Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/566

 

 

 

 

    2023           5            30                                          2023/ДШМ/566

 

О.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор У.Анхжаргал,

шүүгдэгч О.С-, түүний өмгөөлөгч Г.Ичинхорол, Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга  Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/308 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.С-, түүний өмгөөлөгч Г.Ичинхорол, Ч.Шүрэнцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн О.С-д холбогдох эрүүгийн 2202006600454 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С-,

 

Шүүгдэгч О.С- нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо “Х-” зочид буудалд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй 0.2864 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: О.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С-г “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 02 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, О.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсныг тус тус хүчингүй болгож, цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.С-гийн өмгөөлөгч Г.Ичинхорол, Ч.Шүрэнцэцэг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “....О.С- нь Сонгинохайрхан дүүргийн ****тоотод оршин суудаг нь иргэний үнэмлэхийн лавлагаагаар тогтоогдож байна, О.С-гийн хувийн байдалтай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн **** дүгээр хорооны засаг даргын тодорхойлолтыг хэрэгт хавсаргуулахаар гаргасан ба уг тодорхойлолтод О.С-г хоёр хүүхдийн хамт амьдардаг гэжээ, эдгээрээс үзэхэд О.С-гийн оршин суух бүртгэлгүй хорооноос тодорхойлолт авсан нөхцөл байдал тогтоогдож байна” гэж дүгнэсэн. Гэтэл уг оршин сууж байсан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо нь хүн амын нягтаршил ихтэй нөхцөл байдлаас шалтгаалан 2 салж 22, 34 дүгээр хороо болсон, нөгөө талаар ***** тоот гэсэн хаяг нь хэвээрээ байгааг шүүхээс анхаарч үзээгүй. О.С- нь 2019, 2020 онд М, Х- нарыг төрүүлсэн, 2-4 насны буюу бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Гэтэл шүүхээс гадаад улсад байгаа гэж үзэж эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Нөгөө талаар манай үйлчлүүлэгч О.С- нь бөөрний тэвшинцэрийн цочмог үрэвсэл, баруун бөөрний хэлбэржиж буй буглаа, цөсний хүүдийн чулуугүй үрэвсэл, үжил, үжлийн шалтгаант хоёрдогчоор үүссэн элэг дэлүүний томролт оноштойгоор П.Н.Шастины нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгийн хяналтад эмчилгээ хийлгэж байгаад 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр баруун бөөрөө авахуулсан бөгөөд хагалгаа хийлгэснээс хойш зүүн бөөрөндөө нөлөөлж байнгын эмчийн хяналтад байдаг, цаашид диализийн аппаратад орж эмчилгээ сувилгаа хийлгэх шаардлагатай байсан. Анхан шатны шүүхээс гэмт хэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үзэлгүйгээр нийгмээс тусгаарлаж түүнд 1 жилийн хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Цагдан хоригдсоноос хойш хагалгаа хийлгэсэн газар, хэвлийгээр нь байнга өвдөж, шөнө унтаж чадахгүй маш хүнд нөхцөл байдалд байна. О.С-гийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд илэрхийлж байсан, бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй, түүний эрүүл мэндийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах, эсхүл зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө. ...” гэжээ.

Шүүгдэгч О.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолд шүүгдэгч О.С- нь 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн орой 20 цаг орчимд “мөс” гэх нэршилтэй 0.2864 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь ...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5543 дугаар дүгнэлтээр нотлогдон тогтоогджээ...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Хэрэгт хамааралгүй дээр шинжээчийн дүгнэлтийг ямар зорилгоор шүүх шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтаар тооцож “...хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 9-д “...0.2864 грамм цэвэр жинтэй цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлд метамфетамин илрэв...” гэж дүгнэжээ. Улсын Дээд шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 340 дугаар тогтоолд “...гэмт үйлдлийн талаар хууль зүйн үнэлгээ өгөхөд мансууруулах бодисын хэмжээ чухал ач холбогдолтой байдаг...” гэж, мөн шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 225 дугаар тогтоолд “...гэмт хэргийн талаар нотолбол зохих зүйлд мансууруулах бодисын хэмжээ, нэгж хэрэглээний дундаж тун, нийт хэдэн удаагийн хэрэглээний тун байж болох, мөн хүний амь насанд аюултайгаар нөлөөлж болох хэмжээг тодорхойлсноос гадна тэдгээр бодисын “хар зах зээл дээрх” хууль бус эргэлтэд хэрэглэгдэж байгаа үнийг тогтоох асуудал хамаарна. ...” гэж тус тус тодорхойлжээ. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт “0.2864 грамм цэвэр жинтэй бодис ...хадгалсан болох нь ...тогтоогджээ...” гэснээс өөр зүйл байхгүй байна.  Өөрөөр хэлбэл, энэ бодисын нэгж хэрэглээний дундаж тун ямар байдаг болон миний хадгалсан 0.2864 грамм нь хэдэн удаагийн хэрэглэх тун болох, хэд орчим төгрөгийн үнэлгээтэй, энэ нь хүний амь насанд хэр аюултай хэмжээ болох зэргийг тогтоосон нэг ч дүгнэлт байхгүй, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эдгээр нөхцөл байдлуудыг хэрхэн үнэлж авч үзсэн талаар дурдаагүй байгаад гомдолтой байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 10-т “...О.С- нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. ...” гэжээ. Энэ дүгнэлт нь намайг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг байнга хэрэглэдэггүй, хамааралгүй гэдгийг нотолж байна. Саваагүй зангаасаа болж анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа надад хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн эрүүгийн хариуцлагын хэсэгт “...Оршин суух хаягийн тухайд О.С- нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод оршин суудаг. ...гэж түүний иргэний үнэмлэхийн хаягаар давхар тогтоогдож байна. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хорооны Засаг дарга тодорхойлолт гаргасан ба оршин суух бүртгэлгүй хорооноос тодорхойлолт авсан нөхцөл байдал байна. ...” гэж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь, манай гэр нүүгээгүй, хуучин хаяг дээрээ байгаа. Харин манай 22 дугаар хороог хүн ам их гэсэн шалтгаанаар хоёр хороо болгон салгаж манайх 34 дүгээр хороонд хамаарах болсон. Би анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, харамсаж байгаа. Харин эрүүгийн хариуцлагын хувьд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэж хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Анхан шатны шүүх миний анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй, бага насны хёр хүүхэдтэй, өрх толгойлсон эх, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзсэнгүй. Би 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Улсын нэгдсэн 3 дугаар эмнэлэгт “хос бөөрний цочмог үрэвсэл” гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаад өвчин хүндэрч, 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр баруун бөөрөө авахуулан мэс засал хийлгэсэн. 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл эмнэлгийн хяналтад зүүн талын бөөрөө эмчлүүлж байсан боловч эмчилгээ тасарсан бөгөөд биеийн байдал муудаж мэс заслын оёдол дотор талдаа, зүүн бөөр, хэвлий хэсгүүдээр ихээр өвдөж, халуурч байна. Энэ чийгтэй орчинд эмчилгээгүй ингэж байвал удаан амьдрахгүй болов уу гэж айж байна.  2 хүүхдээ Турк улсаас авчирсан боловч хүүхдүүдийг маань харах хүнгүй тул ээж рүүгээ буцаагаад явуулах гэж байгаа. Эрүүл мэндийн байдлын хувьд зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлага байна. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж. ...” гэв.

Шүүгдэгч О.С-гийн өмгөөлөгч Г.Ичинхорол давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.Шүрэнцэцэг өмгөөлөгчтэй хамтарч гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Шүүгдэгч О.С-гийн хувьд бага насны хоёр хүүхэдтэй 2019, 2020 онуудад төрүүлсэн, өрх толгойлсон эмэгтэй гэсэн баримтыг анхан шатны шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгсөн учир түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх бүрэн боломжтой байсан. Миний үйлчлүүлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, **** тоотод 2 хоёр хүүхдийн хамт оршин суудаг, өрх толгойлсон эмэгтэй гэсэн тодорхойлолтыг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо мөн хавсаргасан. Миний үйлчлүүлэгч О.С- нь бөөрний тэвшинцэрийн цочмог үрэвсэл, баруун бөөрний хэлбэржиж буй буглаа, цөсний хүүдийн чулуугүй үрэвсэл, үжил, үжлийн шалтгаант хоёрдогчоор үүссэн элэг дэлүүний томролт оноштойгоор П.Н.Шастины нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгийн хяналтад эмчилгээ хийлгэж байгаад 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр баруун бөөрөө авахуулсан бөгөөд хагалгаа хийлгэснээс хойш зүүн бөөрөндөө нөлөөлж байнгын эмчийн хяналтад байдаг, цаашид диализийн аппаратад орж эмчилгээ сувилгаа хийлгэх шаардлагатай байсан талаарх баримтууд хавтас хэрэгт авагдсан. 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр буюу хоригдсон өдрөөс хойш түүний бие эрүүл мэндийн байдал маш хүнд байдалд орсон. Иймд миний үйлчлүүлэгчийн бага насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, мөн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах, эсхүл зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.С-гийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой хорих 461 дүгээр ангийн эмчийн тодорхойлолтыг шинээр гаргаж өгч байна.  Миний үйлчлүүлэгч болон миний зүгээс гэм буруугийн асуудал, гэмт хэргийн шинжтэй үйлдэл дээр маргалдаж, мэтгэлцээгүй. Эрүүгийн хуульд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтойг анхаарч үзэхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Хавтас хэргийн 224 дүгээр хуудаст н.Батбаяр гэдэг засаг даргын “О.С-аг ам бүл гурвуулаа амьдардаг” гэж бичсэн тодорхойлолт авагдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өрх толгойлсон 3 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг, эхийн асуудлыг хуульчилсан. Анхан шатны шүүхээс энэ асуудлыг дүгнэхдээ “шүүгдэгчийн хүүхдүүд нь бусад гэрчүүдийн мэдүүлгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байхгүй учир” гэсэн шийдвэрийг гаргасан. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, эрүүл мэндийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан ялыг хойшлуулах, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор У.Анхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц болсон. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 1860 хүн байнгын хэрэглэгч болж, хамгийн сүүлийн судалгаагаар 11 настай хүүхэд хэрэглэгчээр тогтоогдсон. Шүүгдэгч О.С-гийн хувьд мөс хэмээх бодисыг хадгалсан, хэрэглэсэн нөхцөл байдал нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс энэ байдалд хангалттай дүгнэлт хийж түүнд хорих ял оногдуулсан. Шүүгдэгч О.С-гийн хоёр хүүхэд одоогийн байдлаар Монгол Улсад байгаа гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин ээж нь мэдүүлэгтээ “Турк улсад байгаа” талаар дурдсан. Дээрх баримтуудад дүгнэлт хийхэд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Өнөөдрийн байдлаар 1 грамм мөс нь Турк улсад 70.000 төгрөгийн үнэтэй, харин Монгол Улсад 2.890.000 төгрөгийн үнэлгээтэй байна. Энэ байдлаас үүдэж хүүхэд залуучуудын хэрэглээ маш ихээр нэмэгдсэн. Прокурор, шүүхийн байгууллагаас энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шат дараатай зохион байгуулж ирсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч О.С-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч О.С- нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо “Х-” зочид буудалд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй 0.2864 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

гэрч Б.Оюунтунгалагийн “...2022 оны 9-10 дугаар сард байх С- “би Туркээс ирлээ” гээд манайд ирж цүнхтэй хувцсаа орхисон. ...С-агийн ээж О, 2 хүүхэд нь бүгд Турк улсад амьдарч байгаа. С- Туркээс манайд ирэхдээ “хүүхдүүдийнхээ бичиг баримтыг хөөцөлдөнө, тэгээд Туркэд ажиллаж байхаар Солонгосын виз нэг хөөцөлдөж үзнэ” гэж ярьж байсан. ...Тухайн үед юу хийгээд байгаа талаар асуухад Солонгос явах юм хөөцөлдөж байгаа гэж байсан. ...” /хх 71-72/,

О.С-гийн яллагдагчаар өгсөн”...би тухайн мөсийг Туркээс ирсний дараа “Тайж” зочид буудалд байрлаж байх үедээ олсон тэрийгээ өмднийхөө халаасанд хийгээд мартсан байсан. ...” /хх 172-174/ гэсэн мэдүүлгүүд,

“...“Шинжилгээнд ирүүлсэн “О.С- 2022.12.2 ЕП90041221” гэж хаягласан шээсний дээжинд тетрагидроканнабинол, метамфетамин илэрсэн болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 6069 дүгээр дүгнэлт /1хх 100-101/,

“...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлсээс метамфетамин илэрсэн болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 6066 дугаар дүгнэлт /1хх 106-107/,

О.С-гийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах ажиллагаагаар түүний шээснээс KET, THC, MDMA, MET, АМP илэрсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 45-46/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 15-28/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 41-44/, О.С-гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 49-56/, О.С-гийн биед үзлэг хийж хураан авсан эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх 61/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч О.С- нь ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч О.С-гийн 0.2864 грамм “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч О.С-, түүний өмгөөлөгч Г.Ичинхорол, Ч.Шүрэнцэцэг нар  “...хорихоос өөр төрлийн ял оногдуулах, эсхүл шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал юм.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг хэрхэн сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг,  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх”-аар тус тус хуульчилсан байна.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, олж авсан, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоёр төрлийн ялаас хорих ялыг сонгож, хорих ялын доод хэмжээгээр буюу 1 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Харин Монгол Улс 1990 оны 07 дугаар сарын 05-ны өдөр соёрхон баталсан Хүүхдийн эрхийн тухай конвенцын 7 дугаар зүйлийн 1-д “Хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, төрсөн цагаасаа нэр авах, иргэний харьяалалтай болох, түүнчлэн эцэг эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ.” 18 дугаар зүйлийн 1-д “...Хүүхдийн хүмүүжил болон хөгжилд эцэг, эх буюу тодорхой тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчид гол хариуцлагыг хүлээнэ.”, 19 дүгээр зүйлийн 1-д Оролцогч улсууд эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, хүүхдийг асран халамжилж байгаа бусад хүн хүүхдийг бие бялдар, сэтгэл зүйн хувьд бүхий л хэлбэрээр дарамтлах, доромжлох, сөргөөр ашиглах, хайр халамжгүй орхих, зүй бусаар хандах, хэрцгийгээр харьцах, албадан хөдөлмөрлүүлэх буюу бэлгийн хүчирхийллээс хамгаалах зорилгоор хууль тогтоох, захиргааны, нийгмийн болон гэгээрлийн бүхий л шаардлагатай арга хэмжээ авна.” гэж тус тус заажээ.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 2-т “Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн.”, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална.” гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй.” гэж тус тус хуульчилснаас гадна Хүүхдийн эрхийн тухай конвенцид хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавихаар тусгасан байна.

Гэтэл анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт заасан хорих ялаар шийтгүүлсэн шүүгдэгчийн хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах талаар шийдвэр гаргаагүй нь учир дутагдалтай байна.  

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч О.С-гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.Х-, 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин С.М нарын хамт амьдардаг болох нь хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх 221/, Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт /хх 224/ зэргээр тогтоогдож байх тул уг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

Үүнтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С- нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг түүнд сануулж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг түүнд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, О.С- болон түүний өмгөөлөгч Г.Ичинхорол, Ч.Шүрэнцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлын “...шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү. ...” гэсэн гомдлыг хүлээн авч, шүүгдэгч О.С- нь 42 хоног цагдан хоригдсоныг дурдаж, түүнийг нэн даруй суллахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/308 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, ял хойшлуулсан хугацаанд түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...”,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С- нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг түүнд сануулсугай. ...”,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд О.С- нь санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй. ...”,

“...шүүгдэгч О.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

2. Шүүгдэгч О.С- нь 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 42 /дөчин хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН