| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0015/Э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2018-01-17 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | С.Б |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Г.Соронзонболд, улсын яллагч С.Болорчулуун, хохирогчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа /ҮД: 1966/, шүүгдэгч Г.О түүний өмгөөлөгч Х.Отгончимэг /ҮД: 0367/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Уранбаян овогт Гомборавсалын Оюунжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201526030845 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1964 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, 2 хүү, бэр, ач хүү, охины, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Уранбаян овогт Гомборавсалын О
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Онь 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээгээр халхавчлан барилгын үйлдвэр байгуулж байгаа, тоног төхөөрөмж оруулж ирээд бүтээгдэхүүн үйлдвэрлээд дор нь мөнгийг чинь өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар С.Оыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний өмчлөлийн 49.989.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
Мөн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр С.Оаас хүн нас барчихлаа, ажил явдалд зарцуулах гэсэн юм, 2-3 хоногийн дараа гэрээний мөнгө ороод ирнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар С.Оыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад би болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүний өмчлөлийн 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч С.Од нийт 51.989.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Г.О: “...Намайг буруутгаж байгаа үйлдэл дээр маргахгүй. Тухайн үед ажлаа цагт нь хийгээгүй, хугацаанд нь зээлсэн мөнгөө өгч чадаагүй нь үнэн. Хугацаанд нь мөнгөө өгсөн бол энэ хүн надад гомдохгүй байсан байх. Би уг нь зээлийн гэрээ хийж мөнгө авсан, надад залилах зорилго бодол байгаагүй. Зээл авахдаа найзтайгаа нийлж барилгын ажил хийх гэж байгаа гэж хэлж авсан. Эхнээсээ залилъя гэж аваагүй. Тухайн үед би байрны 8%-ийн зээлтэй байсан. Тэр зээлээ дараад барилгын ажлыг хийвэл ашигтай байна гэж найзтайгаа яриад хийсэн. Оаас авсан зээлээ төлье гэхэд ажил бүтээгүй. Тэгээд болохоо байгаад 280 сая төгрөгний зээлийг жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх зээл Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас баталсан. Капитал банкнаас бас зээл батлагдаж гарсан. Тэр үед хүмүүс солигдоод хөгжлийн банкнаас зээл олгогдоогүй. Би хохирогчоос зээл авахдаа Оюунхишиг найзтайгаа зөвлөсөн, барих байшингийн зургаа аваад хохирогч дээр очсон. Би эхлээд Отай уулзахдаа 230 сая төгрөг зээлье гэж хэлсэн. Тэгэхэд зээлэх тийм их мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгээд 2 дахь удаагаа уулзаж зээл асуухад надад таны бизнесийг дэмжээд 50 сая төгрөгний зээл өгье гээд шилжүүлсэн. Оюунхишигтэй хамт очиж аваагүй нь миний буруу. 2 сая төгрөгийг манай худ нас бараад би авсан. Над руу бас шилжүүлсэн. Хүн дагаад бүтэлгүй бизнес хийгээд ийм байдалд орсон. Отай уулзаад утсаар ярихдаа байнга уулчлалт гуйдаг байсан. Энэ бүхэн миний буруу. Ийм хэмжээнд очно гэж бодоогүй. Ажлаа зөв төлөвлөөд зөв бизнес хийгээд явсан бол хүнээс авсан мөнгөө цагт нь өгөөд тэр хүнийг өдий болтол гомдоохгүй байсан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Би буруугаа хүлээж байна. Энэ бол миний хийсэн алдаа. Баримт сэлт бүрдүүлж чадаагүй. Хамт бизнес хийх гэж байгаа хүнтэйгээ очиж мөнгө аваагүй нь миний буруу...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд:
Хохирогч С.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Оюунжаргалтай 2003 оноос хойш энгийн танилын харилцаатай байсан. 2014 оны 06 дугаар сард ОЭрүүл хоололтын төвд тааралдаад машинаараа гэрт нь хүргэж өгсөн. Тэрнээс хойш хэд хоногийн дараа Онадтай уулзья гээд уулзахад 500 сая төгрөг зээлээч эгч нь барилгын материалын үйлдвэр байгуулж байгаа хэдэн тоног төхөөрөмж дутуу байгаа тул авах гэсэн юм, тэдгээр төхөөрөмжөө оруулаад ирвэл бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд, худалдан авагч бэлэн тул дор нь буцаагаад мөнгөө гаргаж аваад мөнгийг чинь буцаагаад өгнө гэж хэлсэн. Тэр үед нь би надад тийм их хэмжээний мөнгө байхгүй гэж хэлээд салцгаасан боловч хэд хоногийн дараагаас над руу байнга утсаар залгаж, мессеж бичиж мөнгө зээлээч, барилгын ажлын улирал дуусах гээд байгаа тул яарах хэрэгтэй байна гээд байсан. Гуйгаад байхаар нь би итгээд өөрт байсан 50 сая төгрөгөө зээлье, гэхдээ нотариат орж гэрээ байгуулна, барьцаа авна гэхэд эгчид нь барьцаалах зүйл байхгүй, чи надад итгээд өгөөч гээд байсан. Тэр үед нь би гэрээ байгуулахгүйгээр мөнгө өгөхгүй гэхэд дуртай дургүй нотариат орж 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дуусах гэрээ байгуулсан. Гэрээгээ байгуулаад Хаан банкны Зайсан дахь салбар дээр очиж би өөрийн данснаас Оюунжаргалын Хаан банкны данс руу 50 сая төгрөгийг шилжүүлсэн. Онь надаас 50 сая төгрөг авсныхаа дараа 70 саяас 80 сая төгрөг нэмж зээлээч гэж гуйж шалж нөгөө л үйлдвэрийнхээ талаар ярьдаг байсан боловч би мөнгө зээлээгүй. 2014 оны 10 дугаар сард Оминий утас руу хүн нас барчихлаа ажил явдалд нь зарцуулах гэсэн юм 2 сая төгрөг зээлж тус болооч, гэрээний мөнгө 2-3 хоноод ороод ирэхээр буцаагаад өгнө гэж мессеж ирүүлсэн. Би хүн нас бараад ажил явдалд нь зарцуулах мөнгө хомс байгаа юм байна гэж өрөвдөөд мобайл банкаар өөрийн данснаас 2 сая төгрөгийг шилжүүлсэн. Би 2-3 хоногийн дараа нөгөө мөнгө чинь орж ирсэн үү, мөнгөө авья гэхэд удахгүй орж ирнэ би хөөцөлдөөд явж байна, шилжүүлчихье гэж хэлсэн. Энэ мөчөөс эхлэн Оруу залгах үед утсаа авахаа больж, мессеж бичихэд хариуд нь гэрээний мөнгө удахгүй орж ирнэ гэдэг байсан. Дараа нь би дахин утсаар ярих гэхэд утсаа авахгүй, мессежээр эгч нь төслийн зээл хөөцөлдөөд бараг бүтэж байгаа мөнгө орж ирэхээр нь чиний мөнгийг өгнө гэдэг байсан. Ингээд надаас 52 сая төгрөг авснаасаа хойш нэг ч удаа буцаан төлөлт болон хүү төлж байгаагүй. Гэрээний хугацаа дуусах дөхөөд 2015 оны 06 дугаар сард Оруу залгахад эгч нь төслийн зээл хөөцөлдөж байгаа бүх асуудал шийдэгдсэн, одоо санхүүжилтээ хүлээж байна, 07 дугаар сарын 20-ны үеэр санхүүжилт орж ирнэ, түр хүлээгээч гэхээр нь би бас л итгээд хүлээж байсан. ...Онь надад зураг, танилцуулга үзүүлж байгаагүй модон хавтан үйлдвэрлэнэ гэж байснаас явган хүний замын хавтан үйлдвэрлэнэ гэж хэлж байгаагүй, би өөрөө үйлдвэр байгуулж байгаа хэдэн тоног төхөөрөмж авах гэхэд мөнгө дутаад байна, мөнгө зээлээч гэсэн. Онь 50 сая төгрөг зээлж авсныхаа дараа дахин мөнгө зээлээч модон хавтангийн үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна, Бэлх, Сэлхийн зүгт шовгор байшин барих гэж байгаа хэрэв мөнгө зээлвэл нэгийг нь чамд үнэгүй өгнө гэж хэлж зураг үзүүлж байсан. ...Би 2014 оны 12 дугаар сард таны үйлдвэрийг очиж үзье, тоног төхөөрөмж авсан бол бичиг баримтыг нь өгөөч гэж хэлэхэд гадуур ажилтай гэж хойшлуулдаг байсан. ...Надад замын өнгөт хавтан хийдэг тоног төхөөрөмж оруулж ирнэ гэж хэлээгүй, барилгын модон хавтан үйлдвэрлэнэ, чи надад мөнгө зээлвэл ОХУ-аас тоног төхөөрөмжүүдээ аваад хавтангаа үйлдвэрлэнэ гэж хэлсэн...” /1-р хх-ийн 39-40, 41, 153, 2-р хх-ийн 234-235 / гэсэн,
Д.Оюунхишиг мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2014 оны 06 дугаар сард Онамайг эрүүл хоололтын төв дээрээ хүрээд ирээч гэсэн. Намайг очих үед Онадад нэг юм хиймээр байна, жижиг хуванцарын үйлдвэр ажлуулмаар байна, эрүүл хоололтын клуб надад ашиг өгөхгүй байна гэж хэлсэн. Тэр үед нь би урагшаа явах гэж байгаа, тэнд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа болох гэж байгаа талаар ярьсан. ...Дараа нь “би Оаас 50 сая төгрөг зээлчихлээ юм хиймээр байна, чи юм хийж сурсан юм чинь надад туслаач” гэсэн. Би тухай үед урагшаа явах гэж байгаа чи хамт явж юм үзэх үү, чи хэдэн төгрөгний бизнес хийх гээд байгаа юм бэ гэж асуухад 50 сая төгрөг зээлснээс 16 сая төгрөгийг нь өөртөө авсан, 34 сая төгрөгийг нь бизнест оруулна гэж хэлсэн. ...Оэнэ мөнгө юунд ч хүрэхгүй юм байна, яах вэ гэхээр нь манай үйлдвэрт ээлжинд ажиллахыг би зөвшөөрсөн, тэрний дагуу Онэмж хавтангийн хэв, туслах материал авсан. ...Би Оюунжаргалыг мөнгө олоод ир хамтарч бизнес хийе гэж хэлээгүй, би тогтсон бизнестэй Оюунжаргалтай хамтрах шаардлага байхгүй, би тус больё л гэж бодсон. ...Г.О17 сая төгрөгийг нь өрөндөө өгчихсөн гэхээр нь 33 сая төгрөгөөр ямар төхөөрөмж авах гээд байгаа юм, наадах чинь аюултай гэхэд зүгээр гээд байсан. ...Би сувилал барих зураг төсөл хийгээд Баянзүрх дүүргийн газрын албанаас газар авах зөвшөөрөл авч байсан юм. Би тэр газрыг авах зорилгоор жижиг хэмжээний төсөл хийж байсан. Миний хийж байсан зүйлийг ОО гэх хүнд харуулаад мөнгө авчихсан байна лээ. Тэрнээс бид хоёр хамт хаус барьж зараад ашиг олох яриа төлөвлөгөө байгаагүй...” /1-р хх-ийн 60-61, 156/ гэсэн,
Гэрч Б.Жавхлан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний ээж Бүгд найрамдах Хятад ард улсаас явган хүний хавтан хийх 1000 ширхэг хавтангийн хэв авчирсан. Тэр хавтангийн хэв 2011 оны стандарт хэв байсан гэдгийг сүүлд мэдсэн. Тухайн үед Оюунхишиг гэх хүний үйлдвэр дээр ээж, би, Болдбаярт ахтай хамтран явган хүний хавтанг 2000 ширхэгийг 5 хоногт хийсэн. Ээжийн авчирсан хэвээр хийсэн хавтан нь Улаанбаатар хотод зөвшөөрөгдөхгүй байсан...” /1-р хх-ийн 44/ гэсэн,
Шүүгдэгч Г.Омөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Од 250.000.000 төгрөг зээлээч би найзтайгаа хамтран сип хавтан үйлдвэрлэдэг машин оруулж ирнэ гэж хэлсэн. ...Тухайн үед О бодож үзье гэсэн бөгөөд дараа нь мөнгө яасан бэ гэхэд надад 50 сая төгрөг байна, та ав гээд 2014 оны 06 дугаар сарын 30-ны орой миний данс руу шилжүүлсэн. Би 50 сая төгрөгнөөс 7 сая төгрөгөөр нь хооллолтын клубдээ бүтээгдэхүүн авсан, 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Гуанжоу руу явж тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаан дээр очиж үзэхэд 34 сая төгрөгөнд тохирох төхөөрөмж байхгүй байсан тул хоосон буцаж байхаар гээд Эрээн хотоос замын хавтангийн хэв, замын хавтанд ордог материал аваад Улаанбаатар хот руу ачуулсан. ...Оюунхишиг замын хавтан хийдэг компанитай уг ажлаа 10-аад жил хийж байгаа. ...Би Од барилгын сип хавтан үйлдвэрлэнэ, байшин барина гэж ярьсан. Сип хавтангийн үйлдвэр байгуулахад хэр хэмжээний зардал гарах талаар амаараа ярьж байсан болохоос цаасан дээр буулгасан зүйл байхгүй. Гадуур хүмүүсээс асуухад ашигтай л гэж ярьдаг.../1-р хх-ийн 55-56, 158-159, 160-161/ гэсэн мэдүүлгүүд,
- Өргөдөл /1-р хх-ийн 4-5/,
- Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /1-р хх-ийн 08/,
- Зээлийн гэрээний хуулбар /1-р хх-ийн 9/,
- Улсын хилээр тоног төхөөрөмж импортлон оруулсан тухай лавлагаа /1-р хх-ийн 65/,
- Үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 147-151/,
- Хохирлын мөнгө төлсөн баримт /1-р хх-ийн 183, 205, 2-р хх-ийн 76, 77 118-120, 3-р хх-ийн 3, 206-211, 213 /,
- С.Оын дансны хуулга /1-р хх-ийн 10-11/,
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Г.Оюун-Эрдэнэ /1-р хх-ийн 42/, Б.Баясгалан /1-р хх-ийн 43/,
- Г.Оюунжаргалын иргэний үнэмлэхний лавлагаа, ял шалгах хуудас /1-р хх-ийн 73, 75 3-р хх-ийн 214/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №962 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Г.Онь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэг өвчингүй өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан байна.
2. Г.Онь хэрэг үйлдэх үедээ өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан байна.
3. Г.Онь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
4. Г.Оюунжаргалд эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
5. Г.Онь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, мэдүүлэг өгөх чадвартай байна...” /1-р хх-ийн 46/ гэсэн дүгнэлт зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.Оюунжаргалд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Г.Онь 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээгээр халхавчлан барилгын үйлдвэр байгуулж байгаа, тоног төхөөрөмж оруулж ирээд бүтээгдэхүүн үйлдвэрлээд мөнгийг чинь дор нь өгнө гэж,
мөн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “2-3 хоногийн дараа гэрээний мөнгө ороод ирээд өгьё, хүн нас барчихлаа, ажил явдалд зарцуулах гэсэн юм” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар С.Оыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хоёр удаагийн үйлдлээр өмчлөлийн 51.989.000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Оын “...Онадтай уулзья гээд уулзахад 500 сая төгрөг зээлээч эгч нь барилгын материалын үйлдвэр байгуулж байгаа хэдэн тоног төхөөрөмж дутуу байгаа тул авах гэсэн юм, тэдгээр төхөөрөмжөө оруулаад ирвэл бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд, худалдан авагч бэлэн тул дор нь буцаагаад мөнгөө гаргаж аваад мөнгийг чинь буцаагаад өгнө гэж хэлсэн. ...Гуйгаад байхаар нь би итгээд өөрт байсан 50 сая төгрөгөө зээлье, гэхдээ нотариат орж гэрээ байгуулна, барьцаа авна гэхэд эгчид нь барьцаалах зүйл байхгүй чи надад итгээд өгөөч гээд байсан. Тэр үед нь би гэрээ байгуулахгүйгээр мөнгө өгөхгүй гэхэд дуртай дургүй нотариат орж 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дуусах гэрээ байгуулсан. Гэрээгээ байгуулаад Оюунжаргалын данс руу 50 сая төгрөгийг шилжүүлсэн. Онь надаас 50 сая төгрөг авсныхаа дараа 70 саяас 80 сая төгрөг нэмж зээлээч гэж гуйж шалж нөгөө л үйлдвэрийнхээ талаар ярьдаг байсан боловч би мөнгө зээлээгүй. 2014 оны 10 дугаар сард Оминий утсанд “2-3 хоногийн дараа гэрээний мөнгө ороод ирэхээр буцаагаад өгчихнө, хүн нас барчихлаа, ажил явдалд нь зарцуулах гэсэн юм, 2 сая төгрөг зээлж тус болооч” гэж мессеж ирүүлсэн. Би мобайл банкаар өөрийн данснаас 2 сая төгрөгийг шилжүүлсэн. Би 2-3 хоногийн дараа нөгөө мөнгө чинь орж ирсэн үү, мөнгөө авья гэхэд удахгүй орж ирнэ би хөөцөлдөөд явж байна, шилжүүлчихье гэж хэлсэн. Энэ мөчөөс эхлэн Оруу залгах үед утсаа авахаа больж, мессеж бичихэд хариуд нь гэрээний мөнгө удахгүй орж ирнэ гэдэг байсан. ...Онь надад зураг, танилцуулга үзүүлж байгаагүй модон хавтан үйлдвэрлэнэ гэж байснаас явган хүний замын хавтан үйлдвэрлэнэ гэж хэлж байгаагүй. Онь 50 сая төгрөг зээлж авсныхаа дараа дахин мөнгө зээлээч модон хавтангийн үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна, Бэлх, Сэлхийн зүгт шовгор байшин барих гэж байгаа хэрэв мөнгө зээлвэл нэгийг нь чамд үнэгүй өгнө гэж хэлж зураг үзүүлж байсан...” /1-р хх-ийн 39-40, 41/ гэсэн,
Д.Оюунхишигийн “...Онадад хандаж “би Оаас 50 сая төгрөг зээлчихлээ юм хиймээр байна, чи юм хийж сурсан юм чинь надад туслаач” гэсэн. Би тухай үед урагшаа явах гэж байгаа чи хамт явж юм үзэх үү чи хэдэн төгрөгний бизнес хийх гээд байгаа юм бэ гэж асуухад 50 сая төгрөг зээлснээс 16 сая төгрөгийг нь өөртөө авсан, 34 сая төгрөгийг нь бизнест оруулна гэж хэлсэн. ...Оэнэ мөнгө юунд ч хүрэхгүй юм байна, яах вэ гэхээр нь манай үйлдвэрт ээлжинд ажиллахыг би зөвшөөрсөн, тэрний дагуу Онэмж хавтангийн хэв, туслах материал зэрэг авсан. ...Би Оюунжаргалыг мөнгө олоод ир хамтарч бизнес хийе гэж хэлээгүй, би тогтсон бизнестэй Оюунжаргалтай хамтрах шаардлага байхгүй, би тус больё л гэж бодсон...” /1-р хх-ийн 60-61, 156/ гэсэн,
шүүгдэгч Г.Оюунжаргалын: “...Од 250 сая төгрөг зээлээч, би найзтайгаа хамтран сип хавтан үйлдвэрлэдэг машин оруулж ирнэ гэж хэлсэн. ...Тухайн үед О бодож үзье гэсэн бөгөөд дараа нь мөнгө яасан бэ гэхэд надад 50.000.000 төгрөг байна, та ав гээд 2014 оны 06 дугаар сарын 30-ны орой миний данс руу 50 сая төгрөг шилжүүлсэн. Би 50.000.000 төгрөгөөс 7.000.000 төгрөгөөр нь хооллолтын клубдээ бүтээгдэхүүн авсан, 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Гуанжоу руу явж тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаан дээр очиж үзэхэд 34.000.000 төгрөгөнд тохирох төхөөрөмж байхгүй байсан тул хоосон буцаж байхаар гээд Эрээнээс замын хавтангийн хэв, замын хавтанд ордог материал аваад Улаанбаатар руу ачуулсан. ...Би Од барилгын сип хавтан үйлдвэрлэнэ, байшин барина гэж ярьсан. Сип хавтангийн үйлдвэр байгуулахад хэр хэмжээний зардал гарах талаар амаараа ярьж байсан болохоос цаасан дээр буулгасан зүйл байхгүй...” /1-р хх-ийн 55-56, 158-159/ гэсэн мэдүүлгүүд, зээлийн гэрээний хуулбар, банкны харилцах дансны хуулга, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Онь барилгын материалын үйлдвэр байгуулаагүй, үйлдвэр байгуулах талаар тооцоо судалгаа хийгээгүй атлаа хохирогч С.Од сип хавтангийн үйлдвэр байгуулж байгаа, дутуу байгаа үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ОХУ-аас оруулж ирэх гэсэн юм, тоног төхөөрөмжөө оруулж ирээд хавтангаа үйлдвэрлээд эхлэхээр мөнгө орж ирнэ, авах хүмүүс нь бэлэн байгаа гэж итгүүлэн 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 49.989.000 төгрөгийг,
“2-3 хоногийн дараа гэрээний мөнгө орж ирнэ, орж ирэнгүүт нь шилжүүлнэ, хүн нас бараад буяны ажилд нь зарцуулах гэсэн юм” гэж итгүүлэн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийтдээ 51.989.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж байгаа үйлдэл нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар С.Оыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан нь бусдыг залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.
Хэрэг 2014 оны 6 дугаар сарын 30, 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж,
Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг “...онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж,
2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 2 дахь хэсгийн 2.2-т “их хэмжээний хохирол учруулсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.
2002 он, 2015 оны Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, түүнд оногдуулах ял хариуцлагын байдлаас дүгнэхэд шүүгдэгч Г.Оюунжаргалд 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тул энэ хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Оюунжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул шүүхээс Г.Оюунжаргалыг дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн байна.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөлд хамааруулахгүй тухай зохицуулсан бөгөөд шүүгдэгч Г.Оюунжаргалын дээрх үйлдлийг өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Од 51.989.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуудсан ба хохирогч С.О нь “гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг бүрэн барагдуулж авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санаагаар их хохирсон, гомдолтой” гэсэн мэдүүлэг өгсөн /3-р хх-ийн 181/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Г.Онь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролийг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх тухай нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид торгуулийн ял оногдуулж, уг ялыг хуульд зааснаар 1 жил 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “би бусдыг залилья гэж бодоогүй, ажлаа төлөвлөөгүй, буруу хийсэн учраас хохирогчийн мөнгийг өгч чадалгүй, ийм байдалд орчихлоо” гэж мэдүүлэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд шүүгдэгчийн ингэж мэдүүлснийг буруутгахгүй ба түүний ингэж мэдүүлсэн нь дээрх бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Уранбаян овогт Г.О зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.О 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.О-д оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.О нь торгох ялыг 01 /нэг/ жил 08 /найм/ сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 201526030845 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР