Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 28

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Г.СоронзонБ, улсын яллагч С.Болорчулуун, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Дамбий овогт Дагвасүрэнгийн Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726030463 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1969 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Булган аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, Ус сувгийн урьдчилан цэвэрлэх байгууллагад ажилладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

Улаанбаатар хотын Сүхбаатарын районы шүүхийн 1987 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 316 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Дамбий овогт Дагвасүрэнгийн Б

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нисэхийн эцсийн автобусны буудлын ойролцоо иргэн С.Гтэй архи нэхлээ гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний баруун нүдэн тус газар нь хар цэнхэр өнгийн Нокиа маркын гар утсаараа цохиж баруун нүдийг нь бүрэн хараагүй болгож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

      

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

 

Шүүгдэгч Д.Б: “...2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ажлаасаа буусан. Урд өдөр нь би ажил дээрээ хоносон байсан. Эцсийн буудлын наад талын буудал дээр буух ёстой байтал нэг буудал хэтрээд эцсийн буудал дээр буусан. Намайг тэнд буухад хохирогч ирээд архи ууя мөнгө байна уу гэхээр нь надад мөнгө байхгүй тантай архи уухгүй гэсэн. Тэгээд явах гэхэд миний куртикээр миний хоолойг боогоод намайг унахад дээрээс суусан. Хамт явж байсан залуу нь миний толгой дээр дэвсээд байсан. Тэгэхэд миний утас газар унасан байхад нь би утсаа аваад та цаашаа байлдаа гээд түлхэхэд намайг боосон гараа тавихгүй цохиод байсан. Тэгж байгаад өндийхөд нь би цаашаа явлаа гэж бодоод босоход эргэж дайрахдаа миний утастай гарт нүдний доор хацарт цохиулсан. Тэгээд би зугтаагаад хажуу тийшээ гарахад намайг дэвсэж байсан залуу араас гүйгээд намайг барьсан. Тэнд гэрч нар байсан...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч С.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 17 цагийн үед гэртээ харихаар Нисэхийн эцэст явж байхдаа Д.Бтой тааралдсан. Д.Б ганцаараа, согтуу явж байсан. Би тухайн үед дунд зэргийн согтолттой явж байсан. Бид хоёр тааралдаад маргалдсан, яг юу гэж маргалдсанаа, юу болсныг сайн санахгүй байна. Бид хоёр нэг нэгэнтэйгээ барьцалдаж авахад би Бын цайвар өнгийн нимгэн куртикных нь ханцуйнаас татахад ханцуй нь урагдчихсан. Үүнээс болж Д.Б уурлаж миний баруун нүд рүү нэг удаа цохьчихоод яваад өгсөн. Цохиулах үед нүд маш их өвдсөн, баруун нүднээс шингэн зүйл гоожоод байхаар нь гараараа арчаад л байсан. Гэртээ ирэх үед эхнэр Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Гэмтлийн эмнэлэг дээр ирэх үед эмч нар миний нүдэнд оёдол хийгээд, Нэгдүгээр эмнэлгийн нүдний тасагт очиж үзүүлээрэй гэсэн. ...Д.Бод цохиулсан үеэс хойш миний баруун нүд юм харахгүй болсон. Би эхэндээ гайгүй байх, цохиулаад хавдчихсан учир юм харахгүй байгаа байх гэж бодсон. Ингээд эмнэлгийн байгууллагаар явахад миний баруун нүд бүрэн хараагүй болсон, мэс засалд орж хараагүй нүдээ авахуулагүй бол нөгөө нүдэндээ нөлөөлөх гээд байна гэсэн. Тэгээд маргааш нь хагалгаанд орж баруун нүдээ авахуулсан. Одоо хиймэл нүд хийлгэсэн байгаа. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /1-р хх-ийн 27-29, 214-215, 2-р хх-ийн 1/ гэсэн,

 

Гэрч Д.Ичинноров мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр би гэртээ 21 цагийн үед ирэхэд нөхөр Г орон дээрээ дээшээ хараад хэвтэж байсан. Тэр үед баруун нүднээс цус гарсан байдалта байсан. С.Гээс юу болсон талаар асуухад хүнд зодуулчихлаа гэсэн. Тэгэхээр нь шууд Гэмтлийн эмнэлэг рүү очиход нүдний болон толгойн рентген зураг авахуул гэсэн. Зургийг эмч нарт үзүүлэхэд цусыг тогтоож найман оёдол тавьж боогоод яаралтай Нэгдүгээр эмнэлгийн нүдний тасагт очиж үзүүл гэсэн. Бид хэд Нэгдүгээр эмнэлэгт очиход маргааш яаралтай ирж манайд хэвтэж эмчлүүл, нүдний цөцгий гоожсон байна, маргааш хагалгаанд орно шүү, хурдан авахгүй бол нөгөө нүдэндээ нөлөөлнө гэсэн. ...С.Гийг Нисэхэд амьдардаг Д.Б гэх хүн утсаараа баруун нүдэн тус газар нь цохиж нүдийг нь сохолсон гэсэн. Үүнийг би зүс таних Мөнхөө гэх хүнээс сонссон. Өмнө нь С.Гийн нүд ямар нэгэн байдлаар хараа нь муудсан болон бусад байдлаар өвдсөн, шархалж гэмтсэн, эмнэлгийн байгууллагаар эмчлүүлж байсан зүйл огт байхгүй...” / 1-р хх-ийн 32-33/ гэсэн,

 

Гэрч Т.Энхбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Намайг хүүхэд байх үеэс өвөө эмээ хоёр минь Мөнхөө гэж дууддаг байсан. Миний жинхэнэ нэрийг Энхбаатар гэдэг, гэхдээ ихэвчлэн хүмүүс багын нэр болох Мөнхөө гэх нэрээр дууддаг. ...2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Нисэхийн буудлын ойролцоо С.Г ах өрөөсөн нүдээ дарчихсан зогсож байсан. Баруун нүднийх нь хэсгээс цус гарч байгаа харагдсан. Би машинаа хажууханд нь зогсоогоод бууж очиж юу болсон талаар асуухад нүдээ дараад цусаа арчаад юу ч дугарахгүй зогсоод байсан. Тэгтэл тэнд байсан таксины жолооч “наад хажууд чинь зогсож байгаа цагаан куртиктэй хүн цохичихсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би та нар цагдаад дуудлага өгөөч гээд чанга хэлэхэд нөгөө хүн цаашаа сургуулийн зүг зугтахад би хойноос нь хөөж барьж аваад “чи яагаад хүн цохьчихоод зугтааж байгаа юм, наад хүний чинь нүд нэг л эвгүй болсон байна, чи өөрөө учраа ол” гэж хэлсэн. Энэ үед цагдаа нар ирчихсэн байхаар нь нөгөө хүний цагдаа нарт өгсөн. Тухайн үед Б гэдэг хүн согтуу байсан. Харин С.Г ахыг согтуу байсан эсэхийг сайн  мэдэхгүй. С.Г ах “чи ахыгаа яаж байнаа” гэж хэлээд цусаа арчаад зогсож байсан. Тэгээд С.Г ах гэртээ харихаар, би эхнэрээ авахаар явсан. ...Би Д.Быг цохиж зодоогүй, зугтаах гэхээр нь өмсөж явсан куртикнээс хоёр удаа дугтарсан...” /1-р хх-ийн 34-35/ гэсэн,

 

Гэрч С.Равжаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өөрийнхөө 13-59 УБС улсын дугаартай, Ниссан маркийн автомашинтайгаа Нисэхийн эцэст таксинд явах гээд зогсож байсан. С.Г согтуу тэр хавиар таарсан юм. Тэгтэл мөн зүс таних Д.Б гэх залуу автобуснаас согтуу бууж ирээд тэр хавийн таксинд явдаг хүмүүсээс 1000 төгрөгөөр явах уу гэж асууж явж байгаад С.Гтэй таарсан. Тэгээд С.Г нь Д.Боос “за хоёулаа ганц шил юм уух уу” гэж асуусан. Гэтэл Д.Б нь “таньтай архи уухгүй ээ” гэсэн, С.Г нь “Чи яагаад надтай архи уудаггүй юм” гээд хоорондоо маргалдаж нэг нэгнээ заамдаж авсан. С.Г нь Д.Быг куртикнийх нь захнаас боож унагаасан. Харин Д.Б нь босож ирэхдээ гар утсаараа С.Гийн нүүрэн тус газар нь цохьсон. С.Г баруун нүд хэсэгтээ язарсан шархтай болсон байхыг харсан. Удалгүй миний машинд хүн суухаар нь яваад өгсөн. Хүнээ буулгачихаад буцаад ирэхэд байхгүй болцгоосон байсан. ...Тухайн үед Д.Б, С.Г хоёр хоёулаа согтуу байх шиг байсан...” /1-р хх-ийн 36/ гэсэн,

 

Гэрч Д.Болорцолмон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 17-18 цагийн үед ажлаа хийгээд байж байхад чимээ гараад байхаар нь эргээд харахад Д.Б, насаар ахмад буурал толгойтой ахтай зууралдсан байсан. Намайг харахад Д.Б нь газар унасан байсан. Нөгөө хүн нь Д.Бын куртикнээс зуураад байсан. Харин Д.Б босож ирснээ нөгөө хүний нүд хэсэг рүү гар утсаараа нэг удаа цохичихоод яваад өгсөн. Нөгөө хүн нь нүдээ дараад тэндээ үлдсэн бөгөөд баруун нүднээс нь цус гарч байгаа харагдсан. Тэр хоёр хоёулаа согтуу байгаа юм шиг харагдаж байсан. Д.Б тэр хүнийг цохичихоод явахад хойноос нь нэг залуу барьж авсан. Удалгүй хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар ирж Д.Быг барьж авсан...” /1-р хх-ийн 37-38/ гэсэн,

 

Гэрч Н.Ганцоож мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...С.Гийн биед үзлэг хийхэд баруун нүд карт болон мэс заслын өмнөх үзлэгээс үзэхэд эвэрлэг тунгалаг өнгөнд камер цустай гэж бичигдсэн байсан ба миний санаж байгаагаар мэс заслын үед ямар нэгэн наалдац, шарик суулгахад багтахгүй зэрэг хүндрэл байгаагүй энэ нь шинэ гэмтэл болохыг илтгэнэ. ...Ер нь бол тухайн хүний нүдний мэс засалд Даариймаа бид хоёр орсон. Мэс заслын явцад хуучин гэмтэл гэх эргэлзээтэй зүйл гараагүй. ...С.Гийн биед мэс засал хийсэн эмч Дүүриймаа бид хоёроос асуухгүйгээр эрхлэгч эмчээс асуусан нь эндүүрэл гарсан байж болзошгүй...” /1-р хх-ийн 219-220/ гэсэн,

 

Гэрч М.Билгүүн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр С.Г гэдэг хүний өвчний түүхийг нээсэн юм. С.Г нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нүдэндээ цохиулаад 20 цагийн үед Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиж баруун нүдний доод зовхинд 8 оёдол тавиулсан байсан. Уг өвчтөнийг анх манай Резидент эмч Жавзандулам үзэж онош тавьсан байсан. С.Гийг үзэхэд нүдний доод хэсэгт цус хурсан, зовхины доод хэсэгт 8 оёдол тавьсан, зовхи бага зэрэг хавантай, баруун нүдний өмнөд камерт битүү цус хурсан, баруун нүдний эвэрлэг нь хавантай, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 17 цаг 35 минутад орсон. ...Миний үзлэгээр С.Гийн баруун нүдэнд учирсан гэмтэл нь шинэ гэмтэл гэж үзэж байна. Яагаад гэвэл хавантай байсан ба битүү хавдаж цус хурсан байдалтай нь шинэ гэмтэл гэж үзэх нөхцөлийг бүрдүүлж байна. Хэрэв хуучин гэмтэл байсан бол эвэрлэг нь хавантай бус, алимны хэмжээ жижиг, хатингаршиж тогтсон байх байсан. Тухайн цаг хугацаанд уг гэмтлийг авах боломжтой...” /1-р хх-ийн 221-222/ гэсэн,

 

Гэрч М.Жавзандулам мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Улсын клиникийн Нэгдүгээр төв эмнэлгийн нүд судлалын тасагт 2015 оны 10 сард  резидент эмчээр томилогдож ирсэн. 2017 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө жижүүртэй байхад 00 цаг 15 минутад С.Г нь эхнэр гэх эмэгтэйн хамт ирсэн. Уг хүнээс зовиурыг нь асуухад баруун нүдний ухархай руу өвдөнө гэсэн. Үзэхэд баруун нүд юм харахгүй, гэрэл гэгээ мэдрэхгүй, зүүн нүд хэвийн хараатай байсан. Баруун нүдний зовхи бага зэргийн хавантай, салстын дор битүү цус хурсан нүдний дээд хэсгээр 11-02 цагийн орчимд нүдний судаслаг давхарга /дотор давхарга/ харагдаж байсан. Өмнөд камерын битүү цустай цааш шилжих боломжгүй байсан. 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 16-17 цагийн үед бусдад чулуугаар баруун нүдэн тус газраа цохиулж гэмтсэн гэж ярьж байсан. Тухайн үед согтуу байсан. ...С.Гийн нүдний гэмтэл шинэ гэмтэл байсан. Өөрөө ч хүнд зодуулаад гэмтсэн талаараа ярьж байсан...” /1-р хх-ийн 225-226/ гэсэн,

 

Гэрч Б.ЭрБ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авахын яаралтай түргэн тусламжийн тасагт жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхад орой 22 цаг 40 минутад С.Г ирж үзүүлсэн. Уг хүний баруун нүдний орчимд няцарсан шархтай, нүдний гэмтэлтэй байсан бөгөөд анхны тусламж үзүүлж баруун нүдний гадна зовхинд оёдол тавьж өгөөд нарийн мэргэжлийн нүдний эмчид үзүүлэх зөвлөгөө өгч явуулсан. ...Осол гэмтлийн тохиолдол бүртгэх хуудсан дээр бичигдсэнээр С.Гийн нүдний гэмтэл нь шинэ гэмтэл байсан...” /1-р хх-ийн 229-230/ гэсэн,

 

Шинжээч Т.Чимэд-Очир мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Улсын клиникийн төв эмнэлгийн №6398 тоот нүдний эмгэг судлалын тасгийн өвчний түүхэнд С.Гийн нүд хуучин гэмтэлтэй, тухайн хуучин гэмтлийн улмаас ширгэж жижгирсэн талаар ямар нэгэн бичилт онош байхгүй байгаа, шинэ гэмтлийн улмаас нүдийг авах мэс засал хийсэн талаар тэмдэглэсэн байна. Бид эмнэлгийн материалыг үзэж дүгнэлт гаргаж байгаа хувь хүний мэдүүлгийг үндэслэж дүгнэлт гаргах журам байхгүй. Комисс эмч бид нар тухайн хохирогчийн мэс заслаар авагдсан нүд ямар байсныг хараагүй, нэгэнт мэс заслаар авчихсан учраас тухайн үеийн өвчний түүхэнд бичигдсэнээр, оношлогдсоноор дүгнэлтийг гаргахаас өөр арга байхгүй. ...Баруун нүдний гэмтлийн улмаас нүдээ авахуулсан байдал нь хүнд зэрэгт хамаарна. ...Хацарт үүссэн шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /1-р хх-ийн 231-232/ гэсэн,

 

Шүүгдэгч Д.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Нисэхийн эцсийн буудал дээр зогсож байхад Г согтуу нэг залуугийн хамт над дээр ирээд архи ууя, мөнгө байна уу гэхээр нь би өөртэй чинь архи уухгүй гэж хэлэхэд чи хэнтэй архи уудаггүй хэн юм бэ гээд намайг заамдаж аваад хөлөөрөө хавсарч унагаасан. ...Би газарт унасан байсан гар утсаа аваад нүүрээ цохиулахгүй гэж гараараа Гийн гарыг хааж байхдаа гар утастай гараараа түүний баруун талын хацранд нэг удаа гар хүрэх шиг болсон. ...Та боль, таныг зодвол зодно шүү гэж гараараа далайж цохилоо шүү, цохилоо шүү гэж байхад миний гар утастай гаранд цохигдсон...” /1-р хх-ийн 32-33/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 4724 тоот дүгнэлт: “...Дүгнэлт: 1. Гийн биед баруун нүдний алимны доргилт, салстын цус хуралт, урагдал, торлогийн ховхрол /2017 оны 04 дүгээр сарын 04-ний баруун нүдний алимыг авах мэс засал/ баруун хацар шарх  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.   

3. 4 Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар нэг нүд бүрэн хараагүй болох нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонгийг 65%-р алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...”  /1-р хх-ийн 51/ гэсэн,

 

Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №989 тоот дүгнэлт: “...Дүгнэлт: 1.5. С.Гийн биед баруун нүдний битүү гэмтэл, өмнөд камерын цус хуралт, баруун нүдний алимны доргилт, салстын урагдал, нүдний алимны агуулагдахууны гадагшлалт, торлогны ховхрол, /2017 оны 04 дүгээр сарын 04-ний баруун нүдний алимыг авах мэс заслын дараах байдал/, баруун хацарт шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

2. С.Гийн баруун нүдний алимны агуулагдахуун гадагшилсан тул баруун нүдний алим авах мэс засал хийгдсэн байна.

3. С.Гийн баруун нүдний алим мэс заслаар авагдсан байх бөгөөд хэрэгт авагдсан эмнэлгийн бичиг баримтанд хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө баруун нүдэндээ гэмтэл авсан болон баруун нүдний архаг хууч өвчтэй байсан гэх эмнэлгийн бичиг байхгүй тул баруун нүдний алим нь хуучин гэмтлийн улмаас сорвижиж, жижгэрсэн байсан эсэхийг тогтоох боломжгүй байна.

4. С.Гийн баруун хацар үүссэн шарх гэмтэл нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Шинжээч эмч Т.Номинцэцэгийн №4724 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” /1-р хх-ийн 204-205/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 11-16/,

- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 17-21/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 22-24/

- Эд мөрийн баримтааар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 26/,

- Д.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 76-99/

- Д.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-ийн 90-93/

- С.Гийн өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 95-112, 2-р хх-ийн 13-19/,

- Хохирлын мөнгө хүлээн авсан тухай баримт /1-р хх-ийн 144/,

- Гэрч, хохирогч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-ийн 6-7/

- Гэрчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-ийн 8-9/ зэрэг болно.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Бод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн автобусны эцсийн буудлын ойролцоо иргэн С.Гтэй архи нэхлээ гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний баруун нүдэнд хар цэнхэр өнгийн нокиа маркын гар утсаар цохиж, “баруун нүдний битүү гэмтэл, өмнөд камерын цус хуралт, баруун нүдний алимны доргилт, салстын урагдал, нүдний алимны агуулагдахууны гадагшлалт, торлогны ховхрол, баруун хацарт шарх” бүхий хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан болох нь

Хохирогч С.Гийн “...2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Д.Б уурлаж миний баруун нүд рүү нэг удаа цохьчихоод яваад өгсөн. Цохиулах үед нүд маш их өвдсөн, баруун нүднээс шингэн зүйл гоожоод байхаар нь гараараа арчаад л байсан. Гэртээ ирэх үед эхнэр Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Гэмтлийн эмнэлэг дээр ирэх үед эмч нар миний нүдэнд оёдол хийгээд, Нэгдүгээр эмнэлгийн нүдний тасагт очиж үзүүлээрэй гэсэн. ...Д.Бод цохиулсан үеэс хойш миний баруун нүд юм харахгүй болсон. Би эхэндээ гайгүй байх, цохиулаад хавдчихсан учир юм харахгүй байгаа байх гэж бодсон. Ингээд эмнэлгийн байгууллагаар явахад миний баруун нүд бүрэн хараагүй болсон, мэс засалд орж хараагүй нүдээ авахуулагүй бол нөгөө нүдэндээ нөлөөлөх гээд байна гэсэн. Тэгээд маргааш нь хагалгаанд орж баруун нүдээ авахуулсан. Одоо хиймэл нүд хийлгэсэн байгаа...” /1-р хх-ийн 27-29, 214-215, 2-р хх-ийн 1/ гэсэн,

Гэрч Д.Ичинноровийн “...2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 21 цагийн үед би гэртээ ирэхэд нөхөр Г орон дээрээ дээшээ хараад хэвтэж байсан. Тэр үед баруун нүднээс цус гарсан байдалтай байсан. С.Гээс юу болсон талаар асуухад хүнд зодуулчихлаа гэсэн. Тэгэхээр нь шууд Гэмтлийн эмнэлэг рүү очиход нүдний болон толгойн рентген зураг авахуул гэсэн. Зургийг эмч нарт үзүүлэхэд цусыг тогтоож найман оёдол тавьж боогоод яаралтай Нэгдүгээр эмнэлгийн нүдний тасагт очиж үзүүл гэсэн. Бид Нэгдүгээр эмнэлэгт очиход маргааш яаралтай ирж хэвтэж эмчлүүл, нүдний цөцгий гоожсон байна, маргааш хагалгаанд орно шүү, хурдан авахгүй бол нөгөө нүдэндээ нөлөөлнө гэсэн. ...С.Гийг Нисэхэд амьдардаг Д.Б гэх хүн утсаараа баруун нүдэн тус газар нь цохиж нүдийг нь сохолсон гэсэн. Үүнийг би зүс таних Мөнхөө гэх хүнээс сонссон. Өмнө нь С.Гийн нүд ямар нэгэн байдлаар хараа нь муудсан болон бусад байдлаар өвдсөн, шархалж гэмтсэн, эмнэлгийн байгууллагаар эмчлүүлж байсан зүйл огт байхгүй...” / 1-р хх-ийн 32-33/ гэсэн,

Гэрч Т.Энхбаатарын “...2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Нисэхийн автобусны буудлын ойролцоо С.Г ах өрөөсөн нүдээ дарчихсан зогсож байсан. Баруун нүднийх нь хэсгээс цус гарч байгаа харагдсан. Би машинаа хажууханд нь зогсоогоод бууж очоод юу болсон талаар асуухад нүдээ дараад цусаа арчаад юу ч дуугарахгүй зогсоод байсан. Тэгтэл тэнд байсан таксины жолооч “наад хажууд чинь зогсож байгаа цагаан куртиктэй хүн цохичихсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би та нар цагдаад дуудлага өгөөч гээд чанга хэлэхэд нөгөө хүн цаашаа сургуулийн зүг зугтахад би хойноос нь хөөж барьж аваад “чи яагаад хүн цохьчихоод зугтааж байгаа юм, наад хүний чинь нүд нэг л эвгүй болсон байна, чи өөрөө учраа ол” гэж хэлсэн. Энэ үед цагдаа нар ирчихсэн байхаар нь нөгөө хүний цагдаа нарт өгсөн. Тухайн үед Б гэдэг хүн согтуу байсан. Харин С.Г ахыг согтуу байсан эсэхийг сайн  мэдэхгүй. С.Г ах “чи ахыгаа яаж байна аа” гэж хэлээд цусаа арчаад зогсож байсан...” /1-р хх-ийн 34-35/ гэсэн,

Гэрч С.Равжаагийн “...С.Г нь Д.Быг куртикных нь захнаас боож унагаасан. Харин Д.Б нь босож ирэхдээ гар утсаараа С.Гийн нүүрэн тус газар нь цохьсон. С.Г баруун нүд хэсэгтээ язарсан шархтай болсон байхыг харсан. Удалгүй миний машинд хүн суухаар нь яваад өгсөн. Хүнээ буулгачихаад буцаад ирэхэд байхгүй болцгоосон байсан...” /1-р хх-ийн 36/ гэсэн,

Гэрч Д.Болорцолмонгийн “...2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 17-18 цагийн үед ажлаа хийгээд байж байхад чимээ гараад байхаар нь эргээд харахад Д.Б, насаар ахмад буурал толгойтой ахтай зууралдсан байсан. Намайг харахад Д.Б нь газар унасан байсан. Нөгөө хүн нь Д.Бын куртикнээс зуураад байсан. Харин Д.Б босож ирснээ нөгөө хүний нүд хэсэг рүү гар утсаараа нэг удаа цохичихоод яваад өгсөн. Нөгөө хүн нь нүдээ дараад тэндээ үлдсэн бөгөөд баруун нүднээс нь цус гарч байгаа харагдсан...” /1-р хх-ийн 37-38/ гэсэн,

Гэрч Н.Ганцоожийн “...С.Гийн биед үзлэг хийхэд баруун нүд карт болон мэс заслын өмнөх үзлэгээс үзэхэд эвэрлэг тунгалаг өнгөнд камер цустай гэж бичигдсэн байсан ба миний санаж байгаагаар мэс заслын үед ямар нэгэн наалдац, шарик суулгахад багтахгүй зэрэг хүндрэл байгаагүй, энэ нь шинэ гэмтэл болохыг илтгэнэ. ...Ер нь бол тухайн хүний нүдний мэс засалд Даариймаа бид хоёр орсон. Мэс заслын явцад хуучин гэмтэл гэх эргэлзээтэй зүйл гараагүй...” /1-р хх-ийн 219-220/ гэсэн,

Гэрч М.Билгүүний “...С.Гийг үзэхэд нүдний доод хэсэгт цус хурсан, зовхины доод хэсэгт 8 оёдол тавьсан, зовхи бага зэрэг хавантай, баруун нүдний өмнөд камерт битүү цус хурсан, баруун нүдний эвэрлэг нь хавантай, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 17 цаг 35 минутад орсон. ...Миний үзлэгээр С.Гийн баруун нүдэнд учирсан гэмтэл нь шинэ гэмтэл гэж үзэж байна. Яагаад гэвэл хавантай байсан ба битүү хавдаж цус хурсан байдалтай нь шинэ гэмтэл гэж үзэх нөхцөлийг бүрдүүлж байна. Хэрэв хуучин гэмтэл байсан бол эвэрлэг нь хавантай бус, алимны хэмжээ жижиг, хатингаршиж тогтсон байх байсан. Тухайн цаг хугацаанд уг гэмтлийг авах боломжтой...” /1-р хх-ийн 221-222/ гэсэн,

Гэрч М.Жавзандуламын “...2017 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө жижүүртэй байхад 00 цаг 15 минутад С.Г нь эхнэр гэх эмэгтэйн хамт ирсэн. Уг хүнээс зовиурыг нь асуухад баруун нүдний ухархай руу өвдөнө гэсэн. Үзэхэд баруун нүд юм харахгүй, гэрэл гэгээ мэдрэхгүй, зүүн нүд хэвийн хараатай байсан. Баруун нүдний зовхи бага зэргийн хавантай, салстын дор битүү цус хурсан нүдний дээд хэсгээр 11-02 цагийн орчимд нүдний судаслаг давхарга /дотор давхарга/ харагдаж байсан. Өмнөд камер битүү цустай цааш шилжих боломжгүй байсан. 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 16-17 цагийн үед бусдад чулуугаар баруун нүдэн тус газраа цохиулж гэмтсэн гэж ярьж байсан. Тухайн үед согтуу байсан. ...С.Гийн нүдний гэмтэл шинэ гэмтэл байсан. Өөрөө ч хүнд зодуулаад гэмтсэн талаараа ярьж байсан...” /1-р хх-ийн 225-226/ гэсэн,

Гэрч Б.ЭрБын “...2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авахын яаралтай түргэн тусламжийн тасагт жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхад орой 22 цаг 40 минутад С.Г ирж үзүүлсэн. Уг хүний баруун нүдний орчимд няцарсан шархтай, нүдний гэмтэлтэй байсан бөгөөд анхны тусламж үзүүлж баруун нүдний гадна зовхинд оёдол тавьж өгөөд нарийн мэргэжлийн нүдний эмчид үзүүлэх зөвлөгөө өгч явуулсан. ...Осол гэмтлийн тохиолдол бүртгэх хуудсан дээр бичигдсэнээр С.Гийн нүдний гэмтэл нь шинэ гэмтэл байсан...” /1-р хх-ийн 229-230/ гэсэн,

Шинжээч Т.Чимэд-Очирын “...Улсын клиникийн төв эмнэлгийн №6398 тоот нүдний эмгэг судлалын тасгийн өвчний түүхэнд С.Гийн нүд хуучин гэмтэлтэй, тухайн хуучин гэмтлийн улмаас ширгэж жижгирсэн талаар ямар нэгэн бичилт онош байхгүй байгаа, шинэ гэмтлийн улмаас нүдийг авах мэс засал хийсэн талаар тэмдэглэсэн байна. ...Баруун нүдний гэмтлийн улмаас нүдээ авахуулсан байдал нь хүнд зэрэгт хамаарна. ...Хацарт үүссэн шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /1-р хх-ийн 231-232/ гэсэн,

Шүүгдэгч Д.Бын “...2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Нисэхийн эцсийн буудал дээр зогсож байхад Г согтуу нэг залуугийн хамт над дээр ирээд архи ууя, мөнгө байна уу гэхээр нь би өөртэй чинь архи уухгүй гэж хэлэхэд чи хэнтэй архи уудаг юм бэ гээд намайг заамдаж аваад хөлөөрөө хавсарч унагаасан. ...Би газарт унасан байсан гар утсаа аваад нүүрээ цохиулахгүй гэж гараараа Гийн гарыг хааж байхдаа гар утастай гараараа түүний баруун талын хацранд нэг удаа гар хүрэх шиг болсон. ...Та боль, таныг зодвол зодно шүү гэж гараараа далайж цохилоо шүү, цохилоо шүү гэж байхдаа санаандгүй нэг удаа цохьчихсон юм...” /1-р хх-ийн 32-33/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №4724 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Гийн биед баруун нүдний алимны доргилт, салстын цус хуралт, урагдал, торлогийн ховхрол /2017 оны 04 дүгээр сарын 04-ний баруун нүдний алимыг авах мэс засал/ баруун хацар шарх  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. 4 Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар нэг нүд бүрэн хараагүй болох нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонгийг 65%-р алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...”  /1-р хх-ийн 51/ гэсэн,

Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №989 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1.5. С.Гийн биед баруун нүдний битүү гэмтэл, өмнөд камерын цус хуралт, баруун нүдний алимны доргилт, салстын урагдал, нүдний алимны агуулагдахууны гадагшлалт, торлогны ховхрол, /2017 оны 04 дүгээр сарын 04-ний баруун нүдний алимыг авах мэс заслын дараах байдал/, баруун хацарт шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

2. С.Гийн баруун нүдний алимны агуулагдахуун гадагшилсан тул баруун нүдний алим авах мэс засал хийгдсэн байна.

3. С.Гийн баруун нүдний алим мэс заслаар авагдсан байх бөгөөд хэрэгт авагдсан эмнэлгийн бичиг баримтанд хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө баруун нүдэндээ гэмтэл авсан болон баруун нүдний архаг хууч өвчтэй байсан гэх эмнэлгийн бичиг байхгүй тул баруун нүдний алим нь хуучин гэмтлийн улмаас сорвижиж, жижгэрсэн байсан эсэхийг тогтоох боломжгүй байна.

4. С.Гийн баруун хацарт үүссэн шарх гэмтэл нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Шинжээч эмч Т.Номинцэцэгийн №4724 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” /1-р хх-ийн 204-205/ гэсэн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул шүүхээс Д.Быг дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Гийн биед “баруун нүдний битүү гэмтэл, өмнөд камерын цус хуралт, баруун нүдний алимны доргилт, салстын урагдал, нүдний алимны агуулагдахууны гадагшлалт, торлогны ховхрол, баруун хацарт шарх” бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан, хохирогч нь “...гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй...” /1-р хх-ийн 144/ гэх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх, шийдвэрлэх хохирол төлбөр үгүй байна.

 

Шүүх, шүүгдэгч Д.Быг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

                                   

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:

 

            Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

 

            Шүүх дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж үзэв.

 

Эрүүгийн 201726030463 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Нокиа маркын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.Бод буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Дамбий овогт Дагвасүрэнгийн Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Быг мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнсэгдсэн хугацаанд шүүгдэгч Д.Бод зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.Б нь тэнсэгдсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хуульд заасан журмын дагуу ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Бод хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтооосн албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Нокиа маркын гар утас 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Бод буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн 201726030463 тоот хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч С.Г гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР