Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/442

 

 

2023              4               25                                       2023/ДШМ/442

 

Б.Гхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор И.Мөнхцэцэг,

хохирогч Г.Н, түүний өмгөөлөгч Ц.Батмэнд,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Шийтэрчулуун,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/140 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Нгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Гхолбогдох 230500000036 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Г, 

Шүүгдэгч Б.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 06-ны орой Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Лакс” нэртэй караокед хохирогч Г.Нтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хохирогч руу шилэн аяга авч шидэн нүүрэн тус газарт нь онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Шарга адуут овогт Батмөнхийн Б.Гг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.ГЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Гоногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ггаас нийт 121.000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Нд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Г.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Ггаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Н гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Г.Н миний бие 2023 оны 1 дүгээр сарын 06-ны орой Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лакс” нэртэй караокед Б.Ггийн санаатай гэмт үйлдлийн улмаас хамрын таславчний мурийлт, нүүрэнд олон тооны зүсэгдсэн шарх, баруун бугалга, зүүн шуунд зулгаралт, дух, хамар, баруун хацранд зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг авч эрүүл мэндээрээ хохирсон. Энэхүү гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хөнгөн зэргийн гэмтлийн зэрэгт хамаарагдаж байгаа боловч хохирогч миний гоо сайхан болоод гоо зүйд, сэтгэл санаа зэрэгт эдгэрэшгүй шарх, сорви үлдэж байна. Гэтэл шүүгдэгч Б.Г нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хийсэн үйлдэлдээ гэмшиж буй шинж ердөөсөө илэрхийлэгдэхгүй байгаа болно. Гэмт хэрэг гарснаас өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч удаа амаар болон утсаар уучлалт гуйгаагүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг арилгах талаар идэвх санаачлага гаргаагүй. Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хуульчилсан. Үүний дагуу миний бие өөрийн эрүүл мэндэд учирсан бодит хохирол, хор уршгийг арилгахад шаардлагатай санхүүгийн баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд тус тус гаргаж өгсөн. Гэтэл шүүхээс 3.078.290 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэж, ирээдүйд зайлшгүй хийгдэх эмчилгээний зардлыг Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн үйлдлийг шүүгдэгч гаргаагүй байхад шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн санаатай учруулсан гэмт үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах төлбөр бүрэн төлөгдөөгүй байхад шүүхээс ял оногдуулах бодлогыг зөрчиж торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн 140 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хохирол төлбөрийг барагдуулж өгнө үү.” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Батмэнд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ хохирол төлбөр бүрэн барагдсан эсэх, мөн хор уршиг бүрэн арилсан эсэхийг прокурор, шүүх хянаж үзэх ёстой. Хохирогчийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй. Хор уршгийг арилгахтай холбоотой мэргэжлийн эмчийн дүгнэлтийг гаргуулаад үүнтэй холбоотой сэргээн засах эмчилгээний төлбөрийн мэдээллийг шүүхэд гаргаж өгсөн. Анхан шатны шүүх хуралдаанд хохирлыг нэхэмжилж оролцсон. Анхан шатны шүүх иргэний шүүхээр жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүгдэгч, хохирогч нарын хоорондын харилцаа таатай биш байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирлыг сайн дураараа төлсөн гэдэг байдлаар илэрхийлж байна. Бодит байдал дээр төлбөрөө төлөхгүй удаа дараа нэхүүлдэг, хагалгаанд орсоны дараа нэхүүлж байж төлбөрийг төлсөн байдаг. Сайн дураараа төлсөн асуудал байхгүй. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.” гэв.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Шийтэрчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ял хөнгөдсөн гэж байна. Энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал хуульд заасан ялыг оногдуулсан. Мөн “хохирол төлөхөө илэрхийлээгүй. Энэ талаар ямар нэгэн санаачлага гаргахгүй байгаа” гэж байна. Энэ нь худлаа. Прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд хохирол төлбөрийг бодит байдлаар төлсөн. Анхан шатны шүүхээс 121.000 төгрөгийн төлөх төлбөртэй гэж гарсан. Үүнийг шүүх хуралдааны дараа төлсөн. Хохирогч хагалгаанд орж байна гэх үндэслэлээр анхан шатны шүүх хуралдаан хойшилсон байдаг. Тухайн хагалгааны зардлыг Б.Г төлсөн. Сая эмчилгээнд нь нэмэр болох болов уу гээд хурлын өмнө 50.000 төгрөгийг хохирогчийн дансанд хийсэн. Ер нь цаашид гарах хохирлыг төлнө гэдгээ илэрхийлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Шүүгдэгч Б.Г тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Прокурор И.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүгдэгч Б.Г гаргаж, хүсэлтийг хүлээн аваад түүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал, мөрдөн шалгах ажиллагаанд анхнаасаа хэргээ хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзаж үзээд эрүүгийн хариуцлагыг тохиролцсон. Шүүх хохирол төлбөрийг зөв шийдвэрлэсэн. Цаашид нөхөн сэргээх эмчилгээ хийлгэнэ гэх баримтууд гаргаж өгсөн байдаг. Гэвч аль эмнэлэгт эмчилгээ хийлгэх эсэх нь тодорхойгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Нгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 06-ны орой Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лакс” нэртэй караокед хохирогч Г.Нтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хохирогч руу шилэн аяга авч шидэн нүүрэн тус газарт нь онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Нгийн “.... ...” /хх 17-18/,

гэрч Э.А “.... ...” /хх 27-28/,

гэрч А.Б“.... ...” /хх 31-32/,

гэрч Ц.Эн “... .” /хх 34-35/,

яллагдагчаар Б.Ггийн “... .” /хх 54-55/,

шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн “...Зүсэгдсэн шархнууд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын таславч дангаараа хөнгөн зэрэгт хамаарна, хоёр шууны зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хамрын таславчийн мурийлт зөөлөн эдийн няцралт дангаараа хөнгөн зэрэгт хамаарна...” /хх 40-41/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1235 дугаар шинжээчийн “...Г.Нгийн биед хамрын таславчийн мурийлт, нүүрэнд олон тооны зүсэгдсэн шарх, баруун бугалга, зүүн шуунд зулгаралт, дух, хамар, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Зүсэгдсэн шархнууд нь ир ирмэгтэй, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх 37-38/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Гг Г.Нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ггийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.ГЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Хохирогч Г.Н “...шүүгдэгч Б.Г нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хийсэн үйлдэлдээ гэмшиж буй шинж ердөөсөө илэрхийлэгдэхгүй байгаа болно. Гэмт хэрэг гарснаас өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч удаа амаар болон утсаар уучлалт гуйгаагүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг арилгах талаар идэвх санаачлага гаргаагүй. ....шүүхээс 3.078.290 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэж, ирээдүйд зайлшгүй хийгдэх эмчилгээний зардлыг Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

Учир нь шүүгдэгч Б.Г нь хохирогчид учирсан гэмтлийг учруулсанаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруу дээрээ маргаагүй, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, тухайн өдөр болсон маргаан нь шүүгдэгч, хохирогчийн аль алины буруутай үйлдлээс харилцан зодоон үүсгэсэн байх ба анхан шатны шүүх хохирогч Г.Н нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Г нь хохирогч Г.Нгийн хамрын хагалгааны зардал 1.200.000 төгрөгийг, мөн шүүх хуралдааны өмнө 50.000 төгрөг, нийт 1.250.000 төгрөг төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн  ба хохирогч Г.Н шүүх хуралдаанд хагалгаанд орсон эмчилгээний зардал 215.700 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан 23.100 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж, шүүгдэгч Б.Ггийн төлсөн 50.000 төгрөгөөс хасаж тооцож, шүүгдэгч нь хохирогчид 26.900 төгрөгийг илүү төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт, шүүгдэгч Б.Г нь Баянгол дүүргийн прокурорын газарт өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргасан бөгөөд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Мөнхцэцэг нь шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хянаад, торгох ял оногдуулах санал гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Нгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/140 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Нгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Г нь 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг хохиролд төлсөн болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                   

                                 ШҮҮГЧ                                        Т.ШИНЭБАЯР

                                

 

                                 ШҮҮГЧ                                         Б.АРИУНХИШИГ