Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/448

 

    

 

 

Б.Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,

хохирогч Н.Г, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан, 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/195 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.Г давж заалдах гомдол гаргасныг үндэслэн шүүгдэгч Б.Нд холбогдох 2303000350063 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 10 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр нарны зам, “Барс” захын хойд замд 00-00 УНИ улсын дугаартай Хьюндай Ауро сити /Нyundai Aero city/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч болох Н.Гыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б.Н-ийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Э” ХХК-иас 9,339,045 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 854.172 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хохирогч Н.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 700000 төгрөгөөр торгож, мөн жолоодох эрхийг хасаагүйгээр шийдвэр гаргасан байна.

Эмчилгээний зардал болох 10,193,217 төгрөг нэхэмжлээд түүнээс 9,339,045 төгрөгийг иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Э” ХХК-иас гаргуулан олгохоор даалгаж үлдсэн 854,172 төгрөгийг хэрэгсэхгүй болгож хууль зүйн дүгнэлт хийгээгүй зөвхөн шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд хохирлыг гаргасан нь хохирогч намайг улам хохироогоод байна. Хэргийн улмаас иргэн миний бие 2 удаа хагалгаанд орж, 3 удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөд хохирол учирсан гэж иргэн хүний хувьд ойлгож байна. Ажилгүй байсан хугацааны олох ёстой байсан орлого, эмчилгээ хийлгэсэн зардал зэргийг хасах, хэрэгсэхгүй болгох, жич нэхэмжлэх гэх зэргээр дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 сарын 10-ны 2023/ШЦТ/195 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, нийт хохирлыг минь бүрэн төлүүлж өгнө үү...” гэв.   

Хохирогчийн өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүхээс оролцож байна. Эгэм нь хоёр хугарч, 7 хадаас хадуулсан. Хохирогч нь ачигч хийдэг хүн бөгөөд зүүн мөр өвчтэй бол ажил хийж чадахгүй тул хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулсан. Хэргийн газрын үзлэгийг хохирогчийг оролцуулахгүйгээр хийсэн бөгөөд гарц дээр болсон хэрэг байхад гарц дээр биш гэж дүгнэсэн байсан. Хохирогчийн “Портер” загварын тээврийн хэрэгслээ хүн дуудаж жолоодуулсан бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь их иддэг учраас бензиний мөнгө их гарсан.  Одоо хүртэл хадаасаа авахуулаагүй нь рентген зургаас харагдана. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хасагдсан 854.172 төгрөгийг олгож өгнө үү...” гэв. 

Шүүгдэгч Б.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эмчилгээний зардал гарахаас нь өмнө би 1,030,000 төгрөг өгсөн бөгөөд уг мөнгө хохирлоос хасагдаагүй. Тухайн үедээ би хүлээн зөвшөөрч юм хэлээгүй. Гэтэл хохирогч нь хасагдсан баримтуудынхаа төлбөрийг дахин нэхэмжилсэн байх тул би ч гэсэн адилхан амьдрах гэж ядаж байгаа хүн тул өөрийнхөө өгсөн 1,030,000 төгрөгийг хохирол төлбөрөөс хасуулах хүсэлтэй байна...” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нотлох баримтаас шаардлагагүй буюу энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардалд хамаарахгүй зардлуудыг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй, гэм буруу, хохирлын талаар маргаагүй. Хохирогчоос 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэхэд 6 удаагийн 50 литр, 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 3 удаагийн 60,000 төгрөгт бензин авсан гэх зарцуулалтуудтай баримт гаргаж өгсөн. Эдгээр баримтуудыг эмчилгээний зардалтай холбоотой эсэхэд эргэлзэх зүйл байсан учраас шүүх хохирлын дүнгээс хасаж шийдвэрлэсэн. Мөн хохирогчоос нийт 10,193,217 төгрөгийн баримт гаргаж өгснөөс шүүх 853,172 төгрөг хасаж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчээс 1,030,000 төгрөг урьдчилан өгсөн байсан бөгөөд хохирогчийн нэхэмжилж буй зардалд бензиний зардал орж байгаа бол шүүгдэгчийн төлөх төлбөрөөс 1,030,000 төгрөгийг хасаж тооцох боломжтой гэж харж байна...” гэв. 

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Хохирогчоос мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй. Харин шүүгдэгчээс 1.030.000 төгрөг төлсөн талаарх баримтаа гаргаж өгсөн. Шүүхийн шатанд хохирогчийн өмгөөлөгчөөс 10.193.217 төгрөгийн баримт гаргаж өгснөөс архи, тамхи авсан мөнгийг хасаж 9.339.045 төгрөгийг иргэний хариуцагч “Э” ХХК-иас гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.Нд холбогдох эрүүгийн 2303000350063 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилгүй байна.

Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 10 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр нарны зам, “Барс” захын хойд замд 00-00 УНИ улсын дугаартай Хьюндай Ауро сити /Нyundai Aero city/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч болох Н.Гыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тоггоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-11/,

хохирогч Н.Гын: “...Би 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 10 цаг болж байхад “Барс” зах дотроос хоёр шуудай ногоо аваад замын хойд талын машинд ачих гээд шуудай төмс, сонгино хоёрыг давхарлаж баруун талдаа үүрээд зам хөндлөн гарцаар гарч байтал миний баруун талаас ирж байсан автобус ирээд мөргөсөн. Би газар уначхаад хэсэг шоконд ороод хэвтэж байгаад босох гэтэл босож болохгүй байж байтал намайг хоёр хүн өргөж босгоод автобусанд оруулсан. Тэндээс намайг шууд гэмтлийн эмнэлэг рүү авч явахаар хөдлөөд бааз дээрээ ирж автобусаа үлдээгээд намайг жижиг машинаар гэмтлийн эмнэлэг хүргэж өгсөн. ...ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явган хүний гарцаар гарч байсан...” /хх 16/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ны: “...Хьюндай Ауро сити /Нyundai Aero city/ маркийн 00-00 УНИ улсын дугаартай автобусыг манай байгууллага нь нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж байгаа. Ослын улмаас байгууллагын эзэмшлийн тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэл учраагүй. ...жолооч буруутай гэдэг нь тогтоогдвол манай байгууллагаас бусдад учирсан хохирлыг баримтыг үндэслэж “Ард даатгал”-аас барагдуулах болно...” /хх 17-22/,

гэрч Х.Батбилэгийн: “...2022 оны 12 дугаар сарын дунд үед байх би “Барс” захын хойд талын замын 1-р эгнээнд машинаа байрлуулчихаад төмс авах гээд хүлээгээд зогсож байсан юм. Тэгтэл нэг шуудай төмс үүрсэн эрэгтэй хүн “Барс” зах талаас гарч ирээд урд талын замыг нь нэвтрээд замын голд хайсны хажууд зогсож байгаад хойд талын эгнээ рүү ороод 2-3 алхсан байх, тэгтэл автобус ирээд тэр эрэгтэй хүний төмс үүрсэн байсан талаас нь мөргөсөн, тэгээд газар унасан. Би харж байсан болохоор явж очоод “зүгээр үү ахаа, яаж байна та” гэхэд “намайг өргөөд босгоодхооч" гэхээр нь би өргөөд босгосон, автобусны жолооч гээд нэг эмэгтэй хүн бууж ирээд сандраад “эмнэлэгт үзүүлэх үү, би автобусаа бааз дээр үлдээгээд цаашаа жижиг машинтай эмнэлэг явъя” гээд тэр хүнийг дагуулаад явсан. ...” /хх 30/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 444 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Н.Гын биед зүүн эгэмний дунд хэсгийн хоёрлосон далд хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 33-34/,

Тээврийн цагдаагийн албаны 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 108 дугаартай мөрдөгчийн магадлагаа: “...Жолооч Б.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Н.Гыг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” /хх 86/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн 04/81 дугаартай албан бичиг: “...Н.Г нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ аваагүй байна...” /хх 64/,

Б.Нээс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “... Барс захын хойд замд зүүнээс баруун чиглэлтэй явж байхад явган хүний гарцаар 2 шуудай төмсийг баруун талдаа үүрсэн эрэгтэй хүн замын тусгаарлах шугамаар даваад алхаж гарч ирсэн. Би тэр хүнийг хараад 2-3 метр орчим зайнаас тоормосоо гишгэсэн, бүрэн зогсоогүй байсан. Тэгтэл тэр хүн гэнэт урдуур ороод ирсэн. Тэгээд тэр хүнийг автобусны урд гол хэсгээр мөргөхөд газарт унасан...” гэсэн мэдүүлэг /хх 95/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 10 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр нарны зам, “Барс” захын хойд замд шүүгдэгч Б.Н нь тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “...Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчиж, шуудайтай төмс үүрэн гарцаар зам хөндлөн гарч явсан  явган зорчигч Н.Гыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. ...” гэсэн шинжийг бүрэн агуулсан.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж зааснаас шүүгдэгч Б.Нд шүүх торгох ялыг сонгон, 700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирчээ.

 Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээд нөхөн төлөх, хохирогч шаардах эрхтэй бөгөөд уг эрхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж хуульчилж өгсөн байна.

Гэхдээ эргэлзээгүй, хуулийн шаардлага хангасан нотлох баримтад үндэслэн  нэхэмжлэх нь нэхэмжлэлийн шаардлагад тавигдах хуулийн шаардлага тул хохирогч Н.Гын гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаархи 854,172 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын нотлох баримт /бензиний зардал, хүнсний бүтээгдэхүүн зэрэг/ нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэхэд эргэлзээтэй байх тул хэлэлцэхгүй орхиж, энэ гэмт хэргийн улмаас учир хохирол, хор уршиг болох талаарх нотлох баримтаа гарган жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байжээ. Ингэж шийдвэрлэснээр хохирогчийн эрх зөрчигдөхгүй, нэхэмжлэл гаргах эрх нь хаагдахгүй юм.

Мөн хохирогч Н.Гийн эгэм хадаастай, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо жич нэхэмжлэх эрхийг нь зааж өгөх нь зүйтэй байна.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын 854,172 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсэгт иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн өөрчлөлтийг оруулахаар, хохирогч Н.Гын “...854,172 төгрөгийн хохирлоо гаргуулж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/195 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Н.Гын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 854.172 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ...” гэсэн хэсгийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Гын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 854,172 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаар болон цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Н.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ