| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01257/И |
| Дугаар | 320/ШШ2025/00100 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 320/ШШ2025/00100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2024/01287/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Д.Б,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Д.Б ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мягмарсүрэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Б нь шүүхэд Х аймгийн Т сумын Я нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, Х аймгийн Т сумын Я нэгдлийн 2 дугаар бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор тодруулав.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Би 1985 оны 70 дугаар дансны маягтыг үндэслэн ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдал шүүхээр тогтоолгоно. Нэхэмжлэл дээрээ 1988 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэсэн боловч 17-ны өдөр цэргээс зарлан дуудах хүсэлт ирсэн байсан. Үүний дагуу хүсэлтийн шаардлагаа багасгаж байна. Миний хөдөлмөрийн дэвтэр устаж үгүй болсон, ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүйн улмаас миний ажиллаж байсан байдал тооцогдохгүйд хүрээд байгаа юм...гэв.
Хүсэлт гаргагч Д.Б нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11/1020 дугаар албан тоот, Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн цалингийн түүвэр, Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 11 сарын 11-ний өдөр өдөр гэсэн дардас дарагдсан 70 дугаар дансны цалингийн хүснэгтүүд, Тагнуулын Ерөнхий газар Тусгай архивын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 08/2542 дугаар албан тоот зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Л.Э , Д.Б нарыг гэрчээр асууж,
өөрийн санаачилгаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягтуудыг, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архиваас хүсэлт гаргагчийн цэргийн алба хаасан лавлагааг, Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газраас хүсэлт гаргагчийн цалингийн түүврийг гаргуулж, тухайн баримтуудад үзлэг хийж нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Би 1985 оны 70 дугаар дансны маягтыг үндэслэн ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдал шүүхээр тогтоолгоно. Нэхэмжлэл дээрээ 1988 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэсэн боловч 17-ны өдөр цэргээс зарлан дуудах хүсэлт ирсэн байсан. Үүний дагуу хүсэлтийн шаардлагаа багасгаж байна. Миний хөдөлмөрийн дэвтэр устаж үгүй болсон, ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүйн улмаас миний ажиллаж байсан байдал тооцогдохгүйд хүрээд байгаа юм...гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газраас 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар албан бичгээр ирүүлсэн: 1985 оны 01 сар 16.25, 02 сар 16.25, 3 сар 32.50, 4 сар 123.50, 5 сар 123.50, 6 сар 143.15, 7 сар 183.10, 8 сар 218.61, 9 сар 61.20, 10 сар 461.70, 11 сар 100, 12 сар 100 ХН №26, 1987 он 01 сар 72.80, 02 сар 72.80, 3 сар 70.64, 4 сар 68.48, 5 сар 64.84, 6 сар 66.88, 7 сар 340.19, 8 сар 182.16, 9 сар 180, 10 сар 287.95, 11 сар 115.25, хн №29, 1988 он 01 сар 88.14, 2 сар 131.11, 3 сар 18.36, 4 сар 18.36, 5 сар 20.64, 7 сар 38.18, 8 сар 319.06... гэсэн түүвэр бүхий Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газар гэсэн тамга, НД0303 гэсэн нийгмийн даатгалын улсын байцаагчийн тэмдэг тус тус дарагдаж, холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг зурагдсан цалингийн түүвэр,
Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 11 сарын 11, 2025 оны 01 сарын 15-ний өдөр гэсэн дардсууд дарагдсан 70 дугаар дансны цалингийн хүснэгт,
Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 30/1481 дүгээр албан тоотоор ирүүлсэн: Д.Б , Хаана ямар ажилтай:Т 2-р б, малчин, ажилд орсон он: 1986, эрхэлдэг ажил:жолооч, оршдог сум, район: М ... гэсэн мэдээлэл бүхий Хаягийн хуудас №7 маягт, Х аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч Д.Б нь Х аймгийн Т сумын Я нэгдлийн 2 дугаар бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдлоо.
Гэрч Д.Б ийн: ...Д.Б нь Х аймгийн Т сумын Я нэгдэлд 1984 оны үед илгээлтээр гарч малчнаар ажиллаж байсан... гэх,
Гэрч Л.Э гийн: ...Д.Б нь Х аймгийн Т сумын Я нэгдэлд малчнаар ажилладаг байсан. 1989 онд хугацаат цэргийн албанд явсан бөгөөд энэ хүртэл лав ажилласан... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна.
Хүсэлт гаргагч нь Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын архивт хадгалагдаж буй Х аймгийн Т сумын Я нэгдлийн 70 дугаар дансанд тусгагдсан цалингийн түүвэрт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон гэж тайлбарлан Х аймгийн Т сумын Я нэгдлийн 2 дугаар бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар тасралтгүй ажиллаж байсан байдал тогтоолгохоор шаардсан.
Гэвч хүсэлт гаргагчийн дээр дурдаж буй цалин хөлсний баримтад 1986 онд цалин хөлс бодогдоогүй,
Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 30/1481 дүгээр албан тоотоор ирүүлсэн: Д.Б , Ажилладаг байгууллага: Бусад эх үүсвэр, эрхэлдэг ажил: ажилгүй,... гэсэн мэдээлэл бүхий ХААТР-1 (А) маягт зэрэг баримтуудаар Х аймгийн Т сумын Я нэгдлийн 2 дугаар бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байсан гэх хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байна гэж тус тус дүгнэв.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Иймд шүүх хүсэлт гаргагч Д.Б ын Х аймгийн Т сумын Я нэгдлийн 2 дугаар бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан болон суралцаж байсантай холбоотой зарим баримт холбогдох байгууллагад хадгалагдаж үлдээгүй болох нь Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11/1020, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 11/1088 дугаар: Х аймгийн Т сумын Я нэгдлийн цалин хөлсний баримт тус нэгдлийн даргын 1985-1987 оны тушаал манай архивд шилжиж ирээгүй, нэгдлийн даргын 1988 оны тушаал шүүж үзэхэд Д.Б той холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх,
Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 01 дүгээр 03-ны өдрийн 08/15 дугаар: ...Хилийн ба ДЦУЕГ-ын 0129 дүгээр ангийн 1988- 1990 оны цэргийн анкетыг тус архивт шилжүүлж ирүүлээгүй болно. гэх,
Х аймгийн Т сумын ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаар: Манай байгууллагын архив 1991 онд шатсан тул 1991 оноос өмнөх 1984-1986 онуудын 8 дугаар анги төгсөгчдийн журнал, анкет, архивд хадгалагдаагүй болно. Д овогтой Б нь 1984 онд тус сургуульд суралцаж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн нь үнэн болно. гэх,
Хугацаат цэргийн алба хаасан болох нь Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 08/15 дугаар: Д ийн Б нь Х аймгаас НАХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 6/537 дугаар тушаалаар 10 дугаар сарын 15-ны өдрөөс цэргийн албанд татагдаж, 0129 дүгээр ангид алба хаагаад УАБХЕГ-ын даргын 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 6/307 дугаар тушаалаар 10 дугаар сарын 25-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ. гэх албан бичгээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Хэрэгт хүсэлт гаргагчийн ХААТР21(А) маягт, Тагнуулын Ерөнхий газар Тусгай архивын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 08/2542 дугаар албан тоот авагдсан ба эдгээр баримтууд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д ийн Б ын Х аймгийн Т сумын Я нэгдлийн 2 дугаар бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА