүсэлт гаргагч Б.Р-н хүсэлтээр В.Б, Д.Ш нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
- нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 сарын 25-ны өдрийн 01/860 тоот лавлагаа
- Б.Р-н биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл ИУБ-31А, паспорт авах өргөдөл ХААТР-21А, иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21А маягт, Л.-йн төрсний ХААТР-11 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 3/03 тоот тодорхойлолт
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн Засаг даргын 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 02 тоот тодорхойлолт
- хүн ам, орон сууцны 2000 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 12 сарын 30-ны өдрийн 03-01/6749 тоот лавлагаа/
- Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 сарын 12-ны өдрийн 07 тоот тодорхойлолт
- Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 сарын 09-ний өдрийн 11/26 тоот албан бичиг зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.Р-н нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах зорилгоор Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Б.Р-д холбогдох 050301983 дугаар малчин мэргэжлийн үнэмлэх, Л.Э Л.Э нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Л.Ж-ын төрсний бүртгэлийн гэрчилгээ, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн Засаг даргын 2024 оны 9 сарын 30-ны өдрийн 251, 252, 253 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 08-ны өдрийн 624 дүгээр тодорхойлолт, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн 2023 оны 10 сарын 20-ны өдрийн 054 дүгээр тогтоол, тэмдэглэл, хүн ам, орон сууцны 2000 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 10 сарын 03-ны өдрийн 03-08/5343 дугаар лавлагаа/, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 сарын 25-ны өдрийн 01/860 тоот лавлагаа, Б.Р-н биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл ИУБ-31А, паспорт авах өргөдөл ХААТР-21А, иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21А маягт, Л.Э-н төрсний ХААТР-11 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 3/03 тоот тодорхойлолт, хүн ам, орон сууцны 2000 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 12 сарын 30-ны өдрийн 03-01/6749 тоот лавлагаа/, Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 сарын 12-ны өдрийн 07 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 сарын 09-ний өдрийн 11/26 тоот албан бичиг, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч В.Б, Д.Ш нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.
3. “Тус архивын сан хөмрөгт Өндөр-Улаан сумын Донгой багийн 1995-2000 онуудын баримт шилжиж ирээгүй тул Б.Р-д лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 сарын 12-ны өдрийн 07 тоот тодорхойлолт хэрэгт авагдсан бөгөөд Б.Ринчинхандыг 1995-2000 онд малчнаар ажилласнаар тооцох боломжгүй гэж Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн 2023 оны 10 сарын 20-ны өдрийн 054 дүгээр тогтоолоор шийдвэрлэжээ.
Хүсэлт гаргагч Б.Р нь 1995-2000 онд мал маллаж байснаа тогтоолгохоор Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд хандаж шийдвэрлүүлснийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэсэн гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн 1995 оноос 2000 онд мал маллаж байсан талаарх нотлох баримт төрийн байгууллагад хадгалагдаагүйн улмаас дээрх үйл баримтыг шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргасан нь онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл болох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтоолгох хүсэлт юм.
Хүсэлт гаргагч Б.Р-н мал маллаж байсан талаар тодорхойлсон “Б.Р нь тус сумын Донгой багт 1995-2000 онд мал маллаж амьдарч байсан нь үнэн болно” гэсэн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 3/03 тоот тодорхойлолт, “Б.Р нь 1995-2000 он хүртэл буюу одоог хүртэл Донгой багт мал маллан амьдарч байсан нь үнэн болно” гэсэн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн Засаг даргын 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 02 тоот тодорхойлолт, “хүн ам, орон сууцны 2000 оны тооллогоор Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой баг, хөдөөд оршин суугч Д.Л тэргүүлэгч өөрөө, 1974 оны 02 сард төрсөн, нас-25, эрэгтэй, эрхэлдэг ажил-малчин, Б.Р эхнэр, 1976 оны 1 сард төрсөн, нас-23, эрэгтэй, эрхэлдэг ажил-малчин” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 12 сарын 30-ны өдрийн 03-01/6749 тоот лавлагаа, гэрч В.Б-йн “Б.Р нь миний нөхөр Мө-н төрсөн дүү байгаа юм. Б.Р 1994 онд Л-той Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багт гэр бүлж 1994 оноос одоог хүртэл хувийн малаа маллаж байна. Б.Р-н нөхөр Л 2000 онд сумын сайн малчин, 2001 онд аймгийн сайн малчин болсон. Б.Р Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн уугуул иргэн бөгөөд тус багаас өөр тийшээ шилжиж байгаагүй, мал маллахаас өөр ажил эрхэлдэггүй. Манайх Өндөр-Улаан сумын Донгой багт Б.Р, Л нарынхтай ойрхон нутагладаг учраас би Б.Р-н талаар сайн мэдэж байна. Б.Р, Л нар 3 хүүхэдтэй. Хүүхдүүд нь одоо Улаанбаатар хотод байдаг” гэх мэдүүлэг, гэрч Д.Ш-н “Б.Ри-н аав, ээж нь надтай хамт Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд ажиллаж байсан учраас би Б.Рин-г бага байхаас нь сайн мэддэг. Б.Р нь 8 дугаар анги төгссөн. Харин хэдэн онд төгссөнийг нь би мэдэхгүй. Б.Р Л-тай 1993, 1994 онд гэр бүл болсон санагдаж байна. Б.Р 1995, 1996 оноос одоог хүртэл тасралтгүй Өндөр-Улаан сумын Донгой багт нутаглаж хувийн малаа маллаж байна. Б.Р дээрх хугацаанд мал маллахаас өөр ажил эрхлээгүй, Өндөр-Улаан сумын Донгой багаас өөр тийшээ шилжиж байсан эсэхийг нь би мэдэхгүй. Б. Л нар хонь, адуу, үхэр голцуу малтай айл” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр Б.Р-н Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан нь тогтоогдож байна.
Иймд Б.Ри-н Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан Л.Э, Л.Э нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Л.Ж-н төрсний бүртгэлийн гэрчилгээ, Д.Л-д холбогдох Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн Засаг даргын 2024 оны 9 сарын 30-ны өдрийн 251 тоот тодорхойлолт зэрэг баримт нь хүсэлт гаргагч Б.-н мал маллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул дээрх баримтуудыг үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Б овгийн Б.Р-н Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА