| Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Балжиннямын Сийлэгмаа |
| Хэргийн индекс | 115/2024/0024/З |
| Дугаар | 115/ШШ2024/0020 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 115/ШШ2024/0020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Иргэн М, Ц,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сонгуулийн хорооны хооронд үүссэн “Орон нутгийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээс хассан”-тай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М, Ц нар цахимаар, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С, хариуцагч Замын-Үүд сумын Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч О, Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ууганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
Нэхэмжлэгч М, Ц нараас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сонгуулийн хорооны “Сонгуульд оролцох нэр дэвшигчдийг хасах тухай” 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Хоёр. Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн талаар:
2.1. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Сонгуульд оролцох нэр дэвшигчдийг хасах тухай” 07 дугаар тогтоолоор “Замын-Үүд сумын А намаас нэр дэвшигч М, Ц нарыг орон нутгийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Замын-Үүд сумын А намын хорооноос дэвшүүлсэн нэр дэвшигчдийн нэрсээс хасаж уг тогтоол гарсантай холбоотойгоор тус Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байна.
2.2. Нэхэмжлэгч М, Ц нар, Замын-Үүд сумын Сонгуулийн хорооны дээрх шийдвэртэй холбогдуулан Дорноговь аймгийн Сонгуулийн хороонд гомдол гаргаж, хариуг 2024 оны 09 дүгээр сарын 24-ийн өдрийн 15, 16 тоот албан бичгүүдээр авч улмаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т заасан хугацаанд буюу 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч М, Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын иргэн М би 2024 оны Замын-Үүд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн 4 дүгээр тойрогт, Монгол Улсын иргэн Ц би Замын-Үүд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн 1 дүгээр тойрогт А намаас тус тус нэр дэвшсэн ба нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ хуульд заасан шаардлагатай баримт бичгийг хавсаргаж өгсөн.
Ийнхүү хавсаргаж өгсөн баримт бичгийг сумын Сонгуулийн хороо нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуульд заасан шаардлага хангасан байна гэж дүгнээд 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаар “Нэр дэвшигчээр бүртгэх тухай” тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэсэн.
Гэтэл А намын Замын-Үүд сумын намын хорооноос сумын Сонгуулийн хороонд М, Ц бид хоёрыг А намын гишүүн гэх үндэслэлээр гомдол гаргасан гэж мэдэгдсэн бөгөөд бид сумын Сонгуулийн хороонд А намын гишүүн биш гэдгээ илэрхийлж бичгээр тайлбар гаргаж өгсөн.
Ийнхүү сумын Сонгуулийн хороо нь нэр дэвшигч биднийг 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр болон 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус тус Монгол А намын хорооны гишүүнээр элссэн нь e-nam.mn цахим бүртгэлд бүртгэлтэй нь тогтоогдсон бөгөөд Монгол А намаас гарсан тухай баримт нотолгоо байхгүй тул Монгол А намын гишүүнд үзэж, Орон нутгийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд Замын-Үүд сумын А намын хорооноос дэвшүүлсэн нэр дэвшигчдийн нэрсээс хасаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Сумын Сонгуулийн хорооны тогтоолын үндэслэл болсон e-nam.mn цахим бүртгэлд нь бид нар хэзээ, хэрхэн яаж бүртгэгдсэн эсэхийг мэдэхгүй, уг цахим хаягт нэвтэрч харах гэтэл А намын таних тэмдэг бүхий цахим хаяг байх ба нэвтэрч орох боломжгүй байна. Уг цахим хаягт иргэн бид нэвтрэх боломжгүй байхад сумын Сонгуулийн хороо, түүний гишүүд хэрхэн яаж нэвтэрч, биднийг гишүүнээр элссэн болохыг тогтоогдож байна гэж дүгнээд байгаа нь хууль үндэслэлгүй, ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, 32 дугаар зүйлийн 32.1.3-т тус тус заасан өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн гэх нөхцөл байдлыг эсрэг талын А намаас зориуд зохиомлоор бий болгосон эсэхийг ч нягталж тогтоолгүйгээр, хуурамч цахим бүртгэлийг ашиглаж, бид хоёрын огт бөглөж байгаагүй А намын гишүүний анкетыг үндэслэл болгон нэр дэвшигчээс хасаж шийдвэрлэсэн нь иргэн бидний Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар зөрчсөн үйлдэл гэж үзэж, гомдолтой байна. Бид А намын гишүүн биш гэдгээ дахин албан ёсоор илэрхийлж байна.
Иймд хууль бусаар нэр дэвшигчээс хассан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сонгуулийн хорооны “Сонгуульд оролцох нэр дэвшигчдийг хасах тухай” 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч М: Замын-Үүд сумын Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн хоорондын яриаг үзлээ. 1 талыг барьсан ярианууд их анзаарагдсан. Жишээ нь Сонгуулийн хорооны дарга нь наад 2 чинь худлаа яриад байгаа юм биш үү? Би итгэхгүй байна гэсэн ярианууд орсон байсан. Тэдгээр дарга нарт хүнийг худлаа ярьж байгаа үгүйг дүгнэх эрх зүйн асуудал байдаг юм уу? Өөрсдийнх нь дүрэм дээр намд гишүүнээр элссэн, илэрхийлэх хүсэлтийг оршин суугаа газар нь үйл ажиллагаа явуулдаг намын анхан шатны байгууллага хүлээн авч шийдвэрлэж, намын бат илэрхийлэл олгож бүртгэнэ гэсэн байгаа. Миний хувьд тийм өргөдөл, хүсэлтийг тухайн намд өгөөгүй. Бас бат илэрхийлэх олгож бүртгэнэ гэчихсэн байгаа. Тэр бат илэрхийлэл гэдгийг нь намын үнэмлэх гэж ойлгож байна. Тиймэрхүү юм надад байхгүй. Тэр үнэмлэх, өргөдөл, бат илэрхийлэл нь хаана байгаа юм бэ? Энэ нь ойлгомжгүй байна. Би өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээрээ тухайн намд элсээгүй. Тиймээс миний Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг минь сэргээж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Ц: Намын Үндэсний бодлогын хороо гэдэг протокол үйлдсэн байх ёстой. Тэр нь байгаа юм уу? Намын үнэмлэх батлах зэргийг хэзээ, хаана, хэн гэдэг хүн надад өгсөн юм. Тэгээд Монгол А намын гишүүн байсан бол би энэ 8 жилийн хугацаанд үйл ажиллагаанд нь оролцож татвар төлсөн байх шаардлагатай. Татвар төлсөн баримт байгаа юм уу. Хэрвээ намын үйл ажиллагаа явж байгаа юм чинь татвар төлөгчдийнхөө мөнгөөр намынхаа үйл ажиллагааг явуулдаг байж таараа. Би ажил явдалтай Улаанбаатарт явж байсан болохоор баримт нотолгоог нь гаргаж өгч чадсангүй. Миний сонгох, сонгогдох эрхийг сэргээж өгөөч гэж хүсэж байна гэв.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын зүгээс өөрсдийгөө Монгол А Намын гишүүнээр Монгол А Намын анхан шатын нэгж байгууллагад огт бүртгүүлж байгаагүй, Монгол А намын гишүүн биш гэдэг тайлбараа удаа дараа гаргаж байгаа. Гэтэл Монгол А намын зүгээс тухайн нэр дэвшигч болох М, Ц нарыг Монгол А намын гишүүн гэдэг агуулгаар тайлбар гаргаж байгаа бөгөөд хэзээ, хэрхэн яаж, хаана үйлдэгдсэн эсэх нь тодорхойгүй гишүүний анкет хуудас, тодорхойгүй цахим бүртгэлийн хуудас, хэдэн онд нээгдээд хэдэн оноос хойш үйл ажиллагаа явагдаад бүртгэгдэж байгаа нь тодорхойгүй зөвхөн улс төрийн намын өөрийн дотоодын үйл ажиллагаанд чиглэсэн гишүүдтэй хамаарал бүхий байж болох цахим бүртгэлийг үндэслэл болгоод туйлын үнэн зөв мэтээр тогтоолын дүгнэлт хэсэгт үндэслэл болгоод байна.
Сумын Сонгуулийн хорооны тогтоол нь өөрөө хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад огт нийцэхгүй байна. Сумын сонгуулийн хорооны бүрэн эрх хэмжээний хүрээнд эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг буюу намын гишүүдийг мөн биш эсэх асуудлыг сумын сонгуулийн хороо тогтоох бүрэн эрх байхгүй. Тэдэнд олгогдсон эрхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгээд нөгөө талаараа мөрдөн шалгах ажиллагаа явуулах, цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэх хэдий ч хууль зүйн дүгнэлт хийх эрх хэмжээ байхгүй. Гэтэл 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр бүх гишүүдээрээ хуралдаж шийдвэрээ гаргасан атлаа 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөр дугаарлаж тогтоол гаргаад байгаа нь өөрөө Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т зааснаар Сонгуулийн хорооны хуралдааны шийдвэрийг нэн даруй, нийтэд ил тод мэдээлнэ. Бүх шийдвэр, тогтоол тэр өдрөөрөө гарах ёстой. Гэтэл асуудлаа шийдвэрлэчхээд 9 дүгээр сарын 20-ны өдрөөр дугаарлаж тогтоол гаргаад байгаа нь өөрөө хууль ёсны байх үндэслэл бүхий шаардлагад нийцэхгүй байна. Сонгуульд оролцох нэр дэвшигчдийг хасах тухай 07 дугаартай тогтоол маань өөрөө гадагш чиглэсэн, бусдын буюу Монгол Улсын иргэн Ц, М нарын Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох, сонгох эрхийг үндэслэлгүйгээр шууд хориглож, нэр дэвшигчээр бүртгэсэн бүртгэлийн жагсаалтаас хасаж шийдвэрлэснээрээ эдгээр хүмүүсийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн, ашиг сонирхлыг нь хөндсөн агуулгатай захиргааны акт болох нь тогтоогдож байна.
Шүүх хуралдааны шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс тогтоолын үндэслэх хэсэг болоод байгаа е-nam.mn латин үсгээр тэмдэглэсэн цахим бүртгэлд асуудлыг шийдвэрлэж байх үедээ өөрсдөө огт хандаагүй. Асуудлыг шийдвэрлэснээс хойш хэзээ, хэрхэн хэн гаргаж өгсөн нь тодорхойгүй Замын-Үүд сумын Монгол А намын 1 дүгээр үүрийн дарга гэх этгээдийн гараараа бичиж өгсөн тодорхойлолтууд мөн сүүлд нь гишүүний бат илэрхийлэл гэж ярьж байх шиг байна. Гишүүний бат илэрхийлэл хэдэн хувь байдаг юм бэ? Гишүүнд нь яагаад бат илэрхийлэл нь байхгүй байгаа юм. Тэгвэл энэ намын гишүүн үнэхээр мөн байна гэдгийг сумын сонгуулийн хорооны мэргэжилтэн, сумын сонгуулийн хорооны гишүүд тогтоох гээд байгаа бол А намаас энэ намын гишүүдийн яг үнэн зөв байна гэдгийг нь тогтоохоор шаардсан баримтуудыг нь яагаад аваагүй юм. Өргөдөл нь байхгүй гэж байна, байхгүй юм байна. Гишүүн бол гишүүний үүргээ биелүүлж байх ёстой. Гишүүний үүргээ биелүүлэхэд 1 хүн нь 13 жил өнгөрсөн байна. Нэг хүн нь 9 жил өнгөрсөн байна. Гишүүний үүргээ биелүүлж байсан талаарх баримт байхгүй, гишүүний үүргээ биелүүлж байхыг нь шаардаж байсан эсэх баримт байхгүй зэрэг учир дутагдалтай байхад өмнө нь өөрсдийн эрх хэмжээнээс хальж энэ гишүүдийг шууд А намын гишүүнд тооцож үзээд нэр дэвшигчээс хассан үйлдэл нь эрх хэмжээнд нь заагдаагүй учраас тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байгаа. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан үндэслэлээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
3.3. Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сонгуулийн хороо нь шүүхэд гаргасан тайлбартаа: Замын-Үүд сумын Сонгуулийн хороо нь Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр тогтоол “Сумын сонгуулийн хороо байгуулах тухай”-оор дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн нийт 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан.
Сумын А нам Замын-Үүд сумын Сонгуулийн хороонд 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 31 дүгээр албан бичгээр Монгол Улсын Үндсэн хууль, Орон нутгийн сонгуулийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, 2024 оны орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн. Энэхүү хүсэлтийг хүлээн авч сумын Сонгуулийн хороо 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалт, Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Замын-Үүд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэсэн.
Сумын А нам сумын Сонгуулийн хороонд 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 33 дугаар албан бичгээр Замын-Үүд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд оролцох нэр дэвшигчдээ бүртгүүлэх хүсэлтийг холбогдох материалын хамт хүргүүлсэн. Сумын сонгуулийн хороо хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд нэр дэвшигч нэг бүрийн материалыг хянан үзэж, хуулийн хугацаанд нь багтаан дутуу болон шаардлага хангахгүй материалуудыг нэр дэвшигч бүрд нь зөвлөгөө мэдээлэл өгч, шинэчлэн солиулах арга хэмжээг авч ажилласан. Үүний үр дүнд сумын А намаас нэр дэвшиж буй 29 нэр дэвшигчийг сумын Сонгуулийн хорооны хуралдаанаар нэр дэвшигчээр бүртгэхээр “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль”-ийн 17 дугаар зүйлийн 17.3.2, 19 дүгээр зүйлийн 19.5, 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.9 дэх заалтыг тус тус үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 06 дугаар тогтоолоор гарган бүртгэсэн. Мөн тус тогтоолоороо Сонгуулийн тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмыг чанд мөрдөн ажиллахыг сумын А намын хороонд үүрэг болгосон.
Сумын Сонгуулийн хороо 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 99/06 дугаар албан бичгээр сумын А намаас “Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль”-ийн 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь “Өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн” заалтын хүрээнд танай намаас нэр дэвшиж буй төлөөллүүд өөр нам эвсэлд бүртгэлтэй эсэх, намаас гарах хүсэлт өгсөн эсэх талаарх мэдээллийг ирүүлэхийг хүссэн албан бичиг хүргүүлсэн. Энэхүү албан бичгийн хариуг сумын А намаас 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 34 дүгээр албан бичгээр ирүүлсэн. Тус албан бичигт Замын-Үүд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2024 оны сонгуульд А намаас өрсөлдөхөөр Сонгуулийн хорооны тогтоол гарч бүртгэгдсэн нэр дэвшигчдийн дунд өөр нам, эвсэлд бүртгэлтэй нэр дэвшигч байхгүй болно гэсэн хариуг ирүүлсэн.
Замын-Үүд сумын Монгол А намын хорооноос 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 24/31 дүгээр албан бичгээр хууль зөрчсөн асуудлын талаарх гомдлыг сумын Сонгуулийн хороонд ирүүлсэн. Энэхүү албан бичигт А намаас нэр дэвшигч Бямбаагийн М, Зоригтбаатарын Ц нар нь 2011, 2015 онуудад сумын Монгол А намд гишүүнээр элссэн тухай болон цахим бүртгэл, гишүүнийг бүртгэх хуудас зэрэг материалыг хавсарган, хуулийн дагуу шийдвэрлэн, албан ёсоор хариу мэдэгдэхийг хүссэн. Тус албан бичгийн хүрээнд сумын Сонгуулийн хороо “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль”-ийн 17 дугаар зүйлийн 17.3.10, 17.3.16 дахь заалтуудыг тус тус хэрэгжүүлэх ажлын хүрээнд яаралтай хянан шийдвэрлэх арга хэмжээг авахад хүрсэн. Үүний хүрээнд сумын Сонгуулийн хороо дараах арга хэмжээг авсан.
Сумын Монгол А намын хорооны гишүүн М, Ц нарын намын гишүүнчлэлээс гарах тухай хүсэлт болон өргөдөл байгаа эсэх талаарх мэдээллийг 09 дүгээр сарын 19-ний өдрийн дотор ирүүлэхийг хүсэх тухай 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 99/08 дугаар албан бичгийг сумын Монгол А намын хороонд хүргүүлсэн. Энэхүү албан бичгийн хариуг 09 дүгээр сарын 18-ны өдрийн 24/34 дүгээр албан бичгээр сумын Монгол А нам хороо ирүүлсэн. Тус албан бичигт “манай намын хорооны 1 дүгээр үүрийн гишүүн Бямбаа овогтой М, Зоригтбаатар овогтой Ц нар нь харьяа үүрийн дарга болон сумын намын хорооны даргад намаас гарахаа бичгээр болон бусад хэлбэрээр илэрхийлээгүй нь үнэн болно” гэж дурдсан.
Сумын Сонгуулийн хороо энэ асуудалтай холбоотойгоор сумын А нам руу 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 99/09 дүгээр албан бичгээр “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль”-ийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь заалт “Өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно”-ыг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн талаарх сумын Монгол А намын хорооны албан бичиг ирсэн тул танай намаас нэр дэвшигч М, Ц нарын А намын гишүүн болохыг гэрчлэх намд элсэхийг хүссэн хүсэлт, намын гишүүний бүртгэлийн хуудас, гишүүний үнэмлэхийн хуулбарыг 09 дүгээр сарын 19-ний өдрийн дотор ирүүлэхийг хүссэн. Сумын А намаас 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 35 дугаар албан бичгээр хариуг ирүүлсэн. Тус албан бичигт А намаас 1 дүгээр тойрогт нэр дэвшигч 3.Ц, 4 дүгээр тойргоос нэр дэвшигч М нар нь манай намын гишүүд мөн болохыг тодорхойлоод дээрх хоёр нэр дэвшигчдийн тайлбар, гишүүний анкет, гишүүний батлахыг хуулбарлан, хавсаргасан байсан. Харин намд элсэхийг хүссэн хүсэлт буюу өргөдлөө ирүүлээгүй болно.
Эдгээр баримт бичгийг хүлээн аваад сумын Сонгуулийн хороо 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 15:28-16:15 минутын хооронд дээрх асуудлыг авч хэлэлцсэн. Энэ хуралд сумын Сонгуулийн хорооны дарга 3.Ариунжаргал, нарийн бичгийн дарга О, гишүүн П.Ууганбаяр, Э, Д.Соёлмаа нар оролцсон. Гишүүн Г.Энхбат, Н.Мөнхцэцэг нар чөлөөтэй байсан. Хурлаар сумын Сонгуулийн хороо Монгол А нам болон А намуудаас ирүүлсэн баримтыг нэг бүрчлэн тулгаж, нэр дэвшигч М, А намын дарга Б.Баатархүү, Монгол А намын хорооны дэд дарга Д.Отгонбаяр, аймгийн Сонгуулийн хорооны дарга Н.Хонгорзул нартай утсаар холбогдож шаардлагатай мэдээ мэдээлэл, арга зүйн зөвлөгөөг тус тус авч ажилласан. Сумын Сонгуулийн хороо хуралдаанаараа нэр дэвшигч М, 3.Ц нар нь Монгол А намаас гарах өргөдлөө ирүүлсэн тухай баримт нотолгоо ирүүлээгүй учраас А намын ирүүлсэн баримтынх нь хүрээнд тус намын гишүүнчлэлтэй гэж үзэж, шийдвэрээ гаргасан болно. Нэр дэвшигч М, Ц нарыг Монгол А намд 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдөр болон 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хэрхэн Монгол А намд элссэнийг сумын Сонгуулийн хороо тогтоох боломжгүй тул ирүүлсэн баримтын хүрээнд нэр дэвшигчээс хасах тухай шийдвэрийг гаргасан.
Сумын Сонгуулийн хороо 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолоор “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль”-ийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, 32 дугаар зүйлийн 32.1.3, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.4 дэх заалт, сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Замын-Үүд сумын А намаас нэр дэвшигч Бямбаагийн М, Зоригтбаатарын Ц нар нь 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр болон 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус тус Монгол А намын хорооны гишүүнээр элссэн нь e-nam.mn цахим бүртгэлд бүртгэлтэй нь тогтоогдсон бөгөөд Монгол А намаас гарсан тухай баримт нотолгоо байхгүй тул Монгол А намын гишүүнд үзэж, Орон нутгийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Замын-Үүд сумын А намын хорооноос дэвшүүлсэн нэр дэвшигчдийн нэрсээс хассан. Мөн сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлэн, холбогдох баримт бичгээ бүрэн ирүүлсэн сумын А Намын хорооноос дэвшүүлсэн 27 нэр дэвшигчдийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар шинэчлэн бүртгэж, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 99/12 дугаар албан бичгээр А намд хүргүүлсэн.
Замын-Үүд сумын А намаас нэр дэвшигч Бямбаагийн М, Зоригтбаатарын Ц нар нь 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр болон 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус тус Монгол А намын хорооны гишүүнээр элссэн нь e-nam.mn цахим бүртгэлд бүртгэлтэй нь тогтоогдсон бөгөөд Монгол А намаас гарсан тухай баримт нотолгоо ирүүлээгүй тул сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаар хуралдааны шийдвэрээр Орон нутгийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Замын-Үүд сумын А намын хорооноос дэвшүүлсэн нэр дэвшигчдийн нэрсээс хассан болохыг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 99/11 дүгээр албан бичгээр Замын-Үүд сумын Монгол А намын хороонд мэдэгдсэн.
Сумын А намын зүгээс 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 37 дугаар албан бичиг болон нэр дэвшигчдээс хасагдсан иргэн М, 3. Ц нар нь сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолыг эс зөвшөөрч, хүчингүй болгож, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хэвээр үлдээх талаар гомдол гаргасан. Энэхүү гомдлыг сумын Сонгуулийн хороо хүлээн авч, сумын А намд 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 99/13 дугаар албан бичгээр 06 дугаар тогтоол тогтоолыг хэвээр үлдээх боломжгүй бөгөөд 08 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг мэдэгдсэн. Мөн иргэн М, Ц нарт 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 99/15, 99/16 дугаар албан бичгүүдээр гомдлын хариуг хүргүүлсэн болно.
Сумын А нам Замын-Үүд сумын Сонгуулийн хороонд 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 31 дүгээр албан бичгээр Монгол Улсын Үндсэн хууль, Орон нутгийн сонгуулийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлсэн боловч сумын Сонгуулийн хорооны шийдвэрийг үл хүндэтгэн, Шүүхийн шийдвэр гараагүй байтал дараах байдлаар эсэргүүцэл үзүүлэх үйлдлүүдийг гаргаж байна.
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль”-ийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь заалт, 59 дүгээр зүйлийн 59.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн тухайн намаас ирүүлсэн дарааллаар саналын хуудсанд тусгах ажлын хүрээнд Замын-Үүд сумын А намаас 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоол “Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж буй нэр дэвшигчдийн тус бүрээр нь сонгуулийн саналын хуудаст тусгах тухай”-доо 29 нэр дэвшигчээр саналаа ирүүлсэн. Сумын Сонгуулийн хороо саналыг хүлээн авч, А намын нэр дэвшигчдээс хасагдсан иргэн М, Ц нарын нэрсийг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дүгээр тогтоол “Саналын хуудасны загвараа батлах тухай”-доо оруулаагүй баталсан болно.
Сумын Сонгуулийн хороонд Замын-Үүд сумын Монгол А намын хорооны 10 дугаар сарын 01-ний өдрийн 24/43 дугаар албан бичиг “Хууль тогтоомж зөрчсөн үйлдлийн талаар”-аар сумын А намын цахим хуудаснаас сонгуулийн сурталчилгааг зохион байгуулахдаа нэр дэвшигчдээр бүртгэгдээгүй 3.Ц, М гэх иргэдийн нэрээр сурталчлан хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгааг хийж байгаа тухай гомдлыг ирүүлсэн. Мөн энэхүү гомдолтой холбоотойгоор Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсгээс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 38ж/1545 дугаар албан бичгийг хүргүүлсэн. Энэхүү гомдлын хүрээнд Цагдаагийн байгууллагад сумын Сонгуулийн хороо 10 дугаар сарын 01-ний өдрийн 99/22 дугаар албан бичгээр Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд А намаас 1 дүгээр тойрогт нэр дэвшигч Зын Ц (РД...), 4 дүгээр тойрогт нэр дэвшигч Бийн М (РД:...) нар нь 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр болон 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус тус Монгол А намын хорооны гишүүнээр элссэн нь e-nam.mn цахим бүртгэлд бүртгэлтэй нь тогтоогдсон бөгөөд Монгол А намаас гарсан тухай баримт нотолгоо байхгүй тул Монгол А намын гишүүнд үзэж, Орон нутгийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Замын-Үүд сумын А намын хорооноос дэвшүүлсэн нэр дэвшигчдийн нэрсээс сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолоор нэр дэвшигчдийн нэрсээс хассан тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох боломжгүй болохыг мэдэгдэн, хүргүүлсэн. Сумын Сонгуулийн хороо энэхүү гомдолтой холбоотойгоор 10 дугаар сарын 01-ний өдрийн 99/23 дугаар албан бичгээр Замын-Үүд сумын Сонгуулийн хорооноос сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн А намаас нэр дэвшигч 27 нэр дэвшигч бүрийг хуулийн шаардлага хангасан тул 10 дугаар тогтоол “нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай”-оор үнэмлэх гардуулсан. Энэ 27 нэр дэвшигчдийн дотор иргэн М, Ц нар нь байхгүй тул “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль”-ийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь заалт “Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний менежер, шатар туслах, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно”-ын хүрээнд сонгуулийн сурталчилгаанд зургийг нь ашиглах үйлдлээ зогсоохыг хүсэж, сонгуулийн хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмыг чанд мөрдөн сонгуулийн сурталчилгаагаа явуулахыг сумын А намын хороонд уриалсан. Энэ талаар сумын Монгол А намд 10 дугаар сарын 01-ний өдрийн 99/24 дүгээр албан бичгээр хариуг мэдэгдсэн. Энэхүү асуудалтай холбогдуулан сумын Сонгуулийн хороо Монгол А намын хорооны 1 дүгээр үүрийн даргаас тайлбар, мэдээллийг авч ажилласан болно.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Энэхүү 2 нэр дэвшигчийг хасаад 9 дүгээр сарын 26-ны өдөр сумын сонгуулийн хорооны 10 дугаар тогтоолоор Монгол А Намаас нэр дэвшигч 27 иргэний нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олгож, сонгуулийн сурталчилгааг 10 дугаар сарын 09-ний 00 цаг хүртэл явуулах эрхийг нь олгосон байгаа.
Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 28.5 дугаар зүйлд өөр нам, эвслээс нэр дэвшиж болохгүй гээд тухайн нам, эвслүүдэд нь заасан заалт байгаа. Энэ заалтынхаа хүрээнд 2 намаас хоёулангаас нь албан бичиг авсан. 2 нам хоёулаа манай намд өөр намын гишүүнчлэлтэй хүн байхгүй мөн нэр дэвшигч байхгүй гэдгээ илэрхийлсэн. Үүний дагуу бид нар үйл ажиллагаагаа явуулаад 06 дугаар тогтоолоор А намаас нэр дэвшсэн 29 иргэнээ бүртгэсэн. Тэгээд энэ ажиллагаанууд болсны ар дээр хуулийн 32.1.3 дугаар зүйл буюу өөр нам, эвслийн гишүүд байна, энэ манай намын гишүүдийг А намаас дэвшүүлж хууль зөрчсөн байна. Тэгээд манай намын гишүүд гэдгээ цахимаасаа 9 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан мэдээлэл болон холбогдох баримтын хамт ирүүлсэн.
Нөхөн нэр дэвшүүлэх гээд хурлын протоколд тусгагдчихсан байгаа. Нөхөн нэр дэвшүүлэх ажиллагаа хуулиараа сонгууль болохоос 25 хоногийн өмнө болох ёстой байдаг. Тэр нь энэ оны хувьд 9 дүгээр сарын 17-ны өдөр дууссан байгаа. Хэрвээ тэрнээс өмнө 9 дүгээр сарын 12-ны өдөр А нам системээс гарсан анкетаа манайд өгсөн бол бид нар энэ 2 нэр дэвшигчийг хассанаар А нам зөрүүлээд 2 нэр дэвшигч нөхөн дэвшүүлж болох бололцоотой хуулийн хугацаа байсан. Тэгээд А нам нь тэр хуулийн хугацааг нь дуусангуут ямар ч вариантгүйгээр өгсөн. Асуудал ингээд үүссэн. 1 дүгээр үүрийн дарга Чулуунцэцэг 10 сарын 01-нд тайлбар өгөхдөө Цы батлахыг өөрийн биеэр авчирч өгсөн.
Бид нар хуулийн хүрээнд ажилласан гэж үзэж байгаа. Манай сонгуулийн хорооноос энэ намд элсээгүй гэсэн нотлох баримтаа гаргаад ирээч гээд байгаа. А нам нь элссэн гээд батлаад байгаа. Тэгээд энэ 2 нэр дэвшигч элсээгүй гэсэн бичиг явуулаад байсан уу гэхээс өөрсдөө намтайгаа уулзаад нотлохоор хөөцөлдөж яваагүй, нотлохын тулд нэр дэвшигч хүмүүс маань өөрсдөө явах ёстой байсан гэж үзэж байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Энэ шүүх хуралдаанаар “орон нутгийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигчийг, нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хассан”-тай холбоотой маргаан хянан хэлэлцэгдсэн ба, шүүх нэхэмжлэлийн шаардлага, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг харьцуулан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
5. Маргаан бүхий захиргааны акт болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сонгуулийн хороо (цаашид “сумын Сонгуулийн хороо” гэх)-ны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Сонгуульд оролцох нэр дэвшигчдийг хасах тухай” 07 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь заалт, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.4 дэх хэсэг, сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Замын-Үүд сумын А намаас нэр дэвшигч М, Ц нарыг орон нутгийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Замын-Үүд сумын А намын хорооноос дэвшүүлсэн нэр дэвшигчдийн нэрсээс хасаж улмаар уг тогтоол гарсантай холбогдуулан тус Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцжээ. /хавтаст хэргийн 64 дэх тал/
6. Нэхэмжлэгч нараас, сумын Сонгуулийн хорооны дээрх шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг “... сумын Сонгуулийн хорооны тогтоолын үндэслэл болсон e-nam.mn цахим бүртгэлд нь бид нар хэзээ, хэрхэн яаж бүртгэгдсэн эсэхийг мэдэхгүй, ... бид сумын Сонгуулийн хороонд А намын гишүүн биш гэдгээ илэрхийлж бичгээр тайлбар гаргаж өгсөн, сумын Сонгуулийн хороо биднийг гишүүнээр элссэн болохыг тогтоогдож байна гэж дүгнээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, ... өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн гэх нөхцөл байдлыг эсрэг талын А намаас зориуд зохиомлоор бий болгосон эсэхийг ч нягталж тогтоолгүйгээр, хуурамч цахим бүртгэлийг ашиглаж, бид хоёрын огт бөглөж байгаагүй А намын гишүүний анкетыг үндэслэл болгон нэр дэвшигчээс хасаж шийдвэрлэсэн нь иргэн бидний Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар зөрчсөн үйлдэл гэж үзэж, гомдолтой байна. Бид А намын гишүүн биш ...” гэх агуулгаар,
7. Хариуцагч сумын Сонгуулийн хороо нь, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ “...Замын-Үүд сумын Монгол А намын хорооноос, А намаас нэр дэвшигч М, Ц нар нь 2011, 2015 онуудад сумын Монгол А намд гишүүнээр элссэн тухай болон цахим бүртгэл, гишүүнийг бүртгэх хуудас зэрэг материалыг ирүүлсэн, ... Сонгуулийн хорооны хуралдаанаар Монгол А нам болон А намуудаас ирүүлсэн баримт зэргийг нэг бүрчлэн тулгаж, нэр дэвшигч М, Ц нар нь Монгол А намаас гарах өргөдлөө ирүүлсэн тухай баримт нотолгоо ирүүлээгүй учраас А намын ирүүлсэн баримтын хүрээнд тус намын гишүүнчлэлтэй гэж үзсэн, ... нэр дэвшигч М, Ц нарыг Монгол А намд 2011, 2015 онд хэрхэн элссэнийг сумын Сонгуулийн хороо тогтоох боломжгүй тул ирүүлсэн баримтын хүрээнд нэр дэвшигчээс хасах тухай шийдвэрийг хуулийн хүрээнд гаргасан” гэх агуулгаар маргаж байна.
8. Сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх тухай” 06 дугаар тогтоолоор “сумын А Намын хорооноос нэр дэвшигчдийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэж, 29 нэр дэвшигчийн нэрийг хавсралтаар баталсны 6-д Ц, 19-д М нар бичигджээ. /хавтаст хэргийн 32-36 дахь тал/
9. Улмаар хариуцагч сумын Сонгуулийн хороо нь Замын-Үүд сумын Монгол А Намын хороо (цаашид “МАН-ын хороо” гэх)-ноос 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн “...МАН-ын хорооны гишүүнээр элссэн нэр бүхий иргэдийг өөр намаас нэр дэвшүүлсэн” гэх гомдол, мэдээллийг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаар хуралдаанаар хэлэлцээд “... А намаас нэр дэвшүүлсэн М, Ц нарыг Монгол А Намын гишүүн” гэж үзэж, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр маргаан бүхий 07 дугаар тогтоолыг гаргасан байна.
10. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Нэг намын гишүүнийг өөр намаас … нэр дэвшүүлэхийг хориглоно”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Нэр дэвшигчийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана: 32.1.3.өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн”, 74 дүгээр зүйлийн 74.1-д “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ” гэж заажээ.
11. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын МАН-ын хорооноос, тус сумын Сонгуулийн хороонд ирүүлсэн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 24/31 тоот “Хууль зөрчсөн асуудлын талаар” гэх албан бичигт хавсаргасан “МАН-ын гишүүнийг бүртгэх хуудас” болон “Цахим бүртгэлийн анкет” гэсэн маягтууд мөн “Миний мэдээлэл-Гишүүнчлэлийн систем”, 2024.09.12-ны Пүрэв гариг, 4:55, 5:01 гэсэн хэвлэмэл 2 хуудас баримт зэрэгт тус тус нэхэмжлэгч М болон Ц нарын регистр, нас, хүйс, төрсөн огноо зэрэг мэдээллүүд тусгагдсаны дотор Мыг 2011.03.01-нд, Цыг 2015.12.26-нд Монгол А Намд элссэн гэх мэдээлэл тусгагдсан байна. /хавтаст хэргийн 36-44 дэх тал/
12. Хариуцагч сумын Сонгуулийн хороо нь дээрх баримтуудаас гадна холбогдох Намууд болон нэхэмжлэгч нараас нэмэлт тайлбар, мэдээллийг гаргуулан авч холбогдох этгээдээс ирүүлсэн хууль зөрчсөн гэх гомдол, мэдээллийг хуралдаанаараа хэлэлцсэн ч нэхэмжлэгч нарын тухайд “Монгол А Намын гишүүн” болох нь тогтоогдсон байна гэж үзэх үндэслэлгүй байна.
13. Улс төрийн Намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "намын гишүүн" гэж намын зорилго, үзэл баримтлал, намын хөтөлбөр, дүрмийг хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр намд эвлэлдэн нэгдэж элссэн, гишүүний татвар төлдөг, тухайн намын үйл ажиллагаанд саналын болон сонгох, сонгогдох эрхтэйгээр оролцох иргэнийг ойлгох”-оор заасан байх бөгөөд улмаар нэхэмжлэгч нарыг МАН-д элссэн гэх 2011,2015 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Улс төрийн намын тухай /2005 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн сайн дурын үндсэн дээр … намд элсэх, …эрхтэй”, 3.5-д “намд албадан элсүүлэх …(-ийг) шаардах, шахалт үзүүлэхийг хориглоно” хэмээн заажээ. Мөн Монгол А Намын XXVII Их Хурлын 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаар тогтоолоор баталсан “Монгол А Намын хичээн эрмэлзэх зүйл”-ийн Монгол А Намын дүрэм гэсэн хэсгийн Хоёрдугаар бүлэг, Монгол А Намд гишүүнээр элсэх гэсэн 3 дугаар зүйлийн 3.2-т “Намд гишүүнээр элсэхээ илэрхийлсэн иргэний хүсэлтийг … хүлээн авч шийдвэрлэн намын бат илэрхийлэх олгож, бүртгэнэ. Монгол А Намд элсэх өргөдлийг бичгээр гаргана” хэмээн зохицуулсан байна.
Дээр дурдсан хуулийн болон холбогдох дүрмийн зохицуулалтаас үзэхэд намын гишүүний бүртгэл нь дангаараа тухайн Намын гишүүн болохыг нотлох баримт болохгүйн дээр нэхэмжлэгч нараас нэгэнт Монгол А Намд огт элсээгүй хэмээн маргаж байгаа тухайн тохиолдолд тэдгээрийг тус Намаас гарах өргөдөл гаргасан эсэхийг бус, харин сайн дурын үндсэн дээр тус намд эвлэлдэн нэгдэх хүсэл зоригийнх нь гол илэрхийлэл болох бичгээр гаргасан өргөдөл, хүсэлт байгаа эсэхийг нь гомдол гаргасан этгээдээс тодруулах ажиллагааг явуулахаар байжээ.
14. Гэтэл хариуцагч сумын Сонгуулийн хороо нь тухайн иргэдийн МАН-аас гарах өргөдөл, хүсэлт /баримт/ байхгүй гэх үндэслэлээр, зөвхөн МАН-ын хорооноос ирүүлсэн баримтын хүрээнд тус намын гишүүнчлэлтэй хэмээн дүгнэлт хийн холбогдох шийдвэрийг гаргасан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ” гэж заасантай нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч сумын Сонгуулийн хороо нь, нэхэмжлэгч М, Ц нарыг Монгол А Намын гишүүн болох нь тогтоогдоогүй байхад тэдгээрийг шууд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэрийг гаргасан байна гэж үзэх үндэслэлтэй байх ба энэ нь хариуцагч сумын Сонгуулийн хорооноос нэхэмжлэгч нарт хүргүүлсэн 2024.09.25-ны 99/16 тоот албан бичигт “...Ц таныг Монгол А намд 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хэрхэн элссэнийг сумын Сонгуулийн хороо тогтоох боломжгүй...” гэж, 2024.09.25-ны 99/15 тоот албан бичигт “... М таныг Монгол А намд 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хэрхэн элссэнийг тогтоох боломжгүй...” гэж дурдсан байгаагаар давхар нотлогдож байна. /хавтаст хэргийн 85, 86 дахь тал/
15. Хариуцагч сумын Сонгуулийн хорооноос гаргасан маргаан бүхий захиргааны акт нь ийнхүү Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Иргэний ...сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах ...(-ыг) хориглоно” гэж заасныг зөрчсөн хууль бус байх бөгөөд тухайн захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан “тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрх” зөрчигдсөн байна гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч М, Ц нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.5 дахь хэсэг, Улс төрийн Намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалт, Улс төрийн намын тухай /2005 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М, Ц нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сонгуулийн хорооны “Сонгуульд оролцох нэр дэвшигчдийг хасах тухай” 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид тус тус 70,200 төгрөг урьдчилан төлснийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Замын-Үүд сумын Сонгуулийн хорооноос 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мт, 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөг гаргуулж нэхэмжлэгч Цд тус тус олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СИЙЛЭГМАА