Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2018/0073

 

2018 оны 01 сарын 25 өдөр

  Дугаар 221/МА2018/0073

 Улаанбаатар хот

 

   

  А.Х, Д.А нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч А.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.А, А.М,  хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд Д.Б, гуравдагч этгээд “Р Н К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээд “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0798 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын болон хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, А.Х, Д.А нарын  нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад /хуучнаар/ холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0798 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар

Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 17 дугаар зүйлийн 17.1.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 292 дугаар захирамжийн Р Н К ХХК, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжийн И ХХК, 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжийн иргэн Д.Б нарт холбогдох хэсгийн нэхэмжлэгч талуудын эзэмшлийн газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоох иргэн А.Х, Д.А нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            2 дахь заалтаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 44 дүгээр зүйлд заасныг баримтлан иргэн Д.А, А.Х нарт Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн аманд аялал жуулчлалын зориулалтаар олгосон тус бүр 5.0 га талбай бүхий газрын “И” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцаж буй хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бие даасан шаардлагыг хангаж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн 283 дугаар тушаалын А.Х, Д.А нарт холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоож,

            3 дахь заалтаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан “И” ХХК-д олгож,

            4 дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар шинжээчийн зардал 641018 төгрөгийг хариуцагч  Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргуулж /Голомт банкны 1405006459 дугаар дансанд/ “Г” ХХК-д олгож тус тус шийдвэрлэжээ.

            Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ддавж заалдах гомдолдоо:          

“... Анхан шатны шүүх нь зөвхөн нэг талыг баримталсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болоогүй гэж үзэж байна.

Нэг. Манай яам нь Улсын Их Хурлын 1995 оны Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай 26 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 3 дахь хэсэгт Богд уулын дархан цаазат газрын хилийн заагийг баталснаар мөрдөн ашиглаж байгаа бөгөөд 1995 оноос хойш манай ашиглаж буй Богд уулын дархан цаазат газрын кадастрын зурагт өөрчлөлт ороогүй байгаа болно.

Хоёр. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу маргаан бүхий газарт газар ашиглах эрх олгох нь манай байгууллагын бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна.

Гурав. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-135 тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын газар ашиглалттай холбоотой асуудлыг судлан шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан боловч Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн 3 удаа өөрчлөгдсөний улмаас ажлын хэсгийн гишүүд өөрчлөгдсөн зэрэг шалтгаанаар дүгнэлт гараагүй болно. Энэ талаар шүүхэд 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 05/4872 тоот бичгээр хүргүүлсэн. Гэтэл Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2/1338 тоот албан бичгээр ирүүлсэн Шинжээчийн дүгнэлт болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/1825 тоот бичгээр ирүүлсэн хилийн заагийн талаарх зурган нотлох баримт нь шийдвэр гаргаагүй ажлын хэсгийн тогтоосон хил хэмээх хэмжилтийг үндэслэж гаргасан нь хууль бус байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийн талаарх Нийслэлийн өмчийн харилцааны газрын /хуучин нэр/ ашиглаж буй хил болон Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газраас гаргаж өгсөн хилийн цэсийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0798 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, М.Б нар давж заалдах гомдолдоо:

“... Нэг. Анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Тодруулбал хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүух нь “нотлох баримтыг буруу буюу дутуу үнэлсэн”, “талуудын гаргасан тайлбар, баримтаас хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн” байна гэж үзэж байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/1825 дугаартай албан бичгээр ирүүлсэн 4 хуудас зургийг шүүх хуралдааны явцад нотлох баримтаар судлан дүгнэлт хийхдээ шийдвэрийн үндэслэл болгон дүгнэсэн нь учир дутагдалтай болсон юм.

Шүухээс дээрх баримт бичгийг үнэлэхээс өмнө Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1/1157 тоот “Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийн тухай" шүүхэд ирүүлсэн бичигт' “ ... тогтоол дээрх шонгууд газар дээрээ болон байр зүйн зураг дээр тэмдэглээгүй байгаа шалтгаанаар үнэн зөв тодорхойлоход хүндрэлтэй байсан болно. Энэхүү эргэлтийн цэгүүдийг хооронд нь холбож, үнэн зөв хил заагийг тогтоох үүрэг бүхий ажпын хэсэг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаман дээр байгуулагдсан бөгөөд уг ажпын хэсгээс Богдхан уулын хил заагийг харуулсан зургийг гаргуулан авахыг санал болгож байна” гэж бичиж “Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг тогтоосон зураг”-ийн хамт ирүүлж байсан.

Мөн Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Нотлох баримт хүргүүлэх тухай" албан бичгээр дээрх агуулга бүхий тайлбар, нотлох баримтуудыг шүүхэд дахин ирүүлсэн байдаг.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-135 дугаар тушаалаар байгуулагдсан Ажпын хэсгээс Богдхан уулын хил заагийг үнэн зөв тодорхойлох талаар шийдвэр гараагүй бөгөөд энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тодруулгыг шүүх авч хавтаст хэрэгт  хавсаргасан байдаг.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аяпал жуулчлалын яам нь Богдхан уулын дархан цаазат газрын зохион байгуулалтыг хариуцдаг.

Тус яамнаас шүүхэд ирүүлсэн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11/5973 дугаар албан бичиг-Кадастрын зураг, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 04/594 дугаар бичиг, зурган мэдээллийн нотлох баримтуудаар иргэн А.Х, Д.А нарын ашиглаж буй газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байгааг баталгаажуулсан байдаг.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-135 тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын газар ашиглалттай холбоотой асуудлыг судлан шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан боловч Засгийн газрын бутэц бүрэлдэхүүн 3 удаа өөрчлөгдсөний улмаас ажлын хэсгийн гишүүд өөрчлөгдсөн зэрэг шалтгаанаар дүгнэлт гараагүй талаар шүүхэд 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 05/4872 тоот бичиг ирүүлсэн байна.

Гэтэл Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 9 дугээр сарын 12-ны өдрийн 2/1338 тоот албан бичгээр ирүүлсэн Шинжээчийн дүгнэлт болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/1825 тоот бичгээр ирүүлсэн хилийн заагийн талаарх зурган нотлох баримт нь шийдвэр гаргаагүй ажпын хэсгийн тогтоосон хил хэмээх хэмжилтийг үндэслэж гаргасан байгаа нь нотлох баримтын зх сурвалж болж чадаагүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна.

Хоёр. Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2015 оны 11 сарын 23-ны өдрийн 781 дүгээр албан бичиг , 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 590 дүгээр албан бичгээр Байгаль орчны сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 тоот тушаалаар иргэн А.Х, Д.А нарт Хан-Уул дүүргийн нутагт орших тус дархан цаазат газрын Ташгайн аманд газар эзэмших эрх авсан бөгөөд 775 дугаар гэрчилгээгээр болон 769 дүгээр гэрчилгээгээр тус тус дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах гэрчилгээ авсан, гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж буй талаарх мэдээллийг нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлсэн байдаг.

Гэтэл шүүхээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн 1000 тоот албан бичигт "... 2008 онд газар ашиглах хүсэлт гаргасан эсэхийг байгууллагын архив, газар ашиглагчийн хувийн хэргээс шалган үзэхэд газар ашиглах хүсэл гаргаагүй байгааг үүгээр мэдэгдэж байна” дарга “Ц.Д”-ыг төлөөлөн өөр этгээд гарын үсэг зурж ирүүлсэн бичгийг нотлох баримтаар үнэлэн шийдвэр гаргасан нь нэг талыг барьсан, нотлох баримт шаардлага хангаагүй байхад үнэлсэн гэж үзэж байна.

            Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2017 оны 10 дугаар сарын 11- ний өдөр ирүүлсэн 1000 тоот албан бичиг нь Архивын хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 189 дүгээр тогтоол, Архивын Ерөнхий газрын даргын 2009 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тушаалаар баталж Улсын бүртгэпд 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 3067 дугаарт бүртгэгдсэн “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын 2.3.11-д “Байгууллагын даргын эзгүйд албан баримт бичигт үүрэг гүйцэтгэгч, эсвэл байгууллагын даргыг албан ёсоор орлож буй албан тушаалтан гарын үсэг зурна” гэснийг зөрчиж ирүүлсэн албан бичиг нь нотлох баримтын “үнэн зөв" байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл, 31 дүгээр зүйл, 32 дугаар зүйл, 34 дүгээр зүйл, 101 дүгээр зүйл тус бүрийг зөрчиж гаргасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0798 дугаар шийдвэр мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, мөн зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгг авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна" гэснийг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ:

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаан шийдвэрлэв.

Тус хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0274 дүгээр магадлалаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэснийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 239 дүгээр тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хэрэг шүүгч А.Насандэлгэрт хуваарилагдсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 707 дугаар тогтоолоор А.Насандэлгэр шүүгч ээлжийн амралтаа авч байгаа гэсэн үндэслэлээр уг хэргийг шүүгч Л.Батбаатарт шилжүүлсэн байх боловч 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хэргийг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүгч У.Бадамсүрэн, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2-д заасны дагуу томилогдсон шүүгч хэргийг хянан шийдвэрлээгүй байгаа нь мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т заасан “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх үндэслэл болох тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 707 дугаар тогтоолоор хэрэг шүүгч Л.Батбаатарт шилжсэн байхад мөн өдрийн 706 дугаар тогтоолоор шүүгч Н.Дуламсүрэнгийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгасан нь хэрэг хуваарилагдаагүй шүүгчийн хүсэлтээр хугацааг сунгасан, уг тогтоолд шүүгч Н.Дуламсүрэнгийн гарын үсэг зурагдаагүй,  2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Хамтран хариуцагчаар татан оролцуулах тухай” 128/ШЗ2017/6008, “Эрх залгамжлагчийг солих тухай” 128/ШЗ2017/6012 дугаар шүүгчийн захирамжуудыг Ерөнхий шүүгчийн захирамжийн хэвлэмэл хуудсан дээр хэвлэсэн алдаатай, мөн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр болох урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдсэн, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрэцэцэгээс ирүүлсэн тайлбар, гуравдагч этгээд “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-ы бие даасан шаардлагаа тодруулсан тайлбар, баримтуудад шүүхийн дардас дарагдаагүйн улмаас шүүх тэдгээрийг хэзээ хүлээж авсан нь тодорхойгүй, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн удиртгал хэсэгт шүүгч Э.Мөнх-Эрдэнэ, шүүхийн шийдвэрт шүүгч Б.Мөнх-Эрдэнэ гэж шүүгчийн овгийн үсгийг зөрүүтэй бичсэн, мөн өдрийн 128/ТМ2017/3395 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл болон 128/ШШ2017/0798 дугаартай шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Э-ын нэрийг Ж.Э гэж буруу бичсэн зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа дутагдал байгааг дурдаж, цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу, алдаа дутагдалгүй явуулж хэргийг шийдвэрлэх нь зүйтэйг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0798 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг тус тус дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ