Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 125/ШШ2024/0048

 

 

 

 

 

 

 

 

2024     10         08                                            125/ШШ2024/0048

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Цэцэг сумын Монгол ардын намын хороо

  Хариуцагч:  Ховд аймгийн Цэцэг сумын сонгуулийн хороо

  Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Цэцэг сумын сонгуулийн хорооны 2024 оны 09дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр тогтоолын Цэцэг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгэсэн ******* овогтой *******д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч ******* /цахимаар/, гуравдагч этгээд Б.******* /цахимаар/, гуравдагч этгээдийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Цэцэг сумын Монгол ардын намын хорооноос Ховд аймгийн Цэцэг сумын Сонгуулийн хороонд холбогдуулан Ховд аймгийн Цэцэг сумын Сонгуулийн хороооны 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр тогтоолын Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгэсэн Б.*******д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримтын талаар: Б.*******ээс Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчддийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 2 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгүүлэхээр 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр холбогдох баримтуудыг бүрдүүлэн ирүүлсний дагуу Ховд аймгийн Цэцэг сумын Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаартай “Нэр дэвшигчдийг бүртгэх, үнэмлэх олгох тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар Б.*******ийг нэр дэвшигчээр бүртгэсэн байна.

Ховд аймгийн Цэцэг сумын Монгол ардын намын хорооноос 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдриийн 05 дугаартай “...Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулийн 28.3.2-д татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба Түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа Хэтэрсэн өргүй байх гэж хуульд заасны дагуу нэр дэвшигчдийн бүрдүүлж өгсөн материалд “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК-ниудын мэдээллийг дурдсан эсэх холбогдох хуулийн хэрэгжилтийг хангаж буй эсэхийг нягталж өгөх”-ийг хүссэн хүсэлтийг Ховд аймгийн Цэцэг сумын Сонгуулийн хороонд хүргүүлсний дагуу Ховд аймгийн Цэцэг сумын Сонгуулийн хорооноос “... аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх заасан хугацаанд гомдол нэхэмжлэл гаргах боломжгүй хугацаа хэтэрсэн байна” гэх хариуг Ховд аймгийн Цэцэг сумын Монгол ардын намын хороонд хүргүүлсэн байна.

 

Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1 Нэхэмжлэгч Ховд аймгийн Цэцэг сумын Монгол ардын намын хорооноос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн агуулга: Орон нутгийн 2024 оны ээлжит сонгуульд Ховд аймаг Цэцэг сум 19-15-2 тойрог буюу ******* багт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.******* нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28.3.2 заалтыг зөрчиж байгаа нь Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах Үндэслэлтэй гэж үзэж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулийн 28.3.2-д татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба Түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа Хэтэрсэн өргүй байх гэж хуульд заасан байна. Нэр дэвшигч Б.******* нь “*******" ХХК, "*******" ХХК, “*******" ХХК-иудын 51-дээш хувийг эзэмшиж байгаа нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 32.1-д энэ хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй мөн Хуулийн 74.1-д нэр дэвшигч бүрпүүлсний дараа тухайн дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрээ "хүчингүй болгож олон нийтэд мэдээлнэ" гэж тус тус хуулийн заалтыг зөрчсөн байна. Тодруулбал: Ховд аймгийн Цэцэг сумын сонгуулийн хорооны шийдвэрийг мэдсэн даруйдаа хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан боловч Ховд аймгийн Цэцэг сумын сонгуулийн хороо аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх заасан хугацаанд гомдол нэхэмжлэл гаргах боломжгүй хугацаа хэтэрсэн байна гэж хариу ирүүлснийг анхаарч үзэхийг хүсье. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

3.2 Хариуцагч Ховд аймгийн Цэцэг сумын сонгуулийн хорооны дарга *******ээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цэцэг сумын сонгуулийн хороо 2024 оны 09 дүгээр сарын 13 өдөр Сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийг бүртгэх, үнэмлэх олгох тухай 04 тоот тогтоол гарсан. 2. Тогтоолыг хүргүүлэхийг Монгол ардын намын хороонд сонгуулийн хорооны гишүүн , Ардчилсан намын хороонд гишүүн нарт үүрэг болгосны дагуу сонгуулийн хорооны гишүүн Монгол ардын намын гишүүн д, сонгуулийн хорооны гишүүн Ардчилсан намын гишүүн хүлээлгэн өгсөн. 3. Нэхэмжлэгчийн хувьд 09-р сарын 27-ний өглөө 17 цагт Монгол ардын намын гишүүн оор Монгол ардын намын хорооны 2024.09.27-ний 05 тоот албан бичгийг ирүүлсэн Сонгуулийн хорооны дарга ******* албан бичигтэй танилцаж тогтоол гарснаас долоо хонгийн дотор өргөдөл гомдол хүлээж авна гэж хуульд заасан байна танай ирүүлсэн гомдол тогтоол гарснаас хойш 14 хонгийн дараа ирж байна тиймээс хүлээн авах боломжгүй гэсэн тайлбарыг өгч хүсэлтээс татгалзах тухай 09 албан тоот Монгол ардын намын хороонд хүргүүлсэн. 4. Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-д Сонгуулийн хороодын гарснаас хойш долоо хонгийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл, гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээн хүлээн авахгүй гэж заасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Сонгуулийн хорооны тогтоолыг нийтэд ил тод мэдээллэсэн. Тухайн үед Б.*******ийн компанид хугацаа хэтэрсэн өр төлбөр байхгүй байсан учир бүртгэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.3 Гуравдагч этгээд Б.*******ээс шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ховд аймгийн Цэцэг сумын ******* багт буюу 19-15-2 тойрогт сумын иргэдийн хурлын төлөөлөгчдөд нэр дэвшиж 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нэр дэвшигчйн үнэмлэхээ гардаж авсан. Цэцэг сумын Монгол Ардын намаас гаргасан өргөдөлд дурдсан , *******, компаниудыг 100 хувь эзэмшдэг нь үнэн болно.

Миний хувьд Цэцэг суманд үйл ажиллагаа явуулдаг 3 компанитай бөгөөд ******* ХХК-100%, ТЗДМ ХХК-60%, ******* ХХК 100% эзэмшдэг. Миний хувьд хуулийн дагуу өр, төлбөрийн асуудлыг төлсөн татварын өргүй.

Тухайн үед дарга намайг болон сумын татварын байцаагчаа дуудаад тайлбар авах боломжтой байсан. Энэ байдлаас болж би сонгуулийн сурталчилгаанд явахгүй 4-5 хоног болж байна. даргын хувьд эрх мэдлээ далайлгаж  хэн нэгний үгээр миний сонгуулийн үйл ажиллагаанд саад учруулж байгаад гомдолтой байна. Миний хувьд Цэцэг сумын хамгийн өндөр татвар төлөгч. Нэхэмжлэгч дарга өмнө нь нягтлан хийж байсан хүн. Сарын сүүлээр яаж нэхэмжлэх үүсэж төлдөг талаар мэдэж байгаа. магадгүй улс төртэй холбоотой  санаатай үйлдэл гаргасан гэж үзэж байна гэв.

 

3.4 Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай  хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.2-т зааснаар татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх гэж заасан. Үүнийг шалгахаар өмнөх шүүх хуралдаан хойшилсон. Өнөөдрийн байдлаар нэр дэвшигч Б.*******ийн хувьд татварын хугацаа хэтэрсэн өр төлбөр байхгүй гэдгийг шүүх нотолсон гэж үзэж байгаа. 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 112,750,000 төгрөгийн өр төлбөртэй байна гэдэг мэдээлэл гарч ирсэн боловч үүнийг 10 дугаар сарын 01, 03-ны өдрүүдэд төлсөн байдаг.  Энэ нь тухайн компани татварын өргүй болсон гэдэг нь нотлогдож байгаа.

Нэхэмжлэгчийн зүгээс нийтэд ил тод мэдээллээгүй гэдэг зүйл хэлдэг. Нэр дэвшигчдийн нийтэд ил тод мэдээллэх хуулийн зохицуулалт маань тухайн сонгуулийн хорооны ажил. Сонгуулийн хороо уг ажлыг хийж гүйцэтгэсэн гэж бодож байгаа. яагаад гэвэл хөдөө орон нутгийн хүмүүсийн хувьд хүн ам багатай мөн хэн хэнийгээ мэддэг учир нийтэд мэдээлэсэн гэж ойлгож байгаа.

Нэхэмжлэгч этгээдийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш гэж харж байгаа. Яагаад гэвэл намын хороо нэхэмжлэл гаргаад ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилосон бол хуульд нийцэх боломжтой байсан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Ховд аймгийн Цэцэг сумын Монгол ардын намын хороо нь Ховд аймгийн Цэцэг сумын Сонгуулийн хороонд холбогдуулан Ховд аймгийн Цэцэг сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр тогтоолын Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгэсэн Б.*******д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

2. Нэхэмжлэгч Цэцэг сумын Монгол Ардын намын хорооны дарга т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүхэд гаргасан хүсэлтгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5 дахь хэсэгт Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийг эзгүйд шүүх хуралдааныг үргэжлүүлсэн болно.

3.Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй тул нэхэмжлэлийг буцаах санал гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-д Шүүх энэ хуулийн 91.2-т заасан этгээдийг заавал байлцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг хойшлуулж, дахин дуудан ирүүлэх бөгөөд хоёр дахь удаагаа ирээгүй бол нэхэмжлэлийг буцаана гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийг шүүхээс заавал байлцуулах шаардлагатай гэж үзсэн, үүний дараа дахин шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэлийг буцаах үндэслэлтэй бөгөөд өнөөдрийн шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд заавал оролцуулах шаардлагагүй гэж үзсэн тул нэхэмжлэлийг буцаах үндэслэлгүй байна.

4.Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт зэргийг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

5.Ховд аймгийн Цэцэг Сонгуулийн хороо 2024 оны 09 дүгээр сарын 13-ны  өдрийн 04 дүгээр “Нэр дэвшигчдийг бүртгэх, үнэмлэх олгох тухай” тогтоолоор  Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Ардчилсан намаас  19-15-2 дугаар тойрогт  нэр дэвшигч *******ын *******ийг  бүртгэсэн байна.

6.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ******* нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй талаар тайлбарладаг.

6.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар  Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэх бөгөөд Цэцэг сумын Монгол Ардын намын хороо нь Монгол Ардын намыг төлөөлж тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн  хурлын 2024 оны  сонгуульд  нэр дэвшигчдээ дэвшүүлэх эрхтэй, улмаар  нэр дэвшүүлж буй гишүүнийхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн ...Монгол ардын намаас итгэмжлэл аваагүй" гэх тайлб   ар үндэслэлгүй байна.

7. Хариуцагчийн зүгээс хуульд заасан хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж маргасан.

7.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-д сонгуулийн хорооны шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор ...нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн нэхэмжлэлийг шүүх хүлээн авахгүй байхаар, 31 дүгээр зүйлийн 31.9, 31.10 дахь заалтуудад сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргасан тохиолдолд нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлэхээр зохицуулжээ.

7.2. Тодруулбал, Сонгуулийн хороо бичиг баримтыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхээр, харин бүртгэсэн шийдвэр гаргасан бол /2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нэр дэвшигчдийг бүртгэсэн шийдвэр гарсан/ нэр дэвшигч нарт үнэмлэхийг гардуулж, нийтэд мэдээлэх ажиллагааг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр буюу бүртгэсэн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дараа гүйцэтгэхээр хуульчилжээ.

7.3. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “сонгуулийн хороо дахин бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, энэ хуулийн 31.10-т заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэх заалтаас үзвэл сонгуулийн хорооны нэр дэвшигчийг бүртгэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх хугацаа 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэхээр тухайн асуудал шийдвэрлэгдсэнээр нэр дэвшигч нарт нэгэн зэрэг үнэмлэхийг гардуулж, нийтэд мэдэгдэх үүргийг сонгуулийн хороо буюу захиргааны байгууллагад үүрэг хүлээлгэсэн, өөрөөр хэлбэл тухайн ажиллагаанаас өмнө бүртгэж, шийдвэр гарсан эсэхийг олон нийт, ялангуяа сонгуульд өрсөлдөгч намууд болон нэр дэвшигчид  мэдэх боломжгүй байна.

7.4. Захиргааны байгууллагын нийтэд мэдэгдэхтэй холбоотой харилцааг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д Захиргааны актыг мэдэгдвэл зохих этгээд 20 буюу түүнээс дээш тооны байх тохиолдолд төлөөлөгчид, төлөөлөгч байхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж болно, 43.7Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг нийтэд мэдэгдэх бөгөөд захиргааны актыг үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар нийтэд танилцуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно гэж  тодорхойлжээ.

7.5. Хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа нэр дэвшигч нарыг бүртгэсэн 04 дүгээр тогтоолыг Монгол Ардын намаас нэр дэвшигч нарыг бүртгэсэн тогтоолын хавсралтыг  Монгол Ардын намд, харин Ардчилсан намаас нэр дэвшигч нарыг бүртгэсэн тогтоолын хавсралтыг тогтоолын хамт тус тус намд нь хүргүүлсэн, 9 дүгээр сарын 26-ны өдөр нэр дэвшигч нарын үнэмлэх гардуулахад тогтоолыг бүрэн эхээр нь нийтэд танилцуулсан, Сонгуулийн хорооны тогтоол нийтэд ил тод байсан аль ч нам ирээд танилцах боломжтой байсан... гэж тайлбарлаж нэхэмжлэгчид 04 дүгээр тогтоолыг бүрэн эхээр нь гардуулж өгөөгүйгээ хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй.

7.6. Харин Цэцэг сумын сонгуулийн хорооноос 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нэр дэвшигч нарын үнэмлэх гардуулах өдөр нийтэд мэдээллэсэн талаар хариуцагч тайлбарладаг тул  энэ өдөр Цэцэг сумын Монгол Ардын намын хороо Ардчилсан намаас нэр дэвшигч  Б.*******ийг сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн талаар мэдсэн гэж үзнэ.

7.7. Энэ тохиолдолд нэхэмжлэл гаргагч Цэцэг сумын Монгол Ардын намын хороог  “Цэцэг сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр тогтоолын Б.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-д заасан хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан гэж  үзэх үндэслэлгүй юм.

8. Маргаан бүхий актын үндэслэлийн тухайд:

8.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “...Б.******* нь “” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК-ны 51-ээс дээш хувийг эзэмшдэг ба  татварын хугацаа хэтэрсэн өргүй байх хуулийн  шаардлага хангаагүй...” гэж тайлбарладаг.

8.2. Гуравдагч этгээд Б.******* “...  Би “” ХХК-ны 100%,  “*******” ХХК-ны 100%, “*******” ХХК-ны 60%-ийн хувьцааг тус тус эзэмшдэг нь үнэн. “” ХХК болон  “*******” ХХК нь татварын хугацаа хэтэрсэн өргүй. Энэ талаарх лавлагаа сонгуулийн хороонд бүрдүүлж өгсөн материалд байгаа, “*******” ХХК нь 112.000.000 төгрөгний өртэй уг өрийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлж дууссан. Одоо ямар нэг татварын өргүй...” гэж тайлбарладаг.

8.3. Гуравдагч этгээд Б.******* нь “” ХХК-ны 100%,  “*******” ХХК-ны 100%, “*******” ХХК-ны 60%-ийн хувьцааг тус тус эзэмшдэг болох нь  дээрх компаниудын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

8.4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-д татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх гэж нэр дэвшигчид  тавигдах тус хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна хангасан байх учиртай шаардлагыг, 31 дүгээр зүйлийн 31.2-д Нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ, 31.2.5-д энэ хуулийн 28.3.2-т заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаарх татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт, 31.7-д Сонгуулийн хороо шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг эрх бүхий этгээдээс гаргуулан авч болно, 31.5-д Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авахдаа бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгана  нэр дэвшигчийг бүртгэхтэй холбоотой сонгуулийн хорооны бүрэн эрхийг, 32 дугаар  зүйлийн 32.1.4-д нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичгийн бүрдэл дутуу...бол гэж сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэлийг тус тус зааж зохицуулжээ.

8.5. Хуулийн дээрх зүйл, заалтуудаас үзвэл сонгуульд нэр дэвшигч нь бүртгүүлэхдээ хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна хэрэв аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх нотлох баримтыг бүрдүүлж өгөхийг шаардсан байна. Харин Сонгуулийн хороонд нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг гүйцэд эсэхийг нягтлан шалгахыг үүрэг болгосны зэрэгцээ шаардлагатай тохиолдолд нэр дэвшигчийн талаарх лавлагааг эрх бүхий этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авах боломжтой байхаар заасан байна.

8.6.Гуравдагч этгээд Б.*******ийн Цэцэг сумын сонгуулийн хороонд ирүүлсэн  баримт бичиг хэрэгт нотлох баримтаар авагдсан ба тус баримтуудад “” ХХК болон “*******” ХХК-ны  Монгол Татварын албаны  аж ахуйн нэгж байгууллагын тодорхойлолтууд 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар авагдсан ба тус тодорхойлолтуудаар  дээрх 2 компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй болох нь, харин Б.******* нь  “*******” ХХК-ны захирлаар ажилладаг тухай  нэр дэвшигчийн намтарт, хөрөнгө орлогын мэдүүлгийн 2.2.10 Эрх, патент, тусгай зөвшөөрөл хэсэгт “*******” ХХК-ны талаар мэдүүлсэн байх бөгөөд   тус компаний албан татварын хугацаа хэтэрсэн өртэй эсэх талаарх тодорхойлолтыг   Сонгуулийн хороонд  ирүүлээгүй болох нь тус тус  тогтоогдож байна.

8.7. Хариуцагч “ ... нэр дэвшигч хэрэв аль нэг компанид 51-ээс дээш хувь эзэмшдэг бол албан татварын хугацаа хэтэрсэн өргүй талаарх тодорхойлолтоо ирүүлэх үүрэгтэй. Б.*******ийн хувьд “” ХХК болон “*******” ХХК-нуудын татварын тодорхойлолтыг ирүүлсэн байсан.  Харин “*******” ХХК-ны талаар өөрийн намтар болон хөрөнгө орлогын мэдүүлэгт  бичсэн байсан ба Сонгуулийн хорооны зүгээс “*******” ХХК-ны хувьцаа эзэмшдэг хувь нь 51-ээс доош хувьтай учраас татварын тодорхойлолт ирүүлээгүй юм байна гэж, татварын тодорхойлолтыг шаардаж авалгүйгээр нэр дэвшигчээр бүртгэсэн... гэж тайлбарладаг.

8.8. Энэхүү маргааны тохиолдолд  Сонгуулийн хороо нэр дэвшигч Б.*******ийг “*******” ХХК-нд хэдэн хувийн хувьцаа эзэмшдэг талаарх улсын бүртгэлийн лавлагаа болон татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолтыг эрх бүхий этгээдээс гаргуулан авч нягтлан шалгах ажиллагааг хийгээгүй байна.

8.9. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “сонгуулийн хороо дахин бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, энэ хуулийн 31.10-т заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ”, 31 дүгээр зүйлийн 31.10-т Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ гэх заалтаас үзвэл сонгуулийн хорооны нэр дэвшигчийг бүртгэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх хугацаа 2024 оны 09 дүгээр сарын 26-ныг хүртэл үргэлжлэхээр байна.

8.10. Өөрөөр хэлбэл “*******” ХХК нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс өмнө албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх хуулийн шаардлагыг хангах шаардлагатай байна.     

8.11. Татварын Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 07/2210 дугаар албан бичгээр “*******” ХХК нь  татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаарх мэдээллээр 112.475.0 мянган төгрөгний татварын өртэй,  мөн Татварын Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 07/2220 дугаар албан бичгээр  дотоодын бараа үйлчилгээний суутгасан НӨАТ-ын 112,422,996.06 төгрөгийн татварын өрийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, автын агаарын бохирдлын төлбөрийн 52,000 төгрөгийн өрийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлсөн болох нь тус тус тогтоогдож байна.

8.12. Мөн гуравдагч этгээд Б.******* нь “... “*******” ХХК нь 9 сард татварын 112.479.996 төгрөгний татварын өртэй байсан, татварын өр 112.422.996 төгрөгийг 10 дугаар сарын 01-нд,  52000 төгрөгийн татварын өрийн 10 дугаар сарын 03-ны өдөр төлсөн...” гэж тайлбарлах ба сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлэхэд “*******”  ХХК-ныг татварын  өртэй байсан татварын өрийг 10 дугаар сарын 01, 03-ны өдрүүдэд төлсөн  талаарх Татварын Ерөнхий газрын лавлагааг гуравдагч этгээд үгүйсгээгүй, энэ талаар маргаагүй.

8.13 Хэдийгээр  2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар “*******” ХХК-ны татварын өр төлөгдөж татварын өргүй болсон хэдий ч энэ хугацаа нь  сонгуулийн хорооны нэр дэвшигчийг бүртгэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх хугацаа буюу 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс хойно  төлөгдсөн байх тул   Б.*******ийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-д “ аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

8.14 Иймд  Цэцэг сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Б.*******ийг дээрх хуулийн 28.2.3-д “ аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх” гэснийг зөрчөөгүй гэж үзэн нэр дэвшигчээр бүртгэсэн нь дээр дурьдсан хуулийн зохицуулалттай, мөн хуулийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад баримтлах 7 дугаар зүйлийн 7.4.1-д хууль дээдлэх, 7.4.3-д шударга ёсыг сахих  үндсэн зарчимд тус тус нийцээгүй байх тул Ховд аймгийн Цэцэг сумын Сонгуулийн хороооны 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр тогтоолын Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгэсэн Б.*******д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

9.  Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг,  107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн   7 дугаар зүйлийн 7.4.1, 7.4.3, 28 дугаар зүйлийн 28.3.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Цэцэг сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр тогтоолын Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгэсэн Б.*******д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                      Г.ЯНЖИНДУЛАМ