Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/434

 

 

 

 

Н.Нд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Мөнхсаруул,

шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн,

            нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/75 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Нын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1834000300104 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Н.Н, .....тоотод оршин суух бүртгэлтэй;

 Төв аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан,

Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 123 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 4 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 694 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 хоногийн баривчлах ялаас чөлөөлсөн;

Н.Н нь 2017 оны 12 дугаар сарын 27-ноос 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд ганцаараа 10 удаагийн үйлдлээр, М.М-тай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг 21,762,528 төгрөгийн хохирол учруулан үйлдсэн гэмт хэрэгт,

ганцаараа Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Цагдан хорих байрны гадна 2018 оны 3 дугаар сарын 31-ний орой 19 цагийн үед Б сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Гийг албан үүргээ биелүүлж явахад нь хутга ашиглан биед нь халдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас: Н.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” , Эрүүгийн хуулийн тусгай ангиййн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зэвсэг хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялын төрөл хэмжээг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 342 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг устгаж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Наас 11.336.850 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.С-т 10.163.850 төгрөг, хохирогч Б.С-ид 973.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Н-т 200.000 төгрөг тус тус олгож, шүүгдэгч Н.Нын бага насны хүүхэд Н.Н-ын асрамжийн асуудлыг шийдвэрлэх хүртэл Н.Нын төрсөн эх Н.А-д хариуцуулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Н.Н нь Т.А-гийн хамт 2018 оны 01 дүгээр сарын 5-наас 2 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл орон байрны хулгайн хэрэг хийж, нийт 8 удаагийн үйлдлээр Хархорин сумын үзлэг шинжилгээ, хурууны хээ, гутлын мөр, цуг хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдсан гэрэл зураг болон нотлох баримтуудаар А-гийн хамт хулгайн хэрэг хийсэн нь нотлогдож хавтаст хэргийн материалд оруулсан байдаг. Иймд мөрдөн байцаалтын явцад Хархорин сумын мөрдөн байцаагч ахмад Б, Төв аймгийн мөрдөн байцаагч ахлах дэслэгч М нар нь хэргийн талаар байцаалт авч байхдаа А-г хэрэг хамаар татаад хэрэггүй, харин бид хоёр А-гаар хохирлыг чинь төлүүлнэ гэж хэлээд байцаалт авч, А-г хийсэн хэргээс нь өөрчилж, намайг хийсэн хэргээ ганцаараа хийсэн болгож, байцаалт өгсөн болно. Гэвч А- нь хохирлоо хувааж төлөхгүй, ор сураггүй алга болсон болно. 2021 оны 7 дугаар сарын 29-нд Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр энэ хэрэг дээрээ орж хэргийн материал дутуу байна гэж шүүхээс мөрдөн байцаалт руу буцаасан. Дахин мөрдөн байцаалтын явцад байцаагч ахлах дэслэгч Мөнхтүвшин хэрэг хянан шийдэж байсан хяналтын прокурор Энхболд нарт А-г буцаж хэрэг хамаар татаж хохирогчоо хохирол гомдолгүй болгомоор байна. А- хохирлоо төлнө гэж хэлээд ор сураггүй алга болсон гэж прокурор Э-д хэлэхэд А-гийн хэргийг нээж, тусгаарласан гэж удаа дараа хэлж байсан боловч хэрэг нээж тусгаарлаагүй байсан болно.

Иймд прокурор Энхболд хавтаст хэргийг Төв аймгаас Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү 2021 оны 9 дүгээр сарын 23-нд шилжүүлсэн болно.

Н.Н миний бие Төв аймгийн Б сумын иргэн, хохирогч С-ын гэрт нэвтрэн А-гийн хамт хулгайн гэмт хэрэг хийсэн хохирол гомдлыг барагдуулах зорилгоор хохирогч С-тай уулзаж, хохирол төлөх талаар ярилцан хохирлыг хэсэгчлэн хувааж төлөхөөр тохиролцож нотариатаар орж гэрээ байгуулсан болно.

Иймд А- нь ял завшиж цуг хийсэн хэргээ болон хохирлоо төлөхгүй зайлсхийж, нэр цэвэр үлдэж, байцаагч нартай үгсэн тохиролцож, хэргээс мултарч, зөвхөн надруу бүх бурууг чихэж байгаад гомдолтой байна. Өргөдлийг минь хүлээн авч шийдэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцахад хамтран гэмт хэрэг үйлдсэн А- ял шийтгэлгүй үлдчихлээ, хэргийн хохирол хувааж төлнө гээд төлөөгүй гэх утгатай гомдол байсан. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв. 

Прокурор Э.Мөнхсаруул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө “А- намайг дагаж явдаг байсан, би шахаж шаардаж авч явдаг байсан. Түүнээс биш хэрэгт оролцсон оролцоо байхгүй” гэж мэдүүлсэн /1хх 152, 153/. Мөн гэрч А-д хууль сануулж, гарын үсэг зуруулж авсан мэдүүлэгт “...Хэрэгт миний үйлдэл оролцоо байхгүй. Би тухайн хэрэгт чи наадахаа хаанаас авч ирвээ гэж хэлэхэд зүгээр чи намайг дагаад яв...”  гэж 2, 3 удаа мэдүүлсэн байдаг. Яллагдагч болон шүүгдэгч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй бол гэрч худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлдэг. Иймд хууль сануулж авсан мэдүүлгийг хавтаст хэрэгт нотлох баримтаар үнэлж, мөн шүүхээс шийдвэр гарсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Н.Нд холбогдох эрүүгийн 1834000300104 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

  1. Шүүгдэгч Н.Н нь ганцаараа:

Төв аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.С-ын гэрт 2018 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө нэвтрэн орж, мөнгөн аяга 3 ширхэг, тагш 1 ширхэг, монетон ком хос ээмэг, бөгж, зүүлт кулон, хуримын бөгж хос, монетон бөгж 4 ширхэг, хүүхдийн хөөрөг 1 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэг, мөнгөн бөгж 2 хос, мөнгөн ээмэг 8 хос, сувдан зүүлт 1 ширхэг, мөнгөн гинж 2 ширхэг, мөнгөн кулон 1 ширхэг, монетон гинж 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 15.663.850 төгрөгийн хохирол учруулсан,

Өвөрхангай аймгийн Хархорин сумын А багийн А хорооллын 00 тоотод оршин суух иргэн Б.У-ийн гэрт 2018 оны 02 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч 330.000 төгрөгийн эд зүйлс хулгайлсан,

Өвөрхангай аймгийн Хархорин сумын А овоо багийн А 000 тоотод оршин суух иргэн Х.С-ын гэрт 2018 оны 02 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч 240.000 төгрөгийн эд зүйлс хулгайлсан,

Өвөрхангай аймгийн Хархорин сумын А багийн Оын 000 тоотод оршин суух иргэн С.А-ийн гэрт 2018 оны 02 дугаар сарын 10-наас 2018 оны 02 дугаар сарын 19-ний хооронд хууль бусаар нэвтэрч 700.000 төгрөгийн эд зүйлс хулгайлсан,

Өвөрхангай аймгийн Хархорин сумын А багийн А хорооны 000 тоот хашаанаас 2018 оны 02 дугаар сарын 11-12-ны хооронд иргэн Б.Д-ийн эзэмшлийн 350,000 төгрөгийн үнэ бүхий цэнхэр өнгийн “Мустанг 5” маркийн мотоциклийг хулгайлсан,

Өвөрхангай аймгийн Хархорин сумын А багийн А хорооны 000 тоот хашаанаас 2018 оны 02 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө иргэн Б.Н-ын эзэмшлийн 330,000 төгрөгийн үнэ бүхий улаан өнгийн “Мустанг 5” маркийн мотоциклийг хулгайлсан,

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 000 дугаар хороо, Б хотхоны 00-00 тоотод оршин суух иргэн Б.Х-ын гэрт хууль бусаар нэвтэрч 495,000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн ЛСД телевизор хулгайлсан,

2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо 00-00 тоотод байрлах иргэн Б.С-ийн гэрт хууль бусаар нэвтэрч орны дэвсгэр даавуу, ширээний даавуун бүтээлэг, эрэгтэй эмэгтэй борооны цув, орны даавуун бүтээлэг, цайтай хүүхдийн дэр, талбай мэдрэгчтэй гэрэл, модны цахилгаан хөрөө зэрэг 973,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлсан,

2019 оны 7 дугаар сарын 10-12-ны хооронд Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, 00-00 тоотод оршин суух иргэн Г.С-ын гэрт хууль бусаар нэвтэрч “Делл” маркийн зөөврийн компьютер, монетан ээмэг бөгж зэрэг 1,074,800 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлсан,

2018 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр Төв аймгийн Б сумын Д багийн нутаг дэвсгэр С-ын 00 тоотод оршин суух иргэн И.Б-д хууль бусаар нэвтэрч хүүхдийн сурах бичиг, хүүхдийн өмд, цамц, дэвтэр, гар утас зэрэг 153,960 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлсан,

М.М-тай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Төв аймгийн Б сумын багт оршин суух хаягтай иргэн Ж.З-ын гэрт хууль бусаар нэвтэрч 3 ширхэг хөнжил хулгайлсан, 2018 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Төв аймгийн Б сумын Д оршин суух иргэн Б.Г-ын байшинд хууль бусаар нэвтэрч “Sоnу” маркийн 32 инчийн телевизор, хороом гутал, арьсан гутал, жинсэн өмд, даавуун өмд, куртик, суран бүс, 0,75 литрийн 2 шил архи зэрэг 1.451.918 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлсан болох нь:

хохирогч Б.У-ийн: “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өглөө манай гэрийн цоож эвдэрсэн байсан. ...гэр доторх эд зүйлээ шалгахад бурханы хамгийн доод талын шургуулгад байсан гар цүнх байхгүй байсан. Цүнхэн дотор нүүрний тос, толь шаргал хүрээтэй хар өнгийн үзгэн бал, үнэртэй ус, чихэвч, аравнайлсан шар даавуутай аян замын ном, ээмэг бөгж хийдэг цэнхэр жижиг торон уутан зүрхэн хээтэй кулонтой мөнгөн гинж, цагаан цаасанд боосон мөнгөн ээмэг хос ногоон жижиг тэмдэглэлийн дэвтэр, хумсны хутга зэрэг байсан...” гэх мэдүүлэг /1хх 13-14/,

хохирогч Х.С-ын: “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 08 цагийн үед гэртээ орох гэтэл хаалганы цоож эвдэлсэн байсан. Гэр дотор ороход эмх замбараагүй болчихсон байсан. Ногоон эрээн өнгийн торгон судалтай даалин, цагаан өнгийн чулуун хөөрөг, даваа толгойтой, төмөр халбагатай /шинэ цагийн/, эрэгтэй хүний буудаггүй булган малгай зэрэг алга болсон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 59/,

хохирогч С.Аийн: “...2018 оны 02 дугаар сарын 19-ний орой гэртээ ирэхэд байшингийн цоожны цүүг хөшиж онгойлгоод байшин доторх хамаг эд зүйлүүдийг тараагаад хаячихсан байсан. ...телевизийн суурины шургуулгад байсан хар өнгийн дижитал камер, саарал гэртэй, саарал өнгийн зургийн аппарат зэрэг алга болсон байна. Хар өнгийн дижитал камер нь шинээрээ байгаа, нарны тольтой. Саарал өнгийн гэрэл зургийн аппарат нь “Самсунг” гэсэн бичигтэй байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 85-86/,

 хохирогч Д.С-ын: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод гэр дотор байсан 2 авдрыг ухсан байсан. Манай гэрээс холгүйхэн баруун хойд зүгт байрлах суварганы хажууд миний болон манай эхнэр С-ийн түрийвчнээс мөнгийг аваад хаясан байсан....” гэх мэдүүлэг /2хх-ийн 2-4/,

хохирогч И.Бийн: “...2018 оны 01 дүгээр сарын 05-ны орой гэртээ иртэл гэр онгорхой байсан. Тэгээд яваад ортол цүнхтэй хүүхдийн хувцас, түүн дотор 3 ширхэг эмэгтэй өмд, 3 ширхэг эмэгтэй цамц, 3 ширхэг эмэгтэй фудволк дандаа хуучин хүний хэрэглэж байсан 8-р ангийн Монгол хэлний хичээлийн сурах бичиг 1 ширхэг, уран зохиолын 8-р ангийн сурах бичиг 1 ширхэг, 12 хуудастай хуучин дэвтэр 1 ширхэг, жижиг шар өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан. Хохирлоо хүлээн авсан. ...” гэх мэдүүлэг /4хх-ийн 248/,

хохирогч Б.Х-ын: “...Би 2017 оны 12 дугаар сарын 27-нд байшингийн хаалганы хажуугийн цонх онгорхой, баруун урд талын цонхны салхивч онгорхой, шил нь хагарсан байхаар нь орж үзэхэд 2 давхарт байсан 2010 онд электрон барааны дэлгүүрээс 390.000 төгрөгөөр худалдаж авсан хар өнгийн 32 инчийн хар зурагт алдагдсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 125-126, 131-132/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 7-10/,

эд зүйлийн үнэлгээ /1хх 16/,  

Н.Нын яллагдагчаар мэдүүлсэн: “...буудлаас 2 хоногийн дараа гарч, гадаа харанхуй болчихсон байхад буудлын ар хэсэгт байх цоожтой монгол гэрийн цоожийг эвдэж гэрт орж гэрээс эмэгтэй хүний гар цүнх авсан. Тэр цүнх нь гэр дотор баруун хойд хэсэгт байх шүүгээний тэнд ил байсан. Тухайн үед гэр рүү би ганцаараа орсон, харин А-г би эмнэлгийн хайсны хажууд байж бай гэж хэлсэн. Гэрээс авсан цүнхэн дотор ойр зуурын эмэгтэй хүний будаг, бусад гоо сайхны зүйл байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 42-43/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 49-53/,

гэрч Ц.Г-ын: "...2018 оны 02 дугаар сарын 12-ны үүрээр “Магнай трейд” шатахуун түгээх станцад түгээгчээр гарч байхад өглөө 06 цаг өнгөрч байхад урд талаас явган эрэгтэй, эмэгтэй 2 хүн бензин авах гээд ирсэн. Эмэгтэй нь буруу хараад зогсчихсон. Эрэгтэй нь 5 литрийн бичиг нь байхгүй тосолын цагаан савтай, надад 8000 төгрөг өгсөн. Түүнд тааруулж бензин А80 өгсөн. Надаас бензин авсан эрэгтэй нь саарал хөвөнтэй дээл, саарал ороолт, ноосон малгайтай, үетэй хуучивтар түрийтэй гуталтай, царай нь шардуу дугуй царайтай, ил харагдах шарх сорви байхгүй байсан. Эмэгтэйгийн царайг хараагүй, куртик дээр саарал дээл давхарлаж өмссөн байсан. Тухайн бензин авсан залуу надаас намхан, миний чихний ёроол хэсгээр толгой нь чацуу байсан. 25-30 орчим насны эрэгтэй байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 61-62/,

хохирогч Б.Д-ийн: “...2018 оны 02 дугаар сарын 12- ны өглөө хашаан дотор байсан миний “Мустанг-5” мотоцикл алга болсон байсан. Ойр хавиар нь хайхад доошоо гудамж уруудуулаад түрээд явсан байсан. Мөрийг дагаж явахад Петровис шатахуун түгээх станцын чигтээ засмал зам руу оруулаад мөрийг нь алдсан. Буцаж мөрөө дагаж явахад Сансар хорооны хамгийн арын гудамж доороосоо 2 дахь хаалга руу гутлын мөр орсон байхаар нь тухайн айл руу ороход Наранболд гэх залуу би бас улаан өнгийн “Мустанг-5” мотоциклоо хашаан дотроосоо алдчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 106-107/,

хохирогч Б.Н-ын: “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өглөө хашаан дотор байсан миний мотоцикл алга болсон байсан. Улаан өнгийн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй, улаан өнгөтэй мотоцикл байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 133/,

 хохирогч Б.С-ийн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө зуслангийн жижиг байшингийн цонх онгорхой байсан. Эд зүйл хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 158-159, 160/,

хохирогч Г.С-ын: “...2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн үед гэртээ иртэл манай гэрийн хаалганы цоожийг эвдээд хулгайч орж эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /4хх-ийн 11-13, 14-15/,

хохирогч Ж.З-ын: “...2018 оны 10 дугаар сарын 22-ны орой байшингийн цоожийг эвдээд манай гэрээс гурван ширхэг хөнжил аваад явсан байсан, маргааш нь хөнжлийг маань М, Н, мөн манай багийн дарга Д нар гэрт аваад ороод ирсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 224-225/,

хохирогч Д.А-ийн: “...2018 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 7 цаг өнгөрч байхад гэртээ иртэл манай байшингийн цонх онгорхой байсан, тэгээд гэртээ ороод хартал хамаг юмнууд ухаад гаргаад хаясан байсан. 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, хүүхдийн үүргэвчтэй хувцас, орны бүтээлэг, нэрийн сайн мэдэхгүй 0,75 граммын 2 шил архи, манай эрэгтэй хүүхдийн суран бүс, манай нөхрийн өмсдөг байсан хар хөх өнгийн куртик зэрэг эд зүйлс алга болсон байсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 19-20, 21/,

хохирогч Х.С-т булган малгайг /1хх-ийн 60/, хохирогч Б.Д-д мотоциклийг /1 хх-ийн 111/, хохирогч Б.Н-д "Мустанг-5" маркийн мотоциклийг /1хх-ийн 139/, хохирогч Д.С-т манан хөөргийг /2хх-ийн 42/, хохирогч Б.Х-д “Зурагт” /2хх-ийн 128/, хохирогч Г.С-д “Ногоон цоохор өнгийн нимгэн цамц 1 ширхэг” /4хх-ийн 6-8/ зэргийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

хохирогч нарын хулгайд алдсан эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 64,89,113, 141, 186-193,  5 хх-ийн 5-14, 2 хх-ийн 183, 3 хх-ийн 28-37/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-ийн 79- 83, 97-103, 166-177, 2хх-ийн 118-120, 159-162, 215-220, 3 хх-ийн 14-17, 181, 146- 151, 242-250, 4 хх-ийн 1, 42-45/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-ийн 108-110/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 131-135/,

гэрч Т.А-гийн: “...Би яг хэдний өдөр байсныг нь санахгүй байна. Бид хоёр Хархорин суманд орой бүрэнхий болчихсон байхад очоод бид хоёр гудамжинд явж байсан чинь бид хоёрын унаж явсан мотоцикл асахаа больсон.Тэгсэн Н.Н намайг “гудамжинд байж бай” гээд явсан. Удаагүй нэг мотоцикл унаад хүрээд ирсэн. Бид хоёр мотоциклтой нь явж байгаад хашааны хажууд мотоциклоо үлдээчихээд ногоон өнгөтэй хоёр давхар буудалд очиж хоносон. ...Хархорин суманд гудамжинд явган явж байтал Н.Н намайг “наанаа байж бай” гээд үлдээчихээд явсан. Удаагүй ирэхдээ нэг эмэгтэй хүний хар өнгөтэй цүнх барьж ирсэн. Хаанаас авчирсан талаараа надад хэлээгүй. Тэр цүнхэнд дотор хүмүүсийн бичиг баримт, эмэгтэй хүний хумсны лак будаг, үсний хавчаар, гутал өнгөлөгч зэрэг эд зүйлүүд байсан. Тэр цүнхтэй эд зүйлүүдээс надад дотор нь байсан эмэгтэй хүний будаг гоо сайхны зүйлүүдийг нь надад өгсөн, бусад эд зүйлүүдийг нь гудамжинд хаясан. ...Н.Н тэр айлаас гарч ирэхдээ нэг эрэгтэй булган малгай, хар өнгийн зургийн аппарат авч гарч ирсэн. ...Өмнө орж цүнх авч гарч ирсэн айлаасаа бас эмэгтэй хар өнгөтэй хурган дотортой дээл авч гарч ирсэн юм байна, тэрийг нь мотоцикп дээрээ аваачиж тавьсан. ...Хамт явъя гэхээр нь явахаар намайг загнаад өөрөө хулгай хийгээд байдаг. ... ” гэх мэдүүлэг /1хх-ийн 150-151/,

Н.Нын яллагдагчаар мэдүүлсэн: “......Би А-д хулгай хийсэн талаар бусад хүнд хэлэхгүй байхыг шахаж шаардаж, байнга өөрийн дэргэдээ авч явдаг байсан. ...А- надтай цуг хулгай хийгээгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 152-153/,

гэрч Н.П-ийн: "... 2018 оны 01 сарын эхэн үеэр Төв аймгийн Б сумын Сансар баг 2 тоотод байх хашаа байшинд Н.Н ороод хонож өнжсөн байсан. ...Б гэх айлын гэрээс хөнжил гудас, хувцас хунар, хүүхдийн хичээл ном дэвтэр зэргийг аваад манай байшинд оруулчихсан байхад цагдаа И.Бт тэр даруй нь хүлээлгэж өгсөн байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 31-32/,

гэрч О.Н-ын: "...2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ломбардаа ажиллуулаад сууж байтал үл таних залуу орж ирээд зурагт барьцаалах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд зурагтыг нь шалгаж үзэхэд бүрэн ажиллагаатай байсан тул би 150.000 төгрөгөөр барьцаанд тавьж болох юм байна гэж үнэ хэлсэн. Тэгтэл тэр залуу зөвшөөрсөн. Бичиг баримтаа гэтэл надад ямар нэгэн бичиг баримт алга гэж хэлсэн. Тэгэхээр нь би бичиг баримтгүй бол үйлчилгээ үзүүлэхгүй гэтэл гарч яваад өөр хүн дагуулаад ороод ирсэн. Тэр хүн нь бичиг баримттай, тэр хүний буюу Л.Г ДД0000000 гэсэн бичиг баримтаар барьцаанд тавьсан. Би хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 177-178/,

гэрч Л.Г-ын: "...Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нефтийн замын эсрэг уулзвар хүрээгүй явж байхад 25-30 орчим насны эрэгтэй хүн гар өргөхөөр нь зогсоход залуу улаан эрээн өнгийн даавуунд ороолттой 32 инчийн зурагт тэвэрчихсэн байсан залуу машинд суугаад 21 хороолол оръё гэсэн. Би уг хүнийг аваад 21 хорооллын 4а байранд байрлах ломбардад 19 цагийн үед очиж 32 инчийн зурагтыг өөрийн бичиг баримтаар ломбардад тавьсан юм. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 179-180/,

иргэний нэхэмжлэгч Ц.Н-ын: “...2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн орчим нэг залуу орж ирээд “Делл” маркийн зөөврийн компьютер, монетан бөгж 3 ширхэг, нэг ширхэг гинж авч орж ирсэн. Тухайн үед нөгөө залуу “баяр наадам болоод хөдөө явах гэсэн чинь мөнгөгүй болсон тул өөрийн эд зүйлээ барьцаанд тавья” гэсэн. Тэгэхээр нь би шалгатал уг хүн өөрийн бичиг баримт бүрэн байсан тул түүнийг үндэслэн зээл олгосон. Уг хүн ганцаараа явсан, Төв аймаг нутаг руугаа явах гэсэн чинь мөнгөгүй болсон хөдөө нутаг яваад эргэж ирээд авна гэж хэлсэн болохоор би итгээд үйлчилсэн. Хохирлоо авчих юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /4хх-ийн 17-18/,

гэрч М.Б-ын: “...Би 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Г гэрт юм хийгээд байж байтал эхнэр Ч над руу залгаад манай хашааны ард гутал, зурагт хаясан байна гэж хашаагаа очиж үзээ гээд тэгээд хашаандаа явж очоод хашаагаа тойроод хартал хашааны хойд талд хүүхдийн гутал хэвтэж байсан. Тэгээд байшингаа тойроод чардак үзье гээд гартал Г, М эгч хоёр ирээд “танай эндээс зурагтаа оллоо” гэсэн. Тэгээд чардакаа онгойлгоод яваад ортол М, Н хоёр хэвтэж байсан. ...манай байшингаас алга болсон эд зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 227/,

М.М-ын яллагдагчаар мэдүүлсэн: “...2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би ах Н.Нын хамт Улаанбаатар хотоос Б сум руу харихаар явсан. Б суманд ирээд бид хоёр архи уугаад согтсон байсан болохоор гэртээ орохоосоо айгаад З ахын гэрт очиход хүнгүй байсан болохоор хаалганы цоожийг эвдэлж ороод байшин дотроос 3 ширхэг хөнжил аваад гарч ирсэн. Тэгээд айлд очиж хоноё гээд явж байхад А-р эгчийн гэрийн хажуугаар гарахад энэ айл эзэнгүй байна, хоёулаа орж зурагт авъя гээд Н.Н ах намайг дагуулаад хашааны хаалгаар нь орсон. Бид хоёрыг ороход байшин нь цоожтой байсан болохоор цонхыг нь түлхэж ороод гэрээс нь хавтгай дэлгэцтэй зурагтыг тавиур дээрээс нь аваад орон дээр бүтээсэн байсан бүтээлгээр боогоод, шкафнаас хромон гутал, цүнхтэй хувцас, хүүхдийн суран тэлээ зэргийг аваад гарч ирсэн. Тэгээд авсан зүйлээ Б гэх айлын хашаанд оруулж тавиад байшингийнх нь дээвэр дээр гараад З ахын гэрээс авсан хөнжлүүдийг нөмрөөд унтсан. Тэгээд маргааш өглөө хүмүүс шуугилдаад байхаар нь сэрэхэд багийн Засаг дарга Д, А эгч, Г ах, Б ах нар ирчихсэн эд зүйлсээ олоод дараа нь бид хоёрыг дээврээс Б олсон. ...”/2хх-ийн 241-242/ гэх мэдүүлгүүд,

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 140 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн хэрэг бүртгэлтийн 182700017, 182700018 тоот хэргүүдийн хэргийн газрын үзлэгүүдээр гэрэл зургийн аргаар бэхжүүлэн
авсан зураг№2, зураг№3, зураг№4, зураг№5, зураг№6, зураг№15, зураг№16, зураг№17, зураг№18, зураг№24, зураг№25, зураг№28, зураг№8, зураг№9, зураг№10, зураг№11 гэсэн дугаартай гутлын улны мөрүүд нь гутлын мөрний харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Хэрэг бүртгэлтийн 182700017 тоот хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан зураг№5, зураг№17, зураг№18, зураг№24, зураг№25, зураг№28 гэж дугаарласан гутлын улны мөрүүд нь харьцуулах загвар болгож ирүүлсэн хар өнгийн түрийтэй гуталны баруун, зүүн хөлийн гутлын улны хээтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгүүдээрээ
тохирч байна. Харин зураг№2, зураг№3, зураг№4, зураг№6, зураг№15, зураг№16 гэж дугаарласан гутлын улны мөрүүд нь тохирохгүй байна. Зураг№2, зураг№3, зураг№4, зураг№6, зураг№15, зураг№16 гэж дугаарласан гутлын улны мөрүүд нь 182700018 тоот үзлэгийн зураг№8, зураг№9 гэсэн гутлын улны мөрүүдтэй, зураг№5, зураг№17, зураг№18, зураг№24, зураг25, зураг№28 гэж дугаарласан гутлын улны мөрүүд нь зураг№10, зураг№11 гэсэн гутлын улны мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгүүдээрээ
тохирч байна. 18270017 тоот хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтэн дээр байх
зураг№2, зураг№3, зураг№4, зураг№6, зураг№15, зураг№16 гэж дугаарласан гутлын улны мөрүүд нь 182700018 тоот хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтэн дээр байх зураг№8, зураг№9 гэсэн гутлын улны мөрүүдтэй ижил, нэг хүний мөр, мөн зураг№5, зураг№17, зураг№18, зураг№24, зураг25, зураг№28 гэж дугаарласан гутлын улны мөрүүд нь зураг№10, зураг№11 гэж дугаарласан гутлын улны мөрүүдтэй ижил, нэг хүний мөр байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 119-123/,

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 139 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн хэрэг бүртгэлтийн 182700018, 182700017 тоот хэргүүдийн хэргийн газрын үзлэгүүдээр гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан зураг№8, зураг№9, зураг№10, зураг№11, зураг№2, зураг№3, зураг№4, зураг№5, зураг№6, зураг№15, зураг№16, зураг№17, зураг№18, зураг№24, зураг№25, зураг№28 гэсэн дугаартай гутлын улны мөрүүд нь гутлын мөрний харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Хэрэг бүртгэлтийн 182700018 тоот хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан зураг№10, зураг№11 гэж дугаарласан гутлын улны мөрүүд нь харьцуулах загвар болгож ирүүлсэн хар өнгийн түрийтэй гуталны баруун, зүүн хөлийн гутлын улны хээтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгүүдээрээ тохирч байна. Харин зураг№8, зураг№9 гэж дугаарласан гутлын улны мөрүүд нь тохирохгүй байна. Зураг№8, зураг№9 гэж дугаарласан гутлын улны мөрүүд нь 182700017 тоот үзлэгийн зураг№2, зураг№3, зураг№4, зураг№6, зураг№15, зураг№16 гэсэн гутлын улны мөрүүдтэй, зураг№10, зураг№11 гэж дугаарласан гутлын улны мөрүүд нь зураг№5, зураг№17, зураг№18, зураг№24, зураг25, зураг№28 гэсэн гутлын улны мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгүүдээрээ тохирч байна.

18270018 тоот хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтэн дээр байх зураг№8, зураг№9 гэж дугаарласан гутлын улны мөрүүд нь 182700017 тоот хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтэн дээр байх зураг№2, зураг№3, зураг№4, зураг№6, зураг№15, зураг№16 гэсэн гутлын улны мөрүүдтэй ижил, нэг хүний мөр, мөн зураг№10, зураг11 гэж дугаарласан гутлын улны мөрүүд нь зураг№5, зураг№17, зураг№18, зураг№24, зураг25, зураг№28 гэж дугаарласан гутлын улны мөрүүдтэй ижил, нэг хүний мөр байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 144-148/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд 6 ширхэг гарын мөр тэнцэнэ. Үлдсэн 6 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэх №3 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр сэжигтэн Н.Нийн гарын дардастай тохирч байна. №5, №6, №10, №11 гэж дугаарласан 4 ширхэг гарын мөрүүд хохирогч А.Буянхишигийн гарын дардастай тохирч байна. Шинжилгээнд тэнцэх №1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь Папилон санд байгаа иргэдийн гарын дардастай болон эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна...” гэх дүгнэлт /1хх 201-211/,

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 03/318 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг гарын мөр нь Папилон санд MN0000ӨРШ02627 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Нын Н-ийн зүүн гарын алганы хээнүүдтэй тохирч байна. Шинжилгзэид ирүүлсэн 1 ширхэг гарын мөр нь илрээгүй хэргийн газраас илрүүлэн бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна...” гэх дүгнэлт /3хх 172-174/ зэргээр,

2. Шүүгдэгч Н.Н нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Цагдан хорих байрны гадна 2018 оны 3 дугаар сарын 31-ний орой 19 цагийн үед Б сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Гийг албан үүргээ биелүүлж явахад нь хутга ашиглан биед нь халдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Гийн: “...Миний бие урьд өмнө нь Н.Н гэх этгээдээс сэжигтнээр мэдүүлэг авсан боловч тэрээр оргон зайлсан байсан учир түүнийг олж тогтоон шүүхийн зөвшөөрөлгүй 48 цагийн хугацаатай баривчлах тогтоолыг тасгийн дарга, хяналтын прокурор нарт танилцуулж, түүнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлахаар болсон юм. Тэгээд Н.Ныг Төв аймаг дахь Цагдаагийн газраас түүнийг ганцаараа авч Цагдан хорих байрны үүдэнд иртэл сэжигтэн Н.Н надаас нэг тамхи татаад оръё гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь миний бие түүнийг Цагдан хорих байр руу оруулах гэтэл эсэргүүцэл үзүүлж миний хэвлий хэсэгт 3 удаа хутгалаад зугтаасан. Би тухайн үед хэсэг шоконд орсон ба араас нь сэхээ аваад хөөсөн. Тэгтэл Н.Н гартаа барьсан хутгаар ойртох юм бол өөрийгөө ална гэж намайг сүрдүүлсэн. Энэ үед манай Цагдаагийн газрын дэд дарга, Мөрдөн байцаах тасгийн дарга болон бусад алба хаагч нар ирж түүнтэй хэлэлцээр хийж хутгыг нь хаяулан, түүнийг Цагдаагийн газар руу авч явсан байгаа. ...Надад ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй ба шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Би гадуураа цагдаагийн савхин куртик өмсөж явсан учир савхин куртик зүсэгдэж, урагдсан өөр ямар нэгэн хувцас болон биед урагдал, гэмтэл байхгүй байна. Би түүнийг ямар нэгэн байдлаар зодож, дарамталсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 9-10/,  

гэрч Т.А-гийн: “...2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Н.Ныг Улаанбаатар хотоос хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Г авчирсан.  ...Г.Г төлөөлөгч бид хоёрыг түр орхиод жижүүр ирэх хооронд Н.Н намайг “хутга аваад ирээ, хутга авчрахгүй бол чамайг би гарч байгаад ална шүү” гээд дарамтлаад байсан. Тэгээд удалгүй Г.Г орж ирээд Н.Ныг аваад гарсан ба тэрээр намайг заналхийлсэн харцаар хараад куртикээ тайлаад гарсан. Тэгээд би айгаад хар өнгийн иштэй хутгыг Н.Нын куртикны халаасанд хийсэн ба Н.Ныг цагдан хорихоор Г.Г Цагдан хорих байр руу явсан. Харин Н.Н миний өгсөн хутгаар Г.Г төлөөлөгчийг хутгалж, зугтаасан байсан. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 13-14/,

цагдаагийн алба хаагч Г.Гийн албаны савхин куртикт ир үзүүртэй зүйлээс учирсан урагдал байгааг нотолж буй үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /2хх-ийн 7-8/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч Н.Нын:

10 удаагийн үйлдлээр ганцаараа, бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр буюу нийт 12 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын орон байранд нэвтрэн орж, 21,762,528 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн...” гэмт хэргийн,

цагдаагийн албан хаагчийг албан үүргээ биелүүлэн цагдан хорих байр руу авч явахад нь биед нь хутгаар халдаж, эсэргүүцэл үзүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан “...Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн...” гэмт хэргийн тус тус шинжтэй байна.

Анхан шатны шүүхийн Н.Нын үйлдлийг зүйлчилсэн зүйлчлэл зөв, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.   

Шүүгдэгч Н.Нын давж заалдах гомдолд дурдсан Т.А-тай бүлэглэн хулайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ба мөрдөн шалгах ажиллагаанд энэ талаар шалгасан байх тул анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Н.Нын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч Н.Нд тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор гэм бурууд нь тохируулан хорих ял оногдуулсан байх ба энэ нь Н.Нын удаа дараа бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хувийн байдал, түүний үйлдсэн гэмт хэргүүдийн хэр хэмжээнд нийцжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Нын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Н.Нын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 98 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/75 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Нын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 98 /ерэн найм/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ӨСӨХБАЯР

              ШҮҮГЧ                                                         Ц.ОЧ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ