Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 305/ШШ2025/00069

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын *** 3-р багт оршин суух, *** овгийн Э-ын Ж-ийн нэхэмжлэлтэй,

эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.

Нэхэмжлэгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Б-А-г эрэн сурвалжлуулах тухай.

2. Нэхэмжлэгч Э.Ж шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Э Ж нь 2023 онд И овогтой ***  дугаартай иргэний бүртгэлийн дугаартай Б-ын А тай танилцсан. Уг хугацаанд 2024 оны 03 дугаар сарын 10-нд охин Ж.Ө төрсөн. 2023 оны 03 сараас эхлэн Б.А нь 2024 оны 04 сар хүртэлх хугацаанд намайг их хэмжээний өр, зээлэнд оруулж санхүүгийн маш хүнд нөхцөл байдалд оруулсан. Б.А нь утасны дугаараа нэр дээрээ бүртгэлтэй дугаар авдаггүй. Тэрээр одоог хүртэл уг мөнгөө огт буцааж барагдуулаагүй, хүүхдээ эргэж тойрч байгаагүй, үргэлж худал ярьдаг. Иймд Б-А-г охин Ж.Ө-ийн эцэг мөн болохыг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байгаа тул одоо хаана оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байгаа учраас Б-А-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү. Б.А нь ээж дүү хоёртойгоо амьдардаг, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Иймд хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Иймд хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Ж-ийн Ө-ийн төрсний бүртгэлийн лавлагаа.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Э.Ж нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ...Б-ын А тай танилцсан. Уг хугацаанд 2024 оны 03 дугаар сарын 10-нд охин Ж.Ө төрсөн. 2023 оны 03 сараас эхлэн Б.А нь 2024 оны 04 сар хүртэлх хугацаанд намайг их хэмжээний өр, зээлэнд оруулж санхүүгийн маш хүнд нөхцөл байдалд оруулсан. Б.А нь утасны дугаараа нэр дээрээ бүртгэлтэй дугаар авдаггүй. Тэрээр одоог хүртэл уг мөнгөө огт буцааж барагдуулаагүй, хүүхдээ эргэж тойрч байгаагүй, үргэлж худал ярьдаг. Иймд Б-А-г охин Ж.Ө-ийн эцэг мөн болохыг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байгаа тул одоо хаана оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байгаа учраас Б-А-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү... гэжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт ...Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана... гэж, 14.4 дэх хэсэгт ...Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно... гэж заажээ.

4. Нэхэмжлэгч Э.Ж нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б-А-г эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргах эрхтэй болох нь:

-2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн Ж-ийн Ө-ийн төрсний бүртгэлийн лавлагаа,

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ...Б-А-г охин Ж.Ө-ийн эцэг мөн болохыг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байгаа тул одоо хаана оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байгаа учраас Б-А-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч Э.Ж нь Б.А-ын байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авч лавлаж сурагласан боловч байгаа газрыг тодруулж чадаагүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа явдал нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Б-ын А-г Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраар эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

/ Б-ын А , урьд нь оршин сууж байсан хаяг: Хан-Уул дүүрэг, утас:*** болно. /

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ***  иргэний бүртгэлийн дугаартай Б-ын А-г эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дахь хэсэгт зааснаар Б-ын А-г эрэн сурвалжлахыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б-А-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоосон тохиолдолд энэ тухай хүсэлт гаргагч Э-ын Ж /утас:***/-д мэдэгдэхийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ