Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 125/II2024/0045

 

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 125/ШШ2024/0045

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мянганбаяр би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* нарын хооронд үүссэн төрийн албанаас чөлөөлсөнтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/41 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч *******г Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/147 дугаар тушаалаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар шилжүүлэн томилсон байна.

2.2. Улмаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/41 дүгээр тушаалаар “...эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан...” гэх үндэслэлээр уг албан тушаалаас чөлөөлжээ.

2.3. Нэхэмжлэгчээс “... Ховд аймгийн Засаг дарга ******* өрөөндөө дуудаж, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх, сахилгын шийтгэл оногдуулж ажлаас халах тушаалын төсөл үзүүлж аль нэгийг нь сонго гэж дарамталсан..., би арга буюу өвчний учир ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичиж өгсөн, надад ажлаас чөлөөлөгдөх эрүүл мэндийн шалтгаан байхгүй...” гэж,

2.4. Хариуцагчаас “...Нэхэмжлэгч нь 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Засаг даргад ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан ба үүний дагуу Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн...” гэж тус тус тайлбарлан маргасан.

 

Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2005 оны 9 сарын 08-ны өдөр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий нягтлан бодогчоор, 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Санхүү төрийн сангийн хэлтсийн хөрөнгө оруулалт, төсвийн орлогын асуудал хариуцсан мэргэжилтнээр, 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс Худалдан авах ажиллагааны хэлтсийн даргаар, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар, 2018 оны 11 сарын 13-ны өдрөөс Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар, 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Стандарт хэмжил зүйн газрын даргаар, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллах хугацаандаа Засаг дарга *******тай ямар нэгэн байдлаар зөрчилдөж байгаагүй.

2024 оны 02 дугаар сарын 29-ний өглөө аймгийн Засаг дарга ******* дарга намайг дуудсан ба намайг өрөөнд нь ороход ууртай байсан. Ингээд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх, эсвэл ажлын цагаар архидан согтуурсан тул сахилгын шийтгэлээр ажлаас халах тушаалын төсөл үзүүлж аль нэгийг нь сонго гэж дарамталсан. Би юу болсон талаар тодруулж асуухад онц байдал зарласан байхад ажил тасалсан, чамтай хамтарч ажиллахгүй гэж хэлсэн.  Миний бие 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Засаг даргын Тамгын газрын дарга *******гээс чөлөө авсан ба энэ талаар тайлбарлахад миний тайлбарыг сонсоогүй.

Ингээд арга буюу миний бие өвчний учир ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ аймгийн Засаг даргын өрөөнд түүний хэлсний дагуу бичиж өгсөн, надад өвчний учир ажлаас чөлөөлөгдөх шалтгаан байхгүй.

Хүсэлтээ бичиж өгсний дараа Засаг даргын Тамгын газрын дарга *******тэй уулзахад намайг бас ажлаас чөлөөлөх юм шиг байна гэсэн.

Миний хувьд намайг арай ч ажлаас чөлөөлөхгүй байх гэж бодож байсан ба тэр өдрийн 11:30 цагийн үед гэртээ очиход ******* дарга бид хоёрын зургийг зэрэгцүүлээд доор нь ажлын цагаар архи уусан тул ажлаас чөлөөллөө гэх утга бүхий мэдээллийг фейсбүүкт тавьсан байсан. 

Би төрийн албаны гүйцэтгэх болон удирдах албан тушаалд 20 дахь жилдээ ажиллаж байна. Аливаа шийдвэр гаргах гэж байгаа бол шат дараалалтай байх ёстой. Мөн миний хувьд энэхүү гэнэтийн шийдвэрийг сонсоод маш их сэтгэл зүйн дарамтад орсон.  Миний хувьд аргагүй дарамт шахалтад орж тухайн өргөдлийг бичсэн учир эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 29-ны Б/41 дугаартай тушаалыг хүчингүй болгожурьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэв.

 

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Засаг дарга *******д эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичиж өгсөн байсан. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Уг хүсэлтийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч *******од цохолт хийж өгсөн. Ингээд нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн  Тамгын газрын дарга өөрийн бүрэн эрх болох Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4, 67.5 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг үндэслэн төрийн албанаас түр чөлөөлсөн.

Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-т “хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон” бол төрийн албанаас түр чөлөөлөгддөг зохицуулалттайТөрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтын хүрээнд чөлөөлөгдсөн албан хаагч төрийн албаны нөөцөдүлдэж, албан үүргээс чөлөөлөгддөг.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа Засаг дарга намайг дарамталсан гэж тайлбарлаж байгаа ба би энэ талаар мэдэхгүй, мөн хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийг дарамталсан гэдгийг тогтоосон баримт байхгүй байна. Мөн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулж ажлаас халаагүй.

Нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн тушаал нь нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй гэж үзэж байна. Ингээд Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Бямбасүрэнгээрахлуулсан ажил хүлээлцүүлэх ажлын хэсэг *******тэй холбогдоход би өөрөө очихгүй, миний ажлыг хүлээгээд аваарай гэсэн байдаг. Ингээд тус хэлтсийн мэргэжилтэн даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэж байгаа юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******гийн өмгөөлөгчөөр оролцож байна. Маргаан бүхий 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/41 дугаартай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37.5-д заасан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт ба мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж зааснаар илт хууль бус захиргааны акт гэж харж байна.

Нэхэмжлэгчийн хувьд төрийн захиргааны албан хаагч тул Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах маргаан юм. Нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг баримтлан ажлаас чөлөөлсөн байдаг. Гэхдээ ажлаас чөлөөлөхдөө нэхэмжлэгчийг дарамталсан гэдэг нь гэрч ******* мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь үнэхээр биеийн эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөж байгаа бол Тамгын газрын даргад хүсэлтээ гаргах ёстой байсан. Гэтэл Ховд аймгийн Засаг дарга *******д хүсэлтээ гаргасан нь Засаг дарга ******* нь нэхэмжлэгчийг дарамталж уг хүсэлтийг бичүүлсэн гэдэг нь тогтоогдож байгаа юм

Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, мөн хуулийн 49.2-т “Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэж тус тус заасан. Мөн төрийн жинхэнэ албан хаагч нарт нэмэгдэл баталгаа гэж байдаг бөгөөд үүнийг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-т “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” эрхтэй байх баталгаагаар хангагдах эрхийг зөрчиж, нэхэмжлэгчийн дарамталж ажлаас чөлөөлөх хүсэлт бичүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь

            1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.     

2. Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/147 дугаар тушаалаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалд томилогджээ.

3. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаал нь Төрийн захиргааны ахлах түшмэлийн ангилалд хамаарч байгаа, ******* нь 2006 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг” өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч тул түүний эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хууль болон тус хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаар тогтоох үндэслэлтэй байна.

4. Нэхэмжлэгч *******гээс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Засаг дарга *******д хандан “...миний бие эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул чөлөөлж өгнө үү...” гэх хүсэлт гаргаж, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/41 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******г “...эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан” гэх үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлжээ.

5. Нэхэмжлэгчээс “...Ховд аймгийн Засаг дарга намайг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх, сахилгын шийтгэл оногдуулж ажлаас халах тушаалын төсөл үзүүлж аль нэгийг нь сонго гэж дарамталсан, би өвчний учир ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ аймгийн Засаг даргад бичиж өгсөн, надад өвчний учир ажлаас чөлөөлөгдөх шалтгаан байхгүй ...” гэж тайлбарлан маргаж байгаа тул нэхэмжлэгч *******гийн хүсэл зоригийн эсрэг өвчний учир ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичүүлсэн эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.

6. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон” бол төрийн албанаас түр чөлөөлөхөөр заасан ба энэ тохиолдолд нэхэмжлэгч нь биеийн эрүүл мэндийн байдлын улмаас эмчлүүлэх, сувилуулах шаардлага бодит байдал бий болсон, нэхэмжлэгчээс уг үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн байх ёстой ба тодруулбал өвчний учир ажлаас чөлөөлөгдөх хүсэлт нь бусдын дарамт шахалтын улмаас бус зөвхөн өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл байх нь хуульд нийцэх юм.

7. Хэрэгт авагдсан гэрч *******ын “...Засаг дарга нь ажлаас халагд, эсвэл өөрийн хүсэлтээр чөлөөлөгд гэж *******гээс асууж байхыг нь би сонссон. ******* нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдье гэж хэлж байсан. Тэр үед би хажууд нь байсан...” гэх мэдүүлэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цахим сайтуудад шүүхээс хийсэн үзлэгээр “...Ховд аймгийн Засаг дарга ******* ажлын хариуцлага алдсан үндэслэлээр газрын дарга нараа халжээ. Тодруулбал, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга *******, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга *******, мөн Хуулийн хэлтсийн дарга нарыг чөлөөлсөн юм байна. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байхад архи ууж, ажил цалгардуулсан үндэслэлээр халах тушаал гаргажээ” гэх утга бүхий мэдээллийгhttps://www.khovd.mn/http://nutag.mnhttps://eguur.mn зэрэг сайтуудад нийтэлсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн“...аймгийн Засаг дарга намайг 2024 оны 02 дугаар сарын 28-ний өдөр архи ууж ажил тасалсан гэж ойлгож өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө бичиж өг гэсэн. Би арынх нь өрөөнд орж өргөдлөө бичсэн ...” гэх тайлбар үндэслэлтэй байна.

8. Өөрөөр хэлбэл өвчний учир ажлаас чөлөөлөгдөх хүсэлт нь нэхэмжлэгч *******гийн өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл биш, өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажил цалгардуулсан гэх үндэслэлээр түүний хүсэл зоригийн эсрэг хүсэлт бичүүлж, уг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

9. Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, 49.2-т “Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д төрийн жинхэнэ албан хаагч “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” баталгаагаар хангагдана гэж тус тус заажээ.

10. Дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийн зөвхөн хуульд заасан үндэслэл үүссэн нөхцөлд төрийн албанаас халах, чөлөөлөхөөр зохицуулсан бөгөөд бусад тохиолдолд халах, чөлөөлөхийг хориглосон, төрийн жинхэнэ албан хаагч нь хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй баталгаагаар хангагдсан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон нөхцөл байдал үүсээгүй, харин өөрийнх нь хүсэл зоригийн эсрэг хүсэлт бичүүлсэн нь тогтоогдож байгаа ба Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/41 дүгээр тушаал нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нь зүйтэй байна.

11. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/41 дүгээр тушаал хууль бус болох нь тогтоогдож, хүчингүй болсон тул нэхэмжлэгч *******г урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

12.Нэгэнт нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалаас хууль бусаар чөлөөлөгдөж улмаар цалин, хөлс авах эрхээр хохирсон нь тогтоогдож байх тул Захиргааны  ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, 101 дүгээр зүйлийн 101.2-т Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна, 102 дугаар зүйлийн 102.1-т Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан  хугацаа болох нэхэмжлэлийн шаардлагад зааснаар 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг тооцож олгох, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.7 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн Б/41 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгч *******г урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2024оны 02 дугаар сарын 29ий өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг тооцож олгохыг, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Ховд аймгийнЗасаг даргын Тамгын газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч /Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д зааснаар энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасан хугацаанд гардаж аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан  өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.МЯНГАНБАЯР