Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 114

 

“И- Н-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00539/и

      Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Г.Давааренчин, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  08 дугаар сарын 12-ны өдрийн 896 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “И- Н-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.А-д холбогдох

“2.443.250 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч Б.А-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваа илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхтуяа, хариуцагч Б.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “И- Н-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.А- нь тус компаниас 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 1.650.000 төгрөгийг 5.9 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд зээл, хүүгийн эргэн төлөлтийг сар бүр төлж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дуусгах байсан. Гэвч Б.А- нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй ба өнгөрсөн хугацаанд зээлээ 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 270.000 төгрөг төлсөн боловч үлдсэн хугацаанд нэг ч удаа төлөөгүй болно. 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар Б.А-гийн үндсэн зээлийн үлдэгдэл 1.412.450 төгрөг, зээлийн хүү 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 341 хоногийн хугацаанд нийт 1.030.800 төгрөг, нийт 2.443.250 төгрөг байна. Б.А-гийн зээлийн хүүг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар тооцсон болно. Иймд Б.А-гаас зээлийн гэрээний үүрэгт 2.443.250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.А- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Б.А- 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр группийн мөнгөө барьцаалан 8 сарын хугацаатай зээл авсан. Гэтэл “И- Н-” ХХК-ийн зээлийн хоршоо нь анх миний бие Б.А- нь 1.650.000 төгрөг аваад үүнээс 1 сарын мөнгө болох 270.000 төгрөг төлөөд байтал миний бие аргагүй байдлын улмаас эмнэлэгт хэвтэн 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарын хугацаанд эмчилгээ хийлгэж байсан өрхийн орлого байхгүйн тухайн зээлийг төлж чадахгүй удаасан нь үнэн. Энэ тухай миний бие нь аргагүй байдал зовлонгоо тоочиж байсан боловч миний энэхүү аргагүй байдлыг илтэд үл хүндэтгэн хууль мэдэхгүйг далимдуулж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна  гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  08 дугаар сарын 12-ны өдрийн 896 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар хариуцагч Б.А-гаас 2.158.800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “И- Н-” ХХК-д олгож, 200.886 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54.042 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 49.491 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.А- давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

“И- Н-” ХХК-аас  2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 8 сарын группийн мөнгөө барьцаалж 2.160.000 төгрөг зээлж авсан бөгөөд надад бэлэн 1.650.000 төгрөг өгсөн ба үлдэгдэл 510.000 төгрөгийг суутгаж авсан нь тухайн үед хүүгийн мөнгө гэж ойлгосон.

Мөн миний бие хариуцагчаар оролцож байгаа тул шүүх хуралд биечлэн оролцох шаардлагатай байхад хурлын тов мэдэгдэлгүйгээр шүүх хурал хийсэн мөн анхан шатны шүүхийн шийдвэрээ гардуулж өгөөгүй шууданд хийсэн байсныг 2020.09.02-ны өдөр анхан шатны шүүх дээр очиж шүүх хурал явагдсан шүүхийн шийдвэр гараад шуудангаар хүргүүлсэн зэргийг мэдсэн бөгөөд хариуцагч миний эрх ашиг зөрчигдсөнд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “И- Н-” ХХК-аас Б.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.443.250 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчаас эс зөвшөөрч маргасан байна.

Шүүхээр хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчээс үндсэн зээлд 1.412.450 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хүүгийн төлбөрт 947.236 төгрөг буюу нийт 2.359.686 төгрөг гаргуулна хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан, 83.564 төгрөгийн шаардлагаасаа татгалзжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан “Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох” зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, үндсэн зээлийн төлбөрт 1.650.000 төгрөг, гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байсан 8 сарын хугацааны хүүд 778.800 төгрөг буюу нийт 2.428.800 төлөх ёстойгоос хариуцагчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн төлбөрт төлсөн 270.000 төгрөгийг хасаж тооцон нийт 2.158.800 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагаас 200.886 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Ингэж шийдвэрлэхдээ зээл болон зээлийн хүүгийн талаар нарийвчлан тооцоогүй байх тул шийдвэрт магадлалд дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Нэхэмжлэгч талаас 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Барьцаат зээлийн гэрээ” /хх-ийн 5-р тал/”-г байгуулсны дагуу хариуцагч Б.А-д 1.650.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн, хариуцагч нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 270.000 төгрөгийг зээл зээлийн хүүгийн төлбөрт төлсөн /хх-ийн 6-р тал/, энэ талаар талууд маргаагүй байна.

Талуудын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ /Барьцаат зээлийн гэрээ/”-ний 1.2.2-т “...зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанаас нь өмнө төлж болох бөгөөд энэ тохиолдолд зээлдүүлэгч зээлийн хүүг энэхүү гэрээний 1.1.6-д /зээл тооцох хамгийн бага хугацаа 10 хоног/ заасны дагуу тооцож авна...” гэж зааснаас үзвэл гэрээний гүйцэтгээгүй үлдсэн үүргийг үндсэн зээлийн үлдэх хэмжээнээс зээл, зээлийн хүүг тооцон хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Хариуцагч нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчээс 1.650.000 төгрөгийг сарын 5.9 хувийн хүүтэй 8 сарын хугацаатай авсан, зээл авсан өдрөөс хойш 9 хоногийн дараа буюу 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 270.000 төгрөгийг төлсөн, уг төлбөрөөс “И- Н-” ХХК нь үндсэн зээлийн төлбөрт 237.550 төгрөгийг хасаж, зээлийн хүүд 32.450 төгрөгийг тус тус тооцон авсан буюу үндсэн үүрэгт /1.650.000-237.550/=1.412.450 төгрөг үлдсэн байна.

Дээрхээс дүгнэн үзвэл хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үндсэн төлбөр 1.412.450 төгрөг бөгөөд гэрээний хүчин төгөлдөр үйлчилж байсан хугацаа буюу 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх 7 сар, 21 хоногийн хугацаанд уг мөнгөнөөс зээлийн хүүг тооцон хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн нэхэмжлэгчид төлөх үндсэн зээлийн төлбөр 1.412.450 төгрөг, зээлийн гэрээний 1.1.3-т зааснаар үндсэн зээлийн нэг сар хүүд 83.334.55 төгрөг, үүнийг үлдэх 7 сар 21 хоногт нэмэгдүүлэн тооцвол 641.676 төгрөг болно.

Иймд хариуцагч Б.А-гаас үндсэн зээлийн төлбөрт 1.412.450 төгрөг, зээлийн хүүд 641.676 төгрөг буюу нийт 2.054.126 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 389.124 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Хариуцагч Б.А-гаас “...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 8 сарын группийн мөнгөө барьцаалж 2.160.000 төгрөг зээлж авсан, бэлэн 1.650.000 төгрөг өгч үлдэгдэл 510.000 төгрөгийг суутгаж авсан нь тухайн үед зээлийн хүү гэж ойлгосон, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэлгүйгээр шүүх хуралдааныг хийж шүүхийн шийдвэрээ гардуулж өгөөгүй хэмээн давж заалдах гомдол гаргасан.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл “И- Н-” ХХК болон зээлдэгч Б.А-, хамтран зээлдэгч Э.Э- нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 8 сарын хугацаатай 2.160.000 төгрөг зээлдүүлсэн талаарх ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Зохигчид нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх нь иргэний эрх зүйн зарчим бөгөөд ийнхүү мэтгэлцэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, харин туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авхуулах тохиолдолд шүүхэд хүсэлтээ гаргаж нотлох баримтыг цуглуулах эрхтэй.

Анхан шатны шүүхээс энэ талаар хариуцагчид эрх үүргийг тайлбарлан өгсөн /хх-ийн 12-р тал/, хэргийг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1130 цагт шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх товыг шүүгчийн захирамжаар тогтоож /хх-ийн 61-р тал/ хариуцагч Б.А-гийн 99280241 дугаарын утсаар 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1515 цагт мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасантай нийцсэн байна.

Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийг бүрэн эхээр нь бичгээр үйлдэх ба энэ хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцогч тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй.

Хавтаст хэргийн 70 дугаар талд авагдсан “Шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчид гардуулсан баримт”-аас үзвэл шүүхээс хариуцагчид шийдвэрийг гардуулах талаар түүний өөрийнх нь болон гэр бүлийнх нь хүний утас руу удаа дараа залгахад утсаа аваагүй, шүүхийн ажилтнаар гэрт нь хүргүүлэхэд хүнгүй эзэнгүй байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу шийдвэрийг хариуцагчийн оршин суудаг хаягаар нь баталгаат шуудангаар хүргүүлсэн нь зөв байна.

Иймд хариуцагчийн гаргасан “И- Н-” ХХК-аас  2.160.000 төгрөгийн зээл авсан, зээлээс 510.000 төгрөгийг суутган 1.650.000 төгрөг өгсөн, анхан шатны шүүх шүүх хуралдааны тов мэдэгдэлгүйгээр шүүх хуралдааныг хийсэн, шүүхийн шийдвэрийг гардуулж өгөлгүйгээр шууданд хийж хариуцагчийн эрхийг зөрчсөн...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт магадлалд заасан үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин барьцаалан зээлдэх газар зээл олгохдоо хөдлөх эд хөрөнгө барьцаалахаар Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-т заасан хэдий ч эд хөрөнгийн эрх барьцаалсан байгааг, мөн барьцааны зүйлийн талаар шаардлага болон маргааны зүйл гаргаагүй тул давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийн зүйлчлэлийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  08 дугаар сарын 12-ны өдрийн 896 дугаар шийдвэрийн “ТОГТООХ нь” хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар хариуцагч Б.А-гаас 2.158.800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “И- Н-” ХХК-д олгож, 200.886 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг

         “...Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар хариуцагч Б.А-гаас 2.054.126 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “И- Н-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 389.124 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

            2 дахь заалтад “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54.042 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 49.491 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай...” гэснийг

“...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54.042 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 47.816 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагч Б.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                          

 

                                                                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                                                                                          ШҮҮГЧИД                               Г.ДАВААРЕНЧИН   

                                                                                                                                                          М.МӨНХДАВАА