| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2022/02566/И |
| Дугаар | 101/ШШ2022/03647 |
| Огноо | 2022-08-31 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 101/ШШ2022/03647
| 2022 08 31 | 101/ШШ2022/03647 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, гэрч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарт: ... ******* ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн ажлыг хийх зорилгоор ******* ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 08 дугаар бүхий барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ******* ХХК-ийн гүйцэтгэсэн 2020 оны 12 дугаар сарын ШИФР:******* /DC06А,С/ өндөр хүчин чадалтай анхдагч тунгаагуур, ******* ХХК-ийн гүйцэтгэсэн 2020 оны 12 дугаар сарын ШИФР:******* /C23A,C/ метантенкийн хяналтын цамхагт оффисийн 2 барилгын зураг төслийн дагуу барилгын угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон. Хариуцагчийн гүйцэтгэх ажлын өртөг 1,700,000,000 төгрөг байсан бөгөөд урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг төлснөөр гэрээт ажлыг эхлүүлэх байсан. ******* ХХК нь гэрээний дагуу урьдчилгаа 20,000,000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ******* ХХК-ийн захирал Б.*******д бэлнээр төлсөн. ******* ХХК нь урьдчилгаа төлбөрийг хүлээн авснаар барилга угсралтын ажлыг гэрээний 8 дугаар зүйлд заасны дагуу хийж гүйцэтгэх ёстой байсан боловч одоог хүртэл ажлыг эхлүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй, цаашид ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илэрхий болсон гэж захиалагчийн талаас үзэж байна. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг энэ гэрээний ерөнхий нөхцлийн 14 дүгээр зүйлийн 14.2.1.а, Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1, 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт заасныг үндэслэн гэрээг цуцлаж, ******* ХХК-аас 20,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарт: ... ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, урьдчилгаа 20,000,000 төгрөг төлсөн. 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс манай компани Төв цэвэрлэх байгууламжийн суурь цутгах ажлы эхлэж, тоног төхөөрөмж болон ажиллах хүчээ төвлөрүүлэн татан ажилласан боловч ******* ХХК нь гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу ажил явагдах хөрс ус газар тэгшлэх бэхжүүлэх ажлаа хийгээгүй удааснаар барилгын ажилд болон тоног төхөөрөмж удаан хугацаанд хагас цагаар ажиллаж, хугацаа болон бараа материал, ажилчид, тээвэр зэргээр хохирсон. 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл 2 бригад ажиллаж, газар шорооны ажил хийсэн, цахилгаан дамжуулах щит хамгаалалт суурилуулсан, хөдөлмөрийн аюулгүй байдалд нийцсэн гадна самбар, тор хийсэн, бие засах газар хийсэн. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ******* ХХК өөрийн хийх ёстой ажлаа хийгээгүй, толгой компанитай гэрээгээ цуцалсан гэж манайд бичгээр мэдэгдсэн ба урьдчилгаа болгон өгсөн 20,000,000 төгрөгөө биднээс буцаан нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, уг төлбөр нь гэрээний ажилд бүрэн зарцуулагдсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хэргийн нотлох баримт:
а.Нэхэмжлэгчийн нотлох баримт: 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, орлогын баримт, бэлэн мөнгөний зарлагын баримт.
б.Хариуцагчийн нотлох баримт: хөлсөөр ажил гүйцэтгүүлэх гэрээ, цэвэрлэхийн ажлын тооцоо, зарлагын баримтууд, төлбөрийн баримтууд, фото зургууд.
в.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: нэхэмжлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1/17 дугаар албан бичиг, гэрч Э.*******ын мэдүүлэг.
Шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... хариуцагчтай байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцлаж, гэрээний урьдчилгаанд төлсөн 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тайлбарласан.
3.Хариуцагч татгалзалдаа .... нэхэмжлэгчийн шилжүүлсэн 20,000,000 төгрөгөөр ажил гүйцэтгэсэн учир буцаан төлөх үндэслэлгүй гэж маргасан.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* удаа дараа шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх гэж зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, хэргийн нотлох баримт, нөхцөл байдлыг харгалзан хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
5.Хэрэгт авагдсан бөгөөд бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар дор дурдсан үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
а.Зохигчид 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 08 дугаар барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж, хариуцагч нь нэхэмжлэгчийн захиалгаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төв цэвэрлэх байгууламж шинээр барих төслийн газар дээр ******* ХХК-ийн гүйцэтгэсэн 2020 оны 12 дугаар сарын ШИФР:******* /DC06А,С/ өндөр хүчин чадалтай анхдагч тунгаагуур, мөн ШИФР:******* /DC23A,C/ метантенкийн хяналтын цамхагт оффисийн 2 барилгын зураг төслийн дагуу барилгын угсралтын ажлыг гүйцэтгэх, гэрээний үнэ 1,700,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ (хэргийн 7-24 дэх тал).
б.Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид 20,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон ба хэрэгт 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн гэрээт ажлын ХАБ-ын зардлын урьдчилгаа гүйлгээний утга бүхий 10,000,000 төгрөг хүлээлцсэн тухай талуудын орлого, зарлагын баримтууд авагдсан (хэргийн 27, 28 дахь тал).
в.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэстэй ба талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулсан талаар, мөн гэрээ хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй.
г.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараас үзэхэд талуудын гэрээ 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дуусгавар болжээ.
6.Дээрх үйл баримтыг зохигч маргаагүй, харин ямар шалтгаанаар гэрээ дуусгавар болсон, мөн нэхэмжлэгчийн шилжүүлсэн урьдчилгаа төлбөрөөр хариуцагч ажил гүйцэтгэсэн эсэхэд маргаж мэтгэлцсэн.
7.Нэхэмжлэлд хариуцагчийг ... урьдчилгаа төлбөрийг авснаар барилга угсралтын ажлыг гэрээний 8 дугаар зүйлд заасны дагуу хийж гүйцэтгэх ёстой байсан боловч ... хийж гүйцэтгээгүй гэснийг хариуцагч үгүйсгэж, ... 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл 23 хоногийн хугацаанд 2 бригад ажиллаж, газар тэгшлэх, ажилчдын бие засах газар гаргах, цахилгаан дамжуулах щит бүрэн тоноглох, гадна аюулгүй ажиллагааны самбар хийх, хашааг тойруулан хөдөлмөрийн аюулгүй байдлын тор татах зэрэг ажил гүйцэтгэсэн ... ******* ХХК 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр толгой компанитай гэрээгээ цуцалсан гэж манайд бичгээр мэдэгдсэн гэж маргасан.
8.Хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгч талаас шүүхийн журмаар гаргуулсан нэхэмжлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1/17 дугаар албан бичигт ... Төв цэвэрлэх байгууламж шинээр барих төсөлд манай компани ажил гүйцэтгэхээ зогсоож гэрээ цуцлагдсан болно. Мөн танай компанийн зүгээс тус талбайд ямар ч ажил хийгээгүй тул урьдчилгаа болгон өгсөн 20,000,000 төгрөгөө эргүүлэн олгоно уу гэж дурджээ (хэргийн 101 дэх тал).
9.Дээрх мэдэгдлийг хэргийн бусад баримттай харьцуулан үзэхэд хариуцагч гэрээнд заасан ажлыг гүйцэтгээгүйгээс гэрээ цуцлах нөхцөл байдал үүссэн гэх үндэслэл тогтоогдоогүй ба нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй.
Харин захиалагч буюу нэхэмжлэгчийн санаачилгаар талуудын ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан гэж дүгнэхээр байх ба Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч эрхээ хэрэгжүүлсэн байна.
10.Хариуцагч талаас ажил гүйцэтгэх гэрээний дагуу 8,809,500 төгрөгийн зардал гаргасан, ажлын хөлсөнд 9,800,000 төгрөг төлсөн гэх тооцоо гаргаж, хөлсөөр ажил гүйцэтгүүлэх гэрээ, зарлагын баримтууд, төлбөрийн баримтууд, фото зургууд тус тус шүүхэд ирүүлж, Э.*******аас гэрчийн мэдүүлэг авахуулсан (хэргийн 43-56, 69-74, 103-119 дэх тал) ба нэхэмжлэгчийн зүгээс тухайн баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт шүүхэд гаргаагүй.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэргийн нотлох баримтыг бүх талаас нь бодитойгоор харьцуулан үзэх, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамтай бөгөөд шүүх хариуцагчийн нотлох баримтуудыг уг журмын дагуу үнэлээд материалын болон бусад зардал 6,359,000 төгрөг, ажлын хөлс 5,000,000 төгрөг, нийт 11,359,000 төгрөгийн зардал гаргасан байна гэж дүгнэв. Тодруулбал,
Хариуцагчийн тооцоололд нийт 31 төрлийн 8,809,500 төгрөгийн зардал тусгагдсанаас кабель 1,885,000 төгрөг, хамгаалалтын хоолой 450,000 төгрөг, холболтын мувьт 115,000 төгрөг гэсэн зардлуудтай холбоотой баримт шүүхэд ирүүлээгүй, харин бусад 6,359,000 төгрөгийн зардалтай холбоотой 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийн хоорондох зарлагын болон төлбөрийн баримтууд, ажлын гүйцэтгэлийг харуулсан фото зургууд, Г.тай байгуулсан хөлсөөр ажил гүйцэтгүүлэх гэрээ, гэрч Э.*******ын ... газар шорооны ажил хийсэн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны тэмдэг, тэмдэглэгээ, самбар тавьсан, хамгаалалтын тор татсан, цахилгааны щит угсарч, бие засах газар хийсэн ... 8 дугаар сарын эхээс 9 дүгээр сар гартал 10 хэдэн хүнтэй бригад ажиллуулсан, ажлын хөлсөнд 5,000,000 төгрөг авсан гэх мэдүүлгийг тус тус цаг хугацаа болон үйл баримтын хувьд харьцуулан үзэхэд хариуцагчийн татгалзалд ач холбогдолтой байна.
12.Захиалагч нь ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг гүйцэтгэгчид төлөх үүрэгтэй тул хариуцагчийн гаргасан 11,359,000 төгрөгийн зардлыг хариуцах үндэстэй.
13.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 8,641,000 төгрөгт (20,000,000-11,359,000) холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагад ажил гүйцэтгэх гэрээг цуцлах талаар дурдсан байх боловч байгуулсан гэрээгээ цуцлах эсэх нь талуудын хүсэл зоригт хамаарах ба маргаан гарсан тохиолдолд шүүх гэрээ цуцлагдах нөхцөл бүрдсэн гэж үзэх эсэх талаар дүгнэлт хийж, үр дагаврыг л шийднэ. Зохигч талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч гэрээг цуцалж шүүхэд хандсан үндэслэлд хариуцагч маргаагүй.
Иймээс ажил гүйцэтгэх гэрээг цуцлах асуудал нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах бөгөөд бие даасан шаардлагаар шийдвэрлэгдэхгүй болохыг дурдах нь зүйтэй.
14.Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тэр хэмжээгээр хариуцагч төлөх тул нэхэмжлэгчийн төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 153,206 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 8,641,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,359,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 153,206 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЗОЛЗАЯА-Д