| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономпилын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 125/2023/0036/З |
| Дугаар | 125/ШШ2024/0046 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Газар, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 125/ШШ2024/0046
2024 10 01 125/ШШ2024/0046
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн *******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын *******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын өмгөөлөгч ******* (цахимаар), Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн өмгөөлөгч ******* болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 06 сарын 10-ны өдрийн А/192 дүгээр захирамжаар м2 талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай, мод үржүүлэг, агро паркийн зориулалтаар эзэмших эрхтэй болж, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.
1.2. ******* нь 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нас барсан тул түүний эзэмшиж байсан нэгж талбарын дугаартай, дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 1,6 га газрыг эхнэр хүү ******* нь 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 0134 бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөн авчээ.
1.3. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар “...газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр *******ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.
1.4. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаар хуралдаанаар 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж тус өдрийн 13/05 дугаар “Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг байрлах Ойн бүсийн 32.6 га газрыг Цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар, мөн өдрийн 13/15 дугаар “Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” тогтоолоор Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн маргаан бүхий газар хамаарах Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсийн 32.6 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тус тус шийдвэрлэсэн.
Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний аав ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт ойн бүсэд байрлах газрыг тус сумын Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 140 дугаар захирамжийг үндэслэн эзэмших эрхийн дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 841400028 дугаартай, 1.6 га газрыг 15 жилийн хугацаатайгаар агропарк, хүлэмжийн зориулалтаар эзэмшиж байсан. Гэтэл Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06- ны өдрийн А/283 дугаар "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" захирамжаар нийт 36 айлын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд тухайн захирамжийн хавсралт хэсгийн 35 дахь хэсэгт нэхэмжлэгч миний аавын нэр дээрх газрыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна.
Манай зүгээс Газрын тухай хуулийг болон газар эзэмших гэрээгээ удаа дара, ноцтой зөрчиж, зориулалтын бусаар ашиглаж байсан зүйл огт байхгүй бөгөөд газрын төлбөр хураамжийг журмын дагуу төлөөд явж байсан бөгөөд ямар ч байгаль орчны байцаагч болон байгаль орчны мэргэжилтний дүгнэлтийг өмнө бидэнд гардуулж байгаагүй, харин 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр очиж би өөрөө гардаж авсан.
Миний аав ******* нь 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нас барсан бөгөөд нас барахаасаа өмнө 2018 оны намар даралт харваад 3 жил гаруй хугацаанд хэвтэрт байсан. Би тухайн ойн бүсийн газарт аав ээж, гэр бүлийнхээ хамт 2010 оноос хойш хамт амьдарч байгаа бөгөөд өнөөдөр ч тухайн хашаандаа амьдарч байгаа. Тус газрыг аав надад өвлүүлэн үлдээхээр ярьж байсан бөгөөд манай бусад ах дүү нар ч гэсэн ямар нэгэн маргаангүй хүлээн зөвшөөрч байсан. Гэтэл аав хэвтрийн дэглэмтэй байсан тул нотариат орж газраа шилжүүлж амжилгүй нас барсан. Одоо манай ах дүү нар надад өв нээгдэх эрхийг шилжүүлэх гэсэн боловч заавал нэг жилийн дараа нээгдэх боломжтой гэж нотариат нь хэлсэн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.
2010 оноос хойш би тухайн хашаанд амьдарч байхдаа аавынхаа хамтаар анх эзгүй, хог новшиндоо дарагдсан газар хүлээн авч торлож, мод үржүүлгийн талбай байгуулж Жаргалант сумын аж ахуй нэгжүүдэд хавар намартаа 2000-3000 ширхэг үрслэг өгч ирсэн. Олон төрлийн мод, жимсний мод суулгац тариалж хүлэмжийн аж ахуйг эрхэлж байгаа.
Харин 2020 оноос хойш КОВИД-19 өвчний улмаас бүх нийтийн хорио цээрийн буюу онцгой байдлын дэглэм үйлчилж байсан болно. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга нь бидний эрх ашгийг хөндсөн буюу газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргахаасаа өмнө ямар ч сонсох ажиллагаа хийгээгүй шууд цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.-д "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.", мөн 37.5.-д "Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно." гэж тус тус заасны дагуу Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 36-ны өдрийн А/283 дугаар захирамж нь "сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт" байна.
Засаг дарга сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа дараах байдлаар хууль зөрчжээ. 9. Захиргааны акт батлан гаргах үйл ажиллагааны журам зөрчсөн тухай: Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах; 26.1.Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг Сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. 27.2. Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлнэ гэснийг тус тус зөрчсөн.
Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамж /захиргааны акт/-ыг гаргахаасаа өмнө мэдэгдэж, сонсох ажиллагааг хууль журмын дагуу хийх ёстой байсан. Сонсох ажиллагааг хийгээгүйгээс Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1-д заасан "захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авч, архивын баримт болон газар эзэмшүүлэх тухай хувийн хэрэгтэй танилцаж, захиргааны шийдвэр гаргахаас өмнө нотлох баримт гаргаж шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх, үүнтэй холбогдуулан хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авах зэрэг эрхээ хэрэгжүүлж чадаагүйдээ гомдолтой байна.
Захиргааны үйл ажиллагааг хуульд үндэслэх, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмуудыг заасан бөгөөд тус хуулийн 4..2.1 хуульд үндэслэх, 4.2.4 үр нөлөөтэй байх, 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх 4.2.6 бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэснийг Засаг дарга дээрх шийдвэр гаргах ажиллагаандаа баримтлаагүй гэж үзнэ. Мөн захиргааны байгууллагаас гарч байгаа аливаа шийдвэр үндэслэл бүхий байхаас гадна тодорхой ойлгомжтой байх шаардлагатай билээ.
Гэтэл дээрх Ховд аймгийн Жаргалант сумын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн хавсралт хэсэгт дурдсан 36 иргэн аж ахуй нэгжүүд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтын яг аль хэсгийг нь зөрчсөн гэж үзэж байгаагаа тодорхойлоогүй байна. Өөрөөр хэлбэл тухайн захирамжийн хавсралтын 35 дугаарт байх иргэн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг 3-ланг нь зэрэг зөрчсөн гэж үзэж байгаа юм уу эсхүл аль нэг заалтыг нь зөрчсөн гэж үзэж байгаа юу гэдэг нь ойлгомжгүй байна
Нэхэмжлэгч миний зүгээс нэг ч гэм буруутай, хууль бус үйлдэл, үйл ажиллагаа явулаагүй байхад бидний газар эзэмших эрхийг хүчингүй болгож, их хэмжээний херенге, менге, хөдөлмөр, цаг хугацааг үр дүнгүй болгож байгаад гомдолтой байна. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай" захирамжийн өөрт хамаарал бүхий хэсэг болох хавсралтын 35 дахь хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар 13/15 дугаар тогтоолуудын т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.
2.2. Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Жаргалант сум, 12-р баг, Цамбагарав багийн нутаг, Ойн бүс хаягт байрлалтай, нэгж талбарын 8414000579 дугаар бүхий м2 талбай бүхий газрыг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 06 сарын 10-ны өдрийн А/192 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаатай, мод үржүүлгийн газрын зориулалтаар эзэмших эрхтэй болж, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.
Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 04- ний өдрийн 5/08 дугаар тогтоолоор Жаргалант сумын газрын үнэлгээний бүсийг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор уг тогтоолын 2 дугаар заалтаар шинэчлэн газрын төлбөр ноогдуулахыг аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газарт үүрэг болгосон. Дээрх тогтоолын дагуу 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тоот гэрээ байгуулагдсан.
Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 дахь хэсэгт заасан дараахь үндэслэлүүдээр хүчингүй болгосон. Үүнд:
1. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 06 сарын 10-ны өдрийн А/192 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн бөгөөд уг шийдвэрийг үндэслэж газар эзэмшигчтэй байгуулсан гэрээгээр газрын төлбөр төлөх үүрэг нь нэхэмжлэгчид 2017 оны 12-р сарын 08-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан өдрөөс эхэлсэн. Гэрээний 2.3-д "Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлнө", 4.5-т "Газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь бүрэн төлнө" гэж тус тус заасан. Мөн шинэчлэн байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тоот гэрээний 2.3-т "Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд оногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлын төлбөрийг урьдчилж төлж болно" гэж тус тус заасан.
Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд "Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага....." газрын төлбөр төлөгч байна", 4 дүгээр зүйлд "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах..."газарт" төлбөр ногдуулна" гэж зааснаар нэхэмжлэгч нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 06 сарын 10-ны өдрийн А/192 дүгээр захирамжаар газар эзэмшиж байгаа тул уг заалтын дагуу газрын төлбөр төлөгч, түүний эзэмшиж байгаа газар нь мөн төлбөр ногдох газарт хамаардаг. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д "Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно" гэж заасан байдаг бөгөөд газрын төлбөрийг уг хуулийн заалт болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байдаг.
Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөхөөр заасан бөгөөд Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлөх үүрэгтэй, энэ үүргээс зөвхөн Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр л чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх эрхтэй бөгөөд маргаан бүхий газрыг ашиглах хүсэл сонирхол байгаа тохиолдолд хуульд заасны дагуу газрын төлбөрийг төлөх нь нэхэмжлэгчийн үүрэг бөгөөд энэхүү үүргийг өөр нөхцөл байдалтай холбогдуулан биелүүлэхгүй байх боломжгүй юм.
Гэтэл нэхэмжлэгч нь гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу 2019 оны 25744, 2023 оны 40513 төгрөгийн газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон бөгөөд нэхэмжлэгч эдгээр газрын төлбөрөө маргаан бүхий захирамж гарах өдрийн байдлаар төлөөгүй байна. Тиймээс Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д "газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх" үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй тул хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 тоот захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
2. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон. Нэхэмжлэгчтэй байгуулсан "Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дөрөвдүгээр зүйлд “Газар эзэмшигчийн үүрэг”-ийг тусгайлан нэрлэн заасан бөгөөд уг гэрээний 4.5-т "Газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хуульд заасан хугацаанд төлөх", 4.14-т, “Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх", 7.2-т "Газар эзэмшигч гэрээний биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 25-ны дотор тайлагнах" үүргийг "Газар эзэмшигч"-ийн үүрэг байхаар талуудын байгуулсан гэрээнд тусгайлан заасан болно. Өөрөөр хэлбэл газар эзэмшигч болон эзэмшүүлэгчийн эрх, үүргийн талаарх хуулийн зохицуулалтыг гэрээнд бүрэн тусгасан болно.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ". 34 дүгээр зүйлийн 34.8-т "Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ" гэж зааснаар газар эзэмшигч нь газрыг гэрээний үндсэн дээр эзэмшиж, Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын эзэмшил ашиглалттай холбогдуулан эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээний 4.14-т. "Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх", 7.2-т заасны дагуу гэрээний үүргийн биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 25-ны дотор багтаан тайлагнаж, газар эзэмшүүлэгч 07 дугаар сарын 01-ний дотор багтаан дүгнэх, энэ үүргээ биелүүлээгүй бол гэрээний 7.3-т заасны дагуу эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар гэрээнд тодорхой заасан бөгөөд уг заалтын дагуу гэрээгээ жил бүр дүгнүүлэх, гэрээний биелэлтийг 06 дугаар сарын 25-ны дотор Газрын албанд тайлагнах заалтыг хэрэгжүүлж, биелүүлж ажиллах үүрэгтэй. Гэтэл дээрх хугацаанд нэхэмжлэгч эзэмшиж буй газрын гэрээгээ 2 жил дараалан дүгнүүлээгүй, гэрээний хэрэгжилтээ 2 жил дараалан тайлагнаагүй, газрын төлбөрөө гэрээнд тусгайлан заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй болно.
УДШ-ийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаартай тайлбарын 1.9-т "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан "... удаа дараа..." гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно. Нэг зөрчлийг давтан эсхүл өөр өөр зөрчил гаргасны аль аль нь дээрх ойлголтод хамаарна. Мөн зүйл, хэсэгт заасан "... ноцтой зөрчил..."-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан 14 харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохино гэж хууль хэрэглээний УДШ-ийн албан ёсны тайлбар байдаг.
Тиймээс гэрээнд заасан гэрээгээ жил бүр дүгнүүлэх үүргээ нэхэмжлэгч 2021, 2022 онд биелүүлээгүй, гэрээний үүргийн биелэлтийг тайлагнах үүргээ 2021, 2022 онд огт тайлагнаагүй, газрын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөөгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр • хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзэж уг хуулийг хэрэглэж, газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон болно. Өөрөөр хэлбэл Засаг даргын захирамжаар газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийн хууль зүйн үндэслэлд мөн Газрын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзсэн бөгөөд уг үндэслэлд хамаарах Газрын тухай хууль тогтоомж, гэрээний заалтыг 2 буюу түүнээс дээш удаа нэхэмжлэгч зөрчсөн гэж үзэж энэ үндэслэлээр хүчингүй болгосон болно.
Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй", 40.1.1-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, Ойн бүс хаягт байрлалтай, 8414000579 нэгж талбарын дугаартай м2 талбай бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.3. Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын 12 дугаар баг буюу Цамбагарав багийн Ойн бүсийн хаягт байрлахдаа 841400579 бүхий метр талбай бүхий газрыг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/192 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаатай мод үржүүлгийн зориулалтаар авсан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шинэчилсэн гэрээ байгуулсан байгаа. Мөн Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 сарын 4-ний өдрийн 5/08 дугаар тогтоолоор Жаргалант сумын газрын үнэлгээний бичгийг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор уг тогтоолын 2 дугаар заалтаар шинэчлэн газрын төлбөрийг ногдуулах талаар аймгийн Газрын албанд үүрэг болгосон. Дээрх тогтоолын дагуу 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 08401/2021/000579 тоот гэрээг байгуулсан. Нэхэмжлэгчийн газар эзэмшүүлэх эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-д гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/192 дугаар захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмших, эзэмшүүлсэн бөгөөд уг шийдвэрийг үндэслэж газар эзэмшигчтэй байгуулсан гэрээгээр газрын төлбөр төлөх үүрэг нь нэхэмжлэгчид 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр буюу уг өдөр гэрээ байгуулсан өдрөөс эхэлсэн гэрээний 2.3-т газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлнө 4.5-т газрын ашиг чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь бүрэн төлнө гэж тус тус заасан байгаа. Мөн шинэчлэн байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх 0840/202100579 тоот гэрээний 2.3-д газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан, улиралд оногдох төлбөрийг дараа сарын 20-ны дотор төлөх бөгөөд дараа улирлын төлбөрийг урьдчилан төлж болно гэж гэрээнд нь зааж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээ болон хуульд заасан үүргийг биелүүлээгүй буюу 2019 оны 25,744 төгрөг 2023 оны 40,513 төгрөгийг газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон бөгөөд нэхэмжлэгч эдгээр газрын төлбөрөө маргаан бүхий захирамж гаргах өдрийн байдлаар төлөөгүй байсан.
Иймд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргээ нэхэмжлэх биелүүлээгүй тул тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 6-ны өдрийн А/283 тоот захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, мөн нэхэмжлэлтэй байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших гэрээний 4 дүгээр зүйлд газар эзэмшигчийн үүргийг нэрлэсэн бөгөөд уг гэрээний 4.5-д “газрын төлбөрийн ашиг чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хуульд заасан хугацаанд төлбөрөө төлөх”, 4.14-д “газар эзэмших гэрээг дүгнүүлэх”, 7.2-т “газар эзэмшигч гэрээний биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 25-ны дотор тайлагнах үүргийг газар эзэмшигч үүрэг байхаар талын байгуулсан гэрээнд тусгайлан заасан болно. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэж заасан нэхэмжлэгч нь 2021, 2022 оны тайлагнах үүргээ биелүүлээгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.4. Хариуцагч Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2017 оны 347 дугаар тогтоолоор батлагдсан "Баруун бүсийн тулгуур төв Ховд хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-д Цамбагарав багийн Ойн бүсэд цэцэрлэгжилт, ногоон байгууламж байхаар төлөвлөсөн бөгөөд ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн тайлбар бичигт нийтийн хэрэгцээний ногоон байгууламж буюу бидний төлөвлөсөн нийтийн хэрэгцээний зориулалттай цэцэрлэгт хүрээлэн байхаар тодорхойлсон байна. Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Ойн бүсийн газар ашиглалтын байдалд хийсэн хяналт шалгалтаар газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй нь мэргэжлийн байгууллага тогтоож, гарсан дүгнэлтийг үндэслэн газар эзэмшигч 33 иргэн, 3 аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар хүчингүй болгосон байдаг. 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13 дугаар хуралдаанаар аймгийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу "Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах", "Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай" зэрэг асуудлуудыг 1/1448 дугаартай албан тоотоор өргөн мэдүүлж хэлэлцүүлсэн.
Дээрх асуудлыг халалцах үед Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны А/283 дугаартай захирамж хүчин төгөлдөр байсан бөгөөд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.14, 20.3, 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн ИТХ-ын 2023 оны 09 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаар хуралдааны 13/05 дугаар тогтоолоор "Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай", 13/15 дугаар тогтоолоор "Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай" тогтоолыг тус тус баталсан Аймгийн ИТХ-ын 2023 оны 13 дугаар хуралдааны дээрх тогтоолууд нь Газрын тухай хууль, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 2/04 тогтоолоор Батлагдсан "Ховд аймгийг 2021-2025 хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн 2.5.3. 2.5.6. 2.5.7. аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан "Ховд аймгийн ногоон хөгжлийн хөтөлбөр"-ийн 3.6, 4.1, 5.6 дахь хэсэгт заасан зорилтууд, Засгийн газрын 2017 оны 347 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах, орчны өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, дуу чимээ багасгах, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн нийтлэг эрх ашгийг хангах үүднээс гаргасан шийдвэр болно.
Иймд иргэн Т.Гандөшийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.5 Хариуцагч Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Аймгийн Засаг дарга гаас 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 13 дугаар хуралдаанд газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах мөн цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай асуудлуудыг хэлэлцүүлэхээр өргөн барьсан ба асуудлыг хэлэлцэх үеэр аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 33 иргэн, 3 аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон А/283 дугаар захирамж гарсан байсан.
Ховд хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Цамбагарав багийн ойн бүсэд цэцэрлэгжилт ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсний дагуу болон аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн тодорхой заалтууд, Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөрийн тодорхой заалтуудад Засгийн газрын 2017 оны 347 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд “иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг нь бүрдүүлэх, иргэдийн нийтлэг эрх ашгийг ашгийг хангах” үүднээс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 13 дугаар хуралдаанаас “цэцэрлэгт хүрээлэнг Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсэд 32,6 га газарт байгуулахаар тогтоож, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын зураг төсөл, шаардлагатай санхүүжилтийн тооцоог орон нутгийн төсөвт тусгах ажлыг аймгийн Засаг дарга д үүрэг болгосон” тогтоол гарсан.
Үүрэг болгосны дагуу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 14 дүгээр хуралдаанаар цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөл гаргах төсөв 2024 онд тусгагдаад дараагийн ажлууд нь хэрэгжээд явж байгаа.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2.6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн зүгээс Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн П.Тогтбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн зүгээс өвлөх эрхтэй холбоотой талаар хэллээ. Нэхэмжлэгчийн хувьд өвлөх эрхийн харилцаа үүссэн учир шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдгийг хэлмээр байна. Шүүх хуралдааны явцад авагдсан талуудын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар 1,609 м кв газар гэдэг дээр ямар нэгэн маргаан байхгүй байсан. Уг маргаан бүхий газрыг хүчингүй болгосон тул нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандаж маргаж байгаа. Хариуцагчийн зүгээс ямар үндэслэлээр маргаан бүхий газрыг хүчингүй болгосон бэ гэхээр нэгдүгээрт: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр газрыг хүчингүй болгосон. Ингэхдээ гэрээнд заасан нөхцөл болзол буюу Газрын тухай хуулийг удаа, дараа ноцтой зөрчсөн гэх үндэслэл ярьдаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс уг хуулийн заалт болон гэрээг зөрчсөн эсэх дээр хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээ дүгнүүлээгүй буюу гэрээнд заасан ямар ноцтой зөрчил гаргасан гэдэг нь талуудын тайлбараар тогтоогдохгүй байна. Иймд хэрэгт байгаа улсын байцаагчийн акт болон бусад тайлбараар нэхэмжлэгчийн хувьд Газрын тухай хуулийг зөрчсөн үйлдэл байдаггүй. Тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан.
Гэрээг дүгнүүлээгүй гэх үндэслэлийн тухайд: Тухайн газрын гэрээг дүгнэх эрхтэй этгээд нь төрийн захиргааны байгууллага байгаа. Түүнээс биш ******* нь гэрээ дүгнэх эрхтэй этгээд биш юм. Ийм учраас гэрээ дүгнэхийг хувьд *******ын ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй байсан гэдгийг хэлье. Тайлан гаргаж тайлангаа тайлагнахын тухайд *******ын хувьд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан юм. ******* нь байнгын хэвтрийн дэглэмтэй хэвтэрт байсан. Ингэхдээ маргаан бүхий газрыг гэрээнд заасны дагуу ашиглаж байсан. Иймд учраас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна.
Хоёрдугаарт: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх заалтаар газрыг хүчингүй болгосон. Хариуцагчийн зүгээс *******ын 2019, 2023 оны газрын төлбөрийг огт төлөөгүй гэж маргадаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар ******* нь 80,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сард төлсөн байдаг. Тухайн үед 6,030 төгрөгийг улиралд төлдөг. Жилд 24,090 төгрөг төлөх үүрэгтэй байсан. Энэ үүргийнхээ хүрээнд ******* нь 2019 оны онд 80,000 төгрөг төлж 66,000 төгрөгийг илүү төлсөн гэж харагдаж байна. 2020, 2021, 2022 онуудад тухайн гэрээнд заасан төлбөрийг төлсөн байдаг. Өөрөөр хэлбэл өмнөх оны илүү төлбөр дараа оныхоо төлбөрт шууд суутгагдах ёстой. Гэтэл бодит байдал дээрээ иргэн тухайн газрын төлбөрөө илүү төлснийг мэдэхгүй. Дараа жилийн газрын төлбөрөө төлсөн нөхцөл байдал байдаг. Гэтэл Газрын алба болон Татварын алба тухайн төлбөрийг программдаа оруулаагүй асуудал байдаг. Мөн ******* нь Татварын албанаас авсан баримтаас үзэхэд өр төлбөргүй гэх баримт ирдэг. Тухайн газрын төлбөр төлөхтэй холбоотой асуудлыг Татварын алба мэднэ. Манайх нэхэмжлэл үүсгэж явуулдаг бусдыг нь эд нар мэднэ гэдэг байдлаар хариу тайлбараа явуулсан байдаг. Харин 2019 оны илүү төлбөрийн хувьд Татварын алба программдаа оруулаагүй юм уу, эсхүл түүнээс шалтгаалан газрын албан төлөлттэй эсэх нөхцөл байдал үүссэн. Өнөөдрийн байдлаар 2023 оны газрын төлбөр 40,000 төгрөг, 2018, 2019 оны газрын төлбөрийг нэмэхээр 48,000 төгрөг болж байгаа юм. ******* нь газрын төлбөрөө цаг тухайд нь төлж байсан нь Татварын албанд үзлэг хийсэн баримтаар тогтоогдож байна гэж үзэж байна. Яагаад гэвэл Татварын тухай хууль дээр татварын төлбөрийн илүү болон дутууг хэрхэн яаж тооцох талаар тусгасан байгаа. Гэтэл хариуцагчийн зүгээс илүү төлсөн нь нэхэмжлэл үүсгэдэг учир төлөгдөх боломжгүй гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэлийг Газрын алба үүсгэдэг хэдий ч Татварын алба дээр очоод ******* гэдэг хүний төлбөр илүү, дутуу төлөлтүүд нь бүгд гараад ирчихсэн байдаг. Нэхэмжлэгчийн хувьд 2023 онд илүү төлөлттэй байсан. 2024 онд газрын төлбөр хийх гэсэн боловч танай газар хүчингүй болсон учир татвар төлөх боломжгүй гэж бодоод явчихсан. Харин 2024 онд газрын төлбөр төлөлтийн тухайд Татварын газар өөрөө илүү мөнгө байсан учир хийгээд төлөлттэй байдлаар харагдсан байх магадлалтай. Бодит байдал дээр 2019 оны газрын төлбөр хангалттай төлсөн. 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар *******ын газар дээр ямар нэгэн газрын төлбөр байхгүй гэсэн Татварын газрын албан бичгийг үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнийг шүүхийн зүгээс анхаарч үзээсэй гэж хүсэж байна.
Иймд Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/238 дугаартай захирамж, мөн Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар 13/15 дугаар тогтоолуудын *******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.
2.7. Хариуцагч, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн дүгнэлтдээ: Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан байдаг. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэгж талбарын дугаартай гэрчилгээ хүчингүй бөгөөд 1,6 га гэх газар нэхэмжлэгчийн хувьд байхгүй юм байна. Уг гэрчилгээний харилцаа аль хэдийн дууссан гэж ойлгож байна. Ингээд 2015 онд 1,609 м кв газрыг шинээр эзэмшүүлж байдаг. Ингэснээр шинэ харилцаа үүсэж үүний дагуу нь газрын төлбөрийг төлөх ёстой байсан. Газрын тухай хуулийн 7 болон 35.3-т заасны дагуу газрын төлбөр төлөх харилцаа үүссэн. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэрээ дүгнүүлэх заалт байхгүй гэж ярьж байна. Хэрэгт авагдсан хүчин төгөлдөр гэрээнүүдээс харахад газар эзэмшигчийн үүргийг тусгайлан зааж өгсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгч уг үүргийг биелүүлээгүй байна.
Хоёрдугаарт: Хүчин төгөлдөр эрхийн тухайд нэхэмжлэгч ******* эрх залгамжлалын хувьд *******ын дуусгавар болчихсон бичиг баримтыг эзэмшиж, түүний талаар эрх үүссэн байж болно. Гэхдээ маргаан бүхий актын хувьд манай зүгээс дуусгавар болсон актын хувьд маргаагүй. Харин 2015 онд шинээр эзэмшүүлсэн нэгж талбарын дугаартай байж байгаад одоо 579 гэх нэгж талбарын дугаартай болсон. Гэтэл уг газрын хувьд нэхэмжлэгч *******ид өвлөх эрх үүсээгүй байна. Ийм учраас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54-т заасан нөхцөл байдал үүсэж байна. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 05 дугаар сард нас барсан. *******ыг нас барахаас өмнө ямар нэгэн байдлаар эрх залгамжлалаар оруулж ирсэн зүйл байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.7-д нэхэмжлэгч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан боловч эрх, үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй гэж заасан учир өнөөдрийн маргаан бүхий актын хувьд *******ид эрх залгамжлах эрх үүсээгүй байгаа учир уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарч байна гэж үзэж байна. Хэрэв *******ид өв залгамжлах эрх үүссэн байна гэж үзвэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан гэрээ дүгнүүлээгүй байна.
Гуравдугаарт: Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар тухайн оны газрын төлбөрийг дараа улирлынхаа 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлсөн байх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд бүтэн 1 жилийн дараа төлсөн байгаа юм. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй нөхцөл байдал харагдаж байгаа юм. Мөн газрын төлбөр илүү төлсөн гэдэг зүйл ярьсан. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн тогтоосон хувь хэмжээ болон гэрээний төлбөрийн хэмжээг маргаан бүхий төлбөрийн хэмжээтэй тохирохгүй байгаа учраас маргаан бүхий захирамжийн газрын төлбөртэй холбогдохгүй байна гэж үзэж байна. Хэрэгт улсын байцаагч нарын дүгнэлт хэрэгт авагдсан байгаа. Мөн улсын байцаагч нарын дүгнэлтээс үзэхэд нэхэмжлэгчийн нэгж талбар дээр 643 буюу Алтанбадралт гэх хүний нэгж талбар биччихсэн байгаа учир уг дүгнэлтийг үнэлэх боломжгүй юм гэдгийг хэлмээр байна.
Дөрөвдүгээрт: Үнэхээр маргаан бүхий газрыг өвлөх эрхтэй байсан юм бол нэхэмжлэгчийн аав нь өвчтэй байсан гэж ярьдаг. Гэтэл өвчтэй байх үед ******* өөрөө очиж төлөх боломжтой нөхцөл байдал харагдаж байна. Үүнээс үзэхэд ******* нь газрын төлбөр төлөхөөс чөлөөлөгдөх ямар нэгэн үндэслэл байхгүй юм гэдэг нь харагдаж байна. Хэрэгт байгаа баримаас харахад 562475 гэх гэрчилгээ захирамжид заасан заалтаар хүчингүй болсон байсан. Үүнийг шүүх мөн анхаарч үзнэ үү. Иймд хүчингүй болсон, дуусгавар болсон зүйл дээр нэхэмжлэл гарган орж ирсэн нь үндэслэлгүй юм. Мөн Аймгийн Иргэдийн хурал хариуцагч талтай хамаарал бүхий этгээд биш. Харин хариуцагчтай хамаарал бүхий шийдвэр гаргадаг этгээд нь Жаргалант сумын иргэдийн төлөөлөгчийн хурал. Иймд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь газарт төлөвлөлт хийх, газрын төлөвлөгөөг шинэчлэн батлах эрх нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Газрын тухай хуульд зааснаар бүрэн эрхтэй байдаг. Уг маргаан бүхий захирамжаар газар эзэмшиж байсан этгээдэд Газар зохион байгуулалтын төлөвлөгөө байхгүй байсан учраас өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд газрын төлөвлөлт хийгээд нийтийн эзэмшилд тооцохоор тогтоол гаргасан нь хуульд нийцсэн нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй байна.
Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2.8. Хариуцагч, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн дүгнэлтдээ: Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар “аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай”, мөн өдрийн 13/15 дугаар “цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” тогтоолуудын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэдэг нь дараах хууль зүйн дүгнэлтээр тогтоогдож байна.
Нэгдүгээрт: Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Ховд аймгийн Засаг даргын өргөн мэдүүлсний дагуу Монгол Улсын Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд “аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нийтлэг бүрэн эрх”-ийг зааж өгсөн ба 20.1-д “аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж тус тус заасан. Үүний дагуу аймгийн Засаг дарга гийн зүгээс тухайн төлөвлөгөө болон саналаа өргөн мэдүүлсний үндсэн дээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал баталсан.
Мөн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Засаг даргын нийтлэг бүрэн эрхийг зааж өгсөн бөгөөд мөн зүйлийн 20.2.3-т “аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” гэж заасны дагуу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал эрх хэмжээнийхээ хүрээнд Газрын тухай хууль болон Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу 13/05, 13/15 дугаар тогтоолуудыг гаргасан ба энэ тогтоолуудыг гаргахад процессын болон ямар нэгэн алдаа гараагүй.
Хоёрдугаарт: Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагааны талаар зааж өгсөн байдаг тус хуулийн 28.1-д сонсох ажиллагаа хийхгүй байж болно гэж заасан бөгөөд 28.1.1-т нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагааг хийхгүй байж болно. Мөн уг асуудал хэлэлцэх үед Жаргалант сумын Засаг даргын зүгээс мэдэгдээгүй гэдэг зүйл дээр сонсох ажиллагааг хийгээд нийтэд мэдээлээд явчихсан байдаг. Ийм учраас эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д заасны дагуу хэлэлцээд явсан асуудал байгаа. Тийм учраас Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох хэсгийг нь хүчингүй болгож өгнө үү.
Гуравдугаарт: Нэхэмжлэгчийн зүгээс газрын төлбөр төлсөн талаар маргаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2023 оны газрын төлбөрийг 2024 оны 04 дүгээр сард төлсөн нь харагдаж байгаа юм. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.7-д заасныг дагуу нэхэмжлэгч болох этгээд нас барсан бөгөөд эрх үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй учраас нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд гаргасан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар цуглуулсан нотлох баримтуудыг судалж үнэлж хууль зүйн дүгнэлт хийснээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
2. Газар эзэмшигч ******* нь 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нас барсан болох нь 840141341835 дугаар нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байх тул түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжтай маргах эрх нь өвийг хүлээн авсан этгээд болох нэхэмжлэгчид үүсчээ.
3. Нэхэмжлэгчийн өвлөх эрхийг баталгаажуулж Ховд аймгийн тойргийн нотариатчийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 0134 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байх тул эрх хууль ёсны дагуу үүссэн эсэх талаар дүгнэх шаардлагагүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн *******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгчээс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй шаардлагаа нэмэгдүүлсэн.
5. ******* нь анх Жаргалант сумын Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 140 дүгээр захирамжаар Цамбагарав багийн ойн бүсэд 1.6 га газрыг агро парк, хүлэмжийн зориулалтаар эзэмшиж байгаад бусдад хэсэгчлэн шилжүүлж дууссан, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/192 дүгээр захирамжаар өнөөдрийн маргаан бүхий кв.метр газрыг эзэмшиж байсан ба хэмжээ, байршлын талаар маргаангүй.
6. Учир нь Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/192 дугаар захирамжаар газар эзэмшигчийн эзэмшлийн 0.5 га газраас бусдад 2175.5кв.метр, 1212.5кв.метр газрыг тус тус шилжүүлсэн байх ба үлдсэн кв.метр газарт мөн өдөр 000562653 дугаар гэрчилгээ бичиж олгосон, энэ нь маргаан бүхий газар бөгөөд ойн бүсэд өөр газар эзэмшдэггүй байна.
7. Хариуцагч Жаргалант сумын Засаг даргаас газар эзэмшигчийг 2019, 2023 оны газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, газар эзэмших эрхийн гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн буюу газар эзэмшүүлэх гэрээний үүргийн биелэлтийг тайлагнаагүй гэж буруутгаж, газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгожээ.
8. Газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх зөрчлийн тухайд: Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө.”, 34 дүгээр зүйлийн 34.6-д Газар эзэмших гэрээнд дараах зүйлийг тусгана: 34.6.6. газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг; гэж зааснаар газар эзэмшүүлэх гэрээнд нарийвчлан зохицуулсан.
9. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 -д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно.”, 2-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.”, 4-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын суурь үнэлгээ, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, газар эзэмших, ашиглах зориулалтын итгэлцүүр, төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдсөн тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж 30 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ.”гэж гэж тус тус заасан байна.
10. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээнд газрын төлбөрийн хэмжээг 0.га газрын нэгжийн үнэ 15 төгрөг улиралд 6030 төгрөг, бүгд 24130 төгрөг төлөхөөр тогтоожээ.
11. Талууд 2019 оны газрын төлбөр 25744 төгрөг, 2023 онд 40513 газрын төлбөр төлөөгүй талаар маргаж байх тул тухайн онуудын газрын төлбөр ногдуулалт, төлөлтийг авч үзвэл: Газрын кадастрын мэдээллийн системд хийсэн үзлэгээр маргаан бүхий газрын 2019 оны газрын төлбөрийн ногдуулалт хийгдээгүй, 2023 оны газрын төлбөр 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 40513 төгрөгийн ногдуулалт үүсч төлөгдсөн төлөвтэй.
12. Татварын мэдээллийн санд хийсэн үзлэгээр 2019 оны газрын төлбөрийн нэхэмжлэл үүсээгүй эхний бөгөөд эцсийн үлдэгдэл төлбөр 0 дүнтэй, харин 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 14:54 цагт 40513 төгрөг төлсөн бүртгэгдсэн байна.
13. Төрийн банкны Ховд салбарын кассын орлогын баримтаас 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Төрийн сангийн газрын төлбөрийн 100160000943 тоот дансанд “Х.аас 2018, 2019 оны газрын төлбөр төлөв тушаав ” гэсэн 80.0000 /наян мянган төгрөг/-ний гүйлгээ хийсэн болох нь тогтоогдсон.
14. Газар эзэмшүүлэх гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа зөрчсөн, гэрээний үүргээ тайлагнаагүй гэх зөрчлийн тухайд: Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.”, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ.” гэж тусгайлан зохицуулсан.
15. Нэхэмжлэгч нь газар эзэмшсэнээс хойш гэрээний үүргийн хэрэгжилтийн талаар тайлангаа хүргүүлсэнийг дүгнэж байсан эсэх талаар баримт байхгүй ч газар эзэмшүүлэгчээс гэрээг дүгнэх талаар мэдэгдэхгүйгээр тайлан ирүүлээгүй гэх үндэслэлээр 2021, 2022 оны гэрээний үүргийн биелэлтийн дүгнэх акт гэх баримт үйлдсэн нь хуульд үндэслээгүй хэлбэрийн төдий, бодит байдалд нийцээгүй байна.
16. Түүнчлэн нэхэмжлэгчээс газар эзэмшигчийг 2020 оноос хойш өвчний учир удаан хугацааны эмчилгээ, хэвтрийн дэглэмтэй байсан талаар тайлбарласан ба 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд нийт 21 удаа удаа амбулаториор үзлэг хийлгэсэн, яаралтай тусламжийн үзлэг 6 удаа хийлгэж, 2022 оны 7 дугаар сарын 17-ноос 11 хоногийн хугацаанд дотрын өвчин судлалын тасагт хэвтэн эмчлүүлсэн болох нь E-Health программд бүртгэгджээ.
17. Иймд газар эзэмшигч нь 2019 оны газрын төлбөрийг төрийн сангийн дансанд газрын төлбөр утгаар төлснийг буруутгахааргүй, 2023 оны газрын төлбөрийн тухайд тухайн оны 4 сард ногдуулалт хийж газар эзэмшигч 5 сард нас барсан, 7 сард газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон зэргээс үзвэл газрын төлбөрөө хугацаанд төлөөгүй гэж буруутгах үндэслэлгүй гэж үзэв.
18. Мөн шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр бургас, голт бор, монос зэрэг хайлаас, шар хуайс зэрэг мод, агч, долоогоно, чацаргана, үхрийн нүд, алим, чавга,үрэл зэрэг жимсний бут, бургасны харандаа суулгац их хэмжээгээр суулгасан байдалтай байсан газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа, 2020-2022 онд газрын төлбөрөө бүрэн төлсөн талаар газар, геодези зураг зүйг хяналтын улсын байцаагчийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 02-32- дүгээр дүгнэлт гарч байсан.
19. Иймд нэхэмжлэгч нь газар эзэмшигчийн хамт маргаан бүхий газарт байнга үйл ажиллагаа явуулж байсан , газрын төлбөрийг газар эзэмшигч өөрөө очиж төлдөг байсан, 2018 оноос хойш өвчний учир биеийн байдал нь муудаж хэвтрийн дэглэмтэй байсаар 2023 онд нас барсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг нөхцөл байдлыг тодруулаагүй нь захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэснийг зөрчсөн.
20. Газар эзэмшигч газраа зориулалтын дагуу байнга ашиглаж, 2019 оны газрын төлбөрөө төлсөн, 2023 оны төлбөрийг төлөх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, нэхэмжлэл үүссэнээс хойш 1 жилийн дотор төлсөн зэрэг нөхцөл байдлаас дүгнээд Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн *******т холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
21. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хуралдсан Аймгийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн 13 дугаар хуралдаанаар аймгийн Засаг даргаас ирүүлсэн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, 32.6 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах санал хүргүүлснийг хэлэлцэж баталжээ.
22. Хариуцагчаас тогтоолыг баталсан үндэслэлээ тайлбарлахдаа “тус газарт газар эзэмшиж байсан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор сул газар болсон байсан тул аймгийн хэтийн бодлого, хөгжлийн хөтөлбөрт туссан арга хэмжээг хэрэгжүүлэх, ногоон байгууламж бүхий газрын нийтийн эзэмшилд авч иргэдийн амрах аятай тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн” гэжээ.
23. Маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
24.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газраас гаргуулах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалт, 107 дугаар зүйлийн 107.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн *******т холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын *******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Жаргалант сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ