Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/447

 

    

 

 

 

Д.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Улсболд,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Г.Ичинхорол,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан, 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 2023/ШЦТ/150 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Г.Батцэцэг, Г.Ичинхорол нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Од холбогдох 2202003350316 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар:

Д.О нь 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, В хотхоны 000 дугаар байрны 00 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannibinol/-ийн агууламжтай “өвс” гэх нэршилтэй 0,7936 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Д.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Д.О-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, эд мөрийн баримтаар хураан авсан 2,9 грамм өвс мэт зүйл, эд зүйлсийг тус тус устгахыг, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, 461-р хорих ангид байх хугацаанд их зүйлийг ойлгож ухаарсан, дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж байна. Мөн ... гурван хүүхдэдээ сайн эцэг байх боломжийг олгож өгөхийг хүсэж байна. Цаашид эхнэр хүүхдүүдийнхээ төлөө амьдрахыг маш их хүсэж байна.

Иймд надад хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү....” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батцэцэг, Г.Ичинхорол нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс дүгнэхдээ: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар өмгөөлөгчийн зүгээс гэм буруу, зүйлчлэлд маргасан гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн.

Гэтэл Д.Оийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүддээ гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаагаа илэрхийлсээр ирсэн.

Түүний хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй 3 хүүхэдтэй, эхнэр нь элэгний олон төрлийн вирустэй, энэ өвчний улмаас байнгын эмчийн хяналтанд асаргаа, эмчилгээнд байдаг болно. Түүний хувьд ар гэрээ авч явах, эхнэр болон бага насны 3 хүүхдийг харж асрах хүнгүйгээс сургууль, цэцэрлэгт өгч авах, асран хамгаалах үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Дээрх нөхцөл байдлын улмаас бага насны хүүхдүүдийн эрх ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл байдал үүсч байгаа тул хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгөхийг хүсье...” гэжээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ичинхорол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Оийн өмгөөлөгчөөр давж заалдах шатнаас оролцож байна. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 4 хуудас баримт гаргаж өгч байна. Д.О нь Т.Б гэх эмэгтэйтэй 2008 онд гэр бүл болсон бөгөөд эхнэрийнх нь эрүүл мэндийн талаарх 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн дотоод шүүрэл судлалын “Контрол мед” эмнэлгийн “Т овогтой Б нь элэгний В, С вирус гепатит өвчний учир хяналтад эмчлэгдэж байгаа бөгөөд цаашид эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай” гэсэн тодорхойлолт, өмнө нь “Итгэлт мед” эмнэлэгт үзүүлж байсан тодорхойлолт, бамбай булчирхайн хэт оношилгоо хийлгэсэн бөгөөд үүнээс болоод ажил хийх боломжгүй нөхцөл байдалд байгааг харгалзан үзнэ үү. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар өмгөөлөгчийн зүгээс гэм буруу, зүйлчлэлд маргасан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл Д.Оийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаагаа илэрхийлсээр ирсэн. Түүний хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, насанд хүрээгүй 3 хүүхэдтэй, эхнэр нь элэгний олон төрлийн В, D вирусын улмаас байнгын асаргаа, сувилгаанд байдаг. Түүний хувьд дуучин хүн учраас орой үдэш ажил хийж ар гэрээ авч явах, эхнэр болон бага насны 3 хүүхдээ харж асрах хүнгүйгээс сургууль, цэцэрлэгт өгч авах, асран хамгаалах үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

Прокурор Н.Улсболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцож 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Давж заалдах гомдолд дурдагдсан асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна. Шүүх хэргийн тогтоогдсон үйл баримт, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, мэдүүлэг зэргүүдэд тулгуурлаж хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн. Шүүгдэгчийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэм буруутайд тооцсон нь хэргийн нөхцөл байдалд тохирсон. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нь ямар нэг байдлаар бусдад худалдах, зээлд өгөх зэрэг худалдааны эргэлтийн зүйлд дээрх бодисыг хадгалаагүй нөхцөл байдал тогтоогдсон тул шүүх Эрүүгийн хуулийн зөв хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ноцтой зөрчсөн зөрчил илрээгүй. Хэрэг мөрдөж байсан мөрдөгчийн хийх хууль ёсны ажиллагаа хийгдээгүй байсан ч тэдгээр асуудлыг зохих шатны байгууллагад шалгаж байгаа. Нөгөөтэйгүүр, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зүйл байдаггүй. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс гаргаж өгсөн баримтууд нь шүүгдэгчийн эхнэрийн эрүүл мэндтэй холбоотой хувийн баримтууд гэж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу гэмт хэрэг гарахад, мөн шүүхээр хянан шийдвэрлэгдэх үед шүүгдэгч нь эхнэр Т.Баяндүүрэн болон 3 хүүхэдтэйгээ хамт амьдардаггүй нөхцөл байдал тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт анх цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн Оюунболд гэх хүнтэй гэмт хэрэг гарсан гэх Хан-Уул дүүрэгт оршин суудаг болох нь тогтоогдсон. Энэ асуудлын талаар анхан шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч байр сууриа илэрхийлж байсан. Энэ үүднээс шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн цаашид гарах нийгмийн аюулын хор хөнөөл, хувийн байдал, энэ төрлийн бодисыг сонирхож, хэрэглэн, мэддэг байсан зэрэг байдлуудыг үндэслэж ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн 2202003350316 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

Шүүгдэгч Д.О нь 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, В хотхоны 000 дугаар байрны 00 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannibinol/-ийн агууламжтай “өвс” гэх нэршилтэй 0,7936 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Д.Оийн “өвс” гэх нэршилтэй 0,7936 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэхдээ ашигладаг хэрэгслийг харуулж буй гэрэл зургууд /хх 11-12/,

Н.О-ын хохирогчоор мэдүүлсэн ”...Би цагдаагийн алба хаагч нарт болсон хэргийн талаар хэлсэн ба цагдаагийн албан хаагч нар энгэр дэх камераараа ариун цэврийн өрөөний бичлэг хийсэн. Хэрэглэж байсан өвс, ундааны саваар хийсэн өвсөө татдаг хэрэглүүр зэргийг бичиж авсан. Анх ирсэн цагдаагийн албан хаагчид ногоон өнгийн ургамал мэт зүйл болон татдаг хэрэглүүрийг хурааж авч явсан...” /хх 173-175/,

гэрч Ш.Ч-ийн “...Би жирэмсэн байсан, шөнө байнга босдог, нойл ордог, сар өдрөө сайн санахгүй байна, нэг удаа нойл ороход маш муухай өмхий үнэртэй угаар үнэртээд байсан. ...27 тоотын хоёр гаж юм шиг орилох дуу чимээ гаргаад, төмөр цохиод түчигнээд байдаг...” /хх 104-105/,

гэрч А.Лх-ийн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 28-наас 29-ны шилжих шөнө жижүүрийн мөрдөгчөөр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд шөнийн 00:10 минутад нөхөр нь эхнэрээ зодоод байна гэх дуудлага мэдээлэл орж ирсэн. Тухайн дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад, Д.О гэх залуу хамтран амьдрагч Н.О-ыг зодсон байдалтай байсан. Н.Оюунболдоос болсон явдлын талаар асуухад “манай хамтран амьдрагч Д.О байнгын хар тамхи хэрэглэдэг байсан, түүнээс болж намайг зодсон гэх яриа өгүүлж ярьсан. ...үзлэгийг шинжээч, оролцогч Н.О-д нарыг оролцуулан ...үргэлжлүүлэхэд оролцогч Н.О нь манай нөхөр хар тамхи шиг зүйл татаад байдаг гээд нойлын өрөөний хогийн саванд хэрэглэсэн гэх зүйл нь байгаа гэж заасан. Үүний дагуу шинжээчээр үзүүлэхэд хүрэн бор хуванцар савтай хажуу талд нь цоолсон, хар тортог бүхий зүйлээр бохирлогдсон зүйл, мөнгөн дэвсгэрт хуйлж гуурс шиг болгосон, түүний дээр мөнгөлөг тогоон хэлбэртэй зүйл гарч ирснийг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авч, үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд нойлын өрөөний хаалганы хойд талын угаалгын машин дээр мөнгөлөг цаастай нунтаг ургамал мэт зүйл байсныг мөн шинжилгээнд хүргүүлэхээр хураан авч, үзлэгийг оролцогч нарт танилцуулан дуусгаж, дараагийн дуудлага мэдээлэлд явсан...” /хх 164/,

шинжээч Г.Эрдэнэзаяагийн: “...Хэргийн газрын үзлэгийг тус 27 тоот байранд хийхээр болж эхнэр гэх эмэгтэйг оролцуулж, үзлэгийг хийж хэрэгт ач холбогдолтой зүйл, ул мөр илрүүлэх зорилготой ажиллагааг явуулж байхад эхнэр гэх эмэгтэй нь нойлын өрөөний хогийн сав руу зааж, ийм юм хэрэглэдэг гээд хуванцар бор өнгийн сав, хажуу талд нь цоолж цорго гаргасан, дотроо хар тортог мэт зүйлээр бохирлогдсон зүйл гаргаж өгснийг нь би гялгар уутанд хийж хураан авч, мөрдөгчид хүлээлгэн өгсөн, мөн угаалгын өрөөний хаалганы ард мөнгөлөг цаастай нунтаг өвс мэт зүйл байсныг бас хэрэгт авч, мөрдөгчид хүлээлгэн өгсөн юм...” /хх 166/,

Д.Оийн яллагдагчаар мэдүүлсэн: “...Манай хөрш 28 тоотод 1974 оны Загдхүү гэх ах амьдардаг байсан. ...Загдаа ах ...нойлын өрөөнд бие засахаар ороход угаалтуурын дээд талын тавиур дээр мөнгөлөг цаасаар хийсэн бонго буюу гаанс хэлбэрийн зүйл, бас хажуу талд нь мөнгөлөг цаастай өвс байхаар нь нойлоос гарч ирэхдээ бариад Загдаа ахаа би ганц нэг сороод үзье гэсэн. Загдаа ах тэг тэг гэхээр нь би өвснөөс гаансанд нь жаахан хийгээд асааж, сорж хэрэглэсэн. Өвсийг хэрэглэснээр онц гойд юм мэдэгдээгүй. Тэгээд үлдсэн өвс, гаансыг Загдаа ахын бэлэглэсэн саарал өнгийн гадуур хувцсанд хийгээд аваад гарсан. ...2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хувцас, хунараа угаах гээд хувцаснуудаа авч халаасыг нь суллаад байж байтал, нөгөө саарал хувцасны халаасанд хийсэн өвс, бонго хоёр гараад ирэхээр нь гэнэт санаад ...өвсөө нойлын өрөөнд орж байгаад асааж хэрэглэсэн. Би утаанд нь хахаж цацаад нойлоос гараад ирсэн. Надад маш гоё мэдрэмж төрсөн. Хоол идсэн чинь хоол маш амттай санагдаж, хөгжим сонсоход анхаарал төвлөрч, ая зохиомоор санагдаад явчихсан...” /хх 145-146/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №2621 дугаартай  шинжээчийн дүгнэлт: “...Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Мөнгөлөг цаасанд ороосон ногоон өнгийн ургамал мэт зүйл, бор өнгийн хуванцар сав зэргээс делта 9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannibinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно...” /хх 53-54/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2022 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн №2622 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...“Д.О УЕ83051614” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannibinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно...” /хх 49-50/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн №657 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Д.О нь сэтгэц идэвхт бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт үгүй байна. Д.О нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.О нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт /хх 82-83/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Д.Оийн НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг делта 9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannibinol/-ийн агууламж бүхий өвс мэт ургамлыг хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар ...хадгалсан, ...” гэсэн гэмт хэргээр зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахгэмт хэргийн хүнийг сэтгэцийн хувьд гэмтээж энэ төрлийн бодисоос хараат болгож донтуулдаг хор хөнөөл, улмаар хүн амын эрүүл мэнд болон удмын аюулгүй байдал, Үндэсний аюулгүй байдалд хор уршигтай байдаг нийгмийн аюулын шинж чанар, Д.Оийн тус бодисыг хэрэглээд гаргаж буй үйлдлүүдийн хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ял, хорих ял гэсэн төрлийн ялаас шүүх Д.Од хорих ялыг сонгож, нэг жилийн хугацаагаар оногдуулж, уг  хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Г.Батцэцэг, Г.Ичинхорол нарын гаргасан ял хөнгөрүүлэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.О нь шийтгэх тогтоол гарсан 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс магадлал гарсан 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд энэ хэрэгтээ нийт 49 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялын хугацаанд оруулж тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 2023/ШЦТ/150 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Г.Батцэцэг, Г.Ичинхорол нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оийн 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                  

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                            ШҮҮГЧ                                                         Н.БАТСАЙХАН

                            ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ