| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2021/02814/И |
| Дугаар | 101/ШШ2022/01034 |
| Огноо | 2022-03-09 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2022/01034
2022 оны 03 сарын 09 өдөр 101/ШШ2022/01034
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.******* -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох,
385,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.******* шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие 114 дүгээр байрны ******* орон сууцыг өмчилдөг байсан. ******* сууц өмчлөгчдийн холбоо нь 2020 оны 10 дугаар сард байгуулагдаж гэрчилгээгээ авсан. Гэтэл 2020 оны 09 дүгээр сард 385,000 төгрөгийн төлбөрийг үндэслэлгүй үүсгэж, 10 дугаар сараас сууц өмчлөгчдийн холбооны мөнгөө төлөх гэхээр сар алгасаж төлж болохгүй байсан, мөн орон сууцаа бусдад худалдах болсон тул арга буюу төлөх ёсгүй төлбөрийг төлсөн. Сууц өмчлөгчдийн холбоонд миний төлсөн 2020 оны 09 дүгээр сарын төлбөр гэх 385,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагчийн тайлбарлаж байгаа ******* ХХК оршин суугчаас төлбөр авах эрхгүй, ямар нэгэн үйлчилгээ үзүүлээгүй гэв.
Хариуцагч ******* сууц өмчлөгчдийн холбоо, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Зоригтбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: ... А.*******гийн гаргасан 385,000 төгрөгийн нэхэмжлэлийг ******* сууц өмчлөгчдийн холбооны зүгээс үндэслэлгүй гэж үзэж байна. Уг төлбөр нь 114 дүгээр байрны ******* орон сууцны нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалттай холбоотой төлбөр юм. Нэхэмжлэгч нь орон сууцаа зарахаар болохдоо худалдан авч буй иргэнд сууц өмчлөгчдийн холбоо, конторын төлбөрөө төлсөн гэж үзүүлэх зорилгоор төлсөн үйлдэл залилангийн шинжтэй гэж үзэж байна. ******* ХХК нь 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд Саруул хорооллын дундын өмчийн ашиглалтыг хариуцан ажилласан. ******* сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсаны дараа ******* ХХК-аас 114 дүгээр байрны ******* орон сууцны авлага 385,000 төгрөгийг манайд шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь уг төлбөрийг манай дансанд шилжүүлсэн, энэ төлбөрөөр бид ******* ХХК-ийн өрийг төлсөн гэжээ.
Нэхэмжлэгчийн нотлох баримт: Төрийн банкинд 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 385,000 төгрөг төлсөн баримт, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогоос татвар төлсөн баримт.
Хариуцагчийн нотлох баримт: ******* сууц өмчлөгчдийн холбооны 357, 0044 тоот гэрчилгээ.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Төрийн банкны лавлагаа болон төлбөрийн баримтууд.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч ******* сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан 385,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэв.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах ******* байруудын оршин суугчдын хурлын тогтоолоор ******* сууц өмчлөгчдийн холбоог байгуулж, Баянзүрх дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлэн, дүүргийн Засаг даргаас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 357 дугаар гэрчилгээ олгогджээ (хх-14).
Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Саруул хороолол /13311/ Хүннү гудамж 114 байр, ******* хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай орон сууцны өмчлөгчөөр 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр бүртгэгдсэн байх ба уг орон сууцыг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Э.*******тай байгуулжээ (хх-52-55).
Мөн нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Төрийн банкинд 385,000 төгрөг төлсөн байх ба төлбөрийн баримтад хэрэглэгчийн нэр: *******, хаяг: БЗД 26 хороо, 114 байр, *******, байгууллагын төрөл: СӨХ, байгууллагын нэр: ******* СӨХ, огноо: 2020/9, нэхэмжилсэн төлбөр: 385,000, төлбөрийн задаргаа: засвар үйлчилгээ 42,000, хог 28,000, лифт 140,000, цэвэрлэгээ 133,000, жижүүр 42,000 гэж тусгагджээ (хх-3). Шүүхийн журмаар дээрх төлбөр тооцоог тодруулахад уг 385,000 төгрөг хариуцагчийн дансанд орсон байна (хх-104-106, 112).
Хариуцагчийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар ******* сууц өмчлөгчдийн холбоо нь 2020 оны 10 дугаар сард байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд нэхэмжлэлд дурдсан 385,000 төгрөгийн төлбөр үүнээс өмнөх хугацааных болохыг маргаагүй.
Шүүхэд хариуцагч нь 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд Саруул хорооллын дундын өмчийн ашиглалтыг хариуцан ажилласан ******* ХХК-аас 114 дүгээр байрны ******* орон сууцтай холбоотой 385,000 төгрөгийн авлагыг шилжүүлсэн учир дээрх төлбөрийг нэхэмжлэгчээс авсан нь үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нь ******* ХХК оршин суугчаас төлбөр авах эрхгүй, дур мэдэн үйл ажиллагаа явуулсан, оршин суугчдад ямар нэгэн үйлчилгээ үзүүлээгүй, мөн энэ асуудал хариуцагчид огт хамааралгүй, ******* ХХК өөрөө надаас нэхэмжлэх эрхтэй гэж мэтгэлцсэн.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзээд дор дурдсанаар хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж дүгнэх боломжгүй байна.
Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж зааснаар хариуцагч нь ******* ХХК-ийн шаардах эрхийг шилжүүлэн авах эрхтэй боловч хариуцагч нь 114 дүгээр байрны ******* орон сууцтай холбоотой авлагыг ******* ХХК-аас шилжүүлэн авсан эсэх нь тодорхой бус байна.
2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Саруул хороолол авлага гэх 180,237,485.50 төгрөгийн авлагын үнийн дүн бүхий бичгийн баримт гаргасан ч уг баримт нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар байсан тул шүүх нотлох баримтаас хасч, зохигчийн нотлох баримт гаргах эрхийг ханган шүүх хуралдааныг хойшлуулсан боловч нотлох баримт нэмж гаргаагүй болно.
Нөгөө талаар талуудын тайлбараар ******* ХХК-ийг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар байгуулагдсан сууц өмчлөгчдийн холбоо гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.
Гэхдээ дээрх компани нь холбооны гүйцэтгэх үүргийг биелүүлж, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын хэвийн байдлыг хангах ашиглалт, хамгаалалтыг эрхлэн гүйцэтгэсэн нөхцөлд түүний эрх зүйн байдлаас нь шалтгаалан сууц өмчлөгч хэрэглэсэн үйлчилгээний зардлыг төлөхөөс татгалзах үндэслэлгүй. Учир нь, сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэг хүлээдэг.
Төрийн банкны баримтад тодорхойлсноор нэхэмжлэгчийн төлсөн 385,000 төгрөгт засвар үйлчилгээ 42,000 төгрөг, хог 28,000 төгрөг, лифт 140,000 төгрөг, цэвэрлэгээ 133,000 төгрөг, жижүүр 42,000 төгрөг тус тус багтсан байх ба хариуцагч талаас эдгээр төлбөр ямар үндэслэлээр хэрхэн тооцогдсоныг шүүхэд тодорхой тайлбарлаагүй, тодруулбал ******* ХХК өмнө нь үйл ажиллагаа явуулсан ******* ХХК-ийн жишгээр зардлыг тогтоосон, хариуцагч нь ******* ХХК-ийн зардал гаргасан талаарх баримтыг ******* ХХК-аас аваагүй, дээрхээс 3 зардал буюу лифт, хог тээвэр болон цахилгааны зардал зайлшгүй гарна гэх зэргээр 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд тайлбарласан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу зохигч нь өөрийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь дээрх тайлбараа шүүхэд баримтаар нотлоогүй.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө шаардах эрхтэй.
Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэхэд хариуцагч нь нэхэмжлэгчээс 385,000 төгрөг шаардах ******* ХХК-ийн эрхийг шилжүүлэн авсан, мөн ******* ХХК-аас 385,000 төгрөгийн үйлчилгээг нэхэмжлэгчид үзүүлсэн гэх байдал хэргийн баримтаар эргэлзээгүй байдлаар тогтоогдохгүй байна.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийн зохицуулалтыг үндэслэн дагуу хариуцагчаас 385,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 12,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 12,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* сууц өмчлөгчдийн холбооноос 385,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* сууц өмчлөгчдийн холбооноос 12,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА