Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/441

 

       

С.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхбаяр,

шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Ц.Энхболд,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/242 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Ц.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлууд болон прокурор Б.Энхбаярын бичсэн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 14 дүгээр эсэргүүцлээр шүүгдэгч С.Б-д холбогдох 2208000001533 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

....тоотод түр оршин суух бүртгэлтэй, урд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/71 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэлтрүүлсэн, /РД: .................../;

С.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Т дугаар гудамжны 000 тоотод амь хохирогч Б.Б “байшингийн цонх хагалж, агсам тавьсан” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж, газарт унагаж өшиглөн зодож, “хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цутгалан гэдэсний язарсан шарх, сэмж, чамархайн цус хуралт, цээжний зүүн талын 12-р хавирганы булчингийн цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун нүдний дээд доод зовхи, баруун чих, зүүн бугалга, зүүн гуя, хэвлийн цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, баруун чамархай, дух, баруун хацар, зүүн чих, зүүн өвдөг, зүүн шилбэний зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан, мөн 2022 оны 9 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Т дугаар гудамжны 000 тоотод эхнэр буюу хохирогч С.Оийг “амь хохирогчийг өмөөрлөө” гэх шалтгаанаар нүүрэнд нь гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь “духанд зулгаралт, баруун нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар найман жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- д заасныг баримтлан С.Б-ын нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 8  жил 1 сар 10 хоногоор тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэргийн тухайд мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлж байсан.

Тухайн гэм буруугийн тухайд маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирол, хор уршгийг сайн дураар нөхөн төлж арилгасан.

Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал, хэрэг гарсан шалтгаан нөхцлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжийг олгож өгөхийг хүсье.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд хохирогч нь гэр бүлийн хүн буюу эхнэр маань байгаа. Гэтэл мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, гэр бүлийнх нь хүн буюу миний эсрэг мэдүүлэг авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, мөрдөн байцаалт явуулсан нь хэргийг шийдэхэд ноцтой нөлөөлсөн гэж үзэж байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.6-т заасан заалтуудыг тус тус зөрчиж мэдүүлэг авсан бөгөөд шүүх хууль бус аргаар цуглуулсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллан шүүж шийдвэрлэсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б- нь үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч байсан бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн болно.

Түүнчлэн хохирогч болон гэрч нарын мэдүүлгээр амь хохирогч Б.Бд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ буюу түүний хүссэнээр өвчин намдаагч эм авч өгөн, хоол цай хийж өгсөн бөгөөд түргэн тусламж дуудаж өгье гэхэд талийгаач өөрөө дургүйцэж, архи ууснаас болоод шартаад байна гээд удахгүй зүгээр болчихно гэж хэлснээс болж шүүгдэгч С.Б- амь хохирогчийн үгэнд итгэж, өөрийн үйлдэлдээ хөнгөмсөгөөр найдсанаас болж амь хохирогч эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ авч чадалгүй нас барсан болох нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтэд амь хохирогч Б.Бд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой байсан зэргээс харагдаж байна.

Мөн шүүгдэгч С.Б- нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч үхэж болохыг ухамсарлах боломжгүй буюу энэхүү хор уршгийг хүсээгүй, эсхүл өөрийн үйлдлээр хохирогчийг үхэлд хүргэхгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдаж гэмтэл учруулсан бөгөөд түүний үйлдлийн улмаас хохирогч нас барсан нь Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлд заасны дагуу “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэсэн” гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн арван нэгдүгээр бүлэгт хамаарах “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт шүүхээс ял оногдуулахдаа хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр ял шийтгэлийг оногдуулах ёстой.

Иймд шүүгдэгч С.Б-ын тухайд, бусдад төлөх төлбөргүй буюу оршуулгын зардалд 15.618.000 төгрөгийг төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг тул ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хөнгөрүүлж ял оногдуулах эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Энхбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолыг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар учруулсан хохирлоо төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нийт эдлэх хорих ялыг 9 жил 1 сар 10 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 9 жил 1 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, мөн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ хэрэгт баривчлагдсан 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох саналыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана”, 1.4-т шүүгдэгч нь шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө баривчлагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсон”-ыг тусгана гэж тус тус хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад баривчлагдсан 2 хоногийг ял оногдуулахдаа тусгаагүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” үндэслэлд хамаарч байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, мөн хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрсөн” гэж үзэх үндэслэлтэй байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/242 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсэг хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг хянуулж, шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 Шүүгдэгч С.Б-д холбогдох 2208000001533 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.   

Шүүгдэгч С.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Т дугаар гудамжны 000 тоотод амь хохирогч Б.Бтай маргалдаж, Б.Б байшингийн цонх хагалж, агсам тавьсан гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж, газарт унагаж өшиглөн зодож, бие махбодид нь “...хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цутгалан гэдэсний язарсан шарх, сэмж, чамархайн цус хуралт, цээжний зүүн талын 12-р хавирганы булчингийн цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун нүдний дээд доод зовхи, баруун чих, зүүн бугалга, зүүн гуя, хэвлийн цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, баруун чамархай, дух, баруун хацар, зүүн чих, зүүн өвдөг, зүүн шилбэний зулгаралт...” бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан,

эхнэр буюу хохирогч С.Оийг “амь хохирогчийг өмөөрлөө” гэх шалтгаанаар нүүрэнд нь гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь “духанд зулгаралт, баруун нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь:

С.Оийн гэрчээр мэдүүлсэн: “...Нөхөр Б бид хоёр 2022 оны 9 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн үед гэж санаж байна, Тахилтад байх байшин дээрээ ирсэн. Бгийн утас холбогдохгүй байсан учир санаа зовоод эргэх зорилготой очсон. Б архи уучихсан байдалтай, ганцаараа жижиг амбаар дотор унтаж байсан. ...Манай нөхөр хамт дэлгүүр орж 2.5 литрийн пиво авчираад тэр 2 хувааж уусан. Дахиж дэлгүүр явж 2 савтай пиво авчраад ууцгаасан. Тэр хоёр нилээн согтчихсон амьдрал яриад л манай нөхөр Бд хандаж “Чи одоо ер нь архи дарсаа болимоор юм, энд юм хийвэл хийж чадаад, чадахгүй бол явмаар юм, би чиний архи пивыг зөөх албатай юм уу” гэж хэлээд маргалдаад эхэлсэн. 00 орчихоод ирэх хооронд бүр хэрэлдээд дуу нь нилээн чангарчихсан байхаар би дундуур нь ороод “яах гэж та 2 уусан юм, ууж чадахгүй байж больцгоо” гээд Бг “хойшоо явж унт” гэхэд “унтахгүй ногоон гөлөгнүүд минь, бүгдийг чинь ална шүү” гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан учир Б барьж аваад орон дээр дарж унагаагаад ноцолдоод байхаар нь би айсандаа гарч гүйгээд хойд амбаар луу ороод “цагдаа дуудлаа шүү” гээд орилоход тэр хоёр гадна гараад ирчихсэн, бас хоорондоо зодолдоод байхаар нь би “болиоч, одоо боль” гэхэд манай нөхөр “чи энийг юундаа өмөөрдөг юм” гээд миний баруун нүд рүү 1 удаа цохиод хөхрүүлчихсэн. Би айгаад хашааны араар гүйж гараад хэсэг сууж байтал дуу нь намсаад чимээгүй болчихоор нь би очиж хартал тэр 2 унтах янзандаа орчихсон байхаар нь би хойд амбаарт орж унтсан. Тэр 2 хамт урд байшин дотор унтсан байсан. Өглөө босоод “дахиж нэмж ууж идэж болохгүй шүү, цас борооноос өмнө хашаа хороогоо барьж дуусгачихаад болохгүй бол эндээс яваарай, ингэж архидаад байж болохгүй” гэж хэлээд ус, ундаа, тамхи авч өгөөд зурагтыг нь асааж өгөөд Б бид 2 ажилдаа явсан. 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр үдээс хойш Б залгаад “...миний бие болохгүй байна, бие өвдөөд хий л бөөлжөөд байх юм, эм тариа аваад ирээч” гэхээр нь нөхөр бид 2 ажлаа тараад 20 цагийн үед очиход Б орон дотроо хэвтчихсэн “бие өвдөөд байна” гэхээр нь би өвчин намдаагч эм өгөөд байшинд гал түлээд бантан хийж өгөхөд огт идээгүй, шууд бөөлжөөд гаргаад байсан. “Эмнэлэг явах уу” гэхэд “үгүй ээ, зүгээр хордлогонд ороод байна, халуун цай чанаад өгчих” гэхээр нь бор цай чанаж өгсөн боловч хоол цай огт идэхгүй байсан. “Ундаа уумаар байна” гэхээр нь жүүс хоёрыг авч өгөөд хоол цайг нь дөхүүлээд гал түлж өгөөд явсан. 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Б залгаад “...миний бие ерөөсөө болохгүй байна, хүрээд ирээч” гэхээр нь Б “явчихаад ирье” гээд явсан. Удалгүй залгаад Б өнгөрчихсөн байна гэж хэлсэн. ...” /1 хх 32-35/,

мөн түүний хохирогчоор мэдүүлсэн: “...Манай нөхөр С.Б- нь ...найз Б.Бтай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаад байхаар нь би хажуугийн байшиндаа ороод сууж байтал гадаа гараад хоорондоо зодолдоод орилоод байхаар нь би очоод салгах гэтэл нөхөр намайг санаандгүй баруун нүдний доод хэсэгт 1 удаа цохисон...” /1 хх 180/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 2496 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...1.2.10. Талийгаачийн цогцост хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цутгалан гэдэсний язарсан шарх, сэмж, чацархайн цус хуралт, цээжний зүүн талын 12-р хавирганы булчингийн цус хуралт, хэвлийн цус хуралдалт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун чих, зүүн бугалга, зүүн гуя, хэвлийн цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, баруун чамархай, дух, баруун хацар, зүүн чих, зүүн өвдөг, зүүн шилбэний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 3.4.5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд ба гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 7. Талийгаач дээрх хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас нас баржээ. 8. Талийгаачид 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 05 цаг 05 минутад гадна үзлэг хийхэд нас бараад 10-12 цаг болсон байжээ. 9.11. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй болно. 12. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой байжээ...” /1 хх 43-51/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 12933 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...1. С.Оийн биед духанд зулгаралт, баруун нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. 3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” /1 хх 64-65/,

амь хохирогч Б.Б,  шүүгдэгч С.Б- нар хоорондоо зодолдсон байдлыг нотолж буй Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 13364 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...1. С.Б-ын биед цээж, хэвлий, нуруу, бугалганы шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтэл байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /1 хх 59-60/,

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт ирсэн дуудлагын лавлагааны хуудас: “...09/19/2022 21:56:40 ...Б 37 настай, эрэгтэй манай гэрт нас барсан байна. /өдөр над руу яриад хүнтэй зодолдсон, эм аваад ирээрэй гэсэн. Гэртээ ирэхэд ийм асуудал болсон байна/...” /1 хх 4/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл: “...зочны өрөөний хойд хэсэгт байрлах орон дээр Б.Б гэх хүний цогцос дээшээ харсан байдалтай хэвтэж байх ба ... зочны өрөөний ширээн дээр байсан 3 хэсэг дротаверин, nephris, ibuprofen denk-400 гэсэн бичигтэй эм, ... цогцосны хэвтэж байсан орны хажуу талын буйдан дээр 2 хэсэг ibuprofen denk-400, парацетамол гэсэн бичигтэй эм байсныг ... эд мөрийн баримтаар хураан авч тэмдэглэл үйлдэв. ...”, уг тэмдэглэлд тусгасан байдлыг харуулж буй гэрэл зургууд/1 хх 5-16/,

шинжээч эмчийн “...Нарийн гэдэсний цутгалан хэсгийн язарсан шарх  гэмтлийг авсан цагаас эхлэн шинж тэмдэг илэрнэ. Гэхдээ ямар шинж тэмдэг илрэх нь тухайн хүний онцлог, согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, өвчин намдаах эм хэрэглэсэн байдлаас болж өөрчлөгдөнө. Энэ байдлаараа 24 цаг хүртэл үргэлжлээд мэргэжлийн эмч оношилж, мэс засал хийлгэсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой. ...Энгийн нөхцөлд оношлох боломжгүй. Шарх гэмтлийн улмаас нас барсан. ...” гэсэн мэдүүлэг /2 хх 53-54/  зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Шүүгдэгч С.Б-ын:

хохирогч С.Оийг “амь хохирогчийг өмөөрлөө” гэх шалтгаанаар нүүрэнд нь цохиж биед нь “...духанд зулгаралт, баруун нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” гэсэн хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэсэн шинжийг,  

хохирогч Б.Б “байшингийн цонх хагалж, агсам тавьсан” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, газарт унагаж өшиглөх зэргээр зодож “...хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цутгалан гэдэсний язарсан шарх, сэмж, чамархайн цус хуралт, цээжний зүүн талын 12-р хавирганы булчингийн цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун чих, зүүн бугалга, зүүн гуя, хэвлийн цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, баруун чамархай, дух, баруун хацар, зүүн чих, зүүн өвдөг, зүүн шилбэний зулгаралт...” гэсэн хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “...энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан...” гэсэн шинжийг тус тус агуулсан байна. 

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-д заасан “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэснээр хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн үйл баримтыг тогтоосон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн шүүгдэгч С.Б-ын үйлдлүүдийг зүйлчилж, ял шийтгэл оногдуулсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн С.Б-д:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...”-аас торгох ялыг сонгож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан нь,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял...” шийтгэхээс 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан зэрэгт нь тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх заалтыг хэрэглэхгүй байхаар шийдвэрлэв.  

Шүүгдэгч С.Б- нь гэм хорын хохиролд 15,618,000 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид /1 хх 249/ төлсөн байна.

Хохирогч С.Оээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.14 дэх заалтад заасан “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх ” гэсэн хохирогчийн эрхийг танилцуулж /1 хх 181/, гэрчээр мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. ...” гэсэн гэрчийн эрхийг танилцуулж /1 хх 32/ тодруулсны дараа түүний мэдүүлгийг авсан байх тул С.Оийн мэдүүлгийн нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.  

Иймд шүүгдэгч С.Б-ын гаргасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллан шүүж шийдвэрлэсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү...”, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхболдын гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хөнгөрүүлж ял оногдуулах эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Харин прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед баривчлагдсан 2 хоног /1хх 106-107/-ийг түүний эдлэх ялд оруулан тооцсон нэмэлт заалтыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол гарсан 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд С.Б-ын цагдан хоригдсон 57 хоногийг мөн түүний эдлэх ялын хугацаанд тооцохоор заав.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/242 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ын цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Ц.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                             

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ӨСӨХБАЯР

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ЗОРИГ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ