Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 01

 

                           

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Л-д холбогдох эрүүгийн 1710 0038 00191 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Мөнхбаяр, шүүгдэгч А.Л, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 29 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3-8 насны 3 хүүхдийн хамт амьдрах, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, А.Л,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч А.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.А-г зодож, түүний эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, зүүн өвдгөнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                                   

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Л-ийн өгсөн: 

“...Би мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир шүүх хуралдаанд нэмж ярих зүйл байхгүй байна. Гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Хохирогч А танихгүй, хохиролд тооцож 500.000 төгрөг төлсөн. Хохирогч нь гомдолгүй.”  гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1710003800191 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Ж.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2017 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо буюу Шувуун фабрикт байрлах хадам аав Жинлүүгийнд очихоор явж байсан юм. Би Шувуу руу явах таксинд суугаад, эцсийн буудал дээр буугаад цаашаа явган алхаад явж байсан ба гартаа пиво барьсан явж байсан юм. Миний хажууд нэг үл таних хүн цугтаа явж байсан. Тэгтэл нэг цагаан өнгийн портер машин ирж зогсоод, жолооч нь “хаа хүрэх юм суучих хүргээд өгье” гэхэд надтай хамт явж байсан хүн бид хоёр портерын кабинд орж суусан.

Портерийн жолооч нь архи гаргаж ирээд замдаа зогсонгуутаа “нэг нэг татчих” гэхэд би өгсөн архинаас нь нэг балгасан. Тухайн үед портер машины жолооч согтуу байсан. Тэгээд явж байгаад гэнэт хурдлаад замын хажуу талаар эвгүй яваад эхэлхэд нь би “чи болио, зогс” гэж хэлэхэд жолооч машинаа зогсоогоод бууж ирэнгүүтээ намайг машинаас буулгаад зүүн нүд рүү цохьсон.

Тэгэхэд нь би “хөгшөөн болъёо” гэхэд тэр хүн “би чамайг арчаад хаячих уу” гээд дээгүүрээ өмсөж явсан хувцасаа тайлаад миний нүүр, толгой руу мөргөөд, өвдөг рүү өшиглөсөн. Би зугтаах боломжгүй байсан. Тэгж байгаад боломж гарах үед нь “амь авраарай” гэж хэлээд зугтаж гүйгээд нэг айлын хашаа руу орсон. Тэр орсон айлд ажил явдал болж байсан. Зодсон хүн миний араас ороод ирсэн. Тэгэхэд тэр айлын хүмүүс гарч ирж болиулсан. Би тэр залуугаас зугтаж гүйж явахдаа цагаан өнгийн Нөүт-4 маркийн гар утсаа алга болгосон байсан. Ингээд айлын хүмүүсийн утсаар цагдаад дуудлага өгсөн. Нөгөө анх машинд цуг сууж явсан хүн өөрөө алхаад цаашаа явсан. Би тэр хүнийг танихгүй.

Тухайн үед би 0.5 литрийн хоёр ширхэг лааз пиво уусан байсан бөгөөд 2.5 литрийн пиво гартаа бариад явж байсан. Тэр пивийг уугаагүй. Болсон үйл явдлыг сайн санаж мэдэж байна. Намайг зодсон портерын жолооч хүн нилээн архи уусан, согтуу байсан. Тэр хүнийг харвал би танина. Урьд өмнө уулзаж, харж байгаагүй. Намайг зодсон хүн өөрийгөө Л гэж хэлээд байсан. Машины дугаарыг нь мэдэхгүй байна. Цагаан өнгийн портер маркийн машин байсан.

Намайг зодсон хүнийг дугуй засварын газар ажиллуулдаг Мөнгөө гэх миний танил залуу танина гэж байсан. Мөнгөөгөөс Лхагва гэгчийн утасны дугаарыг асуухад 99523303, эхнэрийнх нь утасны дугаар 99623303 гэж хэлж өгсөн. Мөнгөөгийн  дугуй засварын газар Шувуун фабрикийн эцэст байдаг юм. Тэр портерын жолооч хүн 30 орчим насны, 175 см орчим нуруутай, туранхай бор царайтай, онигор нүдтэй, шөвгөрдүү нүүртэй залуу байсан.  Нэр, гэрийн хаягийг нь мэдэхгүй. Намайг ямар ч шалтгаангүйгээр зодсон. Намайг зодсоны дараа “өөртөө архи авч өг” гээд байсан би архи авч өгөөгүй.

...Миний толгой өвдөөд байгаа. Зүүн талын нүдэнд цохиулсаны улмаас нүд хөхөрч хавдсан. Миний дух руу мөргөсний улмаас толгой өвдөөд байна. Гэдэс элэг рүү гараараа цохисоны улмаас хэвлийгээр өвдөөд байна. Өөр зовиур байхгүй. Би эмчилгээний зардалаа нэхэмжлэх болно. Өөр санал хүсэлт байхгүй. Алдагдсан гар утасыг 2017 оны 7 дугаар сард танихгүй хувь хүнээс 300.000 төгрөгөөр худалдан авч байсан. Хэрэглэж байсан шинэ гар утас байсан. Авсан үнэ болох 300.000 төгрөгөө нэхэмжлэх болно. Энэ гар утсаа алга болгох үед 80448490 гэсэн сим картай байсан.

...Надад өмнө өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй. Би аялал жуулчлалын хөтөч, орчуулагчаар ажилладаг болохоор миний ажлын идэвхитэй улирал таараад би ажлаар хөдөө явж байгаад өчигдөр  ирлээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №10620 дугаартай ахлах зэргийн шинжээч эмч Г.Э-ын гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна Намайг зодсон Л миний эмчилгээний зардал болоод учирсан хохиролд маань 500.000 төгрөг өгсөн. Уг мөнгийг манай эхнэрийн данс руу шилжүүлсэн байсан. Одоо надад учирсан хохирол бүрэн барагдсан, нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 9-10х, 11-12х, 13-14х/,

 

2. Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  

“...2017 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө би Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 2б хэсэгт байдаг нэг найзындаа гэр орных нь ажилд туслаад байж байсан ба тэр өдөр манай найзын хадам ээжийнх нь гэр шатчихсан байсан юм. Тэгээд манай найзын  эхнэр бас нэг найзтайгаа хамт бие засах гээд гэрээс гарсан. Гараад удалгүй хашгиралдаад явчихаар нь бид нар гадагш гартал дээгүүрээ цээж нүцгэн нэг залуу, өөр бас нэг залуутай /тэр нь хувцастайгаа байсан/ хоорондоо зууралдаад хашаан дотор орж ирчихсэн зогсож байсан.

Тэгээд бид нар очоод тэр хоёр залууг салгаад, цээж нүцгэн байсан залууг нь цааш түлхээд “одоо чи харь” гэж хэлтэл тэр залуу “машинаа бариад явна” гээд байсан ба тэгэхээр нь манай найз очоод машиных нь түлхүүрийг авчихсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирэхгүй удаад байхаар нь нөгөө нүцгэн залууд машиных нь түлхүүрийг өгөөд явуулсан. Харин хувцастайгаа байсан залуу нь төв зам руу гараад явсан. Тэгээд бид нар гэртээ орчихсон.

Цээж нүцгэн залуу нь манай тэнд байнга портер машинтай явж байдаг Л гэдэг залуу байсан. Харин хувцастай байсан залууг урьд нь харж байгаагүй. Тэр хоёр залууг зодолдож байхыг нь бол хараагүй. Тэр хоёроос гадна машинд нь 40 орчим насны ах нэг байсан. Тэр хүн юм дугараагүй байж байгаад машинаас буугаад яваад өгсөн. Тэр хоёр залуу хоёулаа архи уучихсан согтуу байцгаасан. Биднийг гарч очиход хэн, хэнийх нь биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Тэр хоёр залуу юунаас болж маргалдах болсныг нь мэдэхгүй байна. Манай хоёр эмэгтэй гэрээс гарахад хашаанд ороод ирчихсэн зууралдаж байхаар нь орилсон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19х/,

 

4. Гэрч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хот руу ажлаар явсан юм. Тэгээд би тэр өдөртөө шөнө 00 цаг өнгөрч байх үер мянгын унаанд дайгдаад Шувуун фабрикийн 4 дүгээр хэсэг дээр буугаад зам дагаад алхаж яваад нэг залуутай тааралдсан. Тэр залуу гартаа том савтай пиво барьчихсан явж байсан ба намайг “ах хоёулаа ганц пиво хуваагаад уучих уу гэж хэлэхээр нь би “за тэгье” гэж хэлээд бид хоёр замын хажууд зогсож байсан цагаан портер машин дээр очтол тэр машины жолооч нь бид хоёрт хандаж “та хоёрт пиво байна, надад бас архи байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр машинд нь суугаад, гурвуулаа архи, пиво ууцгаасан.

Тэгээд архи, пиво ууж байтал жолооч нь машинаа хөдөлгөөд Шувуун фабрикийн эцэс рүү явсан. Тэгэхэд надтай явсан залуу “жолоочийг зогс” гээд байсан ба жолооч Шувуун фабрикийн эцсийн  буудлын ойролцоо зогссон. Тэгтэл жолооч машинаас бууж ирээд машины хаалгыг гаднаас нь онгойлгоод надтай хамт суусан залууг машинаас татаж буулгаад нүүр лүү нь цохьчих шиг болсон. Тэгээд тэр хоёр зууралдаж байтал нэг хашаанаас гэнэт л олон хүмүүс гарч ирээд, жолооч залууг болиулаад, цагдаа дуудлаа гэж байсан.

Тэгэхээр нь би тэр хүмүүсээс “ах нь яах вэ” гэж асууж байсан ба тэр хүмүүс намайг “та харихгүй юу даа” гэхээр нь би тэр машинаас буугаад шууд гэр лүүгээ явсан. Тухайн өдөр бороотой байсан болохоор их даарсан, бас архи, пивоноос нь уучихсан байсан болохоор болсон асуудлыг яг таг, сайн санахгүй байна. Би өөрөө бас  жаахан халамцуу байсан. Ямартай ч жолооч залуу, надтай хамт байсан залууг нүүр лүү гараараа цохьсон. Тэр нь машинаас буулгаж ирээд болсон асуудал. Би тухайн үед машинд сууж байсан учир дотроос нь харсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х/,

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10620 дугаартай:  

1. Ж.А-гийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 26х/,

 

6. Шүүгдэгч А.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:

“...Би 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувууны эрүүл мэндийн төв дээр эхнэрээ эргэчихээд буцаж гэрлүүгээ харих гээд эмнэлгийн урд талын машины зогсоол дээр өөрийн ажлын газрын 52-34 УБИ улсын дугаартай портер маркийн автомашинтай зогсож байхад үл таних хоёр эрэгтэй хүрч ирээд, мэндлээд явсан юм.

Тэгээд тэр хоёр эрэгтэй хүн 1 том савтай пиво барьчихсан явж байхаар би араас нь дуудахад хүрч ирэхээр нь “та 2 хаачих гэж байгаа юм бэ” гэж асуухад “бид 2 шувууны эцсийн буудал руу явна” гэж хэлэхээр нь “би ч гэсэн явна, тэгвэл хүргээд өгье, надад тал шил архи байна ханиндаа суугаад уучих уу”  гэж хэлэхэд нөгөө танихгүй хоёр залуу зөвшөөрсөн. Тэгээд машинтайгаа Шувууны эцсийн буудал дээр зогсож байгаад тал шил архи, 1 том пивийг гурвуулаа хувааж уусан. Би пиво ууж байгаад тэр хоёрын нэг залуутай нь маргалдаж, тэр залууг машинаас буулгаад нүүр, хөл рүү нь өшиглөж, гараараа цохисоноо санаж байгаа юм. Харин тэр залуу намайг цохиогүй. Тухайн үед би эхнэрээ эргэхээс өмнө пиво уучихсан халамцуу байсан юм. Юунаас болж маргаж зодох болсныг санахгүй байгаа юм. .

Би хамт архи ууж байсан 2 залууг Шувуунд харж байгаагүй танихгүй хүмүүс байсан.  Надтай маргалдсан залуу 30 орчим насны бараан өнгийн хувцастай, нөгөөх нь 40 гаруй насны залуу байсан. Би тэр 40 гаруй насны хүнтэй маргалдсан зүйл болоогүй.

Хохирогч залууд учирсан гэмтлийг би учруулсан. Шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцсан, гаргах санал хүсэлт алга байна. Хохирогчид учруулсан хохирлоо би бүрэн барагдуулсан. Цагдаа дээр ирээд миний зодсон залууг Амартүвшин гэдэг хүн гэж мэдсэн. Би А-д хохирлын мөнгө болох 500.000 төгрөг төлж, гомдолгүй болгосон. Амартүвшин намайг цохиж зодсон зүйл байхгүй. Надад учирсан ямар нэгэн гэмтэл шарх байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 32-33х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 34х/ баримт, зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул шүүх тэдгээр баримтыг үнэн зөв гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хуульд заасан ундэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийж шүүгдэгч А.Л-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

1.1. Гэм буруугийн хувьд:

 

Шүүгдэгч А.Л согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, тодорхой шалтаг шалтгаангүйгээр иргэн Ж.А-г цохиж зодон түүний биед  “зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, зүүн өвдгөнд зулгаралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Ж.А-гийн мэдүүлэг /хэргийн 9-10х, 11-12х, 13-14/, гэрч Б.Б /хэргийн 18-20х/, Г.М /хэргийн 21-23х/ нарын мэдүүлэг, ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 10620 тоот дүгнэлт /хэргийн 26х/, шүүгдэгч А.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Энэ хэргийн хохирогч Ж.А-гийн биед хөнгөн гэмтэл учирсан үйл баримт нь шүүгдэгч А.Л түүнийг гараараа цохисон гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн /цохих/ улмаас  хохирол  учирсан /хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол/ байдал яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал гаргаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус тодорхойлж хуульчилсан. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Л-ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, тодорхой шалтаг шалтгаангүйгээр хохирогч Ж.А-г цохиж зодон түүний биед “зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, зүүн өвдгөнд зулгаралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий байна.

 

Түүнчлэн энэ хэргийн шүүгдэгч А.Л, түүний өмгөөлөгч нараас  бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар тус тус маргаж, мэтгэлцээгүй, хохирогч Ж.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн арилсан, шүүгдэгч нь хохиролд тооцож 500.000 төгрөгийг нөхөн төлснийг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор дахин мэдүүлэг өгөхдөө /хэргийн 12х, 14х/ болон бичгээр гаргасан хүсэлтэд /хэргийн 46х/ тус тус илэрхийлсэн байна.

 

Иймд шүүгдэгч А.Л-ийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон бөгөөд хохирогч Ж.А-гийн эрүүл мэндэд учирсан “хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол” нь гэмт хэргийн хохиролд, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаатай холбоотой гарсан бусад зардал болон бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх хор уршигт тооцогдоно.  

 

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Шүүгдэгч А.Л нь хохирогч Ж.А-д 500.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь  гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн арилсан, шүүгдэгч нь хохиролд тооцож 500.000 төгрөгийг нөхөн төлснийг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор дахин мэдүүлэг өгөхдөө /хэргийн 12х, 14х/ болон бичгээр гаргасан хүсэлтэд /хэргийн 46х/ тус тус илэрхийлсэн тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг арилгасан гэж үзнэ.

 

Иймд эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв. .   

 

  1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:

 

Шүүгдэгч А.Л-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүгдэгч  А.Л нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 40х/ байгаа нь тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалад хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох бөгөөд энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл  байдалд хамаарах юм.    

 

Шүүх, шүүгдэгч А.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж, гэм хорыг арилгасан нөхцөл байдлыг нь тус тус ял хөнгөрүүлөх нөхцөл байдалд тооцож, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан торгох ялын доод хэмжээ буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээнийн төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэв.    

 

Энэ хэрэгт А.Л нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөргүй, хохирогч Ж.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.