Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 320/ШШ2025/00107

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 320/ШШ2025/00107

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

155/2025/00002/И

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Т засаг даргын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х хоршоонд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 50,109,913 (тавин сая нэг зуун есөн мянга есөн зуун арван гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Х сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Т сумын Х сангаас нь 2022 оны 8 дугаар сарын 09 -ний өдөр 3 жилийн хугацаатай Хүнд блок, хөөсөн блок, элит хашаа үйлдвэрлэх зориулалтаар 63,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн хугацаа 2025 оны 8 дугаар сарын 09-ний өдөр дууссан гэрээ байгуулсан боловч зээлдэгч зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж тооцон, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байна.

Иймд Х хоршооноос хугацаа хэтэрсэн зээл нийт 50,109,913 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.М нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд: Тус суманд үйл ажиллагаа явуулж буй Х хоршоо (РД:4143574) нь 2022 оны 8 дугаар сард 63 сая төгрөгийн төсөлд хамрагдсан.

Манай байгууллага нэхэмжлэл гаргаснаас хойш зээлийн төлбөрт 6,390,930 төгрөгийг төлсөн. Одоо зээлийн үлдэгдэл 43,100,428 төгрөг, хугацаа хэтэрсэн хүү 618,555 төгрөг, нийт 43,718,983 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн сар сар бүрийн 09-ний өдөр төлөлтийг хийж, 2025 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө 100 хувь төлж барагдуулна. гэх хариу тайлбарыг,

Нэхэмжлэгч Х сумын Засаг дарга нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд: Тус сумын Х хоршооны хариу тайлбартай танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Х хоршоо зээлийн төлбөрт 6,390,930 төгрөгийг төлсөн. Одоо зээлийн үлдэгдэл 43,100,428 төгрөг, хугацаа хэтэрсэн хүү 618,555 төгрөг, нийт 43,718,983 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн сар сар бүрийн 09-ний өдөр төлөлтийг хийж, 2025 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө 100 хувь төлж барагдуулна гэжээ.

Иймд манай байгууллага хариу тайлбарыг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх хүсэлтийг тус тус ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х сумын Засаг дарга нь хариуцагч Х хоршоонд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50,109,913 (тавин сая нэг зуун есөн мянга есөн зуун арван гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Шүүх дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6,390,930 (зургаан сая гурван зуун ерэн мянга есөн зуун гуч) төгрөгийг төлж, үлдэгдэл 43,100,428 төгрөг, хугацаа хэтэрсэн хүү 618,555 төгрөг, нийт 43,718,983 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн сар бүрийн 09-ний өдөр төлөлтийг хийж, 2025 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн дотор төлж барагдуулах тухай хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлснийг зохигч эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй.

Зохигчийн энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж хуульчилсан тул нэхэмжлэгч Х сумын Засаг дарга нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлага 50,109,913 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 408,500 төгрөгийн тал хувь болох 204,250 төгрөгийг хариуцагч Х хоршооноос гаргуулж, улсын орлогод оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч Х хоршоонд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 50,109,913 (тавин сая нэг зуун есөн мянга есөн зуун арван гурав төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6,390,930 (зургаан сая гурван зуун ерэн мянга есөн зуун гуч) төгрөгийг төлж, үлдэгдэл 43,100,428 төгрөг, хугацаа хэтэрсэн хүү 618,555 төгрөг, нийт 43,718,983 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн сар бүрийн 09-ний өдөр төлөлтийг хийж, 2025 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Х хоршооноос 204,250 (хоёр зуун дөрвөн мянга хоёр зуун тавь) төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА