| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00539/И |
| Дугаар | 305/ШШ2025/00060 |
| Огноо | 2025-01-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 305/ШШ2025/00060
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын *** багт оршин суух, Т овгийн М-ийн Т-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын *** газарт холбогдох,
Өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Т, хариуцагч байгууллагын төлөөлөгч П.Э, гэрч М.Н, Е.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Өмчлөгчөөр тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие 1992 онд нэгдлийн өмч хувьчлалаар авсан орон сууцандаа одоог хүртэл амьдарч байгаа билээ. Уг барилгын байршил нь Говь-Алтай аймгийн *** сумын төвийн хороололын 301 тоотод 1 давхар 3 өрөө бүхий 67,75 мкв талбай бүхий барилга байдаг. Гэтэл нэгдлийн өмч хувьчлалын баримт материал нь архиваас олдохгүй байгаа, орон нутгийн өмчийн алба болон улсын бүртгэлийн хэлтэсд бүртгэлтгүй мөн 1992 оноос одоог хүртэл 3 айлын орон сууцны баруун талын сууцанд амьдарч байгаа М.Т миний өмчийн газар болон орон сууц болохыг тогтоож өгнө үү. Анх манай ээж хувьчлалаар авч байсан. 1992 онд манай ээж аваад тасралтгүй 30-аад жил амьдарч байгаа тул өөрийн гэсэн гэрчилгээтэй болох хүсэлттэй байгаа. Иймээс өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү гэв.
3. Хариу тайлбарын агуулга: М овогтой Т нь нэгдлийн өмч хувьчлалын үед уг орон сууцыг авсан. Тухайн үл хөдлөх хөрөнгө буюу байшингийнхаа гэрчилгээг авалгүйгээр өдийг хүртэл явж байгаад саяхнаас авахаар сумын газрын даамал болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хариуцсан хүмүүстэй хөөцөлдсөн боловч өмнө нь гэрчилгээ аваагүй учир гарах боломжгүй байсан. Ингээд гэрчилгээгээ авахаар шүүхэд хандаж байгаа юм байна. Нэхэмжлэлтэй танилцсан. М.Т-гийн амьдарч байгаа байртай холбоотой ямар нэгэн гомдол санал юм уу, өвийг булаацалдаж байгаа зүйл байхгүй гэв.
4. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Говь-Алтай аймгийн *** сумын 1-р багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 149 дугаартай тодорхойлолт,
-Говь-Алтай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 65 дугаартай тодорхойлолт,
-Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 15/419 дугаартай албан бичиг,
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 464 дугаартай тодорхойлолт,
-Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3/447 дугаартай тодорхойлолт,
-Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 218 дугаартай албан бичиг,
-АУЭХС ТӨХК-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй хуулга, овог Чулуунбат, нэр Гантогтох, хамрах хугацаа 2013.01.01-2024.11.08 гэх хуулга,
-Т овгийн Ч-ын Г-ын төрсний бүртгэлийн лавлагаа,
-Т овгийн Ч-ын Г-ийн төрсний бүртгэлийн лавлагаа,
-гэрэл зураг.
5. Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Үгүй.
6. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:
Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн М.Т-гийн төрөгсдийг бүртгэх анкет, ХААТР-1, ХААТР-21 төрөгсдийн анкет, М.Т-гийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
2. Нэхэмжлэгч М.Т нь хариуцагч Говь-Алтай аймгийн *** сумын *** газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Хариуцагч Говь-Алтай аймгийн *** сумын *** газар нь М овогтой Т нь нэгдлийн өмч хувьчлалын үед уг орон сууцыг авсан. Тухайн үл хөдлөх хөрөнгө буюу байшингийнхаа гэрчилгээг авалгүйгээр өдийг хүртэл явж байгаад саяхнаас авахаар сумын газрын даамал болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хариуцсан хүмүүстэй хөөцөлдсөн боловч өмнө нь гэрчилгээ аваагүй учир гарах боломжгүй байсан. Ингээд гэрчилгээгээ авахаар шүүхэд хандаж байгаа юм байна. Нэхэмжлэлтэй танилцсан. М.Т-гийн амьдарч байгаа байртай холбоотой ямар нэгэн гомдол санал юм уу, өвийг булаацалдаж байгаа зүйл байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч М.Т-гийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий хариу тайлбар гаргажээ.
4. Говь-Алтай аймгийн *** сумд төвийн хорооллын 0 тоотод байршилтай 3 айлын орон сууцны 67.75 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг анх М.Т-гийн ээж М нь 1992 онд хувьчлалаар авч 1992 оноос хойш тасралтгүй амьдарч байгаа болох нь:
- Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 218 дугаартай тус аймгийн *** сумын Баян богд багийн нутагт байрлах 3 айлын орон сууцны барилга нь орон нутгийн өмчид бүртгэлгүй болно гэх албан бичиг,
-Говь-Алтай аймгийн *** сумын 1-р багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 149 дугаартай М овогтой Т нь ам бүл 1 тус багт амьдардаг болохыг тодорхойлов гэх тодорхойлолт,
- Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 15/419 дугаартай ..Тус аймгийн *** сумын төвд төвийн хорооллын 301 тоотод байршилтай 3 айлын орон сууцны 67.75 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц нь улсын бүртгэлийн бүртгэлд бүртгэгдээгүй болно гэх албан бичиг,
-Говь-Алтай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 65 дугаартай Иргэн М-ийн Т-гийн эзэмшлийн байшин нь тус сургуулийн өмчлөлд байхгүй болно гэх албан бичиг,
-Говь-Алтай аймгигйн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 464 дугаартай тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Өмч хувьчлалын комиссын баримтыг шүүж үзэхэд *** сумын Баян богд багийн нутагт байрлах 3 айлын орон сууцны барилгын баримт байхгүй тул холбогдох лавлагаа олгох боломжгүй болно гэх албан бичиг,
-Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3/447 дугаартай тус сумын Баянбогд багийн иргэн М-ийн Тгийн эзэмшлийн байшин нь манай байгууллагын өмчлөлд байхгүй болохыг тодорхойлов гэх тодорхойлолт,
АУЭХС ТӨХК-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй хуулга, овог Ч, нэр Г, хамрах хугацаа 2013.01.01-2024.11.08 гэх хуулга,
-М-ийн Т-гийн иргэний үнэмлэх авах өргөдөлд нөхөр Б Ч, хүү Ч-ын Г, хүү Ч-ын Г гэж бүртгэгдсэн,
-М-ийн Т байнга оршин суугаа газрын хаяг Говь-Алтай аймгийн *** сумын 1-р баг, *** гэх иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
-1997 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн Ч-ын Г, эцгийн овог нэр хэсэгт Т овгийн Б-ын Ч, эхийн овог, нэр хэсэгт Т овгийн М-ийн Т гэж бүртгэгдсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
-1995 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн Чу-ын Г-ийн эцгийн овог нэр хэсэгт Т овгийн Бын Ч, эхийн овог, нэр хэсэгт Т овгийн М-ийн Т гэж бүртгэгдсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
-Говь-Алтай аймгийн *** сумын төвд байршилтай орон сууцны фото гэрэл зургийн үзүүлэлт,
-гэрч М.Н-гийн Би *** ын цэцэрлэгт 2013 онд ажилд орсон. Тэрнээс хойш М.Т-г тухайн байранд амьдарч байсныг нь мэднэ гэх мэдүүлэг,
Гэрч Е.Л-гийн ...Би 2011 онд Говь-Алтай аймгийн *** сумын хүүхдийн цэцэрлэгт багшаар анх ажилд орж байсан. Намайг анх ажилд ороход М.Т эгч тогоочоор ажиллаж байсан. Би тэр хугацаанаас хойш тэр байшинд амьдарч байсан. 15, 16 жил энэ байшиндаа амьдарч байсан гэдгийг мэдэж байна гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
5. Дээрх амины орон сууц нь улсын болон орон нутгийн өмч, Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын тамгын газар, бусад байгууллага, иргэдийн өмчлөл эзэмшилд байхгүй буюу бусдын зүгээс өмчлөлийн маргаангүй, эрхийн доголдолгүй болох нь тогтоогдож байна.
6. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэжээ.
Иймд Т овгийн М-ийн Т-г аймгийн Говь-Алтай аймгийн *** сумд төвийн хорооллын 0 тоотод байршилтай 3 айлын орон сууцны 67.75 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
7. Газрын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч М.Т нь хариуцагч Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан газрын өмгөөлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаар газар өмчлүүлэх эсэх талаарх шийдвэрийг иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга газар өмчлүүлэх тухай захирамж гаргаж шийдвэрлэх бөгөөд хавтаст хэрэгт М.Т-д тухайн газрыг өмчлүүлсэн эсэх талаарх бичгийн нотлох баримт авагдаагүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч М.Т нь энэ үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч М.Т-гийн нэхэмжлэлийн шаардлагаас газрын өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар Тд овгийн М-ийн Т-г аймгийн Говь-Алтай аймгийн *** сумд төвийн хорооллын 0 тоотод байршилтай 3 айлын орон сууцны 67.75 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас газрын өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Т нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ