Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

 

 

 

 

                  

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Г.Соронзонболд, улсын яллагч Б.Батхишиг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэг, хохирогч, иргэний хариуцагч Д.Оюунгэрэл, гэрч Б.Итгэлтзаяа, Д.Сэлэнгэ шүүгдэгч Х.А, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүгдэгч Д.Ч, түүний өмгөөлөгч Ш.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Хөхийд овогт Хишигжаргалын Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, Алтаншонхор овогт Даваасүрэнгийн Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1703000010084 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ах нарын улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Хөхийд овогт Хишигжаргалын А

2. Монгол улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, Монголын Үндэсний Их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 7, эх, эгч, ах, дүү нарын хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Алтаншонхор овогт Даваасүрэнгийн Ч

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Х.А нь иргэн Д.Оюунгэрэлийн эзэмшлийн Хонда Фит маркийн 10-85 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өглөөний 04 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн давааны замд жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1, мөн дүрмийн 9.1, 21.8 дахь заалтуудыг зөрчсөний улмаас гүүрний хашлага мөргөн зорчигч Б.Нямпилжээгийн амь насыг хохироосон,

 

Шүүгдэгч Д.Ч нь иргэн Д.Оюунгэрэлийн эзэмшлийн Хонда Фит маркийн 10-85 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 оны 07 дугаар сарын 15-ны орой завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч, иргэний хариуцагч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Гэрч Б.Итгэлтзаяа: “...2017 оны 7 дугаар сарын 16-ны өглөө болж байсан, замын үзэгдэх орчин сул чөлөөтэй байсан, мал, амьтан байсан. ...Нисэхийн тойрог дээр машин дайвалзсан, Ч, Шөнхөө бид гурав Ад хурдаа хас гэж хэлсэн. Осол болох үед нүдээ аниад зүүрмэглээд явж байсан болохоор юу болсныг сайн мэдэхгүй байна. Замын цагдаа, түргэний машин ирэхэд Нямпилжээ, Чингүн, Ч бид нар байсан, Нямпилжээ, Чингүн бид нар түргэний машинаар эмнэлэг явсан...” гэв.

 

Гэрч Д.Сэлэнгэ: “...Би энэ хэрэг болсон гэдгийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр мэдсэн, мэдсэн даруйдаа эмнэлэг дээр ирсэн. Миний мэдсэнээр Агийн төрсөн эгч надад миний дүү гэртээ унтаж байхад шөнө 1-2 цагийн орчим найзууд нь дуудаад гарсан. Осол болоход 6-7 хүүхэд явсан гэж хэлсэн. Эмнэлэг дээр 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ирээд талийгаачийн ар гэрийхэнтэй байнга хамт байсан, нэг ч өдөр гэртээ хариагүй, тэнд байсан хүүхдүүдийн ар гэрээс цуглуулсан мөнгийг талийгаачид зарцуулсан, нас барсны дараа бид бүгд бөөнөөрөө ар гэрийнхэнтэй нь ярилцаад Буян компаниас гарсан зардал болон цайллаганы зардлыг бид төлсөн...” гэв.

 

Хохирогч, иргэний хариуцагч Д.Оюунгэрэл: “...2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр найзууд ирж байна гэхээр нь би ээжийнд буюу Москва хорооллын урд талын ногоон хотхонд байж байгаад машинаа үлдээгээд явсан. Урьд нь машинаа үлдээгээд явдаг байсан. Ямар нэгэн асуудал гардаггүй байсан. 16-ны үүрээр Оюунмарт залгаад Ч машин аваад гарсан байна. Морингийн даваанд аваарт орсон байна, та шууд оч гэсэн. Би нөхөртөө хэлээд шууд очсон. Очиход Ч ганцаараа байсан. Осол болохоос өмнө миний машин зүгээр байсан. Оношилгоонд 1.906.000 төгрөгний үнэлгээ гарч ирсэн, ачилтын 60.000 төгрөг, 240.000 төгрөгөөр журмын хашаанаас авсан, 80.000 төгрөг нь үнэлгээ хийхэд төлөхөд гарсан. Нийт 2.286.000 төгрөг гарсан. ...2.286.000 төгрөгийг тээврийн хэрэгсэл барьж яваад осол гаргасан Агаас нэхэмжилж байна. ...Ч миний төрсөн дүү болохоор машины хохирлоо Чгээс нэхэмжлэхгүй Агаас нэхэмжилж байна...” гэв.

 

Шүүгдэгч Х.А: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэхгүй, хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү, талийгаачийн оршуулгын зардалд 5 сая гаруй төгрөг төлсөн...” гэв.

 

Шүүгдэгч Д.Ч: “...2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 22 цагийн орчим Оюунмарт эгчтэй гэртээ байсан. Манай найз Итгэлтзаяа, Б.Чингүн, Түмэнжаргал нар над руу яриад дроцов байна уу гэж асуусан. Дараа нь тэр өдрөө 23 цагийн үед хүрээд ир чухал ажил байна гэсэн. Тэгээд очиж магадгүй гэж хариулсан. Машинтай гэдгээ хэлээгүй. 23 цаг өнгөрч байхад дахин залгаад ирэх юм уу чухал ажил байна гэхэд нь мэдэхгүй гээд уурлаад тасалсан. Тэгээд би чухал ажил гарсан байна гээд гэрт эгч Оюунгэрэлийн машины түлхүүр байхаар нь зөвшөөрөлгүй аваад найзууд дээрээ 24 цаг болж байхад очсон. ...Тэр үед над руу манай Оюунмарт эгч 5 удаа залгасан. Би шоконд орсон байсан тул 5 дахь дуудлага дээр авсан. Эгчийн дуудлагыг аваад осол хийлээ гэж хэлсэн. Түүний дараа Оюунгэрэл эгч рүү хурдан ир гэж хэлсэн. Нямпилжээ арын суудал дээр бие өвдөөд байна гээд байсан. Түргэн дуудсан гэж Итгэлтзаяа хэлсэн ба би тэр хоёрыг тоогоогүй Ад уурлаад газар өшиглөөд чи юу хийчихвээ гэж хэлсэн. Машин хараад үнэхээр их айж цочирдсон. Түүний дараа Оюунгэрэл эгч ирээд намайг загнасан. Оюунгэрэл эгчийг ирэхээс өмнө түргэний тэрэг ирээд Б.Чингүн, Итгэлзаяа,  Нямпилжээ гурвыг аваад явсан. Тэгээд цагдаагийн бүрэлдэхүүн ирээд хэмжилт хийсэн. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтанхуяг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Талийгаач маань 1999 оны 03 дугаар сарын 29-нд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 10-н жилийн сургуулиа суманд төгсөж, улмаар Батлан хамгаалах их сургуулийн ахлагчийн сургуульд 2016 оны 08 сард элсэн ороод, 2017 оны 07 дугааар сарын эхээр төгсөөд, ажилд томилогдох хугацаагаа хүлээж байгаад зам тээврийн осолд орж нас барсан. Яаж осолдсоныг нь мэдэхгүй, ослын дараа найз Итгэлтзаяагаас сонссон. Энэ талаар сонсоод БНХАУ-ын Өвөрмонголоос Улаанбаатарт ирэхэд манай хүүхэд гэмтлийн эмнэлэгт уушигны хагалгаанд орох гэж байсан. Тухайн үед ухаантай байсан боловч хоёр өдөр дараалласан гурван хагалгаанд орж нас барсан. ...Талийгаач маань нэгэнтээ л нас барсан, ямар босоод ирэх биш, оршуулгын “Буян”  компанийн зардал болон 40 хүн цайлсан зардлыг хамт явсан 6 хүүхдийн ар гэр даасан. Одоо гарсан байгаа буяны зардал 6.000.000 төгрөг, өмгөөлөгчийн 2.000.000 төгрөг болон бусад зардал болох 2.000.000 төгрөг түүнд Өвөрмонголд нөхөр бид хоёр айлын мал маллаад сард тус бүр 1.000.000 төгрөгний цалин авдаг байсан, хүүхэд гэмтсэнийг мэдээд цалингаа авалгүй хүрээд ирсэн тул дээрх бүх зардлыг нийлүүлээд 10.000.000 төгрөг нэхэмжилж байна, хохирлоо авчихвал нэхэмжлэх зүйл байхгүй. ...Манай Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн амьдардаг, тэнд амьдардаг ихэнх ах дүү хамаатан садан буяны ажилд ирж амжааагүй тул 3, 21, 49 хоногт ах дүү болох 250 хүнийг цайлсан, тэр бүх зардлыг бид өөрсдөө гаргасан...” /хх-ийн 30-31, 32/ гэсэн,

 

Хохирогч, иргэний хариуцагч Д.Оюунгэрэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед өөрийн Хонда Фит маркийн 10-85 УБЕ дугаартай автомашиныг унаад ээжийндээ очсон, манай ээж Д.Нарантуяа нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороололд байр түрээслэж амьдардаг. Ээжийнд очиход дүү Оюунмарт, Ч нар байсан. Тэр хоёртой юм ярьж сууж байгаад, ээжийнд машины түлхүүрээ үлдээгээд найзуудтайгаа уулзахаар гарсан, тухайн үед машин ээжийн байрны гадаа байсан. Тэгээд найзуудтайгаа уулзаж яваад орой 20 цагийн үед гэртээ ирэхэд манай дүү Д.Чингүн байсан. Өглөө 6 цаг өнгөрч байхад Ч над руу залгаад осол гаргасан талаар хэлсэн, би дүү Чд машин авч явах зөвшөөрөл өгөөгүй, миний машиныг надад хэлэлгүй авч явж байгаад осолд орчихсон байсан...” /хх-ийн 46-47, 57-58/ гэсэн,

Иргэний нэхэмжлэгч А.Ихбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр бид 7 Итгэлтзаяагийн гэрээс гараад, өөр нэг найзынх руу нь очсон боловч хүнгүй байсан болохоор замаараа Аг аваад Гэрэлт гудамж орохоор болсон. Биокомбинатаас 5-н шар хүртэл Д.Чингүн, 5-н шараас Гэрэлт гудамж хүртэл би, Гэрэлт гудамжаас Яармаг хүртэл Д.Чингүн, Яармагт Д.Чингүн буухад Д.Ч машиныг жолоодоод Нисэх хүртэл явсан. Тэгтэл А, Д.Чгээс би машин жолоодьё гэж гуйж байгаад машин жолоодоод цааш явсан. Нисэхийн тойрог дээр явж байхад А хурдтай яваад байхаар нь “хурдаа хасаараа” гэж хэлэхэд А хурдаа хассан. Урд талын суудалд Итгэлтзаяа, хойд талын суудалд жолоочийн ар талд би, голд Д.Ч, цаана нь Хүсэлжаргал, хойд талд Б.Чингүн цаана нь Нямпилжээ хэвтэж байсан. Тэгээд би бага зэрэг зүүрмэглээд явж байхад машин гэнэт хоёр тийшээ дайвах шиг болоод тоормосны чихрах чимээ гараад машин замын хажуугийн хашлагыг хойд талаараа мөргөөд зогссон. Б.Чингүн намайг хаалгаа онгойлгоорой гэхээр нь хаалга онгойлгож буугаад машиныг харахад машины хойд тал руу замын хашлага чихэгдэж орсон байсан. Би буугаад Б.Чингүнийг буулгасан, дараа нь Агийн хаалгыг онгойлгож өгсөн. Тухайн үед машины түлхүүр доошоо унасан мөртлөө машин асаалттай байсан. Нямпилжээ хойд талын суудалд багаж налаад хэвтэж байсан. Итгэлтзаяа түргэн тусламж ирэхгүй байна гээд талийгаачийг эмнэлэгт хүргэнэ гээд зам дээр гар өргөсөн боловч зогсоогүй. Нямпилжээг Итгэлтзаяа машинаас буулгасан, өөр хэн буулгасныг би хараагүй. Тухайн үед Ч машин эвдэрсэн байна эгч уурлана, та нар яв би ганцаараа байсан гэж хэльё гээд А, Хүсэлжаргал бид гурав бэртэлгүй болохоор явахаар шийдээд, Ч, Б.Чингүн, Итгэлтзаяа, Нямпилжээ нар үлдсэн. Б.Чингүн ослоос болж шоконд ороод нэг ярьсан зүйлээ дахин дахин яриад байсан. ...Миний толгой хойд дагзандаа хагарсан. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 49-50/ гэсэн,

Иргэний нэхэмжлэгч Б.Чингүн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 22 цаг өнгөрч байхад би гэрээсээ гараад найз Ихбаяр руу залгахад Итгэлтзаяагийнд байна гэсэн. Намайг Итгэлтзаяагийн гэрт очих үед Нямпилжээ, Итгэлтзаяа, А, Хүсэлжаргал, нар байсан. Итгэлтзаяагийнд байж байгаад А, Ихбаяр бид гурав гэртээ харилаа гээд явсан боловч би гэрийнхээс үүднээс буцаад Ихбаярын гэр рүү явсан. Ихбаярын гэрийн гадаа байж байхад Ч машинтай ирсэн, дараа нь Итгэлтзаяагийнд очиход Хүсэлжаргал, Нямпилжээ нар байсан бөгөөд замаараа Аг аваад гэрэлт гудамж руу явсан. Уулын замаар явах үед би хойно сууж байсан болохоор унтаад өгсөн. Нямпилжээ машинаас ерөөсөө буугаагүй машины арын суудлыг хэвтүүлчихсан унтаад, би хажуугаар нь унтсан. Би осол болох үед шоконд орсон учраас зарим зүйлийг сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар гэмтлийн эмнэлэгт сэрэхэд Итгэлтзаяа  миний хөлийг бариад гипсдүүлж байсан. Нямпилжээ ослын улмаас сэхээнд орсон, хамт байсан хүүхдүүд бүгд гэмтлийн эмнэлэгт орой болтол байсан. ...Би осол гарах үед унтаж байсан, ослын дараа шоконд орсон болохоор юу болсныг санахгүй байна. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл үгүй...” /1-р хх-ийн 55-56/ гэсэн,

Гэрч Б.Итгэлтзаяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 10 цагаас Батлан хамгаалах их сургуулийн жижүүрээс буугаад талийгаачтай зүүн 4 замын уулзвар дээр уулзаад манайх руу явсан. Бид хоёр манай ахын машиныг засаж байгаад орой 19 цагийн үед ...талийгаач шувуун фабрик руу очиж багаж авсан. Удалгүй А, Ихбаяр, Хүсэлжаргал, Чингүн нар манайд ирсэн. ...Манай гэрт Хүсэлжаргал, Нямпилжээ бид гурав үлдээд ахынхаа машиныг янзалчихаад байж байхад Ч, Д.Чингүн дөрөв 11 цаг өнгөрч байхад Чгийн ахын машинтай ирсэн. Бид долоо Аг гэрээс нь аваад цаашаа Гэрэлт гудамж руу явсан. Гэрэлт гудамжнаас Зайсан ороод тэнд зураг авахуулах гэж байсан боловч тог тасарсан байсан тул буцаад уулын замаар явж байгаад Чгийн ах Д.Чингүнийг Яармагт буулгасан. Анх манайд ирэхэд Д.Чингүн машин барьж ирсэн бөгөөд 5 шар хүртэл машиныг барьсан. 5 шараас гэрэлт гудамж хүртэл, Ихбаяр, Гэрэлт гудамжнаас Зайсан, Зайсангаас Яармаг хүртэл Д.Чингүн, Яармагаас Буянт-Ухаа хүртэл Ч, Буянт-Ухаагаас осол гарсан газар хүртэл А машиныг барьсан. А Чгээс өөрөө машин барья гэж гуйсан. Машины урд талын суудалд би суугаад, ард талын суудалд бүсээ зүүгээд унтахаар хэвтсэн. Ард талын сандалыг хэвтүүлчихсэн хойно нь Б.Чингүн, Нямпилжээ хоёр хөндлөн, хоёр талаасаа толгойгоо нийлүүлээд хэвтчихсэн, урдуур нь Ихбаяр, Хүсэлжаргал, Ч суугаад явсан. Би урд талын суудалд бүсээ зүүгээд унтахаар хэвтсэн, ард сууж байсан хүмүүс унтсан тэгтэл Нисэхийн муу усны тойрог дээр хурдтай эргэх үйлдэл хийхэд нь машин баруун тал руугаа шарвасан. Тэгэхээр нь би харахад замын боржур дээгүүр даваад зогссон. Би машинаас буугаад харахад А буучихсан доошоо хараад сууж байсан, зүүн хойд талын хаалгаар Ч, Хүсэлжаргал хоёр өөрсдөө буусан. Баруун хойд хаалгыг онгойлгоход Ихбаяр өөрөө буусан, Б.Чингүний зүүн хөл хавчуулагдсан байхаар нь Ихбаяр, А хоёр татаж гаргасан. Тэгээд би тайвшираад доошоо суугаад хүмүүсээ бүртгэхэд Нямпилжээ харагдахгүй байхаар нь зүүн хойд талын цонхоор харахад машины хойд талын суудал дээр хэвтэж байсан. Би зүгээр үү гэж асуухад зүгээр гэж хариулсан бөгөөд тухайн үед Ихбаярын толгойноос цус гарч байсан болохоор алчуур байна уу гэхэд футболка  тайлаад арччих гэсэн. Нямпилжээ надад найзаа миний бөгсөн бие мэдээгүй болчихлоо би насаараа суумгай болох уу гэж асуухаар нь би эмч дуудсан зүгээр ээ гэж хэлсэн. Тэгээд 103-т Нисэхийн замд машинтай явж байгаад замын хажуу руу орчихлоо гэхэд гэмтэж бэртсэн хүн байна уу гэхээр нь нэг найзын толгой хагарсан, нэгнийх нь хөл бэртсэн, нэгнийх нь бөгсөн бие мэдээгүй болчихлоо гэж хэлэхэд амнаас нь цус гарч байна уу гэж асуусан. Тэр үед Нямпилжээ машинаас бууя гээд байхаар нь дахин 103 руу залгахад очиж байна, хаягаа тодорхой хэл гээд дахин хаягаа хэлсэн. Нямпилжээ буумаар байна гээд байхаар нь А толгой цээж хоёроос нь сугавчилж, би бөгсөн хэсгээс нь өргөж гаргаад газар хэвтүүлээд байж байхад түргэн ирсэн. ...Ч 103 ирэх хооронд эгчийн машин эвдэрчихлээ, эгч уурлана би барьсан гэж хэлье тэгэхгүй бол та нарт уурлана гэж хэлээд А, Ихбаяр, Хүсэлжаргал гурвыг та гурав гайгүй юм чинь гэртээ харь бид нартай явсан гэж битгий хэлээрэй гээд явуулсан. Би талийгаач, Чингүн хоёрыг аваад гэмтлийн эмнэлэг явсан. ...Эмч найзын чинь хуруу хугарсан байна гэр бүлээс нь хүн дууд хагалгаанд орно гэж хэлсэн. ...Хурдтай яваад байсан, км/цагийг хараагүй. Тухайн үед цаг агаар тогтуун, бороо шороогүй байсан, үзэгдэх орчин чөлөөтэй гэгээ орж байсан...” /1-р хх-ийн 61-63/ гэсэн,

Гэрч Н.Хүсэлжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...А машин бариад хажууд нь Итгэлтзаяа суусан. Би машины ард талын суудлыг голлож суугаад миний баруун талд Ихбаяр, зүүн талд Ч, хойно Б.Чингүн, цаана Нямпилжээ хэвтэж байсан. Нямпилжээ замын турш унтаад явж байсан. Осол дөрвөн замын уулзвар буюу хуучин нисэхийн товчоон дээр гарсан. Машин замын хажуу талын гүүрийг ард талаараа мөргөж замын бетон чихэгдэж орсон байсан. Би машинаас бусад зорчигч яаж буухыг хараагүй шоконд орчихсон байсан...” /1-р хх-ийн 68-69/ гэсэн,

Гэрч Г.Баярмөнх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 дугаар сарын 16-ны өглөө 04 цаг өнгөрч байхад Морингийн даваа уруудаад ачааны машинтай явж байхад Хонда Фит маркийн машин гүүрний хажуу талын аваарын хашлагыг мөргөөд Нисэх тал руу харсан байдалтай зогсож байсан. Би мөргөх үеийг хараагүй, намайг харах үед машинаас 5-6 хүүхэд буучихаад машины ард 2 хүүхэд, 3 нь замын эсрэг талд, 1 хүүхэд нь толгойгоо бариад газар суучихсан, 1 хүүхэд газар хэвтчихсэн, 1 нь хэвтэж байгаа хүүхдээ тэвэрчихсэн байсан. Би очоод түргэн тусламж дуудсан уу гэхэд дуудсан ирж байгаа, цагдаад дуудлага өгсөн үү гэхэд утас болохгүй байна гэхээр өөрийн 90546161 дугаарын утсаар дуудлага өгчихөөд цааш явсан...” /1-р хх-ийн 70/ гэсэн,

Гэрч Д.Чингүн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед намайг Яармагт байхад дүү Д.Ч эгчийн машиныг унаж ирээд бид хоёр хамтдаа Биокомбинат руу очиж Итгэлтзаяа, Нямпилжээ, Хүсэлжаргал, Чингүн, Ихбаяр, А нартай уулзаж Гэрэлт гудамж орохоор болж жолооны үнэмлэхтэй учраас Ихбаяр машин бариад Гэрэлт гудамж орсон. Гэрэлт гудамжнаас Зайсан хүртэл, Зайсангаас Яармаг хүртэл би бариад тэндээ үлдээд цааш нь Ч бариад явсан. ...Манай дүү Д.Ч нь Сонгинохайрхан дүүргийн 32-оос машиныг барьж ирсэн. Эгчээс машинаа өгөөч гэсэн бол тодорхой өгөхгүй байсан, тэгээд л Д.Ч хэлэхгүй машиныг унаад гараад ирсэн, би Д.Чг эгчийн машиныг зөвшөөрөлгүй аваад явж байсныг мэдэж байсан...” /1-р хх-ийн 78-79/ гэсэн,

 

Шүүгдэгч Х.А мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад манайд Хүсэлжаргал, Д.Чингүн, Б.Чингүн, Ихбаяр, Д.Ч, Итгэлтзаяа, Нямпилжээ нар ирсэн. Тэд Д.Чингүн, Д.Ч нарын эгчийн машиныг унаад ирсэн гэж байсан,  тэр үед Д.Чингүн жолооны хүрд дээр сууж байсан, бид машинд жоохон юм ярьж байгаад Гэрэлт гудамж руу явсан. Таван шар хүртэл Д.Чингүн, Таван шараас Гэрэлт гудамж хүртэл Ихбаяр, Гэрэлт гудамжаас Зайсан хүртэл Д.Чингүн, Зайсангаас Яармаг хүртэл Д.Чингүн барьж байгаад Д.Чингүн яармагт буусан. Яармагаас Буянт-Ухаа хүртэл Ч жолоодсон. Тухайн үед Яармагаас хөдлөх үед би машин барья гэж Чд хэлэхэд яах юм бэ би өөрөө барина гэж хэлсэн. Тэгээд Буянт-Ухаа 1 хүрэх үед Ч намайг машин барьж болно гэхээр нь жолооы хүрдэн дээр суугаад Биокомбинат руу 60 гаруй км/цагийн хурдтай явж байхад өөдөөс ирж байсан машины гэрэл гялбаад байсан, тухайн үед зам баруун эргэхээр нь огцом баруун тийш дараад, дараа нь зүүн тийш дарахад машин арын бөгс хэсгээ хажуу тийш хаяад хашлага мөргөөд зогссон. Тухайн үед жолоочийн хажуу талд Итгэлтзаяа, арын суудалд Ч, Хүсэлжаргал, Ихбаяр гурав суугаад, Нямпилжээ, Б.Чингүн хоёр хэвтсэн байдалтай явж байсан. Ослын дараа бүх хүний биеийн байдлыг тодруулахад Нямпилжээ миний бөгсөн бие өвдөж байна гэж хэлсэн тул Итгэлтзаяа 103-т дуудлага өгсөн. Мөн замаар явж байсан машин зогсоод жолооч нь дуудлага  өгсөн. Удалгүй түргэний машин ирээд Итгэлтзаяа, Б.Чингүн, Нямпилжээ нар эмнэлгийн машинаар явсан. Харин Ч “би өөрөө машин барьж явсан гэж хэлэхгүй бол эгч уурлана, та нар явж бай” гэсэн тул Хүсэлжаргал, Ихбаяр бид гурав явсан. Маргааш нь Нямпилжээгийн бие муудаж эхэлсэн. Би ийм осол болсонд маш их харамсаж байна...” /1-р хх-ийн 221-222/ гэсэн,

Шүүгдэгч Д.Ч мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 07 дугаар сарын 16-ны орой 23 цагийн үед гэртээ байж байгаад, найз Итгэлтзаяатай уулзахаар биокомбинат руу эгч Оюунгэрэлийн эзэмшлийн 10-85 УБЕ дугаартай Хонда Фит маркийн машинаар явсан. Тухайн үед эгч Оюунгэрэл манайд өдөр ирэхэд машинаа үлдээгээд явсаныг нь би найзуудтайгаа уулзахын тулд зөвшөөрөлгүй авч явсан. Биокомбинатад найз Итгэлтзаяа, Хүсэлжаргал, Б.Чингүн, Ихбаяр, Х.А нартай уулзаад бид Гэрэлт гудамж руу явахаар тохиролцсон. Биокомбинатаас Таван шар хүртэл Д.Чингүн, Таван шараас Гэрэлт гудамж хүртэл Ихбаяр, Гэрэлт гудамжаас Зайсан хүртэл, Зайсангаас Яармаг хүртэл Д.Чингүн бариад, Д.Чингүн Яармагт буугаад үлдэхэд би машиныг барьж байгаад Буянт-Ухаа 1 хүртэл барьсан. Буянт-Ухаа 1-ээс А машиныг бариад, хажууд нь Итгэлтзаяа, жолоочийн ард Ихбаяр, голд Хүсэлжаргал хажууд нь би өөрөө, миний хойно Б.Чингүн, түүний цаана Нямпилжээ хэвтэж явсан. Х.А машин бариад явж байхад Итгэлтзаяа Аг хурдаа хасаад яваач гэж хэлж байгаа нь сонсогдсон, тухайн үед би хэр зэрэг хурдтай явсаныг мэдэхгүй байна. Удалгүй машин хоёр удаа хоёр тийш хүчтэй дайвалзаж шарваад л тас гээд явсан. Нэг сэрэхэд машин замын хажуугийн хашлага мөргөсөн, би гадаа сууж байсан. Нямпилжээ хөдлөж чадахгүй байна гэж байсан бөгөөд удалгүй түргэн тусламж ирээд гэмтэлтэй байгаа Б.Чингүн, Итгэлтзаяа, Нямпилжээ нарыг аваад явсан. Би Хүсэлжаргал, Ихбаяр, А гурвыг гэр рүүгээ яв, би өөрөө машин барьж байгаад осол гаргасан гэж эгчдээ хэлье гээд тэр гурвыг явуулсан. ...Намайг хэн нэгэн шахаж шаардаагүй, бас заавал машинтай хүрээд ир гэж хэлээгүй...” /2-р хх-ийн 11-12/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1600 тоот дүгнэлт: “...Дүгнэлт: 1. Талийгаачид цээжний битүү гэмтэл: Зүүн уушгины доод дэлбэнгийн урагдал, авчилт, баруун уушгины доод дэлбэнгийн няцралт, авчилт, цээжний хөндийн цус хий хуралт, сээрний 7-9-р нугаламын шахагдсан хугарал, нугасны тасралт тогтоогдлоо.

 2. Дээрхи гэмтлүүд нь дарагдах, шахагдах, доргих үед үүснэ.

3. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин эмгэг үгүй байна.

4. Талийгаач нь амьсгалын дутагдлаар нас баржээ.

5. Цус нь 3-р бүлэг байна...”  /1-р хх-ийн 112-114/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 4340 тоот дүгнэлт: “....Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн Honda Fit  маркийн 10-85 УБЕ улсын дугаартай автомашин нь эвдрэл гэмтэлтэй тул бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Автомашины урд бамбай, нүүр байхгүй, баруун хойд талын цохны шил баруун хойд талын далбаан дээр байрлах цонхны шилнүүд хагарсан. Баруун хойд зүүн хойд талын далбаа дотогш шахагдаж, хонхойсон. Баруун хойд талын гэрэл ангай хагарсан. Зүүн хойд талын гэрэл байхгүй. Зүүн хойд талын хаалга ангайсан. Дээвэр хойд хэсгээрээ хонхойсон. Баруун урд талын хаалга хонхойж зурагдсан. Хөдөлгүүрийн арьс цоорсон. Зүүн хойд талын амортизатор уг хэсгээрээ гулзайсан, зүүн баруун талын пүршний суурь гулзайж пүрш мултарч салсан. Баруун урд талын амортизаторын дээд талын чих сэтэрч эргэх нударга салсан. Баруун хойд дугуйн  обуд гулзайж сэтэрсэн, хаймар дугуйн хээ элэгдсэн. Баруун урд дугуйн обуд гулзайсан эвдрэлүүд байна.

3. Осол хэргийн материал ирүүлээгүй тул дээрх эвдрэл гэмтэл нь зам тээврийн осолд хэрхэн нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй байна.

4. Тодорхойлох боломжгүй.

5. Тоормос шингэн дамжуулгатай, ABS  системтэй байна.

6. Автомашины тоормосны механизм ажиллаж байна...” /1-р хх-ийн 121-123/ гэсэн,

Техникийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 465 тоот дүгнэлт: “...Хариулт: 1. Honda fit маркийн 10-85 УБЕ улсын дугаартай суудлын автомашиныг жолоодож явсан X А нь Монгол улсын ЗХД-ийн 2.1 заалт “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна:

а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх;

б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ”,

мөн дүрмийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”,

Мөн дүрмийн 21.8 заалт “Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол:

а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн”,

Уг жолооч Х.А нь жолооны сургалтад хамрагдаж улсын шалгалтаа өгч тэнцэн жолоочийн бүртгэлийн санд мэдээлэл нь орсон байх тул жолоодох эрхтэй жолоочийн нэгэн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ.

2.    Honda fit маркийн 10-85 УБЕ улсын дугаартай суудлын автомашины эзэмшигч Д.Оюунгэрэл нь Монгол улсын ЗХД-ийн 11.3 заалт “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө.” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3.    Уг автомашиныг жолоодсон Д.Ч, Д.Чингүн, А.Ихбаяр, Х.А нар нь Монгол улсын ЗХД-ийн 2.1 заалт “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна:

а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх;

б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ”,

мөн дүрмийн 21.8 заалт “Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол:

а/тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Автомашиныг жолоодсон Д.Ч, Д.Чингүн нар нь жолооны сургалтад хамрагдаагүй тул жолоочийн нэг адил эрх эдэлж үүрэг хүлээхгүй.

Харин уг автомашиныг жолоодсон А.Ихбаяр, Х.А нар нь жолооны сургалтад хамрагдаж улсын шалгалтаа өгч тэнцэн жолоочийн бүртгэлийн санд мэдээлэл нь орсон байх тул жолоодох эрхтэй жолоочийн нэгэн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ.

4.    Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон эсэх нь тогтоогдохгүй байна...” /1-р хх-ийн 149-150/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 15-24/,

- Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 25/,

- Б.Нямпилжээгийн өвчний түүх /1-р хх-ийн 156-213/,

-  Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /1-р хх-ийн 16-17/,

- Шүүгдэгч Х.Агийн хувийн байдалтай холбоотой гэрч Х.Номин-Эрдэнэ, Д.Сэлэнгэ нарын мэдүүлгүүд, бусад баримтууд /1-р хх-ийн 75-76, 232-250/

- Шүүгдэгч Х.Агийн иргэний үнэмлэх, жолоочийн лавлагаа хуулбар /1-р хх-ийн 225-226/,

- Шүүгдэгч Х.Агийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 223/,

- Шүүгдэгч Д.Чгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 13/,

- Шүүгдэгч Д.Чгийн иргэний үнэмлэхний лавлагаа, хувийн байдалтай холбоотой баримтууд /2-р хх-ийн 16-21/

- Хохирлын баримтууд /1-р хх-ийн 36-44, 2-р хх-ийн 3-6/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Х.А, Д.Ч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Шүүгдэгч Х.А нь иргэн Д.Оюунгэрэлийн эзэмшлийн Хонда Фит маркийн 10-85 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 2017 оны 07 дугаар сарын 16-ны өглөөний 04 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн давааны замд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1, мөн дүрмийн 9.1, 21.8 дахь заалтуудыг зөрчсөний улмаас гүүрний хашлага мөргөн зорчигч Б.Нямпилжээгийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч А.Ихбаярын “...А, Д.Чгээс би машин жолоодьё гэж гуйж байгаад машин жолоодоод цааш явсан. Нисэхийн тойрог дээр явж байхад А хурдтай яваад байхаар нь “хурдаа хасаараа” гэж хэлэхэд А хурдаа хассан. Урд талын суудалд Итгэлтзаяа, хойд талын суудалд жолоочийн ар талд би, голд Д.Ч, цаана нь Хүсэлжаргал, хойд талд Б.Чингүн цаана нь Нямпилжээ хэвтэж байсан. Тэгээд би бага зэрэг зүүрмэглээд явж байхад машин гэнэт хоёр тийшээ дайвах шиг болоод тоормосны чихрах чимээ гараад машин замын хажуугийн хашлагыг хойд талаараа мөргөөд зогссон. Б.Чингүн намайг хаалгаа онгойлгоорой гэхээр нь хаалга онгойлгож буугаад машиныг харахад машины хойд тал руу замын хашлага чихэгдэж орсон байсан. Би буугаад Б.Чингүнийг буулгасан, дараа нь Агийн хаалгыг онгойлгож өгсөн. Тухайн үед машины түлхүүр доошоо унасан мөртлөө машин асаалттай байсан. Нямпилжээ хойд талын суудалд багаж налаад хэвтэж байсан. Итгэлтзаяа түргэн тусламж ирэхгүй байна гээд талийгаачийг эмнэлэгт хүргэнэ гээд зам дээр гар өргөсөн боловч зогсоогүй. Нямпилжээг Итгэлтзаяа машинаас буулгасан, өөр хэн буулгасныг би хараагүй...” /хх-ийн 49-50/ гэсэн,

Иргэний нэхэмжлэгч Б.Чингүний “...Уулын замаар явах үед би хойно сууж байсан болохоор унтаад өгсөн. Нямпилжээ машинаас ерөөсөө буугаагүй машины арын суудлыг хэвтүүлчихсан унтаад, би хажуугаар нь унтсан. Би осол болох үед шоконд орсон учраас зарим зүйлийг сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар гэмтлийн эмнэлэгт сэрэхэд Итгэлтзаяа  миний хөлийг бариад гипсдүүлж байсан. Нямпилжээ ослын улмаас сэхээнд орсон, хамт байсан хүүхдүүд бүгд гэмтлийн эмнэлэгт орой болтол байсан...” /1-р хх-ийн 55-56/ гэсэн,

Гэрч Б.Итгэлтзаяагийн: “...А Чгээс өөрөө машин барья гэж гуйсан. Машины урд талын суудалд би суугаад, ард талын суудалд бүсээ зүүгээд унтахаар хэвтсэн. Ард талын сандалыг хэвтүүлчихсэн хойно нь Б.Чингүн, Нямпилжээ хоёр хөндлөн, хоёр талаасаа толгойгоо нийлүүлээд хэвтчихсэн, урдуур нь Ихбаяр, Хүсэлжаргал, Ч суугаад явсан. Би урд талын суудалд бүсээ зүүгээд унтахаар хэвтсэн, ард сууж байсан хүмүүс унтсан тэгтэл Нисэхийн муу усны тойрог дээр хурдтай эргэх үйлдэл хийхэд нь машин баруун тал руугаа шарвасан. Тэгэхээр нь би харахад замын боржур дээгүүр даваад зогссон. Би машинаас буугаад харахад А буучихсан доошоо хараад сууж байсан, зүүн хойд талын хаалгаар Ч, Хүсэлжаргал хоёр өөрсдөө буусан. Баруун хойд хаалгыг онгойлгоход Ихбаяр өөрөө буусан, Б.Чингүний зүүн хөл хавчуулагдсан байхаар нь Ихбаяр, А хоёр татаж гаргасан. Тэгээд би тайвшираад доошоо суугаад хүмүүсээ бүртгэхэд Нямпилжээ харагдахгүй байхаар нь зүүн хойд талын цонхоор харахад машины хойд талын суудал дээр хэвтэж байсан. Нямпилжээ надад найзаа миний бөгсөн бие мэдээгүй болчихлоо би насаараа суумгай болох уу гэж асуухаар нь би эмч дуудсан зүгээр ээ гэж хэлсэн. ...Хурдтай яваад байсан, км/цагийг хараагүй. Тухайн үед цаг агаар тогтуун, бороо шороогүй байсан, үзэгдэх орчин чөлөөтэй гэгээ орж байсан...” /1-р хх-ийн 61-63/ гэсэн,

Гэрч Н.Хүсэлжаргалын  “...А машин бариад хажууд нь Итгэлтзаяа суусан. Би машины ард талын суудлыг голлож суугаад миний баруун талд Ихбаяр, зүүн талд Ч, хойно Б.Чингүн, цаана Нямпилжээ хэвтэж байсан. Нямпилжээ замын турш унтаад явж байсан. Осол дөрвөн замын уулзвар буюу хуучин нисэхийн товчоон дээр гарсан. Машин замын хажуу талын гүүрийг ард талаараа мөргөж замын бетон чихэгдэж орсон байсан...” /1-р хх-ийн 68-69/ гэсэн,

Гэрч Г.Баярмөнхын “...2017 оны 07 дугаар сарын 16-ны өглөө 04 цаг өнгөрч байхад Морингийн даваа уруудаад ачааны машинтай явж байхад Хонда Фит маркийн машин гүүрний хажуу талын аваарын хашлагыг мөргөөд Нисэх тал руу харсан байдалтай зогсож байсан. Би мөргөх үеийг хараагүй, намайг харах үед машинаас 5-6 хүүхэд буучихаад машины ард 2 хүүхэд, 3 нь замын эсрэг талд, 1 хүүхэд нь толгойгоо бариад газар суучихсан, 1 хүүхэд газар хэвтчихсэн, 1 нь хэвтэж байгаа хүүхдээ тэвэрчихсэн байсан...” /1-р хх-ийн 70/ гэсэн,

Шүүгдэгч Д.Чгийн “...Буянт-Ухаа 1-ээс А машиныг бариад, хажууд нь Итгэлтзаяа, жолоочийн ард Ихбаяр, голд Хүсэлжаргал хажууд нь би өөрөө, миний хойно Б.Чингүн, түүний цаана Нямпилжээ хэвтэж явсан. Х.А машин бариад явж байхад Итгэлтзаяа Аг хурдаа хасаад яваач гэж хэлж байгаа нь сонсогдсон, тухайн үед би хэр зэрэг хурдтай явсаныг мэдэхгүй байна. Удалгүй машин хоёр удаа хоёр тийш хүчтэй дайвалзаж шарваад л тас гээд явсан. Нэг сэрэхэд машин замын хажуугийн хашлага мөргөсөн, би гадаа сууж байсан. Нямпилжээ хөдлөж чадахгүй байна гэж байсан бөгөөд удалгүй түргэн тусламж ирээд гэмтэлтэй байгаа Б.Чингүн, Итгэлтзаяа, Нямпилжээ нарыг аваад явсан...” /2-р хх-ийн 11-12/ гэсэн,

Шүүгдэгч Х.Агийн “...2017 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө ...Буянт-Ухаа 1 хүрэх үед Ч намайг машин барьж болно гэхээр нь жолооы хүрдэн дээр суугаад Биокомбинат руу 60 гаруй км/цагийн хурдтай явж байхад өөдөөс ирж байсан машины гэрэл гялбаад байсан, тухайн үед зам баруун эргэхээр нь огцом баруун тийш дараад, дараа нь зүүн тийш дарахад машин арын бөгс хэсгээ хажуу тийш хаяад хашлага мөргөөд зогссон. Тухайн үед жолоочийн хажуу талд Итгэлтзаяа, арын суудалд Ч, Хүсэлжаргал, Ихбаяр гурав суугаад, Нямпилжээ, Б.Чингүн хоёр хэвтсэн байдалтай явж байсан. Ослын дараа бүх хүний биеийн байдлыг тодруулахад Нямпилжээ миний бөгсөн бие өвдөж байна гэж хэлсэн тул Итгэлтзаяа 103-т дуудлага өгсөн. Мөн замаар явж байсан машин зогсоод жолооч нь дуудлага  өгсөн. Удалгүй түргэний машин ирээд Итгэлтзаяа, Б.Чингүн, Нямпилжээ нар эмнэлгийн машинаар явсан. Харин Ч “би өөрөө машин барьж явсан гэж хэлэхгүй бол эгч уурлана, та нар явж бай” гэсэн тул Хүсэлжаргал, Ихбаяр бид гурав явсан. Маргааш нь Нямпилжээгийн бие муудаж эхэлсэн. Би ийм осол болсонд маш их харамсаж байна...” /1-р хх-ийн 221-222/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1600 тоот дүгнэлт: “...Дүгнэлт: 1. Талийгаачид цээжний битүү гэмтэл: Зүүн уушгины доод дэлбэнгийн урагдал, авчилт, баруун уушгины доод дэлбэнгийн няцралт, авчилт, цээжний хөндийн цус хий хуралт, сээрний 7-9-р нугаламын шахагдсан хугарал, нугасны тасралт тогтоогдлоо.

 2. Дээрхи гэмтлүүд нь дарагдах, шахагдах, доргих үед үүснэ.

3. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин эмгэг үгүй байна.

4. Талийгаач нь амьсгалын дутагдлаар нас баржээ.

5. Цус нь 3-р бүлэг байна...”  /1-р хх-ийн 112-114/ гэсэн,

 

Техникийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 465 тоот дүгнэлт: “...Хариулт: 1. Honda fit маркийн 10-85 УБЕ улсын дугаартай суудлын автомашиныг жолоодож явсан X.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 заалт “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна:

а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх;

б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ мөн дүрмийн 9.1 заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”,

Мөн дүрмийн 21.8 заалт “Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол:

а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн”,

Уг жолооч Х.А нь жолооны сургалтад хамрагдаж улсын шалгалтаа өгч тэнцэн жолоочийн бүртгэлийн санд мэдээлэл нь орсон байх тул жолоодох эрхтэй жолоочийн нэгэн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ.

2.    Honda fit маркийн 10-85 УБЕ улсын дугаартай суудлын автомашины эзэмшигч Д.Оюунгэрэл нь Монгол улсын ЗХД-ийн 11.3 заалт “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө.” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3.    Уг автомашиныг жолоодсон Д.Ч, Д.Чингүн, А.Ихбаяр, Х.А нар нь Монгол улсын ЗХД-ийн 2.1 заалт “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна:

а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх;

б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ”,

мөн дүрмийн 21.8 заалт “Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол:

а/тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Автомашиныг жолоодсон Д.Ч, Д.Чингүн нар нь жолооны сургалтад хамрагдаагүй тул жолоочийн нэг адил эрх эдэлж үүрэг хүлээхгүй.

Харин уг автомашиныг жолоодсон А.Ихбаяр, Х.А нар нь жолооны сургалтад хамрагдаж улсын шалгалтаа өгч тэнцэн жолоочийн бүртгэлийн санд мэдээлэл нь орсон байх тул жолоодох эрхтэй жолоочийн нэгэн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ.

4.    Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон эсэх нь тогтоогдохгүй байна...” /1-р хх-ийн 149-150/ гэсэн дүгнэлтүүд,

 

Шүүгдэгч Д.Ч нь иргэн Д.Оюунгэрэлийн эзэмшлийн Хонда Фит маркийн 10-85 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 оны 07 дугаар сарын 15-ны орой завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, иргэний хариуцагч Д.Оюунгэрэлийн  “...Би 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед өөрийн Хонда Фит маркийн 10-85 УБЕ дугаартай автомашиныг унаад ээжийндээ очсон, манай ээж Д.Нарантуяа нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороололд байр түрээслэж амьдардаг. Ээжийнд очиход дүү Оюунмарт, Ч нар байсан. Тэр хоёртой юм ярьж сууж байгаад, ээжийнд машины түлхүүрээ үлдээгээд найзуудтайгаа уулзахаар гарсан, тухайн үед машин ээжийн байрны гадаа байсан. Тэгээд найзуудтайгаа уулзаж яваад орой 20 цагийн үед гэртээ ирэхэд манай дүү Д.Чингүн байсан. Өглөө 6 цаг өнгөрч байхад Ч над руу залгаад осол гаргасан талаар хэлсэн, би дүү Чд машин авч явах зөвшөөрөл өгөөгүй, миний машиныг надад хэлэлгүй авч явж байгаад осолд орчихсон байсан...” /хх-ийн 46-47, 57-58/ гэсэн,

Иргэний нэхэмжлэгч Б.Чингүний “...2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 22 цаг өнгөрч байхад би гэрээсээ гараад найз Ихбаяр руу залгахад Итгэлтзаяагийнд байна гэсэн. Намайг Итгэлтзаяагийн гэрт очих үед Нямпилжээ, Итгэлтзаяа, А, Хүсэлжаргал, нар байсан. Итгэлтзаяагийнд байж байгаад А, Ихбаяр бид гурав гэртээ харилаа гээд явсан боловч би гэрийнхээс үүднээс буцаад Ихбаярын гэр рүү явсан. Ихбаярын гэрийн гадаа байж байхад Ч машинтай ирсэн...” /1-р хх-ийн 55-56/ гэсэн,

Гэрч Б.Итгэлтзаяагийн “...Манай гэрт Хүсэлжаргал, Нямпилжээ бид гурав үлдээд ахынхаа машиныг янзалчихаад байж байхад Ч, Д.Чингүн дөрөв 11 цаг өнгөрч байхад Чгийн эгчийн машинтай ирсэн. ...Ч 103 ирэх хооронд эгчийн машин эвдэрчихлээ, эгч уурлана би барьсан гэж хэлье тэгэхгүй бол та нарт уурлана гэж хэлээд А, Ихбаяр, Хүсэлжаргал гурвыг та гурав гайгүй юм чинь гэртээ харь бид нартай явсан гэж битгий хэлээрэй гээд явуулсан...” /1-р хх-ийн 61-63/ гэсэн,

Гэрч Д.Чингүний “...2017 оны 07 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед намайг Яармагт байхад дүү Д.Ч эгчийн машиныг унаж ирээд бид хоёр хамтдаа Биокомбинат руу очиж Итгэлтзаяа, Нямпилжээ, Хүсэлжаргал, Чингүн, Ихбаяр, А нартай уулзаж Гэрэлт гудамж орохоор болж жолооны үнэмлэхтэй учраас Ихбаяр машин бариад Гэрэлт гудамж орсон. ...Манай дүү Д.Ч нь Сонгинохайрхан дүүргийн 32-оос машиныг барьж ирсэн. Эгчээс машинаа өгөөч гэсэн бол тодорхой өгөхгүй байсан, тэгээд л Д.Ч хэлэхгүй машиныг унаад гараад ирсэн, би Д.Чг эгчийн машиныг зөвшөөрөлгүй аваад явж байсныг мэдэж байсан...” /1-р хх-ийн 78-79/ гэсэн,

Шүүгдэгч Д.Чгийн “...Би 2017 оны 07 дугаар сарын 16-ны орой 23 цагийн үед гэртээ байж байгаад, найз Итгэлтзаяатай уулзахаар биокомбинат руу эгч Оюунгэрэлийн эзэмшлийн 10-85 УБЕ дугаартай Хонда Фит маркийн машинаар явсан. ...Намайг хэн нэгэн шахаж шаардаагүй, бас заавал машинтай хүрээд ир гэж хэлээгүй...” /2-р хх-ийн 11-12/ гэсэн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Х.Агийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1, мөн дүрмийн 9.1, 21.8 дахь заалтуудыг зөрчсөний улмаас гүүрний хашлага мөргөн зорчигч Б.Нямпилжээгийн амь насыг хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, шүүгдэгч Д.Чгийн иргэн Д.Оюунгэрэлийн эзэмшлийн Хонда Фит маркийн 10-85 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Х.Агийн гэм буруутай үйлдлийн улмаас Б.Нямпилжээгийн амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтанхуяг оршуулгын зардал, өмгөөлөгчийн хөлс, сэтгэл санааны хохиролтой холбоотой нийт 10.000.000 төгрөг нэхэмжилснээс оршуулгын зардал 5.000.000 төгрөгийг шүүхийн шатанд төлсөн байна.

Сэтгэл санааны хохирол, өмгөөлөгчийн хөлс гэж 5 сая төгрөг нэхэмжилснийг шүүх хүлээн авч, хангаж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэв. Учир нь гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг, эдийн бус хохиролд тооцно. Хор уршиг, эдийн бус хохирол гэдгийг хуульд тухайлан заасан эд зүйлсэд хохирол учирсан байхыг хэлэх бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд “бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан” байхыг хэлэх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохиролд 5 сая төгрөг нэхэмжилснийг шүүх хуульд тухайлан заасан хохиролд хамаарахгүй гэж дүгнэсэн болно.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны зардалд нэхэмжилсэн тухайд хохирогч Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө /өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй юм.

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан ба өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд ЭХХШТХ-д заасан заавал өмгөөлөгч авах нөхцөл шаардлагад хамаарахгүй учир өмгөөллийн зардал нэхэмжилснийг шүүх хангах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Харин ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаарх баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Чгийн гэм буруутай үйлдлийн улмаас Д.Оюунгэрэлийн эзэмшлийн Хонда Фит маркийн тээврийн хэрэгсэлд 1.906.000 төгрөгийн хохирол учирсан /2-р хх-ийн 142-144/, журмын хашааны төлбөр, ачилтын болон эд зүйлийн үнэлгээ гаргуулахад зарцуулсан төлбөрт 380.000 /шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн, шүүх хуралдааны тэмдэглэлд бий/ төгрөг, нийтдээ 2.286.000 төгрөгийн хохирол учирч, нэхэмжилснийг шүүгдэгч Д.Чгээс гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх, шүүгдэгч Х.Аг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, шүүгдэгч Д.Чг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Х.А, Д.Ч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Х.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн, Д.Ч нь хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Х.А нь хийсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж буй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой, шүүгдэгч Д.Ч нь оюутан, ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт Х.А, Д.Ч нар нь цагдан хоригдоогүй, Д.Чгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.А нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, эрүүгийн 1703000010084 тоот хэрэгт №1151444 дугаартай жолоочийн түр зөвшөөрлийг ирснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.

 

Шүүхийн хуралдааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэг хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авч, хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв. Учир нь шүүгдэгч Х.А, Д.Ч нарт холбогдох эрүүгийн хэрэг тус шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр ирсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд, мөн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлтийг гаргаж шийдвэрлүүлэхээр хуульчилсан бөгөөд өмгөөлөгчийн зүгээс энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй атлаа шүүх хуралдаанд хэргийг буцаалгахаар санал гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Хөхийд овогт Хишигжаргалын Аг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг,

Шүүгдэгч Алтаншонхор овогт Даваасүрэнгийн Чг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.Аг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 03 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чг 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнсэгдсэн хугацаанд Х.Ад зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.  

 

4. Шүүгдэгч Д.Чд оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Х.А зан үйлээ засах, болон хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Х.Ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чгээс 2.286.000 /хоёр сая хоёр зуун наян зургаан мянга/ төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Оюунгэрэл /РД: ЖЯ91020200, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Цэргийн анги 10-30 тоотод оршин суух/-д олгож, шүүгдэгч Х.А бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтанхуяг гомдолгүй гэснийг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохиролд 5.000.000/ таван сая/ төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, тэрээр ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн 1703000010084 тоот хэрэгт хураагдаж ирсэн Х.Агийн №1151444 дугаартай жолоочийн түр зөвшөөрлийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

10. Эрүүгийн 1703000010084 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Чгийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.А, Д.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А, Д.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх.  

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР